Гэр бүлд зориулсан эх сурвалж
2-р хичээл: Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх


“2-р хичээл: Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 9–12

“2-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 9–12

2-р хичээл

Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх

Зорилго

Гэрлэсэн хосуудыг илүү нэгдмэл байхад мөн ганц бие гишүүдэд гэрлэлтдээ эв нэгдэлтэй байхад бэлдэхэд нь туслах явдал юм.

Бэлтгэл

  1. Та заахаар бэлтгэхдээ “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг дагах арга замуудыг хайж ол.

  2. Хичээлийн тодоор бичсэн гарчгуудыг унш. Эдгээр гарчиг хичээл дэх сургаал, зарчмуудын талаарх тоймыг өгдөг. Бэлтгэлийнхээ хэсэг болгож эдгээр сургаал, зарчмыг хэрэгжүүлэхэд оролцогчдод туслах арга замуудыг тунгаан бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцлон хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  3. Хэрэв Family Home Evening Resource Book (31106) байгаа бол 239–240-р хуудсан дээрх “Achieving Oneness in Marriage” хэсгийг судал. Өгүүллийг хичээлийн үеэр эш татаж болно.

  4. Оролцогч бүрд зориулж ангид цаас, харандаа эсвэл бал авчир.

Хичээл заах зөвлөмж

Их Эзэн эхнэр, нөхөр хоёрыг нэг байхыг зарлигласан.

Хичээлийн эхэнд самбарт 1+1=1 гэж бич.

  • Энэ нь гэрлэлтийн харилцааг хэрхэн тодорхойлж байна вэ?

Оролцогчдыг энэ асуултыг ярилцсаны дараа Эхлэл 2:24-ийг тэдэнтэй хамт унш. Бурхан эхнэр, нөхөр хоёрыг нэг байхыг тушаасан гэдгийг онцол.

  • Эхнэр, нөхөр хоёр “нэг байна” гэдэг нь юу гэсэн үг вэ?

    Оролцогчдоор Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг уншуулна уу (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 8-р хуудас).

    “Эхнэр, нөхөр хоёрыг бүтээгдэх үед гэрлэлтийн эв нэгдлийг зүгээр нэг найдвар байдлаар бус, харин тушаал болгон өгсөн юм! ‘Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог’ (Эхлэл 2:24). Тэнгэрлэг Эцэг биднээс зүрх сэтгэлээрээ нэгдэн нийлэхийг хүсдэг. Энэ хайраар эвлэн нэгдэх нь зүгээр нэг загвар төдий зүйл биш. Энэ бол шаардлага юм” (Conference Report, Apr. 1998, 85; эсвэл Ensign, May 1998, 66).

Энэ хичээлээр эхнэр, нөхөр хоёрын нэгдмэл байж болох хэд хэдэн арга замыг авч үзэх болно гэдгийг тайлбарла.

Эхнэр, нѳхөр хоёр бие биеэ адил тэгш эрхтэй хамтрагчийн хувьд үнэлдэг байх ёстой.

Гэрлэлтэд эв нэгдэлтэй байхын нэг чухал зарчим бол эхнэр, нөхөр хоёр бие биенээ адил тэгш эрхтэй хамтрагчийн хувьд үнэлэх ёстой байдгийг тайлбарла. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа:

“Гэрлэлт нь хамгийн үнэн утгаараа бол нэг нэгнийхээ дээр ноёрхдоггүй, харин нэг нь нөгөөхдөө бүхий л үүрэг хариуцлага, хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд нь тусалж, урамшуулан дэмждэг адил тэгш эрхтэй хүмүүсийн түншийн холбоо юм” гэж хэлсэн (“I Believe,” Ensign, Aug. 1992, 6).

  • Яагаад эхнэр, нөхөр хоёр нэг байхын тулд бие биеэ адил тэгш эрхтэй хамтрагчийн хувиар үнэлэх ёстой байдаг вэ?

  • Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтдээ адил тэгш эрхтэй хамтрагчид байхад саад болдог ямар хандлага эсвэл ёс заншил байдаг вэ? Эхнэр, нөхөр хоёр ийм сорилтыг даван туулахын тулд юу хийж болох вэ?

    Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

    “Энэ нь эмэгтэй хүн дан ганцаараа нөхөр, хөвгүүдийнхээ санваарын үүрэгт өөрийгөө нийцүүлэх ёстой гэсэн үг биш юм. Тэр тэднийг дэмжин баталж, туслан дэмжиж, урамшуулах нь мэдээжийн хэрэг.

    Санваартнууд хариуд нь эхнэр мөн ээжийнхээ хэрэгцээ болон үүргүүдэд өөрсдийгөө нийцүүлэх ёстой. Түүний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, соёлын сайн сайхан байдал, сүнслэг өсөлт хөгжил санваарын үүргийнх нь нэн тэргүүнд явах ёстой.

    Нялх хүүхэд асрах, хүүхдүүдээ хооллож ундлах эсвэл гэр орны арчилгаа цэвэрлэгээтэй холбоотой ямар ч ажил, хэчнээн хэцүү байсан ч гэлээ эдгээрийн өмнө [нөхөр] нь адил тэгш үүрэг хүлээдэг” хэмээн хэлсэн (“A Tribute to Women,” Ensign, July 1989, 75).

    Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт санваартнуудад хандан: “Эр нөхөр мөн зөв зохистой санваартны хувьд та Аврагчийн санваарыг атгадаг тул Түүний үлгэр жишээг дуурайхыг хүснэ. Та өөрийгөө эхнэр хүүхдэдээ зориулан, амьдралынхаа гол анхаарлыг тэдэнд хандуулах болно. Заримдаа эрэгтэй хүн гэр бүлийнхээ гишүүн бүрийн хувь заяаг хянах гэж оролддог. Тэр бүх шийдвэрийг гарган, адайр зангаараа эхнэрээ захирна. Тэр нь ёс заншил байна уу, үгүй юү хамаагүй. Энэ нь Их Эзэний арга зам биш юм. Энэ бол хожмын үеийн гэгээнтэн нөхрийн эхнэртээ, гэр бүлдээ ханддаг арга зам биш юм” хэмээн зөвлөсөн (Conference Report, Apr. 1999, 32 эсвэл Ensign, May 1999, 26).

  • Бие биенээ адил тэгш эрхтэй хамтрагч хэмээн үнэлдэг эхнэр, нөхөр юу хийдэг вэ? (Оролцогчдын хариултуудыг самбарт хураангуйлан бичихийг бод. Шаардлагатай бол, доор жагсаасан санаануудыг хуваалцаад, оролцогчдыг тэдгээр санаатай холбоотой туршлагаасаа хуваалцахад урь.)

    1. Тэд гэр бүлээрээ хамтдаа залбирах, гэр бүлийн үдэш хийх, судраас хамтдаа суралцах тал дээр үүргээ хамтдаа биелүүлдэг.

    2. Тэд гэр бүлийн санхүүгээ хэрхэн ашиглахаа хамтдаа төлөвлөдөг.

    3. Тэд хамтдаа зөвлөлдөн, гэрийн доторх дүрэм мөн хүүхдүүдээ хэрхэн сахилгажуулахаа хэлэлцэн тохирдог. Хүүхдүүд эцэг эх нь энэ шийдвэртээ санал нэгтэй байгааг олж хардаг.

    4. Тэд гэр бүлийн үйл ажиллагаагаа хамтдаа төлөвлөдөг.

    5. Тэд хоёулаа гэрийн ажил үүрэгт бие биедээ тусалдаг.

    6. Тэд сүмдээ хамт явдаг.

Эхнэр, нөхөр хоёр бие биедээ хувь хүний зан чанар, ур чадваруудаараа харилцан нөхөх боломж олгох ёстой.

Оролцогчидтой хамт 1 Коринт 11:11-ийг унш. Ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг уншина уу.

“Их Эзэний төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэгдэн, нэг бие болдог. … Амьдралд хамгийн агуу аз жаргал хийгээд бүтээлч байдлыг бий болгоход эхнэр, нөхөр хоёул хэрэгтэй байв. Тэдний хүчин чармайлт нэгдэн нийлж, бие биенээ нөхөж байдаг. Тэдний аль алинд нь эрэгтэй эсвэл эмэгтэй хүний хувьд Их Эзэний аз жаргал хэмээн тодорхойлсон үүрэгт хамгийн сайн тохирох шинж чанарууд байдаг. Эдгээр чадавхыг Их Эзэний хүссэнээр ашигласан үед эдгээр нь гэрлэсэн хосуудад нэг хүн шиг бодож, үйлдэж, баясаж мөн сорилтуудтай хамтдаа нүүр тулж, нэг хүн адил даван туулж, хайр, ойлголтоор өсөж хөгжин, ариун сүмийн ёслолоор дамжуулан нэг болж, мөнхөд хамтдаа байх боломжтой болдог. Энэ нь тэр төлөвлөгөө юм” хэмээн хэлжээ (Conference Report, Oct. 1996, 101 эсвэл Ensign, Nov. 1996, 73–74).

Ахлагч Скоттын заасан зарчмыг тайлбарлахын тулд дараах дасгал ажлыг хийнэ үү.

Оролцогч бүрд цаас, үзэг эсвэл харандаа өг. Гэрлэсэн оролцогч бүрээс өөрийн болон эхнэр, нөхрийнхөө зарим нэг зан чанар эсвэл чадварыг жагсаан бичихэд урь. Ганц бие оролцогч бүрээс гэрлэсэн хосын талаар бодон, эхнэр, нөхөр хоёрын зарим зан чанар эсвэл чадваруудыг жагсаан бичихийг хүс. Оролцогчдод бичих хэдэн минут гаргаж өгсний дараа, дараах асуултуудыг тавь.

  • Таны жагсааж бичсэн зан чанар, чадварууд гэрлэсэн хосуудад нэгдмэл байхад хэрхэн тусалсан бэ? (Оролцогчдоос тодорхой жишээ хуваалцахыг хүс.)

  • Та эхнэр, нөхөр хоёрын ялгаатай талууд нь хэрхэн харилцааных нь хүчтэй талууд болж байгааг харж байсан бэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн эхнэр Маржори П.Хинклигийн гэрлэлтийн анхны жилийнхээ талаар хуваалцсан дараах мэдэгдлийг уншина уу.

“Бид бие биедээ хайртай байсан. Үүнд эргэлзэх огтхон ч хэрэггүй байсан ч бид бас бие биенээ таньж мэдэх хэрэгтэй байв. Бүх хос бие биенээ таньж мэдэх хэрэгтэй гэж би боддог. Бид бие биенээ байнга өөрчлөх гэж хичээхийн оронд таньж мэдэхийг хичээж ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гэдгийг би эрт мэдсэн” (Church News, 26 Sept. 1998, 4).

  • Хосууд “бие биенээ байнга өөрчлөх гэж хичээхийн” оронд “бие биенээ таньж мэдэхээр хичээвэл” үр дүн нь хэрхэн өөр байж болох вэ?

Эхнэр, нөхөр хоёр нэг нэгэндээ үнэнч байх ёстой.

Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах зөвлөгөөг хуваалц.

“Та хоёрын хооронд гэрлэлтийг тань сүйтгэх юу ч гарч ирэхгүй гэсэн шийдвэрийг гарга. Үүнийг хэрэгжүүл. Үүнийг хэрэгжүүлэхээр асуудлыг шийдвэрлэ. Сэтгэл зүрхийг эмтрүүлсэн, заримдаа амьдралыг сүйрүүлсэн салалт дэндүү их байна. Бие биедээ чин сэтгэлээсээ үнэнч бай” (“Life’s Obligations,” Ensign, Feb. 1999, 2, 4).

  • Таны хувьд үнэнч гэдэг үг ямар утгатай вэ? (Итгэлтэй байх, үнэнч байх, харилцаандаа итгэл даадаг байх зэрэг хариултууд байж болно.)

Их Эзэн эхнэр, нөхөр хоёр бие биедээ үнэнч байх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн гэдгийг тайлбарла. Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 42:22-ыг унш. Энэ зарлиг эхнэр, нөхөр хоёрт адилхан хамаатай гэдгийг онцлон хэл.

  • Өөр хэнтэй ч биш, харин зөвхөн эхнэр, нөхөртэйгөө нэгдэн нийлэх ёстой гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

    Сүмийн 12 дахь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Өөр хэнтэй ч бус гэдэг нь бүх хүн, бүх зүйлийг хасаж байгаа хэрэг. Ингэснээр хань ижил нь нөхөр, эхнэрийнхээ амьдралд хамгийн чухал хүн болдог. Нийгэм, ажил мэргэжил, улс төрийн амьдралд эсвэл өөр ямар ч сонирхол эсвэл хүн хань ижлийнх нь нөхөрлөлөөс илүү байр суурь эзлэхгүй” хэмээн заасан (Faith Precedes the Miracle [1972], 143).

  • Хүн хань ижилдээ үнэнч байхад саад болохгүйгээр нийгмийн болоод мэргэжлийн мөн Сүмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж болох вэ?

  • Хосууд бие биедээ үнэнч байгаагаа ямар арга замаар харуулж болох вэ? (Хэрэв оролцогчдод энэ асуултад хариулахад хэцүү байгаа бол доор жагсаасантай адил хэдэн жишээг хуваалцана уу.)

    1. Нөхөр нь эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд ажил, амралт болон бусад уулзалтынхаа цагийг өөрчилж болно.

    2. Эхнэр нь нөхрийнхөө үйл ажиллагаанд амжилт хүсэн, өдөр бүр залбирч болно.

    3. Бүр хэцүү байсан ч гэсэн тэд бие биеэ сонсож болно.

    4. Тэд гэр бүлийн гишүүд, найзуудтайгаа нэг нэгнийхээ талаар хайраар, хүндэтгэлтэй ярьж болно.

Дүгнэлт

Их Эзэн болон Түүний бошиглогчид эхнэр, нөхөр хоёрыг хайранд, эв нэгдэлтэйгээр мөн адил тэгш эрхтэй хамтрагчийн хувьд ажиллахыг зарлигласан. Эхнэр, нөхөр хоёр бодол, үг, үйлдлээрээ дамжуулан өдөр бүр бие биедээ үнэнч гэдгээ харуулж чадна.

Сүнсний удирдамжийн дагуу хичээлийн үеэр ярьсан үнэнүүдийн талаар гэрчил.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 8–11-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэх санаанууд” хэсгийн зөвлөгөөнүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бид нэгдмэл байж болохын тулд” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Оролцогчдод дараагийн хичээл дээр гарын авлагаа ангид авчрахыг сануул.