Гэр бүлд зориулсан эх сурвалж
7-р хичээл: Уучлалын эдгээх хүч


“7-р хичээл: Уучлалын эдгээх хүч,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 31–34

“7-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 31–34

7-р хичээл

Уучлалын эдгээх хүч

Зорилго

Бие биенээ уучилдаг хүмүүст ирдэг амар амгаланг мэдрэхэд нь оролцогчдод туслах мөн гэр орондоо уучлалын сүнсийг хөгжүүлэхэд нь тэднийг урамшуулах явдал юм.

Бэлтгэл

  1. “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг үзнэ үү. Заахаар бэлтгэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.

  2. Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон харуулах тодоор бичсэн гарчгуудыг унш. Хичээлдээ бэлтгэх явцад, оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод.

  3. Оролцогчдод Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлагаа ангидаа авчрахыг сануул. Хичээлийн үеэр номоо гаргаж харах нь тустай байж болно.

Тэмдэглэл: Та энэ хичээлийг заахдаа оролцогчдынхоо нөхцөл байдалд соргог мэдрэмжтэй ханд. Хэрэв оролцогчид хүчирхийлэл, эхнэр, нөхрийн үнэнч бус байдал гэх мэт гэр бүлийн ноцтой асуудлыг уучлах тухай асуулт тавих юм уу хариулт эрэлхийлж байгаа бол тэднийг бишоптойгоо ганцаарчлан уулзаж, ярилцахыг эелдгээр урамшуул.

Хичээл заах зөвлөмж

Эхнэр, нөхөр хоёрын хооронд уучлалын сүнс байх нь амар амгалан, итгэл хийгээд аюулгүй байдлын мэдрэмжийг авчрахад тусалдаг.

Далын ахлагч Хью В.Пиннокийн ярьсан дараах түүхийг уншина уу.

“Нэгэн хос … амьдралдаа хожуу гэрлэжээ. Эхнэр нь өмнө нь гэрлэж байсан ч, нөхрийнх нь анхны гэрлэлт байв. Гэрлэж хэдэн сарыг аз жаргалтай өнгөрүүлсний дараа ноцтой хэрүүл маргаан болж, үүний улмаас нөхөр нь өдөр тутмын ажил үүргээ ч хэвийн хийж чадахаа болив.

Нөхөр нь энэ хэрүүл маргааныг намдсаны дараа асуудалд дүн шинжилгээ хийхээ больж, асуудлын нэг хэсэг нь өөрийнх нь буруу байсныг ойлгожээ. Тэрээр сүйт бүсгүй дээрээ очиж, эв хавгүй ээрэн байж ‘Намайг уучлаарай, хонгор минь’ гэв. Эхнэр нь уйлж, ихэнх асуудал өөрт нь байсныг хүлээн зөвшөөрч, уучлал гуйжээ. Тэднийг бие биенээ тэврэх үед эхнэр нь өмнө нь уучлал хүссэн үг хэлж байгаагүйгээ хэлээд, ирээдүйд гарах ямар ч асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэж авлаа гэв. Тэд хоёул ‘Намайг уучлаарай,’ ‘Би уучилж байна’ гэж хэлэх чадвартай гэдгийг мэдсэн тул тайвширчээ” (“Making a Marriage Work,” Ensign, Sept. 1981, 36–37).

Энэ түүхийг гэрлэлтдээ олон асуудалтай учирсан эхнэр, нөхөр хоёртой хийсэн ярилцлагынхаа талаар ярьсан ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн түүхтэй харьцуул (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 26-р хуудас):

“Ширээний нөгөө талд суусан хосын яриаг сонсох их хэцүү байсныг би санадаг. Тэд бие биедээ уурлан хорсох болжээ. Нэгэн цагт тэдний хайр дурлал гүн гүнзгий, жинхэнэ байсныг би мэднэ. Гэвч тэр хоёр нэг нь нөгөөгийнхөө дутагдлыг ярьдаг зуршилтай болсон байжээ. Хүн бүрийн гаргадаг алдаа дутагдлыг уучлах, тэдгээрийг мартан, эргэж дурсалгүй хүлцэн амьдрах хүсэлгүй байснаар нэг нэгнийгээ өөлөн гоочилж, улмаар нэгэн цагт тэдний мэдэрч байсан хайр дурлал замхран алга болсон байв. Хайр нь тэгээд үнс болон хувирч, ‘хоёр талын хүслээр’ салах болжээ. Одоо зөвхөн ганцаардал, харилцан бие биенээ буруутгах явдал л үлдэв. Хэрэв наманчилж, уучлах хүсэл бага ч атугай байсан бол тэд хамтдаа үлдэж, өнгөрсөн он жилүүдэд асар ихээр адисалсан хамтын амьдрал нь хэвээр хадгалагдах байсан гэдэгт би итгэлтэй байна” (“Of You It Is Required to Forgive,” Ensign, June 1991, 4).

  • Бид энэ хоёр жишээнээс юу ойлгож авч болох вэ?

Энэ хичээл бол уучлахыг эрэлхийлэх мөн бие биенээ уучлахын ач холбогдлын тухай гэдгийг тайлбарла. Гэрлэсэн хос гэрлэлтдээ уучлалын сүнстэй байхыг хичээх юм бол харилцаанд нь гарч ирэх олон бэрхшээл сорилтыг даван туулж чадна гэдгийг онцлон хэл. Тэд ингэснээр “Өөрөөр хүлээн авах боломжгүй тийм амар амгаланг та зүрх сэтгэлдээ мэдрэх болно” (Ensign, June 1991, 5) хэмээн нэг нэгнээ уучилдаг хүмүүст ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн өгсөн амлалт үнэн болохыг олж мэдэх болно.

Эхнэр, нөхөр хоёр бие биеийнхээ алдаа дутагдлыг уучилж, алдаагаа засан залруулахын тулд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах ёстой.

  • Эхнэр, нөхөр хоёрт “Намайг уучлаарай” гэж хэлэн, алдаа дутагдлынхаа төлөө бие биеэсээ уучлал гуйх нь яагаад чухал вэ?

  • Яагаад зарим үед уучлал гуйх хэцүү байдаг вэ? (Аминч үзэл, бардамнал эсвэл зарим үед асуудлынхаа төлөө бусдыг буруутгах гэх мэт хариултууд байж болно.)

  • Бид бусдаас уучлал эрэлхийлэх хүчийг хэрхэн олж болох вэ?

Биднийг уучлал эрэлхийлэх үед, өөрчлөгдөхийн тулд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах, шаардлагатай бол нүглээ наманчлах зэрэг нь ямар чухал гэдгийг онцлон хэл. Үйлдлийнхээ төлөө зөвхөн харамсах нь хангалтгүй. Бид бусдын уучлалыг мөн Их Эзэний өршөөлийг хүлээн авахуйц зохистой байхын тулд ажиллах хэрэгтэй.

  • Алдаан дээрээ ажиллахгүйгээр уучлал эрэлхийлэх нь ямар аюултай вэ?

Та хичээлийн энэ хэсгийн төгсгөлд дараах бодит түүхүүдийн нэгийг эсвэл хоёуланг хуваалц.

Нэгэн эрэгтэй эхнэртэйгээ болон хэдэн найзынхаа хамт оройг гадуур өнгөрүүлсний дараа эхнэр нь нэг л хачин, чимээгүй байсныг ажиглажээ. Нөхөр нь ямар нэгэн таагүй зүйл болсон эсэхийг түүнээс асуухад, тэр орой нөхрийг нь өөртэй нь холбоотой хэдэн түүх ярих үед түүнд хэд хэдэн удаа ичмээр, гомдмоор санагдсаныг тайлбарлав. Эхэндээ нөхөр нь ердөө наргиан байсан гэдгийг мөн хүн бүр цагийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүссэн гэдгээ хэлж, эхнэрийгээ хүндээр хүлээж авч байна гэж үйлдлээ зөвтгөв. Гэвч ярилцах үеэр нөхөр нь үнэхээр эхнэрээ гомдоосноо ухааран ойлгожээ. Түүний бодлогогүй алхам эхнэрийг нь олон удаа гомдоосныг тэр ухаарч, маш их харамсав. Тэр уучлал гуйж, түүнийг дахин ичээхгүй гэж амлажээ. Тэр хэлсэн үгэндээ хүрсэн аж. Түүнээс хойш тэр эхнэрээ бусдын дэргэд чин сэтгэлээсээ магтах арга замыг олсон байна.

Өрхийн тэргүүн, эцэг болсон нэг хүн өсвөр насандаа порнографт автсан байсан ба энэ зуршлаа орхиогүй байв. Тэр хэрхэн орхихоо мэдэхгүй байсан тул санаагаар унах болжээ. Эцэст нь тэр тусламж хүсэн хичээнгүйлэн залбирч, өөрийгөө даруусган, Аврагчийн амьдрал, сургаалыг судалж эхлэв. Тэр Аврагчийн Цагаатгалаар дамжуулан хүртэх боломжтой болсон адислалуудын тухай илүү ихийг ойлгосноор энэ зуршлаа өөрчлөх боломжтой гэдгээ мэдсэн аж. Донтолт нь өөрийг нь, гэрлэлт, гэр бүлийг нь сүйрүүлж байгааг тэр харжээ. Есүс Христийн үйл хэргийн талаарх шинэ ойлголттой болсон нь шаардлагатай өөрчлөлтийг хийх, гэрлэлтээ аврах боломжийг түүнд олгосон байна.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа ахлагч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцана уу.

“Уучлал бүр өөрийн гэсэн нөхцөлтэй байдаг. Боолт нь шархны дайтай өргөн байх ёстой. Мацаг барих, залбирал, даруу төлөв зан нь нүгэлтэй тэнцүү эсвэл тэдгээрээс илүү байх ёстой. Гэмшсэн сэтгэл, харууссан зүрхтэй байх хэрэгтэй. ‘Үнс түрхэн, таар нөмрөх’ ёстой. Зүрх сэтгэлийн жинхэнэ өөрчлөлт, харууслын нулимс байх ёстой. Нүглээ хүлээн зөвшөөрч, хилэнцийг орхиж, Их Эзэнээс зохих ёсоор эрх мэдлийг хүлээн авсан Сүмийн удирдагчдын өмнө буруугаа хүлээх ёстой. Дахин сэргээх; алхам, чиглэл ба хүрэх газрыг баттай, шийдэмгий өөрчлөх ёстой. Нөхцөл байдлыг хянаж, хоорондын харилцаагаа засаж залруулан, өөрчлөх ёстой. Нөмрөгийг цагаан болгохын тулд угаах ёстой. Бурханы бүх хуульд бүхнээ зориулан, үнэнчээр дуулгавартай дагах ёстой. Товчхондоо, өөрийгөө төдийгүй нүглийг мөн дэлхийг ялан дийлэх ёстой” (The Miracle of Forgiveness [1969], 353).

Эхнэр, нөхөр хоёр бие биенээсээ уучлал эрэлхийлдэг байх ёстой.

Үйлдсэн нүгэл, гаргасан алдааныхаа төлөө өршөөл эрэлхийлэхээс гадна бид уучилж чаддаг байх хэрэгтэйг онцлон хэл. Заримдаа бид хүмүүсийн хийдэг ялимгүй жижиг зүйлд гомддог ч Их Эзэн бие биенээ уучилж байхыг бидэнд зарлигласан. Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 64:8–10 ба Матай 6:14–15-ыг унш.

  • Эхнэр, нөхөр хоёрыг бие биенээ уучлах хүсэлтэй байх үед гэрлэлт ямар байдлаар бэхэждэг вэ?

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Хэрэв хэн нэгний талаар дайсагналын хорт ундааг зүрх сэтгэлдээ чанаж буй хүн байгаа бол уучлах хүч чадлыг Их Эзэнээс гуйхыг би та нараас хүсэж байна. Энэ хүслийн тань илэрхийлэл та нарын наманчлалын үндэс суурь болох болно. Энэ нь тийм ч амар бөгөөд хурдан хийгддэг зүйл биш байж болох юм. Гэвч хэрэв та нар үүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, үүнийг тарьж ургуулах юм бол энэ нь боломжтой. … Өөрөөр хүлээн авах боломжгүй амар амгалан зүрх сэтгэлд тань ирэх болно” хэмээн зөвлөсөн (Ensign, June 1991, 5 мөн Marriage and Family Relations Participant’s Study Guide-ын 26-р хуудсыг үзнэ үү).

  • Уучлах нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ? (Хүмүүс өөрсдийгөө бусдаас хамгаалахыг хичээдэг, уучлах нь бусдыг гомдоосон үйлдлийг зөвтгөхтэй адил гэж боддог эсвэл түрэмгий зан авир дээрээ ажиллахгүйгээр бусдаас уучлахыг шаарддаг, хүмүүсийг уучлах хэцүү байдаг гэх мэт хариултууд байж болно.)

  • Эхнэр, нөхөр уучлахаас татгалзах нь ямар аюултай вэ?

  • Уучлал нь уучлагдаж байгаа хүмүүсийг ямар байдлаар адисалдаг вэ? Бусдыг уучлах нь хэрэггүй зан авираа өөрчлөхийг хүсэж байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ?

  • Уучлалын сүнс уучилж байгаа хүнийг ямар арга замаар адисалж болох вэ?

Хэн нэгэн биднийг гомдоосон гэж бодож байгаа бол үүнд хэрхэн хандаасай хэмээн Их Эзэн биднээс хүсэх байсныг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэйг тэдэнд зөвлө. Сүмийн 14 дэх ерөнхийлөгч Ховард В.Хантэр: “Бид ариун зүйлүүдийн талаар илүү их бодож, Аврагчийн шавь нараасаа хэрхэн үйлдэхийг хүсдэгтэй илүү адилхан үйлдэх ёстой. Бид боломж гарах бүрд ‘Есүс яах байсан бол?’ гэж өөрсдөөсөө асууж, тэгээд хариултынхаа дагуу зоригтойгоор ажиллах ёстой” хэмээн зөвлөсөн (Conference Report, Oct. 1994, 118; эсвэл Ensign, Nov. 1994, 87).

Сүмийн 6 дахь ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн дараах зөвлөгөөг уншина уу.

“Бидний хүн нэг бүрд сул тал, алдаа дутагдал байдаг. Зарим үед нөхөр нь эхнэрийнхээ алдаа дутагдлыг хараад, түүнийг буруутгадаг. Заримдаа эхнэр нь нөхрөө зөв зүйл хийсэнгүй гэж бодож, түүнийг буруутгадаг. Үүний ашиг юу вэ? Уучилбал дээр биш үү? Энэрэх нь дээр биш гэж үү? Хайр дээр биш үү? Алдаа дутагдлыг нь ярихгүй, сул талыг нь ахин дахин дурдаж өсгөн томруулахгүй байх нь дээр биш үү? Энэ нь дээр биш гэж үү? Мөн та хоёрын хооронд болон хүүхдүүд тань төрснөөр мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр үүссэн үл тасрах хэлхээ холбоо тань нэг нэгнийхээ сул тал, алдаа дутагдлыг дурдалгүйгээр мартвал илүү бат бөх болохгүй гэж үү? Алдаа дутагдлыг дурдалгүй өнгөрөөж, тэдгээрийн талаар огт ярихгүй байх буюу тэднийг булшилж, нэг нэгнийхээ тухай өөрсдийн мэддэг, мэдэрдэг зөвхөн сайн сайхан зүйлсийг ярьснаар бие биеийнхээ алдаа дутагдлыг дөвийлгөн ярихгүй байж, булшлах нь дээр биш гэж үү?” (“Sermon on Home Government,” Millennial Star, 25 Jan. 1912, 49–50).

Дүгнэлт

Ахлагч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг хуваалцана уу.

“Хэчнээн их тайвшрал, хэчнээн их тайтгарал, хэчнээн их баяр хөөр вэ! Зөрчил, зовлон шаналал болон нүглийн ачааг үүрч байгаа хүмүүс Их Эзэнд хандан, Түүний тухай суралцаж, зарлигуудыг нь сахих юм бол өршөөгдөн, ариусгагдаж, цэвэршигдэх болно. Тиймээс өдөр тутам гаргадаг тэнэглэл, сул дорой байдлаа наманчлах хэрэгтэй ба бид бүгдээрээ энэ гайхамшгаас хүртэж болно” (The Miracle of Forgiveness, 368).

Сүнсний өдөөлтийн дагуу, хэрэв гэрлэсэн хосууд бие биеийнхээ алдаа дутагдлыг уучилдаг байвал амар амгаланг эдлэх болно гэдгийг гэрчил. Тэд илүү их эв нэгдэлтэй болж, гэрлэлт дэх болон эцэг эхийн хувьд гарч ирэх асуудлуудаа шийдвэрлэж чадна. Оролцогчдыг гэр орондоо уучлалын сүнсийг хөхиүлэн дэмждэг байхад урь.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 25–27-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн “Уучлах нь та нараас шаардагдана” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуул. Гарын авлага дээрх өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Оролцогчдод дараагийн хичээл дээр гарын авлагаа авчрахыг сануул.