“6-р хичээл: Итгэл, залбирлаар дамжуулан гэрлэлтээ хүчирхэгжүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 27–30
“6-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 27–30
6-р хичээл
Итгэл, залбирлаар дамжуулан гэрлэлтээ хүчирхэгжүүлэх
Зорилго
Гэрлэсэн хосууд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, хамтдаа залбирснаар хүлээн авдаг адислалуудыг хэрхэн авах талаар ойлголттой болж, ажиллахад нь оролцогчдод туслах явдал юм.
Бэлтгэл
-
“Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг үзнэ үү. Заахаар бэлтгэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.
-
Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон харуулах тодоор бичсэн гарчгуудыг унш. Хичээлдээ бэлтгэх явцад, оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод.
Хичээл заах зөвлөмж
Эхнэр, нөхөр хоёр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд хамтдаа ажиллах хэрэгтэй.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын ярьсан дараах түүхийг хуваалцана уу.
“Ахлагч Орин Вуурхайс … бол Аргентины Буэнос Айрест үйлчилж байсан том биетэй, царайлаг, сайхан залуу юм. Түүнийг номлолдоо ирээд 11 сар орчим болж байхад нэгэн орой зэвсэглэсэн хэдэн дээрэмчин ахлагч Вуурхайсыг хамтрагчтай нь хамт гудамжинд хоргоожээ. Улангассан хүчирхийлэх үйлдэл хийж, тэдний нэг нь ахлагч Вуурхайсыг толгойд нь буудсан аж.
Ахлагч Вуурхайсын бие бараг бүхэлдээ саажиж, ярьж чадахгүй болсон ч тэр гайхалтай сүнстэй бөгөөд асуултад дохио зангаагаар хариулдаг. Тэр номлогчийн энгэрийн тэмдгээ одоо ч зүүдэг. Эцэг эх нь “Эзэний дуудлагад үйлчилж байсан сайхан хүүд маань яагаад ийм явдал тохиолдов?” гэж асуудаггүй. Илүү эрхэм зорилгоор биш л юм бол хэнд ч энэ талаар тодорхой хариулт байхгүй. Бид итгэлээр алхах ёстой” (Conference Report, Oct. 1999, 73 эсвэл Ensign, Nov. 1999, 59–60).
Оролцогчидтой хамт Еврей 11:1, Алма 32:21-ийг унш. Иосеф Смитийн Орчуулга, Еврей 11:1-д “итгэл бол найддаг зүйлүүддээ баттай итгэх явдал мөн” гэснийг онцлон хэл.
-
Эдгээр шүлэгт итгэлийг юу гэж тодорхойлсон байна вэ?
-
Ерөнхийлөгч Фаустын өгүүлснээр, гэрлэсэн хосуудыг “итгэлээр алхахыг” шаарддаг ямар ямар нөхцөл байдаг вэ?
Оролцогчдоос амьдрал дээрх жишээнээсээ хуваалцахыг хүс. Эрүүл мэнд муудах, үр хүүхэдгүй байх, нас өтлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байх, хайртай хүмүүсээсээ хагацах, санхүүгийн бэрхшээл, эрх дураараа хүүхдүүд, байгалийн гамшиг зэрэг хариулт байж болно. Сорилт бэрхшээл бүр зөв шударгаар амьдрахыг хичээж байгаа үед ч гэсэн ирж болохыг онцлон хэл.
Оролцогчидтой хамт Моронай 7:32–33-ыг унш. Бид итгэлээ Есүс Христэд төвлөрүүлэх ёстойг онцлон тэмдэглэ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх юм бол бид бэрхшээлтэй тулгарах үедээ хүчирхэгждэг тухай тайлбарласан. Тэр:
“Та нүглээсээ чөлөөлөгдөхийн тулд даруухнаар, Есүс Христэд итгэх итгэлтэйгээр эрэлхийлэх аваас Их Эзэн танд тэнгэрлэг хүчээр тайвшралыг өгөх болно. Та өөртөө итгэж найдан, хичээл зүтгэл гаргахгүй л юм бол танд хэн ч тусалж чадахгүй. Таны хувийн өсөлт хөгжилт үүнийг шаарддаг. Таагүй байдал, өвчин зовлон, бэрхшээл, гашуудалгүйгээр амьдрахыг бүү хичээ. Учир нь эдгээрийг хайрт Эцэг маань бидний хувийн өсөлт хөгжилт ба ойлголтыг хөгжүүлэхэд ашигладаг юм. Есүс Христэд итгэлтэй байх аваас танд туслах болно гэдгийг судруудад ахин дахин баталсан байдаг. Итгэлийг Түүний бошиглогчдоор болон судруудаар дамжуулан өгсөн амлалтуудад нь итгэх хүсэл эрмэлзлээрээ харуулдаг” хэмээн хэлжээ (Conference Report, Apr. 1994, 8 эсвэл Ensign, May 1994, 8).
Эхнэр, нөхөр хоёр өөрсдийн амьдралыг Аврагч дээр төвлөрүүлэхийн тулд хамтран ажиллах ёстойг онцлон хэл. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд:
“Та … гэрлэсэн амьдралдаа болон үүрд мөнхөд чадавх, аюулгүй байдал, хамгаалалтыг хүсдэг үү? Есүсийн жинхэнэ шавь бай. Үнэнч шударга, үүрэг хүлээсэн, хэлснээ хэрэгжүүлдэг хожмын үеийн гэгээнтэн бай. Таны итгэл таны хайр дурлалтай холбоотой гэдэгт итгэ. Яагаад гэвэл эдгээр нь үнэхээр холбоотой. … Дэлхийн Гэрэл Есүс Христ нь таны болон таны хайртад хайр дурлал, аз жаргалын замыг амжилттай сайн гэрэлтүүлж өгдөг цорын ганц дэнлүү билээ” (“How Do I Love Thee?”” [Brigham Young University devotional address, 15 Feb. 2000], 6).
-
Аврагчид итгэх итгэлээ өсөн нэмэгдүүлэх нь гэрлэсэн хосуудын бие биетэйгээ харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлэхэд тусалж болох вэ? (Доорх хариултууд байж болно.)
-
Тэд бие биетэйгээ Христтэй илүү адилхан харьцдаг болдог. Тэд илүү хайраар дүүрэн, тусч, эелдэг, тэвчээртэй, бие биеэ сонсох хүсэлтэй болдог.
-
Тэд илүү даруусаж, наманчлан, Аврагчийн сургаалыг дагах хүсэлтэй болдог. Эхнэр, нөхөр тус бүрдээ наманчилж, Аврагчтай илүү адил болохыг хэдий чинээ их хүснэ, гэрлэлт нь төдий чинээ эв нийцтэй болох болно.
-
-
Гэрлэсэн хосууд Аврагчид итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд ямар байдлаар хамтран ажиллаж болох вэ? (Оролцогчдыг Аврагчид итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахад урь.) Оролцогчдоос хариулахыг хүсэхийн зэрэгцээ доор жагсаасан зарчмуудыг хуваалцахыг бод.
-
Сайн мэдээний хууль, ёслолуудыг дуулгавартай дага. (Ахлагч Робэрт Д.Хэйлсийн Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа хэлсэн дараах мэдэгдлийг хуваалц. “Сайн мэдээний хууль, ёслолуудад дуулгавартай байх нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг олж авахад зайлшгүй хэрэгтэй” [Conference Report, Apr. 1990, 52 эсвэл Ensign, May 1990, 39].)
-
Судруудаас хамтдаа суралц. Оролцогчидтой хамт Хиламан 15:7–8-ыг унш.
-
Их Эзэнд итгэж найд. (Оролцогчидтой хамт Сургаалт үгс 3:56-г унш. Хосууд асуудалтай тулгарах үедээ Их Эзэний тусламжийг илүү хүсэл эрмэлзэлтэй эрэлхийлэх шийдвэр гаргаж, итгэлээ өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгож чадна гэдгийг онцлон хэл.
-
Эхнэр, нөхөр хоёр хамтдаа залбирах үед адислагддаг.
-
Эхнэр, нөхөр хоёр тогтмол өвдөг сөхрөн, хамтдаа залбирах үед ямар ямар адислал ирж болох вэ? (Оролцогчдыг энэ асуултад тохирох туршлагуудаасаа хуваалцахад нь урамшуулан дэмж. Үүнээс гадна дараах эшлэл, жишээнүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг унш.)
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа дараах зөвлөгөөг өгчээ. Тэр:
“Амьдралдаа өдөр бүрийг эхлүүлж мөн төгсгөхдөө хамтдаа өвдөг сөгдөхөөс өөр илүү ашиг тустай нөлөө үзүүлэх тийм дадал хэвшил байхгүй. Их Эзэний өмнө өвдөг сөгдөн, нэг нэгнийг нь өгсний төлөө нэг нь нөгөөхийнхөө дэргэд талархан, өөрийн амьдрал, гэр орон, хайртай хүмүүс, хүсэл мөрөөдлийн төлөө түүний адислалуудыг дуудах үед гэрлэлт болгонд тулгардаг жижиг шуургууд сарнин алга болдог.
Тэр үед Бурхан таны хамтрагч болж, Түүнтэй хийх өдөр тутмын яриа өөр ямар ч эх сурвалжаас авах боломжгүй амар амгаланг зүрх сэтгэлд тань мөн баяр баясгаланг амьдралд тань авчрах болно. Та хоёрын амьдрал он жил улиран одох тусам сайжирч, хайр тань бэхжих болно. Бие биеэ гэсэн хайр талархал өсөн нэмэгдэх болно” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1971, 83 эсвэл Ensign, June 1971, 72).
Эхнэрийнх нь залбирал илүү сайн нөхөр, илүү сайн эцэг байхад өдөөж тусалдаг тухай нэгэн нөхөр ярьсан юм. Тэр эхнэрийнхээ дэргэд өвдөг сөгдөн, гараас нь барин залбирахдаа эхнэрийнхээ зүрх сэтгэлийнхээ гүнд байх санаа бодлоо Бурханд дэлгэхийг сонсдог байна. Эхнэрийнх нь зүрх сэтгэл цэвэр ариун бөгөөд хүсэл эрмэлзэл нь бодитойг мэддэг тул эхнэрээ гэсэн нөхрийнх нь хайр өсөн нэмэгддэг аж. Эхнэр нь Тэнгэрлэг Эцэгт хандан ярихдаа Түүнд үнэхээр зөв шударгаар үйлчлэхээс өөр юуг ч хүсдэггүйг нөхөр нь мэддэг байлаа.
Өөр нэг гэр бүлд нөхөр нь удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас болж зовж шаналж байв. Тэр орой бүр орондоо орохоосоо өмнө эхнэртэйгээ хамт адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархаж, өчүүхэн бага орлогоороо дөрвөн хүүхдээ өсгөхийн тулд Түүнээс удирдамж эрэлхийлдэг байж. Олон жилийн дараа нөхөр нь ажилдаа эргэн орох боломжтой болоход хүнд үеийг хэрхэн туулсныг нь тэднээс асуусан аж. Хамтдаа ажиллаж, хамт залбирч байсан нь их тус болсныг тэр гэрчилжээ. Чин сэтгэлийн залбирлыг нь олон адислалаар, түүний дотор Сүнсний тайтгаруулагч нөлөөгөөр дамжуулан хүлээн авсан найдвараар хариулжээ.
-
Хамтдаа залбирах нь харилцаан дахь асуудлаа шийдвэрлэхэд эхнэр, нөхөр хоёрт хэрхэн тусалж болох вэ? (Оролцогчдыг энэ асуултын талаар ярилцах үед, эхнэр, нөхөр хоёр зөрчилтэй байгаа үедээ заримдаа хамт залбирахаа больдгийг онцлон хэл. Гэвч хамтдаа залбирах нь ийм бэрхшээлийг даван туулахад туслах хүчирхэг хэрэгсэл юм.)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Томас С.Монсон гэргий Францистайгаа Солт Лэйкийн ариун сүмд лацдан холбуулсан өдрийнхөө тухай ярьсан. Ёслолыг гүйцэтгэсэн Бэнжамин Бауринг гэдэг хүн тэдэнд дараах зөвлөгөөг өгчээ. “Тулгарах аливаа санал зөрөлдөөнийг нэг өдрөөс илүү үргэлжлэхээргүй байлгахад анхаар гэсэн нэг жорыг шинээр гэрлэж байгаа та хоёрт өгөхийг надад зөвшөөрнө үү? Орой бүр орныхоо хажууд өвдөг сөгдөж бай. Нэг орой нь Монсон ах та өвдөг сөгдөн чангаар залбир. Дараагийн орой нь Монсон эгч та өвдөг сөгдөн чангаар залбир. Та нарыг залбирахад тухайн өдөр үүссэн аливаа буруу ойлголт сарнин алга болно гэдгийг би батлан хэлж чадна. Та нар хамтдаа залбирахгүйгээр бие биеийнхээ талаар тээж явдаг хамгийн сайн сайхан мэдрэмжээ авч үлдэж чадахгүй” хэмээн хэлжээ (Conference Report, Oct. 1988, 81 эсвэл Ensign, Nov. 1988, 70).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хайт: “Хэрэв эхнэр, нөхрийн хувьд та хоёрт ноцтой үл ойлголцол эсвэл гэрлэлтэд тань зарим хүндрэл бэрхшээл үүсэж байгааг мэдрэх юм бол та хоёр хамтдаа даруухнаар өвдөг сөхрөн сууж, харилцааг тань бүрхсэн харанхуйг хөөж, хэрэгтэй байгаа гэрлээ хүлээн авч, өөрсдийн алдааг харж, алдаа дутагдлаа наманчилж, бие биеэ уучилж, нэг нэгнийгээ эхлээд ямар байдлаар хүлээн авдаг байснаараа хүлээн авахад туслахыг өөрсдийн Эцэг Бурханаас гуйх хэрэгтэй.” Бурхан амьд бөгөөд та нарын даруухан гуйлтад хариулах болно гэдгийг би та нарт батлан хэлж байна” гэжээ (Conference Report, Apr. 1984, 17 эсвэл Ensign, May 1984, 14).
Хамт залбирахын тулд ямар хүч чармайлт гаргаж байгаагаа дотроо дүгнэхийг гэрлэсэн оролцогчдоос хүс. Ганцхан эцэг нь эсвэл эх нь байдаг гэр бүлд ч хувийн хүчтэй залбирал Бурханы адислалуудыг гэр оронд авчирдгийг онцлон хэл.
Дүгнэлт
Есүс Христэд итгэх итгэлээ хамтдаа хөгжүүлж, залбирдаг эхнэр, нөхөр хоёр илүү их аз жаргал, эв нэгдэл болон бэрхшээлээ даван гарах чадварыг олдог гэдгийг онцлон хэл.
Сүнсний өдөөлтөөр, энэ хичээлийн үеэр ярьсан үнэний талаар гэрчил.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 21–24-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ахлагч Ричард Г.Скоттын “Амьдралдаа баяр баясгаланг олох нь” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.
Оролцогчдод дараагийн хичээл дээр гарын авлагаа ангид авчрахыг сануул.