“3-р хичээл: Гэрлэлтэд хайр, нөхөрлөлийг хөгжүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 13–17
“3-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 13–17
3-р хичээл
Гэрлэлтэд хайр, нөхөрлөлийг хөгжүүлэх
Зорилго
Оролцогчдод хайрын зарчмыг илүү сайн ойлгоход нь тусалж, гэрлэсэн хүмүүсийг гэрлэлт дэх хайраа тордохыг урамшуулан дэмжих явдал юм.
Бэлтгэл
-
“Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг бодож үз.
-
Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон тодоор бичсэн гарчгуудыг тунгаан бод. Долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг заах арга замуудын талаар бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.
-
Дараах материалууд байгаа бол хичээлдээ ашиглахаар бэлтгэ. Үүнд:
-
Нэг эсвэл хэд хэдэн хуримын зураг. Жишээ нь, Ариун сүм рүү явж буй залуу хосын (62559; Сайн мэдээний уран зургийн цуглуулга 609) зургийг үзүүлж эсвэл өөрийн хуримын зургуудаас авчирч мөн оролцогчдоос хуримын зургаа авчрахыг хүсэж болно.
-
Цэцэг эсвэл цэцгийн зураг.
-
Хичээл заах зөвлөмж
Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлах хайраа тордох хэрэгтэй.
Хуримын нэг эсвэл хэд хэдэн зураг үзүүл (“Бэлтгэл” хэсгийн 3a-г үзнэ үү). Эхнэр, нөхрүүдийн анх гэрлэхдээ мэдэрдэг байсан бие биеэ хайрлах хайрын талаар тайлбарла.
Цэцэг эсвэл цэцгийн зураг үзүүл (“Бэлтгэл,” 3б-г үзнэ үү). Дараа нь Сүмийн 12 дахь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах мэдэгдлийг нэг оролцогчоор уншуулна уу (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 14-р хуудас).
“Хайранд яг цэцэг, бие махбод хоёр шиг тогтмол тэжээл шаардагддаг. Мөнх бус бие махбодыг тогтмол хооллохгүй бол удахгүй турж эцэн, үхэх байсан. Эмзэгхэн цэцэг тэжээл, усгүй бол хатаж хорчийн, үхнэ. Хайрыг ч бас хайрын тун, хүндлэл бишрэлийн илрэл, талархлын илэрхийлэл, аминч бус үзлээр анхаарал халамж үзүүлэн байнга тэжээн тэтгэхгүй бол мөнхөд үргэлжлэх боломжгүй юм” (“Oneness in Marriage,” Ensign, Mar. 1977, 5).
Энэ хичээл бол эхнэр, нөхрүүд бие биеэ гэсэн хайраа өсгөн нэмэгдүүлэхийн тулд хэрхэн арчлан тордож болох тухай гэдгийг тайлбарла.
Хайр халамж, сайхан сэтгэлийн илэрхийлэл нь гэрлэлт дэх хайр ба нөхөрлөлийг амьд хэвээр байлгадаг.
Гэрлэсэн оролцогчдоос дөнгөж гэрлэж байсан үеэ эргэн бодохыг хүс. Амьдралынхаа тэр үед ханийнхаа төлөө хийж байсан зарим зүйлээ ярихад тэднийг урь.
-
Яагаад ийм үйлдлүүдийг хийх нь гэрлэлтэд чухал байдаг вэ?
Эхнэр, нөхрүүд амьдралынхаа туршид болзож байсан үеэ хадгалж үлдэн, нөхөрлөлөө тордох ёстойг тайлбарла. Ингэснээр бие биеэ гэсэн хайр нь өсөн нэмэгдэж байгааг тэд олж мэдэх болно.
Далын ахлагч Марлин К.Жэнсэн “Нөхөрлөл нь … болзож байсан үеэ хадгалж үлдэх, гэрлэлтийн амин чухал бөгөөд гайхамшигт хэсэг юм. Нөхөрлөлөөр эхэлж, дурлал болон боловсорч, эцэст нь гэрлэлт рүү хөтөлдөг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцаа ихэвчлэн өнө удаан хугацаанд үргэлжлэх мөнхийн харилцаа болж хувирдаг. Гэрлэлт амархан салж сарниж буй өнөөгийн дэлхий ертөнцөд он жил өнгөрөхийн хэрээр эхнэр, нөхөр хоёр мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг хамтдаа туулж, адислалуудаас хүртэхдээ найз нөхдийн харилцаа холбооныхоо үнэ цэнийг ойлгож, үүнээсээ таашаал авч байгааг харахаас илүү сайхан зүйл гэж үгүй” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1999, 81 эсвэл Ensign, May 1999, 64).
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Далд үйлчилж байхдаа, салалтын далд ч гэлээ үндсэн учир шалтгаануудын нэг бол “гэрлэлтээ байнга баяжуулахгүй, … хүнд хүчир, хэцүү, нэг хэвийн ч гэлээ, үүнийг үнэ цэнтэй, онцгой, гайхамшигтай болгодог ямар нэг зүйлийг нэмж хийгээгүйтэй холбоотой” гэж хэлжээ. Тэрээр “Гэрлэлтийг баяжуулахын тулд яльгүй жижигхэн мэт санагддаг зүйлсийг том болгох хэрэгтэй. Энэ бол бие биедээ байнга талархаж, үүнийгээ сайтар бодож илэрхийлэх явдал юм. Энэ бол нэг нэгнийхээ өсөж хөгжихийг урамшуулан дэмжиж, бие биедээ туслах явдал мөн. Гэрлэлт бол хамтдаа сайн сайхан, үзэсгэлэнт, бурханлаг байдалд хүрэх аялал юм” гэж зөвлөсөн (Conference Report, Oct. 1977, 13–14; эсвэл Ensign, Nov. 1977, 10–11).
-
Гэрлэлтэд хайр, нөхөрлөлийг амьд байлгадаг ямар “жижиг зүйл” байдаг вэ?” (Оролцогчдын хариултуудыг самбарт жагсаан бичих талаар бодож үз.) Дээрх арга замаар хайрыг өсгөн нэмэгдүүлэхийн ач холбогдлыг харуулдаг ямар ямар туршлага, арга замыг та хуваалцаж болох вэ?
Гэрлээд 35 жил гаруй болж байгаа нэгэн эмэгтэй, “Нөхөр маань орой үдэш юм уу долоо хоногоор яваад ирэхдээ надад жижиг гэлтгүй бэлэг авчирдагт нь би дуртай. Энэ нь том байх шаардлагагүй, ердөө л хурлаасаа авч үлдсэн жигнэмэг юм уу, цэцэг ч байж болно. Нөхөр маань ажил дээрээсээ өдөр залгаж, намайг ямар байгааг асууж эсвэл ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн мэдээгээ хуваалцахад нь би бүр ч их дуртай. Эдгээр жижиг зүйл намайг хайрладаг, үнэлдэг гэдгийг мэдрэхэд тусалдаг” гэжээ.
Эхнэр, нөхрүүд зөвхөн хоёулхнаа байх цагийг төлөвлөх хэрэгтэй гэдгийг онцлон хэл. Оролцогчдоор Далын ахлагч Жөү Ж.Кристэнсэний дараах зөвлөгөөг уншуул (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 19-р хуудас).
“Болзож байсан үеэ хэвээр нь хадгалж үлд. Аливаа зүйлийг зөвхөн хоёулхнаа хийх цаг гарга. Гэр бүлийн хувьд хүүхдүүдтэйгээ хамт байх чухал ч гэлээ долоо хоног бүр хоёулхнаа байх цаг та хоёрт бас хэрэгтэй. Үүнийг төлөвлөх нь гэрлэлтдээ анхаарал халамж тавихад энэ нь чухал юм байна гэдгийг хүүхдүүдэд тань мэдүүлэх болно. Үүнийг хийхэд тууштай байж, төлөвлөж, хуваарь гаргах шаардлагатай” (Conference Report, Apr. 1995, 86 эсвэл Ensign, May 1995, 65).
-
Эхнэр, нөхрүүдэд хамтдаа цагийг өнгөрүүлэхэд ямар ямар саад тулгарч болох вэ? Гэрлэсэн хосууд болзож байсан үеэ хэвээр хадгалж үлдэхийн тулд хэрхэн цаг зав гаргаж болох вэ?
Гэрлэлт дэх зохих ёсны бэлгийн дотно харьцаа бол хайрын илэрхийлэл юм.
Гэрлэлтэд зохих ёсоор бэлгийн дотно харьцаатай байхыг Их Эзэн зөвшөөрсөн гэдгийг тайлбарла. Энэ нь гэрлэсэн хосуудад агуу их адислалыг авчирч, тэдэнд бодгалиараа нэгдэж, бие биеэ хайрлах хайраа бэхжүүлэхэд тусалдаг. Дараах мэдэгдлүүдийн заримыг эсвэл бүгдийг хуваалцах талаар бодож үз.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт гэрлэлтэд бэлгийн дотно харьцаатай байхын зорилгыг тайлбарласан юм. Тэр: “Их Эзэн гэрлэлтийн бат бөх гэрээний хүрээнд Өөрийн тогтоосон хязгаар дотор нөхөн үржихүйн ариун нандин хүчийг бүхий л хайр болон сайн сайхан байдлаар илэрхийлэхийг эхнэр, нөхөр хоёрт зөвшөөрдөг билээ. Энэхүү хувийн, ариун нандин, дотно үйлдлийн нэг зорилго бол Тэнгэр дэх Эцэгийн мөнх бус амьдралыг үзэж туулахыг хүссэн сүнснүүдэд бие махбод өгөх явдал юм. Хайрын эдгээр хүчирхэг, ариун нандин мэдрэмжийн өөр нэг шалтгаан бол эхнэр, нөхөр хоёрыг үнэнч, нийцтэй, бие биеэ гэсэн сэтгэлээр нэгэн зорилгод холбон нэгтгэдэгт оршино” (Conference Report, Oct. 1994, 50; эсвэл Ensign, Nov. 1994, 38) гэжээ.
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Мөнх бус амьдралыг бүтээх хүч бол Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу хүч юм. Энэ хүчийг ашиглахыг [Адам, Ева хоёрт] хамгийн анхны тушаалаар зарлигласан бол, өөр нэгэн чухал тушаалаар үүнийг буруугаар ашиглахыг хориглосон ажээ. Бидний ариун явдлын хууль дээр онцгой анхаарал тавьдаг шалтгаан бол Бурханы төлөвлөгөөг биелүүлэхэд үр хүүхэдтэй болох хүчийн гүйцэтгэдэг зорилгын талаарх ойлголтоор тайлбарлагддаг. Бидний нөхөн үржихүйн хүчээ илэрхийлэхийг Бурхан таалдаг ч, үүнийг гэрлэлтийн харилцааны хүрээнд хязгаарлах ёстойг Тэрээр зарлигласан” хэмээн заасан (Conference Report, Oct. 1993, 99 эсвэл Ensign, Nov. 1993, 74).
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Хууль ёсны гэрлэлтийн хүрээнд бэлгийн харьцааны дотно байдал нь зөв бөгөөд тэнгэрээс зөвшөөрөгддөг. Бэлгийн харьцаа өөрөө ямар нэгэн ариун бус, гутамшигтай зүйл биш юм. Энэ нь энэхүү арга замаар эрэгтэй, эмэгтэй хүн бүтээлтийн болон хайраа илэрхийлэх үйл явцад нэгдэн нийлдэг гэсэн үг юм” хэмээн хэлсэн (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 311).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Хүмүүний бэлгийн дотно харьцаа гэрлэсэн хосуудад зориулагдсан. Учир нь энэ бол бүрэн нэгдлийн, Бурханы тодорхойлж, томилсон холбоонд бүхэлдээ, бүрэн нэгдлийн дээдийн дээд илрэл юм. Еденийн цэцэрлэгээс эхлээд гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг, тухайлбал зүрх сэтгэл, итгэл найдвар, амьдрал, хайр, гэр бүл, ирээдүй зэрэг бүх зүйлд бүрэн дүүрэн нэгтгэх зорилготой байсан. Адам Евагийн талаар яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах бөгөөд хамтын амьдралдаа “нэг бие” болно хэмээн хэлсэн [Эхлэл 2:23–24-ийг үзнэ үү]. Энэ бол бүрэн нэгдмэл байх холбоо учраас бид үүний мөнхийн амлалтыг илэрхийлэхийн тулд лацдан холболт гэсэн үгийг ашигладаг. Нэгэн удаа бошиглогч Иосеф Смит энэ ариун нандин холбоог бие биедээ ‘гагнагдан холбогдох’ хэмээн илэрхийлж болно гэж хэлсэн [С ба Г 128:18]” (Conference Report, Oct. 1998, 100 эсвэл Ensign, Nov. 1998, 76-г үзнэ үү).
Сүмийн 14 дэх ерөнхийлөгч Ховард В.Хантэр гэрлэлтийн хүрээнд ч гэсэн энэ ариун нандин хүчийг буруугаар ашиглаж болохгүй талаар ийн хэлсэн. Тэр “Амин хувиа огтхон ч хичээлгүй энхрий зөөлөн, хүндэтгэлтэй харьцах нь эхнэр, нөхөр хоёрын хоорондын бэлгийн дотно харьцааны үндсэн зарчим байх ёстой. Эхнэр, нөхрийн аль аль нь нөгөөгийнхөө хэрэгцээ, хүсэлд санаа тавьдаг, мэдрэмжтэй байвал зохино. Эхнэр, нөхөр хоёр бэлгийн дотно харьцаандаа нэг нь нөгөөхөө давамгайлах, ёс жудаггүй загнах, хяналтгүй байх гэх мэт зан авир гаргахыг Их Эзэн буруушаадаг” хэмээн зөвлөсөн (Conference Report, Oct. 1994, 68; эсвэл Ensign, Nov. 1994, 51).
Оролцогчидтой хамт Гэтлэл 20:14, 17-г унш. Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг хуваалцана уу.
“Бид гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх мөн гэрлэснийхээ дараа бүхий л талаараа үнэнч байхад итгэдэг. Үүнийг товч хураангуйлъя. Энэ бол аз жаргалд хүргэх зам юм. Энэ бол сэтгэл ханамжийг олох арга зам мөн. Энэ нь зүрх сэтгэл болон орон гэрт амар амгаланг авчирдаг” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1996, 68 эсвэл Ensign, Nov. 1996, 49).
Эхнэр, нөхөр хоёр итгэл эвдэх ямар ч зүйл хийхгүй байхад анхаарах ёстойг онцлон хэл. Жишээ нь, тэд өөрсдийнхөө болон эсрэг хүйсийн хамт ажилладаг хүмүүсийнхээ хооронд сэтгэл санаа болон бие махбодын зохих ёсны зааг хязгаарыг ямагт баримталж байх ёстой.
-
Яагаад гэрлэлтийн харилцаанд бүхий л талаараа үнэнч байх нь чухал вэ?
-
Хор хөнөөлтэй юм уу порнографын материалыг үзэх нь гэрлэлт дэх итгэлийг хэрхэн эвддэг вэ? Эсрэг хүйсийн хүнтэй сээтэгнэх нь гэрлэлтийг хэрхэн сүйтгэж болох вэ?
Дараах мэдэгдлүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг хуваалц.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Гэрлэлтийн гэрээнүүддээ бодол санаа, үг хэл, үйл хэргээрээ үнэнч бай. Порнограф, сээтэгнэл, хор хөнөөлтэй бодол санаа нь хүний зан чанарыг эвдэж, аз жаргалтай гэрлэлтийн үндэс суурийг ганхуулдаг. Энэ нь гэрлэлт дэх эв нэгдэл, итгэлийг бусниулдаг” хэмээн зөвлөсөн (Conference Report, Oct. 1994, 67 эсвэл Ensign, Nov. 1994, 50).
Сүмийн 13 дахь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Хэрэв та гэрлэсэн л бол аливаа сээтэгнэлээс зайлсхий. … Эсрэг хүйсийнхээ хэн нэгэнтэй гэм хоргүй тоглоом шоглоом хийх эсвэл бяцхан наргих зэрэг нь илүү ноцтой харилцаанд, эцэстээ итгэл эвдэхэд хүргэж болно. Бид өөрсдөдөө дараах асуултуудыг тавьж болох юм. Тухайлбал: Үүнийг хийснийг эхнэр эсвэл нөхөр маань мэдвэл таалагдах болов уу? Нөхөр нь нарийн бичигтэйгээ хамт хоёулхнаа өдрийн хоол иддэг байвал эхнэрт нь таалагдах болов уу? Эхнэр нь өөр хүнтэй сээтэгнэж байгааг харах нөхөрт нь таалагдах болов уу? Хайрт ах эгч нар аа, ‘Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ’ (1 Тесалоник 5:22) гэж Паул хэлэхдээ үүнийг хэлсэн юм” гэжээ (“The Law of Chastity,” in Brigham Young University 1987–1988 Devotional and Fireside Speeches [1988], 52).
Гэрлэсэн хосууд энэрэл болох Христийн цэвэр хайрыг өөрсдөдөө байлгахыг хичээх ёстой.
-
Оролцогчидтой хамт Иохан 13:34–35 болон Ефес 5:25-ыг унш. Эхнэр, нөхөр хоёр бие биедээ хэрхэн хандвал зохих талаар эдгээр судрын хэсэг бидэнд юу зааж байна вэ?
Гэрлэсэн хосуудын хувьд бие махбодын харилцаа чухал ч энэ нь тэдний хайрын хамгийн чухал хэсэг биш гэдгийг онцлон хэл. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцана уу.
“[Гэрлэлтэд хайр] байх нь гүн гүнзгий, бүхнийг хамарсан, цогц ойлголт юм. Энэ нь гол төлөв бие махбодын хүсэл тааллыг хайр хэмээн буруугаар нэрлэсэн дэлхийнхний ойлголттой адилгүй. Гэрлэлт нь зөвхөн үүн дээр үндэслэгдсэн байвал хосууд удалгүй бие биенээсээ залхаж эхэлдэг. … Их Эзэний хэлж байгаа хайр бол бие махбодын хувьд татагдахын зэрэгцээ сүнслэг байдлын хувьд татагдахыг хэлж байгаа юм. Энэ бол бие биедээ итгэж, ойлгох явдал. Энэ бол бүх талаараа хамтрагч байх явдал юм. Энэ бол нэгдмэл зорилго, жишигтэйгээр хамтран амьдрахыг хэлнэ. Энэ бол хувиа хичээлгүй, нэг нэгнийхээ төлөө золиос гаргах явдал юм. Энэ бол бодол санаа, үг үйлдэлдээ цэвэр ариун байж, Бурханд болон түүний хөтөлбөрт итгэх итгэлийг хэлнэ. Энэ бол мөнх бус амьдралдаа эцэг эх байж, хэтийн ирээдүйд бурханлаг байдал, бүтээлт, сүнснүүдийн эцэг эх болох явдал юм. Энэ бол өргөн цар хүрээтэй, бүх талыг хамарсан, хязгааргүй зүйл юм. Ийм хайр хэзээ ч цуцдаггүй буюу багасдаггүй. Ийм хайр өвчин шаналал, уй гашуу, хөгжил цэцэглэлт, зовлон зүдгүүр, амжилт, урам зориг мохохыг даван гарч, энэ амьдралд болон үүрд мөнхөд оршдог” (Faith Precedes the Miracle [1972], 130–131).
Ерөнхийлөгч Кимбалл Христийн цэвэр хайр болох энэрлийн талаар ярьсныг тайлбарла. Оролцогчидтой хамт Моронай 7:45–48-ыг унш. Уншиж байхдаа энэрлийн шинж чанаруудыг тодорхойлоход оролцогчдыг урь. Эдгээр шинж чанарыг доор үзүүлснээр самбарт бичнэ үү.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлаж, Тэдэнд ирнэ гэсэн амлалтаас гэрлэлтийн амлалт, ялангуяа мөнхийн гэрлэлтийн амлалт бидний хийх хамгийн чухал амлалт гэдгийг онцлон хэл. Эхнэр, нөхрүүд бие биедээ илүү энэрэнгүй хандахын тулд үргэлж ажиллах ёстой.
Оролцогчдод энэ зарчмыг хэрэгжүүлэхэд туслахын тулд самбарт бичсэн энэрлийн шинж чанаруудад анхаарлаа хандуулахыг тэднээс хүс. Тэднийг “өөрийнхийгөө эрэлхийлдэггүй” эсвэл “хэзээ ч дуусдаггүй” зэрэг зан чанарын зарим нь гэрлэлтийн харилцаанд ямар байдлаар илэрдгийг ярилцахад урь. Эдгээр зан чанарын заримыг харж байсан жишээнээсээ хуваалцахыг тэднээс хүс.
Дүгнэлт
Эхнэр, нөхрүүд хайр, нөхөрлөлөө тордож байх ёстой гэдгийг онцлон хэл. Тэд халуун дулаан, сайхан сэтгэлээ харуулдаг жижиг үйлдлүүдийг үргэлжлүүлэн хийснээр хайраа амьд хэвээр нь байлгах хэрэгтэй. Тэд амьдралын баяр баясгалан, ачаа дарамтыг хамтдаа туулж, бие биеийнхээ сүнс, бие махбод, сэтгэл санааны хэрэгцээнд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэд гэрлэлтийн харилцаанд амин чухал болох хайрыг бусниулах аливаа зүйлийг хэзээ ч хийхгүй байх шийдвэр гаргах ёстой. Тэд “[энэрлээр] дүүргэгдэж болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирах” ёстой (Моронай 7:48). Гэрлэсэн хосууд бие биедээ бүхий л талаараа үнэнч байх юм бол тэдний бие биенээ гэсэн хайр жил ирэх тусам өсөн нэмэгдэх болно. Тэд үнэхээр Христийнхтэй адил хайрыг хөгжүүлж байгаагаа мэдэх болно.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 12–15-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэх санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж мөн (2) Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын “Гэрлэлт дэх нэгдмэл байдал” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.