Гэр бүлд зориулсан эх сурвалж
10-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (1-р хэсэг: Эцгийн үүрэг)


“10-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (1-р хэсэг: Эцгийн үүрэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 49–53

“10-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 49–53

10-р хичээл

Эцэг эхийн ариун үүрэг

1-р хэсэг: Эцгийн үүрэг

Зорилго

Эцэг хүн ариун үүргээ хэрхэн биелүүлдэг мөн эцэг эх бие биедээ эрх тэгш хамтрагчийн хувиар хэрхэн тусалж болохыг ойлгоход нь оролцогчдод туслах явдал юм.

Бэлтгэл

  1. “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг бодож үзнэ үү.

  2. Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон тодоор бичсэн гарчгуудыг тунгаан бод. Долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг заах арга замуудын талаар бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  3. Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлагаа ангидаа авчрахыг суралцагчдад сануул.

Хичээл заах зөвлөмж

Эцэг эх нь хүүхэд бүрдээ итгэлийн бамбайг өгөхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэй.

Самбарт Итгэлийн бамбай гэж бичнэ үү. Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 27:15, 17-г унш.

  • Итгэл юугаараа бамбайтай адилхан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан Боид К.Пакэрын хэлсэн дараах мэдэгдлийг унш. Яагаад хүүхдүүд гэр орондоо “итгэлийн бамбай” хүлээн авах хэрэгтэйг ойлгохын тулд анхааралтай сонсохыг оролцогчдоос хүс.

“Эцэгийн маань төлөвлөгөөний дагуу, амьдралын нэг үеийн адил итгэлийн бамбайг гэр бүлд хийж, тааруулан өмсүүлэх шаардлагатай. Итгэлийн хоёр бамбай яг адилхан байдаггүй. Бамбай бүрийг хувь хүний онцлогт тааруулан хийсэн байх ёстой.

Эцэг төлөвлөгөөгөө эрэгтэй, эмэгтэй хүн ба эхнэр, нөхөр хоёр хамтран ажиллаж, хүүхэд бүрдээ итгэлийн бамбайг тааруулан хийж өгч, хуулан авч болохгүй байхаар, бас галт сум нэвтрэхгүй болгон чанга бэхэлж өгөхөөр болгож боловсруулан гаргажээ.

Бамбайг хийхэд төмрийг нь давтах эцгийн цуцашгүй хүч чадал мөн өнгөлж сайхан болгох эхийн зөөлөн гар шаардагдана. Зарим үед эцэг нь юм уу эх нь ганцаараа үүнийг хийх ёстой болдог. Энэ нь хэцүү боловч хийх боломжтой зүйл юм.

Итгэлийн бамбайг хийдэг материалууд болох бишрэл хүндэтгэл, эр зориг, энэрэл, наманчлал, уучлал, өрөвч сэтгэлийн тухай бид Сүм дээр заадаг. Эдгээрийг хэрхэн хамтад нь нийлүүлж угсардгийг бид Сүмд ойлгож мэдэж болно. Гэвч гэр бүлийн хүрээнд л итгэлийн бамбайг жинхэнэ ёсоор хийж, тааруулах ажил явагдах ёстой. Эс бөгөөс энэ нь суларч, хямралд орох үед тайлагдаж унадаг” (Conference Report, Apr. 1995, 8; эсвэл Ensign, May 1995, 8).

  • Эцэг эхийн үүргийн талаар энэ мэдэгдэл юу зааж байна вэ?

Оролцогчдыг Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын iv хуудсан дээрээс “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншихыг хүс (мөн энэ гарын авлагын viii хуудсыг үзнэ үү). Тунхгийн долоодугаар догол мөрөөс дараах зарчмыг тэдэнтэй хамт унш.

“Тэнгэрийн загвараар эцэг нь өрх гэрээ хайр, зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, амьдралын хэрэгцээт зүйлсээр нь хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Эцэг эхчүүд энэхүү эрхэм нандин үүргээ биелүүлэхдээ харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой. Хувь хүн тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно.”

Энэ болон 11-р хичээл нь эцэг эхийн ариун үүргийн тухай гэдгийг тайлбарла. Хэдийгээр нэг хичээл нь эцгийн үүрэг дээр, харин нөгөөх нь эхийн үүрэг дээр төвлөрдөг ч энэ хоёр хичээл “адил тэгш хамтрагчдын хувьд бие биедээ туслах үүрэгтэй” эцэг эх хоёрын хоёуланд хамаатай. Хичээлүүд нь мөн Их Эзэний тусламжаар эцэг эхийн аль алиных нь үүргийг биелүүлэхээр чадах бүхнээ хийдэг ганц бие эцэг эхэд тустай.

Эцэг хүн хайр, зөв шударга ёсоор тэргүүлэх ёстой.

Гэр бүлийн тунхаг дахь дараах мэдэгдэлд оролцогчдын анхаарлыг хандуул. “Тэнгэрийн загвараар эцэг нь өрх гэрээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдах ёстой.” Тэргүүлэх гэдэг нь гэр бүлээ удирдах, хөтлөх, тэдний сайн сайхны төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстой гэсэн үг гэдгийг тайлбарла.

Эрэгтэй хүн гэр орондоо тэргүүлэх үүргээ биелүүлэхдээ эхнэртэйгээ хамтран ажилладгийг онцлон хэл. Сүмийн 14 дэх ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Санваар атгадаг хүн гэр бүл, гэр орноо тэргүүлэн авч явахдаа өөрийн эхнэрийг гэр бүлтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахад оролцох бүрэн эрхтэй хамтрагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. … Тэнгэрлэг томилолтоор гэр орноо тэргүүлэн удирдах үүрэг санваартанд ноогдсон болно (Мосе 4:22-ыг үзнэ үү). Их Эзэн эхнэр хүнд эр хүний туслагч (туслагч гэдэг нь эрх тэгш гэсэн утгатай) буюу түншийн харилцаанд эрх тэгш хамтрагч байх хувь заяаг олгожээ. Зөв шударга байдлаар тэргүүлэн удирдахын тулд нөхөр, эхнэр хоёр үүрэг хариуцлагаа хуваах шаардлагатай. Та нар хамтдаа гэр бүлийн бүх асуудалд тал талын мэдлэг, оролцоотой оролцдог. Эрэгтэй хүн ганцаараа эсвэл эхнэрийнхээ бодол санаа, зөвлөгөөг асуулгүйгээр гэр бүлээ тэргүүлэн удирдах нь шударга бусаар эзэгнэж байна гэсэн үг юм” (Conference Report, Oct. 1994, 68; эсвэл Ensign, Nov. 1994, 50–51).

Есүс Христ Өөрийн Сүмийг тэргүүлдэгтэй адил, эцгүүд хайр, үйлчлэл, нинжин сэтгэл хийгээд үлгэр жишээгээр тэргүүлэх ёстой” гэж Сүмийн 12 дахь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл хэлжээ (in Conference Report, Apr. 1976, 68 эсвэл Ensign, May 1976, 45).

  • Эцгүүдийн хувьд хайр хийгээд зөв шударга байдалд тэргүүлэх нь яагаад чухал вэ?

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа эцгүүдэд хандан: “Гэр бүлийг тэргүүлж зогсох нь таны үндсэн бөгөөд өөр хэнд ч хүлээлгэн өгөх боломжгүй үүрэг хариуцлага юм. Энэ нь аливаа дарангуйлал буюу зөв шударга бус эрх мэдлийг өөртөө агуулдаггүй. Үүнд гэр бүлийн хэрэгцээг хангах эцгүүдийн бүрэн эрх агуулагдсан байдаг. Тэдгээр хэрэгцээ нь хоол хүнс, хувцас хунар, орон байраас илүү. Тэдгээр хэрэгцээнд зөв шударгаар чиглүүлэх, өөрийн үлгэр жишээгээр заахын зэрэгцээ хууль журам, үнэнч шударга ёс, зарчимч байдал, үйлчлэл, бусдын эрхийг хүндлэх зэргийн үндсэн зарчмуудыг мөн бид энэ амьдралд нэг нэгнийхээ төлөө болон бидний Мөнхийн Эцэг болох тэнгэрийн Бурханд зориулан хийдэг зүйлийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой болдог тухай ойлголтыг заах зэрэг багтдаг” (Conference Report, Oct. 1993, 78–79; эсвэл Ensign, Nov. 1993, 60).

    Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Ах нар аа, санваар бол гагцхүү зөв шударга эрх мэдэл гэдгийг санахыг бид та нарт урамшуулж байна. Хайрын харилцаагаараа дамжуулан хүүхдүүдийнхээ хүндлэл, итгэлийг олж авагтун” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1994, 69; эсвэл Ensign, Nov. 1994, 51).

Хүүхдүүдээ сүнслэг байдлаар удирдахын тулд эцгүүд юу хийх ёстойг ойлгоход нь оролцогчдод туслахын тулд тэднээр Гэрлэлт ба гэр бүлийн харилцааны оролцогчийн гарын авлага-ын 41–42-р хуудсыг гаргуул. Сүмийн 13 дахь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг оролцогчидтой хамт уншиж, ярилц.

“Израил дахь эцгүүдийг зүрх сэтгэлдээ хайрлан хүүхдүүдээ сүнслэг байдлаар удирдах арван тодорхой арга замыг эцгүүдэд санал болгохыг надад зөвшөөрнө үү.

1. Хүүхдүүддээ эцгийн адислал өг. Хүүхдүүддээ баптисм хүртээж, тэднийг гишүүнээр батал. Хөвгүүдээ санваарт томил. Эдгээр нь хүүхдүүдийн тань амьдралд онцгой сүнслэг үйл явдлууд болж үлдэнэ.

2. Гэр бүлийн залбирал, өдөр тутмын судрын уншлага, долоо хоног болгоны гэр бүлийн үдшийг өөрийн биеэр удирдан явуул. Эдгээр үйл ажиллагаа үнэндээ ямар чухал болохыг таны хувийн оролцоо хүүхдүүдэд тань харуулах болно.

3. Боломжтой бол Сүмийн цуглаануудад гэр бүлээрээ хамтдаа оролц. Таны удирдлаган доор гэр бүлээрээ шүтэн бишрэх нь хүүхдүүдийн тань сүнслэг сайн сайхан байдалд амин чухал юм.

4. Аав, охин хоёрын болзоонд мөн аав, хүү хоёрын зугаалгад хүүхдүүдтэйгээ яв. Гэр бүлээрээ аялал зугаалгаар явах, бөмбөг тоглох, концерт үзэх зэрэгт болон сургуулийн хөтөлбөрүүдэд оролц. Энэ бүгдэд аав оролцох юм бол бүхнийг өөрчилнө.

5. Гэр бүлийн амралт, аялал, зугаалгыг уламжлал болгон хэвшүүл. Эдгээр дурсамжийг хүүхдүүд тань хэзээ ч мартахгүй.

“6. Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан тогтмол уулзаж бай. Юу хийхийг хүсэж байгаагаа ярих боломжийг тэдэнд олгож бай. Тэдэнд сайн мэдээний зарчмуудыг заа. Жинхэнэ үнэт зүйлсийг тэдэнд заа. Тэдэнд хайртайгаа хэл. Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан уулзахад цаг гаргаснаар аав нь юуг нэн түрүүнд тавьдгийг тэдэнд хэлдэг.

7. Ажиллаж хөдөлмөрлөхийг үр хүүхдэдээ зааж, зохистой зорилгын төлөө ажиллахын үнэ цэнийг тэдэнд харуул. Хүүхдүүддээ номлолын болон боловсролын хадгаламж үүсгэх нь аав нь юуг чухал гэж үздэгийг тэдэнд харуулдаг.

8. Гэр орондоо сайн дуу хөгжим, урлаг, утга зохиолын номууд байлгахыг дэмж. Тансаг ариун болон гоо зүйн сүнс оршдог гэр орон хүүхдүүдийн тань амьдралыг үүрд адисална.

9. Хол биш бол, эхнэртэйгээ ариун сүмд байнга очиж бай. Хүүхдүүд тань ариун сүмийн гэрлэлт, ариун сүмийн амлалт, мөнхийн гэр бүлийн нэгжийн ач холбогдлыг илүү сайн ойлгох болно.

10. Та сүмд үйлчлэхдээ баяртай, сэтгэл хангалуун байдгаа хүүхдүүддээ харуул. Энэ нь тэдэнд нөлөөлж, улмаар тэд ч бас Сүмд үйлчлэхийг хүсэж, хаант улсыг хайрлах болно” (Conference Report, Oct. 1987, 62–63; эсвэл Ensign, Nov. 1987, 50–51).

Эцэг хүн гэр бүлээ амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, хамгаалах ёстой.

Эцгүүд “гэр бүлээ … амьдралын хэрэгцээт зүйлүүдээр ханган, тэтгэх үүрэг хариуцлагатай” гэдгийг гэр бүлийн тунхагт заасан байдгийг оролцогчдод сануул.

  • Амьдралын хэрэгцээт зүйлсэд юу юу ордог вэ? (Хариултуудад мөнгө төгрөг, хоол хүнс, хувцас хунар, орон байр орж болно.) Эдгээр хэрэгцээт зүйлийг эцгүүд ямар арга замаар хангах ёстой вэ?

    Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Санваартнууд хөгжлийн бэрхшээлтэй биш л бол эхнэр, хүүхдүүдээ материаллаг зүйлсээр хангах үүрэгтэй. Хариуцлагын энэхүү ачааг өөр хүнд, тэр ч бүү хэл эхнэртээ ч шилжүүлж болохгүй. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд нөхөр болон эцгээсээ тэжээж тэтгэхийг шаардах эрхтэй хэмээн Их Эзэн зарлигласан (С ба Г 83; 1 Тимот 5:8-ыг үзнэ үү). … Гэр бүлээ чадлынхаа хэрээр тэтгэхдээ эхнэртээ гэртээ үлдэж, хүүхдүүддээ анхаарал халамж тавих боломж олгохын тулд өөрийн чадах бүхнийг хийхэд бид та бүхнийг уриалж байна” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1994, 69; эсвэл Ensign, Nov. 1994, 51).

  • Амьдралын ямар ямар сүнслэг шаардлага байдаг вэ? (Хариултад гэрчлэл, хайр, өдөр тутмын залбирал, судраас суралцах, сайн мэдээг заах, санваарын ёслолууд зэрэг орж болно.) Эдгээр хэрэгцээт зүйлээр хангахын тулд эцгүүд юу хийж болох вэ?

  • Өөрсдийг нь тэтгэхийн тулд нөхөр болон эцгийнхээ гаргадаг хүчин чармайлтыг эхнэр, хүүхдүүд нь хэрхэн дэмжиж болох вэ?

Гэр бүлийн тунхаг дахь: “Эцгүүд … амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, … гэр бүлээ хамгаалах үүрэгтэй” гэсэн зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг хандуул.

  • Гэр бүлүүд юунаас хамгаалагдах хэрэгтэй вэ?

  • Нөхөр, эцэг хүн ямар арга замаар гэр бүлээ хамгаалж чадах вэ?

    Ерөнхийлөгч Ховард В.Хантэр:

    “Зөв шударга эцэг хүн үр хүүхдүүдийнхээ нийгэм дэх болон сурч боловсрох, сүнслэг үйл ажиллагаа, үүрэг хариуцлагад цаг зав гарган, оролцсоноороо тэднийг хамгаалдаг. …

    Санваартан хүн гэр бүлээ удирдаж Сүмд оролцдог бөгөөд ингэснээр тэд сайн мэдээг мэдэж авч, гэрээ болон ёслолуудын хамгаалалтад орох болно. Хэрэв та Их Эзэний адислалуудыг хүртэхийг хүсвэл гэр орноо дэг журамд байлгах ёстой. Та эхнэртэйгээ хамт гэр орныхоо сүнслэг уур амьсгалыг тодорхойлдог. Таны анхдагч үүрэг бол судруудыг тогтмол судалж, өдөр тутмын залбирлаар дамжуулан өөрийн сүнслэг амьдралыг дэг журамд оруулах явдал мөн. Санваарыг болон ариун сүмийн гэрээнүүдээ бататган хүндэтгэ. Үүнийг хийхэд гэр бүлийнхнийгээ урамшуулан дэмж” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1994, 69; эсвэл Ensign, Nov. 1994, 51).

  • Эцгүүд өөрийн ариун үүргийг биелүүлж байгаа ямар жишээг та харж байсан бэ?

Тэмдэглэл: Хэрэв та энэ хичээлийг ганцаараа зааж, 11-р хичээлийг заах төлөвлөгөөгүй байгаа бол гэр бүлийн тунхгаас “Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” гэсэн мэдэгдлийг ярилцах талаар бодож үзнэ үү. 11-р хичээлд энэ үнэнийг ярилцахад туслах тусламж орсон байдаг (56–57-р хуудас).

Дүгнэлт

Сүнсний өдөөлтийн дагуу хичээлийн үеэр авч хэлэлцсэн үнэний талаар гэрчил.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 39–42-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “Израилын эцгүүдэд” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлага дээрх өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Дараагийн хичээл дээр гарын авлагаа авчрахыг оролцогчдод сануул.