Гэр бүлд зориулсан эх сурвалж
12-р хичээл: Үлгэр жишээ, заавраар дамжуулан үр хүүхдэдээ заах


“12-р хичээл: Үлгэр жишээ, заавраар дамжуулан үр хүүхдэдээ заах,” Гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 58–62

“12-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 58–62

12-р хичээл

Үлгэр жишээ, заавраар дамжуулан үр хүүхдэдээ заах

Зорилго

Эцэг эхчүүд үлгэр жишээ, заавраар дамжуулан үр хүүхдэдээ зааж, заан сургах хүч чармайлтдаа бурханлаг нөлөөг эрэлхийлэх үүрэг хариуцлагатайг ойлгоход нь оролцогчдод туслах явдал юм.

Бэлтгэл

  1. Та заахаар бэлтгэхдээ “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” хэсгийн (энэ гарын авлагын ix–xi хуудас) зарчмуудыг дагах арга замуудыг эрж хай.

  2. Хичээлийн тодоор бичсэн гарчгуудыг унш. Эдгээр гарчиг нь энэ хичээл дэх сургаал, зарчмуудын талаарх тоймыг өгдөг. Бэлтгэлийнхээ хэсэг болгож эдгээр сургаал, зарчмыг хэрэгжүүлэхэд оролцогчдод туслах арга замуудыг тунгаан бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  3. Хэрэв Family Home Evening Resource Book (31106) байгаа бол 242–244-р хуудсан дээрх “Teaching by Example” болон 244–245-р хуудсан дээрх “Reasoning with Children”-ийг судал. Эдгээр өгүүллийг хичээлийн үеэр эш татаж болно.

Хичээл заах зөвлөмж

Эцэг эхчүүд үр хүүхдэдээ заах үүрэгтэй.

Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн ярьсан дараах түүхийг хуваалцана уу.

“Бид гэрлэснийхээ дараа удалгүй анхны байшингаа барьсан юм. Бидэнд мөнгө бага байв. Би ихэнх ажлаа өөрсдөө хийдэг байлаа. … Орчноо тохижуулах нь үндсэндээ миний үүрэг байв. Миний тарьж ургуулсан моднуудын анхных нь өргөсгүй эвэрт мод байлаа. … Энэ бол ганцхан нарийхан, голчоороо инчийн дөрөвний гурвын хэмжээтэй саваа байв. Тэр модыг би хаашаа ч нугалж болохоор тийм туяхан байв. Он жилүүд улиран өнгөрөх тусам би модондоо улам бага анхаарал тавьдаг болсон.

Тэгээд өвлийн нэгэн өдөр уг модыг навчсаа гүвсэн үед нь би цонхоор анзаарч харсан юм. Мод баруун тийшээ нахийж, хэлбэргүй, тэнцвэрээ алдсан байхыг би анзаарав. Би итгэж чадаагүй. Би гарч, модыг биеэрээ тулан, тэгшлэхээр түлхэв. Гэвч мод одоо голчоороо бараг тохой орчим болсон байлаа. Миний хүч тамир хүрэхээргүй болсон байв. …

Энэ модыг анх тарих үед жижигхэн уяа л үүнийг салхины хүчээс хамгаалж чадах байсан юм. Би өчүүхэн хүчин чармайлт гарган модыг уяж болох байв, тэгэх ч ёстой байсан. Гэвч би тэгээгүй тул энэ мод салхины хүчинд автан бөхийсөн байв” (Teachings of Gordon B. Hinckley [1997], 419–420).

  • Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн туршлага үр хүүхдэдээ заах эцэг эхийн үүрэг хариуцлагатай хэрхэн холбогдох вэ? (Оролцогчдыг энэ асуултыг хэлэлцэх явцад Сургаалт үгс 22:6-г тэдэнтэй хамт уншина уу.)

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли модны талаарх энэ туршлагынхаа талаар, “Амьдралыг нь ажиглаж байсан хүүхдүүдэд ийм зүйл тохиолдохыг би олон удаа харж байсан. Тээж төрүүлсэн эцэг эх нь үүрэг хариуцлагаасаа бараг л татгалзсан бололтой. Үр дагавар нь эмгэнэлтэй байсан. Хэдхэн зангуу л тэдний амьдралын дүр төрхөд нөлөөлсөн хүчний эсрэг зогсож гарах хүчийг тэдэнд өгч чадах байсан” хэмээн хэлсэн (Teachings of Gordon B. Hinckley, 420).

Их Эзэн үр хүүхдэдээ заах ариун үүргийг эцэг эхчүүдэд өгсөн гэдгийг тайлбарла. Энэ үүрэг хариуцлагад хөнгөн хуумгай хандаж эсвэл бусдад тохож болохгүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард онцлон хэлэхдээ:

“Бид үр хүүхдэдээ үнэт зүйлсийг суулгаж өгөх үүргийг сургууль, олон нийт, зурагт, тэр байтугай Сүмийн туслах бүлгүүдэд ч даатгаж болохгүй бас ингэх ч ёсгүй. Их Эзэн энэ үүргийг эцэг эхчүүдэд хүлээлгэсэн. Бид үүнээс зайлсхийж мөн бусдад хариуцуулж болохгүй. Бусад хүн тусалж болно, гэвч эцэг эх нь л хариуцлага хүлээнэ. Тиймээс бид гэр орныхоо ариун байдлыг хадгалан хамгаалах ёстой. Учир нь энд л хүүхдүүд өөрсдийн үнэт зүйлс, харьцаа хандлага, өдөр тутмын амьдралын дадал хэвшлийг хөгжүүлдэг” гэжээ (Conference Report, Apr. 1991, 106 эсвэл Ensign, May 1991, 79–80).

  • Эцэг эхчүүд энэ үүрэг хариуцлагаа бусдад ноогдуулахын оронд өөрсдөө үр хүүхдэдээ заах нь яагаад чухал вэ? Эцэг эхчүүд энэ үүргээ хөсөрдүүлэх нь ямар эрсдэлтэй вэ?

  • Эмээ, өвөө, авга, нагац зэрэг гэр бүлийн хамаатан садангууд эцэг эхийн үр хүүхдэдээ заахад гаргаж буй хүчин чармайлтад ямар арга замаар тусламж дэмжлэг үзүүлдэг вэ?

Эцэг эх нь үр хүүхдэдээ заахдаа сүнслэг удирдамж хүлээн авч болно.

Оролцогчдоос Сургаал ба Гэрээ 42:14-ийг гаргахыг хүс. Энэ шүлэгт эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ заах чухал түлхүүр агуулагдсан байдгийг тайлбарла. Дараа нь энэ шүлгийг оролцогчидтой хамт унш.

  • Энэ шүлгээс ямар түлхүүр олж болох вэ? (Бид Сүнсээр заах ёстой.) “Сүнсээр заах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

    2 Нифай 32:5, 2 Нифай 33:1-ийг оролцогчидтой хамт унш. Сүнс буюу Ариун Сүнс бидэнд юу хийж эсвэл хэлэхээ олж мэдэхэд тусалдаг гэдгийг онцлон хэл. Эцэг эхчүүдийг Ариун Сүнсний өдөөлтийн дагуу заахад Ариун Сүнс захиасыг хүүхдүүдийн зүрх сэтгэлд хүргэнэ.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах зөвлөгөөг хуваалц.

“Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдүүдээ хайрла. Тэднийг нандигнан хайрла. Үр хүүхэд бол хэнбугайд ч гэсэн үнэт эрдэнэсээс илүү эрхэм юм. Тэд юу юунаас ч илүү чухал хүмүүс. Тэд бол ирээдүй юм. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд таны мэргэн ухаанаас илүү зүйл хэрэгтэй. Танд Их Эзэний тусламж хэрэгтэй. Энэ тусламжийн төлөө залбирч, хүлээн авсан сүнслэг өдөөлтөө дага” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1995, 120; эсвэл Ensign, Nov. 1995, 89).

  • Үр хүүхдэдээ зааж сургахад гаргаж буй эцэг эхийн хүч чармайлтад сүнслэг өдөөлт яагаад хэрэгтэй вэ? Тэд үр хүүхдэдээ зааж сургахдаа Ариун Сүнсний нөлөөг урихын тулд юу хийж болох вэ?

Далын ахлагч Ф.Энзио Бускийн өгүүлсэн дараах түүхийг хуваалцана уу.

“Нэг өдөр надад тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ердийн бус цагаар гэртээ байх хэрэг гарсан бөгөөд сургуулиасаа дөнгөж ирсэн арван нэгтэй хүү маань эмэгтэй дүүгийнхээ өөдөөс муухай үг хэлэхийг би өөр өрөөнөөс сонсов. Тэр үгс намайг гомдоосон бөгөөд би хүүгээ тийм үг хэлнэ чинээ бодож байсангүй. Эхлээд би уурласандаа босоод, түүний араас явлаа. Аз болоход би түүн дээр очихоосоо өмнө өөр өрөөгөөр дамжиж, хаалга нээх хэрэгтэй байлаа. Харин тэр хэдхэн хормын дотор би Тэнгэрлэг Эцэгт энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд надад туслаач хэмээн үнэн голоосоо залбирснаа санадаг. Амар тайван мэдрэмж надад төрөв. Миний уур гарсан байлаа.

Хүү маань намайг гэрт байгааг хараад цочирдон, дөхөж очих үед маань тэвдэн сандарч байв. Гайхалтай нь ‘Гэртээ тавтай морилно уу, хүү минь’ гэсэн үг амнаас маань гарсан бөгөөд би мэндлэхээр гараа сунгасан юм. Ингээд би албан ёсоор түүнтэй ганцаарчлан ярилцахаар зочны өрөөнд хажуудаа ойртож суухад түүнийг урив. Би өөрийгөө түүнд хайртай гэж хэлж байгаагаа сонссон. Би түүнтэй бидний хүн нэг бүр өдөр бүр өөрөө өөртэйгөө дотроо тэмцэлддэг талаар ярьсан.

Түүнд хэчнээн их итгэдгээ хэлэх үед түүний нүдэнд нулимс цийлэгнэн, зохисгүй зүйл хийснээ гэмшин хүлээж, өөрийгөө хэмжээлшгүй ихээр буруутгаж байлаа. Одоо түүний алдааг зөв талаас нь авч үзэн, тайвшруулах нь миний үүрэг байв. Бидний дээр гайхалтай сүнс мэдрэгдэж, бид хоёулаа уйлан, бие биеэ хайраар, сүүлдээ баяр хөөрөөр тэврэн авсан юм. Эцэг, хүү хоёрын хооронд үүсэж болох байсан ширүүн тэмцэл дээрх хүчнээс ирсэн тусламжийн дагуу бид хоёрын харилцааны хамгийн сайхан туршлага болж хувирсан бөгөөд бидний аль алинд нь мартагдаагүй юм” (Conference Report, Apr. 1982, 98–99; эсвэл Ensign, May 1982, 70).

  • Хэрэв энэ аав сэтгэлийн хөдлөлдөө автан уураа дагасан бол ямар үр дагаварт хүргэх байсан бэ?

Хүүхдэд тодорхой арга замаар, магадгүй эхлээд тэдний төлөвлөснөөс өөр арга замаар заах юм уу туслахад Ариун Сүнс удирдан чиглүүлж байсан туршлагаасаа хуваалцахыг оролцогчдоос хүс.

  • Эцэг эхчүүд Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? (Оролцогчдыг энэ асуултыг ярилцах үед тэднийг дараах судрын хэсгүүдээс уншихад урь. Алма 17:2–3; С ба Г 11:21; 20:77; 121:45–46; 136:33.)

Эцэг эхчүүд өөрсдийн үлгэр жишээ, заавраар дамжуулан заадаг.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ хоёр үндсэн арга замаар заадаг бөгөөд энэ нь тэдний үлгэр жишээ ба үг яриа болохыг тайлбарла.

  • Эцэг эхчүүдийн үлгэр жишээ үр хүүхдэдээ заах үгсийг ямар арга замаар утга учиртай болгодог вэ?

    Оролцогчдоор Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хийсэн дараах мэдэгдлийг уншуул (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 49-р хуудас):

    “Эцэг эхчүүд хүүхдүүддээ аюулаас зайлсхийхийг заах гэж оролдохдоо ‘Бид дэлхийн арга замд ухаан сууж, туршлагажсан, тиймээс бид чамайг бодвол хадан цохионы ирмэгт илүү ойрхон очиж чадна’ хэмээн хэлэх нь хариулт биш юм. Эцэг эхчүүдийн хоёр нүүр гаргах явдал хүүхдүүдийг гэртээ заалгаж байгаа зүйлсдээ эргэлзэж, итгэхгүй байхад хүргэж болно. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдүүддээ үзэхийг хориглодог киногоо өөрсдөө үздэг бол эцэг эхдээ итгэх итгэл нь буурдаг. Хэрэв хүүхдүүдээ үнэнч байгаасай гэж хүсвэл эцэг эх нь үнэнч байх ёстой. Хэрэв хүүхдүүдээ ариун журамтай байлгахыг хүсвэл эцэг эх нь ариун журамтай байвал зохино. Хэрэв та хүүхдүүдээ нэр төртэй байлгахыг хүсвэл өөрөө нэр төртэй байх ёстой” (Conference Report, Oct. 1990, 41; эсвэл Ensign, Nov. 1990, 33–34).

  • Сайн мэдээг үлгэр дуурайлаар заахын тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ?

    Ахлагч Робэрт Д.Хэйлс Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа, “Гэр бүлийнхээ харилцааг бодох үед … эцэг эхийнхээ үзүүлсэн үлгэр жишээг би бодохгүй байж чаддаггүй” хэмээн хэлжээ (Conference Report, Oct. 1993, 8; эсвэл Ensign, Nov. 1993, 8). Ахлагч Хэйлс эцэг эхээсээ хэрхэн суралцсаныг дараах дурсамж харуулдаг.

    “Санваарыг хүндлэхийг аав минь надад заадаг байсан. Аароны санваартнаар үйлчилж байхдаа бид ариун ёслолын талх усыг зэвэрдэггүй ган тавиур ашиглан түгээдэг байв. Ус дуссаны улмаас тавиур дээр усны толбо тогтох нь олонтоо байдаг байв. Би Аароны санваартны хувьд ариун ёслолыг бэлтгэхэд туслах үүрэгтэй байлаа. Аав надаас тавиуруудыг гэртээ авчрахыг хүссэн ба бид хамтдаа ган тавиуруудыг гялалзтал ноосоор зүлгэн цэвэрлэдэг байв. Би ариун ёслол түгээж байхдаа, ариун ёслолыг илүү ариун нандин болгоход бид хувь нэмэр оруулснаа мэддэг байлаа” (Conference Report, Oct. 1993, 8; эсвэл Ensign, Nov. 1993, 8).

    “Нөхөртөө болон үр хүүхдэдээ бүхнээ зориулан, үлгэр жишээгээрээ заадаг байсан ээждээ би талархдаг. Түүнийг гуч гаран жил Халамжийн нийгэмлэгт бүхнээ зориулан үйлчилсэнд нь би түүнд талархаж байна. Би 16 насандаа жолооны үнэмлэхээ аваад, ээжийгээ даган ядууст болон гачигдалтай хүмүүсийг харж хандахаар бишопт туслан явдаг байхад түүнээс суралцах онцгой боломж надад тохиосон юм” (Conference Report, Apr. 1992, 90; эсвэл Ensign, May 1992, 65).

  • Үг хэлээрээ хүүхдүүддээ заах ямар ямар боломж эцэг эхчүүдэд байдаг вэ?

    Оролцогчдыг энэ асуултыг ярилцах үед гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдэш хийх талаар 16-р хичээл дээр ярилцана гэдгийг тайлбарла. Зааж сургах эдгээр тогтсон боломжоос гадна өдөр тутмын амьдралд төлөвлөөгүй байхад заах боломжууд гарч болно. Эдгээр боломж нь хүүхдүүдийн мэдэрч байгаа зүйлтэй нягт холбоотой байдаг тул зааж сургах гайхалтай сайхан цаг мөч байж болно. Ийм боломжууд гэнэт гарч ирж, өнгөрч болох учраас эцэг эхчүүд тэдгээрийг таньж мэдэн, хүүхдүүдийнхээ сурахад бэлэн зарчмуудыг заахад бэлтгэлтэй байх нь зөв юм.

  • Эцэг эхчүүдийн харж байх ёстой төлөвлөгдөөгүй заах ямар ямар агшин байдаг вэ? (Хэрэв оролцогчид энэ асуултад хариулж чадахгүй бол ярилцлагыг өрнүүлэхийн тулд дараах санаануудыг хуваалцахыг бод.)

    Хүүхдэд нь асуулт, санаа зовоох зүйл тулгарч, ах дүү, найз нөхөдтэйгөө таарахгүй эсвэл шийдвэр гаргах шаардлага эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан зүйлийн талаар асуудал гарч ирсэн үед эцэг эхчүүд эдгээр агшныг ашиглаж болно. Хүүхдүүдэд алдаанаасаа суралцах, үйлчлэл хийх, уур уцаараа хянах эсвэл Ариун Сүнсний нөлөөг танихад туслах хэрэгтэй үед нь зааж сургах өөр боломжууд гарч ирж болно.

  • Хоол идэх, орой унтах гэх мэт гэр бүлээрээ тогтмол хийж хэвшсэн зүйлүүд заах боломжуудыг хэрхэн олгодог вэ?

  • Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан цаг гарган уулзах нь эцэг эхчүүдэд зааж сургах ямар боломж олгодог вэ? Эцэг эхчүүд хүүхэд бүртэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Төлөвлөөгүй зааж сургах цаг мөчид та хүүхдүүддээ юу зааж байсан бэ?

Энэ цуврал хичээлийн дараагийн дөрвөн хичээлээр эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ заах ёстой зарчмууд болон заах боломжуудын талаар ярилцах болно гэдгийг тайлбарла.

Дүгнэлт

Эцэг эхчүүдийг Их Эзэнээс удирдамж эрэлхийлэхэд Тэрээр тэдний үр хүүхдэдээ заахын тулд гаргаж буй хүчин чармайлтыг удирдан зална гэдгийг онцолж хэл. Эцэг эхчүүд өөрсдийн үлгэр жишээ, үг хэлээр хүүхдүүддээ заахын тулд тууштай хүч чармайлт гаргадаг байх ёстой.

Сүнсний өдөөлтийн дагуу хичээлийн үеэр ярилцсан үнэнийг гэрчил.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 48–53-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Заахад зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын “Сайн эцэг эх байх нь—Дэлхийн хамгийн хүч сорьсон зүйл,” ахлагч Лигранд Р.Көртисийн “Хайраар хүрээлүүлсэн ширээ” өгүүллүүдийг уншиж, энэ хичээлийн сургаал, зарчмуудыг нэгтгэн дүгнэхэд урамшуул. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Хэвлэх