Гэр бүлд зориулсан эх сурвалж
15-р хичээл: Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх


“15-р хичээл: Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 73–78

“15-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 73–78

15-р хичээл

Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх

Зорилго

Хүүхдүүдээ шийдвэр гаргахад удирдан чиглүүлэхэд эцэг эхчүүдэд туслах зарчмуудыг заах явдал юм.

Бэлтгэл

  1. Та заахаар бэлтгэхдээ “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн доорх зарчмуудыг дагах арга замуудыг эрж хай.

  2. Хичээлийн тодоор бичсэн гарчгуудыг унш. Эдгээр гарчиг энэ хичээл дэх сургаал, зарчмуудын талаарх тоймыг өгдөг. Бэлтгэлийнхээ хэсэг болгож, та эдгээр сургаал, зарчмыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах арга замуудыг тунгаан бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  3. Хэрэв Family Home Evening Resource Book (31106) байгаа бол 237–238-р хуудсан дээрх “Agency—The Key to Growth,” 252–253-р хуудсан дээрх “Reclaiming a Wayward Child”-ыг судал. Эдгээр өгүүллийг хичээлийн үеэр эш татаж болно.

  4. Хичээл дээр жижиг чулуу авчир. Та үүнийг хичээлийн сүүлийн хэсэгт ашиглана.

Хичээл заах зөвлөмж

Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдамж чиглүүлэг хэрэгтэй.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Томас С.Монсоны Ерөнхий чуулган дээр хуваалцсан дараах шүлгийг уншина уу.

Салаа зам дээр орь ганцаар зогсоно тэр,

Сайхь дэлхийн талаар юу ч үл төсөөлнө.

Ээх нарны гэрэл нүүрэнд нь тусахад

Эрийн ёсоор уралдаад үзье гэж шийдсэн гэнэ.

Зүүн тийш зам одно, баруун тийш зам одно,

Замын аль нь хамгийн сайныг эс мэднэ тэр;

Доош нь хөтлөх замыг тэгээд сонгож гэнэ тэр,

Доройтон уралдаанд хожигдож, ялагчийн титмээ алдав.

Сайхь эр эцэст нь муухай занганд оржээ

Салаа зам дээр хэн ч түүнийг угтаж

Сайн замыг заасангүйгээс болжээ.

Өөр нэгэн өдөр яг тэнд

Өөдрөг бодолтой хөвгүүн зогсож гэнэ.

Эрийн ёсоор уралдаад үзэхээр бас шийдэв;

Эрэлхийлж байв тэр ч бас сайныг,

Аль ч замыг мэддэг нэгэн тэнд байсан гэнэ,

Алинаар нь явахыг тэгээд түүнд заажээ.

Доош хөтлөх замаас зайлсхийж гэнэ тэр,

Доройтолгүй уралдаанд түрүүлж, ялагчийн титмийг зүүжээ.

Салаа зам дээр хэн нэгэн байж

Сайн замыг түүнд заасан тул

Сайхь хөвгүүн өнөөдөр дардан замаар алхана.

[Central Christian Monitor, in Conference Report, Oct. 1993, 66–67 эсвэл Ensign, Nov. 1993, 48-аас эш татав]

Хүүхдүүд, өсвөр үеийнхэн ихэвчлэн салаа зам дээр зогсож байдгийг буюу өөрөөр хэлбэл тэд амьдралд нь урт удаан хугацаанд нөлөөлөх шийдвэр гаргах цаг үетэй тулгардгийг тайлбарла. Зам мэддэг эцэг эхчүүд зөв шийдвэр гаргахад нь хүүхдүүддээ туслахын тулд тэнд байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ шийдвэр гаргах агшинд хамт байж чадахгүй ч тэд эцэг эхийнхээ сургаалыг санахын зэрэгцээ Ариун Сүнсний өдөөлт хүлээн авах боломжтой бөгөөд үүндээ тулгуурлах ёстой.

Эцэг эх нь хүүхдүүдэд сонгох эрхээ зөв шударга ашиглахад нь тусалж чадна.

Сонгох эрх бол Тэнгэрлэг Эцэгээс бидэнд өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг гэдгийг тайлбарла. Сонгох эрх бол өөрсдөө сонголт хийж, үйлдэх хүч буюу эрх мөн. Бид сонгох эрхээр дамжуулан Аврагчийг дагахаар, түүнчлэн мөнх амьдралын адислалыг хүлээж авахаар сонгосон билээ (2 Нифай 2:25–28-ыг үзнэ үү).

Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг унш.

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ шийдвэр гаргахад нь туслахдаа энэ судрын хэсгийг ямар арга замаар ашиглаж болох вэ?

  • Хүүхдүүддээ шийдвэр гаргах боломж олгохын ашиг тус юу вэ?

Хүүхдүүддээ сонгох эрхээ зөв ашиглахад нь туслахын тулд эцэг эхчүүдийн баримталж болох зарчмуудыг дараах материал тоймлон харуулдаг. Эдгээр зарчмыг оролцогчидтой хамт ярилц.

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөг хүүхдүүддээ заа.

Алма 12:32-ын дараах хэсгийг оролцогчидтой хамт уншина уу.

“Тиймийн тул Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ.”

  • Бурхан гэтэлгэлийн төлөвлөгөөг танилцуулсныхаа дараа зарлигуудыг өгсөн явдал яагаад чухал ач холбогдолтой вэ? Зарлигуудыг дуулгавартай дагахад нь үр хүүхдээ урамшуулан дэмжихийн тулд эцэг эхчүүдийн гаргаж буй хүч чармайлтад энэ зарчим ямар арга замаар холбоотой вэ?

    Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан Боид К.Пакэр:

    “Залуу хүмүүс яагаад зарим зүйлийг хийх, зарим зүйлийг хийхгүй байх зарлигууд байдаг талаар гайхдаг. Авралын төлөвлөгөөний тухай мэдлэг … залуусын оюун санаанд ‘яагаад’ гэсэн асуултыг тавьдаг. …

    Та уруу татагдах үед нь хүүхдүүдтэйгээ хамт байхгүй. Тэдгээр аюултай мөчид тэд өөрсдөдөө байгаа нөөц бололцоонд тулгуурлах ёстой. Хэрэв тэд сайн мэдээний төлөвлөгөөний хүрээн дотор өөрсдийгөө байршуулж чадвал гарцаагүй хүчирхэгжинэ.

    Төлөвлөгөө нь ахин дахин давтан үзэхүйц үнэ цэнтэй. Тэгээд энэ амьдралын зорилго, Гэтэлгэгчийн бодит байдал, зарлигууд байх ёстой шалтгаан зэрэг нь тэдэнтэй хамт үлдэнэ.

    Сайн мэдээг судлах явдал, тэдний амьдралын туршлага Христийн тухай, Цагаатгалын тухай, сайн мэдээний сэргээлтийн тухай, ямагт өсөн нэмэгддэг гэрчлэл дээр нэмэгдэх болно” (The Great Plan of Happiness [address to religious educators, 10 Aug. 1993], 3).

Сайн мэдээний зарчмуудад тулгуурласан тодорхой удирдамжийг хүүхдүүдэд өг.

Эцэг эхчүүд шийдвэр гаргахад баримтлах тодорхой удирдамжуудыг хүүхдүүддээ өгөх ёстойг тайлбарла. Энэхүү хүчин чармайлтад нь гэр орондоо сайн мэдээг заах, зан төлөвийн жишгүүдийг тогтоох зэрэг явдал ордог. Далын ахлагч Жөү Ж.Кристэнсэн заахдаа:

Ёс суртахууны тодорхой жишиг, удирдамж зааврыг тогтоож өгөхөөс эмээх хэрэггүй. Хэрэгтэй үед үгүй гэж хэлэхэд бэлэн бай. … Гэр бүлийн тань гишүүдийн хувьд хийж болохгүй зарим зүйл байдгийг [хүүхдүүддээ] мэдэгд. Зарим эцэг эх хүүхдүүдээ олонд танигдаж, нийтэд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд үнэтэй эд зүйлс хэрэглүүлэх, даруу бус хувцас өмсгөх, хэт оройтож ирэх, 16 наснаас өмнө болзох, хүчирхийлэлтэй кино үзүүлэх гэх мэт үнэхээр эрүүл ухаанд багтамгүй зүйлсийг дагадаг. Зөв зүйлийн төлөө зогсдог хүүхдүүд, эцэг эхчүүдийн хувьд зарим үед ганцаардах үе тохиолдож болно. Үдэш орой ганцаараа байх, үдэшлэгт оролцохгүй, кино үзэхгүй байж болно. Энэ нь тийм ч хөгжилтэй байдаггүй. Гэвч эцэг эх байна гэдэг нь нэрд гарахын төлөөх өрсөлдөөн биш юм” гэжээ (Conference Report, Oct. 1993, 13; эсвэл Ensign, Nov. 1993, 11).

  • Эцэг эхчүүд гэр бүлдээ ёс суртахууны тодорхой удирдамж заавар тогтоохын тулд юу хийж болох вэ? (Оролцогчдыг энэ асуултыг ярилцах үед амьдрал дахь жишээнүүдээсээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.)

Моронай 7:15–19-ийг оролцогчидтой хамт унш.

  • Муугаас сайныг хэрхэн ялгаж мэдэх талаар энэ хэсэг ямар зөвлөгөө өгдөг вэ? Эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулж удирдамж заавар тогтоохдоо энэ зөвлөгөөг ямар арга замаар дагаж болох вэ?

  • Зарим үед хүүхэд, өсвөр үеийнхэнд амьдралын ямар зүйлс сайн ба мууг шүүн тунгаахад тусламж хэрэгтэй байдаг вэ? Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв шийдвэр гаргахад нь туслахын тулд Моронай 7:15–19-ийг хэрхэн ашиглаж болох вэ?

Амьдралдаа Ариун Сүнсний нѳлѳѳг танин мэдэхэд нь хүүхдүүдэд тусал.

Моронай 7:15–19 бол муугаас сайныг ялган танихад бидэнд тусалдаг Христийн Гэрлийн тухай гэдгийг тайлбарла. Бид Христийн Гэрлийг дагахаас гадна “Бидний хийвэл зохих бүх зүйлийг” [бидэнд] үзүүлэх (2 Нифай 32:5) мөн “бүх зүйлийн үнэнийг мэдэж болох” (Моронай 10:5) Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч болно. Хүүхдүүд Ариун Сүнсний өдөөлтийг таньж мэдэн, дагаж сурсан үед цаашид шийдвэр гаргахдаа тусламж хүлээн авах болно. Ариун Сүнсний бэлэг хүлээн авсных нь дараа эцэг эхчүүд хүүхдүүддээ Ариун Сүнстэй байнга нөхөрлөхүйц зохистой байх хүсэлтэй болоход нь тусалж чадна.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Ариун Сүнсний нөлөөг ялган таньж сурахад нь ээж нь хэрхэн түүнд тусалсан тухай ийн ярьжээ.

“Намайг баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа ээж намайг хүмүүсээс хол аваачин, ‘Чамд ямар мэдрэмж төрсөн бэ?’ гэж асуусан юм. Би өөрийн чадлаар надад төрсөн амар амгалан, тайван, аз жаргалын халуун дулаан мэдрэмжийг дүрслэв. Надад төрсөн тэр мэдрэмж бол миний дөнгөж сая хүлээж авсан Ариун Сүнсний бэлэг болохыг ээж тайлбарлаж билээ. Хэрэв би Ариун Сүнсийг хүлээн авахуйц зохистой амьдрах юм бол тэр бэлэг надтай байнга хамт байх болно гэж тэр надад хэлсэн юм. Энэ бол бүх амьдралын минь туршид надтай хамт үлдсэн заах мөч байлаа” (Conference Report, Apr. 1999, 42; эсвэл Ensign, May 1999, 33).

  • Эцэг эхчүүд Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, танин мэдэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд юу хийж болох вэ? (Эцэг эхчүүд хүүхдүүдээ судраас суралцах, ариун дуу хөгжим сонсох, зарлигуудыг сахих, чин сэтгэлээсээ залбирахад урамшуулан дэмжих зэрэг хариултууд байж болно. Тэд бас сүнслэг туршлагуудаа хүүхдүүдтэйгээ хуваалцаж, тэдэнд хайраа илэрхийлж болно.)

    Хувиараа судраас суралцах, залбирах, мацаг барих зэрэг хувийн шүтэн бишрэх дадал хэвшлийг эцэг эхчүүд урамшуулан дэмжих нь амин чухал болохыг онцлон хэл. Гэр бүлээрээ шүтэн бишрэх зан үйлд оролцох нь чухал боловч хангалтгүй юм.

Энгийн шийдвэр гаргах боломжуудыг бага насны хүүхдүүдэд олго.

Эцэг эхчүүд шийдвэр гаргах боломжийг бага насны хүүхдүүдэд олгож болно гэдгийг онцолж хэл. Тэд голдуу хоёрхон сонголтын дундаас, гэхдээ боломжийн хоёр сонголтыг санал болгох замаар гаргах шийдвэрийг нь хялбарчилж болно. Жишээ нь, “Чи өнөөдөр цэнхэр цамцаа өмсөх үү эсвэл улаан цамцаа өмсөх үү?” эсвэл “Чи унтах хүртлээ үргэлжлүүлэн тоглох уу эсвэл үлгэр сонсох уу?” гэж асууж болно. Эцэг эхчүүд ийм сонголт санал болгосныхоо дараа хүүхдийнхээ гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой.

  • Ийм энгийн шийдвэрүүд хожим нь амьдралдаа илүү алсын, хэцүү шийдвэр гаргахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Зарим шийдвэр мөнхийн үр дагавартай байдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Хүндэтгэлийн өдрийн арга хэмжээнд оролцох, найз нөхдөө сонгох, боловсролоо төлөвлөх, ажил мэргэжлийн зорилго тавих гэх мэт хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргахдаа сайн мэдээний үнэнүүд дээр тулгуурлан хэрхэн дүгнэлт гаргаж болохыг мэдэх ямар чухал болохыг тайлбарла. Шийдвэрүүд нь мөнхийн үр дагавар дагуулж болно гэдгийг тэдэнд ойлгуулсан байх нь нэн чухал. Эцэг эхчүүд эдгээр зарчмын тухай хар багаас нь цаг зав гарган хүүхдүүдтэйгээ ярилцах ёстой.

  • Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зөвлөлдөхдөө ямар арга замаар тэднийг удирдан чиглүүлж болох вэ? (Эцэг эхчүүд туршлагаа хуваалцах, Их Эзэний зарлигуудыг хүүхдүүддээ сануулах, өөр өөр сонголтын мөнхийн үр дагаврыг авч үзэхэд нь туслах гэх мэт хариултууд байж болно.)

  • Хүүхэд нь шударга бус шийдвэр гаргаж байхад эцэг эх нь ямар ямар нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцох шаардлагатай байж болох вэ?

    Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч M.Рассэлл Баллардын дараах зөвлөгөөг уншихыг нэг оролцогчоос хүс (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 66-р хуудсыг үзнэ үү).

    “Эцэг эхчүүд буруу сонголт хийж байгааг нь харсан үедээ хөндлөнгөөс оролцох үүрэгтэй. Энэ нь эцэг эх нь хүүхдүүдээсээ сонгох эрхийн үнэ цэнтэй бэлгийг нь булаан авсан гэсэн үг биш юм. Сонгох эрх нь Бурханаас өгөгдсөн бэлэг учраас эцсийн эцэст юу хийх, биеэ хэрхэн авч явах, юунд итгэхийг сонгох нь ямагт тэдний өөрсдийн шийдвэр байх болно. Гэвч бид эцэг эхчүүдийн хувьд биеэ хэрхэн зохистой авч явахыг мөн буруу замаар орохын үр дагавруудыг тэдэнд ойлгуулахад анхаарах хэрэгтэй. Хууль бус хянах цагдах мэтийн зүйл гэр оронд байдаггүйг санагтун. Кино, сэтгүүл, телевиз, видео, бусад мэдээллийн хэрэгсэл гаднын зочидтой адил байх ёстой бөгөөд эдгээрийг гагцхүү гэр бүлийн зохих хэрэглээнд ашиглахдаа хүлээн авбал зохино. Гэр орноо амар амгалан, зөв шударга байдлын газар болго. Хилэнцэт нөлөөнд онцгой сүнслэг орчныг тань бохирдуулах боломж бүү олго. Нинжин сэтгэлтэй, ухаалаг, зөөлөн байж; хэлэх үгээ болон бие биедээ хандах хандлагаа сайтар бод. Тэгвэл сайн мэдээний жишгүүд дээр тулгуурласан гэр бүлийн зорилгууд тань сайн шийдвэр гаргах явдлыг амар хялбар болгоно” (Conference Report, Apr. 1999, 114 эсвэл Ensign, May 1999, 87).

Эцэг эх нь хүүхдүүдэд ухаалаг бус шийдвэрийн үр дагавраас сургамж авах боломжийг олгох ёстой.

Хэдийгээр эцэг эхчүүд зөв шийдвэр гаргахад нь хүүхдүүддээ туслахаар хөндлөнгөөс заримдаа оролцох хэрэгтэй ч ухаалаг бус шийдвэрүүдийнх нь үр дагавраас хүүхдүүдээ зайлсхийлгэхээр хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг онцлон хэл.

  • Эцэг эхчүүд шийдвэрийнх нь үр дагавраас хүүхдүүдээ хамгаалах нь ямар үр дагавартай байж болох вэ? Шийдвэрийнх нь зохих үр дагаврыг хүүхдүүддээ мэдүүлэхийн сайн тал юу байж болох вэ? (Оролцогчдыг амьдралынхаа жишээнээс хуваалцахад урамшуулан дэмж. Тэгээд дараах мэдэгдлийг унш.)

    Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт: “Эцэг эхчүүд ээ, зарлигуудыг зориуд зөрчин гаргасан шийдвэрийнх нь зүй ёсны үр дагаврыг зөөлрүүлэх юм уу үгүй хийхээр хөндлөнгөөс оролцож бүү алдаа гарга. Ийм үйлдэл нь худал зарчмуудыг бататгаж, илүү ноцтой нүгэл хийх үүд хаалгыг нээн, наманчлалын магадлалыг багасгадаг” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1993, 43; эсвэл Ensign, May 1993, 34).

    Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Өөрсдийнх нь алдаанаас сургамж авах боломжийг хүүхдүүддээ олгоно гэдэг нь аймшигтай ч Их Эзэний замыг болон гэр бүлийн үнэт зүйлсийг тэдэнд тулган шаардахын оронд өөрсдийн сонголтоор хийх боломж олгох үед тэдгээрийг сонгох хүсэл нь хавьгүй илүү байдаг. Ялангуяа өсвөр үеийнхний хувьд Их Эзэний хайрлан, хүлээн зөвшөөрдөг арга зам бол Сатаны хүчлэн тулгаж, албадан шаарддаг арга замаас илүү тохиромжтой” хэмээн заасан (Conference Report, Apr. 1999, 43; эсвэл Ensign, May 1999, 34).

Эцэг эхчүүд буруу замд орсон хүүхдүүддээ хувиршгүй хайраа үзүүлэх ёстой.

Бүр эцэг эхчүүд нь чадлынхаа хэрээр хичээл зүтгэл гаргасны дараа ч гэсэн зарим хүүхэд өөрсдийн болон бусдын толгой дээр их харууслыг авчрах шийдвэрийг гаргаж болно. Эцэг эхчүүд буруу замаар орж буй хүүхдүүдээ хайрлахаа хэзээ ч болих ёсгүй. Ахлагч Ричард Г.Скотт:

“Та нарын заримд нь тэс өөр замыг сонгож, та нарын үгийг сонсдоггүй хүүхдүүд бий. Тэнгэр дэх Эцэгт ч гэсэн ийм зүйл олон удаа тохиож байсан. Зарим хүүхэд нь Түүний сонгох эрхийн бэлгийг ашиглан өгсөн зөвлөгөөнийх нь эсрэг сонголтыг хийсэн ч Тэрээр тэднийг үргэлжлүүлэн хайрласаар байдаг. Гэхдээ Тэрээр тэдний мунхаг сонголтын төлөө Өөрийгөө хэзээ ч буруутгаж байгаагүй гэдэгт би бат итгэлтэй байна” хэмээн хэлжээ (Conference Report, Apr. 1993, 43 эсвэл Ensign, May 1993, 34).

Ахлагч Ховард В.Хантэр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа, чадах бүхнээ хийсэн боловч хүүхдүүдийнхээ алдаанаас болж сэтгэлийн зовлон амсаж буй эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өгчээ.

“Сайн эцэг эх гэж хүүхдээ хайрлан, золиослол гаргаж, анхаарал халамж тавьж, зааж сурган, хүүхдийнхээ хэрэгцээг хангадаг байсан эцэг эхийг хэлнэ. Хэрэв та энэ бүхнийг хийсэн байхад хүүхэд тань үгэнд ордоггүй, хүмүүжилгүй эсвэл дэлхийн зүйлд татагддаг байсан ч таныг сайн эцэг эх гэнэ. Магадгүй энэ дэлхийд ирэхдээ ямар ч нөхцөл байдалд, ямар ч эцэг эхтэй байсан ч гэсэн төвөг бэрхшээл удах учиртай хүүхдүүд байдаг бололтой. Үүн шиг, бараг л ямар ч эцэг эхтэй байсан амьдралыг нь адисалж, баяр хөөр авчрах учиртай хүүхдүүд бас байдаг” хэмээн зөвлөсөн (Conference Report, Oct. 1983, 94 эсвэл Ensign, Nov. 1983, 65).

Ангид авчирсан жижиг чулуугаа нэг оролцогчид өг (“Бэлтгэл,” 4-р зүйлийг үзнэ үү). Хайргыг нүднийхээ яг өмнө байрлуулахыг оролцогчоос хүс. Тэгээд харж байгаа зүйлээ дүрслэхийг уг хүнээс хүс. Ахлагч Ричард Г.Скоттын Далд үйлчилж байхдаа хуваалцсан дараах зүйрлэлийг хуваалцана уу.

“Би жижиг чулууг авч нүднийхээ яг өмнө байрлуулахад энэ нь том гэгчийн үхэр чулуу мэт санагдаж билээ. Зөвхөн үхэр чулуу л надад харагдаж байв. Энэ нь хайртай хэн нэгний маань асуудал бидний амьдралын цаг мөч болгонд нөлөөлдөг шиг бүх анхаарлыг өөртөө татдаг. Бодит тусламж үзүүлэн, хийж чадах зүйлээ хийгээд, уг асуудлыг Их Эзэний мутарт даатган үлдээж, цаашид санаа зовох хэрэггүй. Та үүнээс илүү зүйл хийж чадаагүйдээ өөрийгөө бүү буруутга. Дэмий зүйлд санаа зовж, эрч хүчээ бүү үр. Таны мэлмийг таглаж байгаа жижиг чулууг Их Эзэн авч, мөнхийн хөгжил дэвшил өөд тулгарах сорилт бэрхшээлүүдийн тань дунд үүнийг хаяна. Ийнхүү үүнийг өөр өнцгөөс авч үздэг болно. Хэсэг хугацааны дараа та сүнсний өдөөлтийг мэдэрч, цаашид хэрхэн туслахаа мэдэх болно. Та илүү их амар амгалан, аз жаргалыг олж, таны тусламж хэрэгтэй хүмүүсийг үл тоомсорлохоо болин, тэрхүү мөнхийн талаас авч үзэх тул илүү их тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болно” (Conference Report, Apr. 1988, 70; эсвэл Ensign, May 1988, 60).

  • Эцэг эхчүүд буруу замд орсон хүүдээ эсвэл охиндоо ямар арга замаар хайраа байнга үзүүлж чадах вэ? Тэд хүүгийнхээ эсвэл охиныхоо үйлдлийг буруутгахгүйгээр ийм хайрыг хэрхэн харуулж чадах вэ?

Оролцогчидтой хамт Лук 15:11–32-ыг чанга унш. Энэ хэсгийг олны дунд үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл хэмээн нэрлэдгийг тайлбарла. Гэвч энэ нь бас хайраар дүүрэн эцгийн сургаалт зүйрлэл байж болно.

  • Эцэг эхийн хайр дур зоргоороо хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг тухай энэ сургаалт зүйрлэлээс бид юу ойлгож мэдэж болох вэ?

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа ингэж заасан.

    “Хүмүүний түүхийн үеэс үед эсэргүүцэгч хүүхдүүдийн үйлдэл уй гашуу, сэтгэлийн зовлонг авчирдаг байсан ч бүр эсэргүүцэлтэй тулгарсан байсан ч гэр бүлийн амь амьдралын хүчирхэг хэлхээ холбоо эсэргүүцсэн нэгэндээ тусламжийн гараа сунган хүрээлэн ирсэн.

    Лук 15-р бүлэгт цэдэглэгдсэн Их Эзэний хүүрнэсэн түүхээс илүү өөр ямар ч сайхан түүхийг би мэдэхгүй. Энэ бол өөрийн өвийг нэхэн шаардаж, юу ч үгүй болтол нь үрэн таран хийсэн болчимгүй, шунахай хүүгийн тухай түүх юм. Тэр гэмшин, эцэгтээ эргэж ирсэн бөгөөд эцэг нь түүнийг холоос хараад гүйж очин, тэврэн авч, мөрөн дээр нь толгойгоо тавин үнссэн гэдэг” (Conference Report, Apr. 1991, 95; эсвэл Ensign, May 1991, 72).

Дүгнэлт

Хүүхдүүдээ шийдвэр гаргахад нь удирдан чиглүүлж, дараа нь үйлдлийнхээ үр дагавраас суралцах боломжийг тэдэнд олгохын ач холбогдлыг онцлон хэл. Хүүхдүүдээ үргэлжлүүлэн хайрлаж, тэдэнтэй ажиллах юм бол Их Эзэн эцэг эхчүүдийг адислах болно гэдгийг оролцогчдод сануул. Дараа нь ахлагч Робэрт Д.Хэйлсийн Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа хэлсэн дараах мэдэгдлийг унш.

“Эцэг эхчүүд эцэг эхийн үүргээ биелүүлэх явцдаа алдаа гаргах нь гарцаагүй ч даруу байдал, итгэл, залбирал болон суралцах замаар хүн бүр илүү сайн арга замыг сурч мэдэж чадах бөгөөд ингэснээр гэр бүлийнхээ гишүүдийн амьдралыг одоо адислахын зэрэгцээ ирээдүйн үр удамдаа зөв зарчмуудыг заадаг” (Conference Report, Oct. 1993, 10–11; эсвэл Ensign, Nov. 1993, 10).

Сүнсний өдөөлтийн дагуу хичээлээр ярилцсан зарчмуудыг гэрчил.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 64–67-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллардын “Унтаршгүй гал мэт” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг нэгтгэн дүгнэхэд урамшуул. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.