“14-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (2-р хэсэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 67–72
“14-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 67–72
14-р хичээл
Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах
2-р хэсэг
Зорилго
Өрөвч сэтгэл, үйлчлэл, шударга зан болон бусдын өмчид хүндэтгэлтэй хандах, шударга хөдөлмөрийн баяр хөөр, ёс суртахууны цэвэр ариун байдлыг хүүхдүүдэд заах хүсэл, чадвараа хөгжүүлэхэд нь оролцогчдод туслах явдал юм.
Бэлтгэл
-
“Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудсыг үзнэ үү) хэсгийн зарчмуудыг үзнэ үү. Заахаар бэлтгэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.
-
Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон харуулах тодоор бичсэн гарчгуудыг унш. Хичээлдээ бэлтгэх явцад, оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод. Шаардлагатай бол эдгээр зарчмыг хоёр хичээлийн цагаар заа.
-
Хэрэв дараах материалууд байгаа бол тэдгээртэй танилцаж, ангид авчир. Үүнд:
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (34285)
-
Эцэг эхчүүдийн удирдамж (31125)
-
Family Home Evening Resource Book (31106) Эдгээр эх сурвалжтай танилцахдаа 246–247-р хуудсан дээрх “Teaching Responsibility” мөн 253–260-р хуудсан дээрх “Teaching about Procreation and Chastity” хэсгүүдэд онцгой анхаарал хандуул. Эдгээр өгүүллийг хичээлийн үеэр эш татаж болно.
-
Хичээл заах зөвлөмж
Эцэг эх нь үр хүүхдэдээ зааж сургаснаар тэдэнд хайраа харуулдаг.
Далын ахлагч Лорэн К.Даннын хэлсэн дараах жишээг хуваалцана уу.
“Цөөхөн оршин суугчтай газар өсөж буй ах бид хоёрыг ажиллаж хөдөлмөрлөх зарчимд суралцах хэрэгтэй байсныг аав маань анзаарсан байв. Ингээд тэр биднийг өссөн хотынхоо захад байдаг жижигхэн ферм дээр ажиллуулахаар болов. Тэр орон нутгийн сонин эрхлэн гаргадаг байсан тул өглөө эрт юм уу орой л биш бол бидэнтэй нэг их цаг өнгөрүүлж чаддаггүй байлаа. Энэ нь өсвөр насны хоёр хүүхдийн хувьд яггүй үүрэг хариуцлага байсан учраас бид заримдаа алдаа гаргадаг байв.
Манай жижигхэн фермийн эргэн тойронд өөр фермүүд байдаг байсан ба фермерүүдийн нэг нь нэгэн өдөр бодсон зүйлүүдийг нь бид буруу хийж байгааг аавтай уулзаж хэлэхээр ирэв. Аав маань түүнийг анхааралтай сонсоод, ‘Жим, та ойлгосонгүй. Би үхрүүдийг биш, харин хөвгүүд өсгөн хүмүүжүүлж байна шүү дээ’ гэж хэлсэн байв. Аавыг өөд болсны дараа Жим энэ түүхийг бидэнд ярьсан юм. Үхрүүдийг биш харин хөвгүүд өсгөн хүмүүжүүлэхээр шийдсэн аавдаа би хэчнээн их талархсан гээч. Алдаа дутагдал гаргасан ч гэлээ, бид хэрхэн ажиллаж хөдөлмөрлөхийг тэр жижигхэн ферм дээр сурч мэдсэн бөгөөд ээж, аав хоёр маань дандаа хэлээд байдаггүй байсан ч гэсэн тэдний хувьд бид үхэр эсвэл өөр ямар ч зүйлээс илүү чухал байсныг үргэлж мэддэг байсан” (Conference Report, Oct. 1974, 12; эсвэл Ensign, Nov. 1974, 11).
-
Энэ түүхээс чухам юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
Ахлагч Данн, түүний ах хоёр эцэг эх нь тэдэнд хайртай гэдгийг мэддэг байсныг онцлон хэл. Эцэг эхчүүдийн хүүхдүүдээ хайрлах хайраа харуулах нэг арга зам бол тэдэндээ сайн мэдээний зарчмуудыг сурч, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь цаг зав гарган туслах явдал юм. Энэ хичээлээр сайн мэдээний дагуу амьдрах таван үндсэн зарчим болох өрөвч сэтгэл, үйлчлэл, шударга зан, бусдын өмчид хүндэтгэлтэй хандах, үнэнч шударга хөдөлмөрийн баяр баясгалан, ёс суртахууны цэвэр ариун байдлыг хүүхдүүдэд хэрхэн заах тухай ярилцана.
Эцэг эх нь өрөвч сэтгэл, үйлчлэлийг хүүхдүүдэд заах ёстой.
Аврагч Өөрийн тохинууллын туршид бусдыг хайрлан, тэдэнд үйлчлэхийн ач холбогдлыг заасан. Тэрээр энэ зарчмыг үг яриа, үлгэр жишээгээрээ заадаг байв.
-
Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхийг эцэг эхээсээ сурсан хүүхдүүдэд ямар давуу тал байдаг вэ? (Оролцогчдын хариултыг асуухаас гадна дараах жишээнүүдийг хуваалцана уу.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан Боид К.Пакэр:
“Сүмд заах, удирдах зэрэг олон янзын дуудлагад үйлчилсэн нэгэн сайхан эгчийг би олон жилийн турш ажигласан. Тэрбээр ‘Хэрэв танд тусламж хэрэгтэй бол над руу утасдаарай’ гэлгүй, харин ‘Би энд байна, би юу хийж болох вэ?’ гээд хэрэгцээг болон үйлчлэл хийх хэрэгтэй байгааг хардаг. Тэр цуглаан дээр хэн нэгний хүүхдийг харах, автобуснаасаа хоцорсон хүүхдийг сургуульд нь хүргэж өгөх гэх мэт олон жижиг зүйлийг хийдэг. Тэр үргэлж сүм дээр шинээр ирсэн хүмүүсийг хайж олон, тэднийг халуун дотноор угтан авдаг. …
Үйлчлэлийн сүнсний талаар тэр ээжээсээ суралцсан байв. Үйлчлэлийн сүнсний талаар гэр орондоо заах нь хамгийн тохиромжтой. Бид хүүхдүүддээ үлгэр жишээгээр зааж, аминч бус үзэл бол аз жаргалд зайлшгүй шаардлагатайг тэдэнд хэлэх ёстой” (Conference Report, Oct. 1997, 5 эсвэл Ensign, Nov. 1997, 6).
Нэг гэр бүлд хүүхэд нь хэцүү цаг үетэй тулгарчээ. Эцэг эх нь асуудлаа даван гарахад нь туслахын тулд гэр бүлийнхээ өөр нэг гишүүнд өдөр бүр нууцаар үйлчлэхэд түүнийг урамшуулжээ. Долоо хоногийн сүүл гэхэд тэр өөрийн бэрхшээлд санаа зовох нь багасаж, бусдад анхаарал халамж тавьснаар ирэх адислал, амар амгаланг мэдэрч эхлэв.
-
Бид үйлчлэлтэй холбоотой өөр хаанаас ч сурах боломжгүй ямар зүйлийг гэр орондоо сурч мэдэж болох вэ?
-
Бусдад үйлчлэхийг хүүхдүүддээ заахад эцэг эхчүүдэд туслах ямар зөвлөмжийг та хуваалцаж болох вэ?
Оролцогчдын хариултыг самбарт бичих талаар бод. Амьдрал дээрх ийм жишээнээсээ хуваалцахад оролцогчдыг урамшуулан дэмж. Түүнчлэн гэр бүлийн үйлчлэлийн талаар санаагаа хуваалцахыг тэднээс хүс. Та ярилцлагыг хөтлөн явуулахдаа дараах санаануудыг хуваалц. Үүнд:
-
Эцэг эхчүүд гэр бүлийнхэндээ үйлчилж, Сүмийн үүрэгт ажлаа биелүүлэн, эргэн тойрныхондоо тусалснаар үлгэр жишээ үзүүлж болно.
-
Тэд гэр бүлийнхэн болон эргэн тойрныхондоо туслах боломжуудыг хүүхдүүддээ зориулан хайж болно. Бүр бага насны хүүхэд хүртэл үйлчлэлийн баяр баясгаланг мэдэрч чадна.
-
Эцэг эх нь үр хүүхдүүддээ үнэнч шударга зан, бусдын өмч хөрөнгөд хүндэтгэлтэй хандахыг заах ёстой.
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Н.Элдон Таннэрын дараах зөвлөгөөг хуваалцана уу.
“Шударга байх хүмүүжил нь гэр оронд эхэлдэг. Бидний хүн нэг бүрд өөрийн гэсэн эзэмшлийн эд зүйлс байдаг. Бид бие биетэйгээ тоглоом, үйлчлэл зэргээ хуваалцаж болох ба хуваалцах ч ёстой. Гэхдээ мөнгө төгрөг, үнэт эдлэл, хувцас хунар гэх мэт нь хувь хүний эд зүйлс бөгөөд тэдгээрийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авах ёсгүй. Гэр орондоо ийм байдлаар шударга байхыг эрхэмлэдэг хүүхэд гэрээсээ гадуур ч уг зарчмыг зөрчдөггүй. Нөгөө талаар ийм хүмүүжил олгохгүй байх нь бусдын эрх хийгээд өмч хөрөнгийг үл хүндэтгэх хандлагад түлхэц үзүүлдэг” (Conference Report, Apr. 1978, 64 эсвэл Ensign, May 1978, 44).
-
Бусдын өмч хөрөнгөд хүндэтгэлтэй хандахыг хүүхдүүдэд заахгүй бол юу тохиолдож болох вэ?
-
Шударга байж, бусдын өмч хөрөнгөд хүндэтгэлтэй хандахыг хүүхдүүд ямар арга замаар гэр орондоо сурч болох вэ? Эдгээр зарчмыг эцэг эхчүүд хүүхдүүддээ хэзээ зааж эхлэх ёстой вэ?
Эцэг эхчүүд шударга хөдөлмөрийн шан харамжийн талаар хүүхдүүдэд заах ёстой.
Хүүхдүүддээ ажил хөдөлмөрийн ач холбогдлын талаар заахыг Сүмийн удирдагчид эцэг эхчүүдэд байнга зөвлөдгийг тайлбарла. Ажил хөдөлмөрийг хүүхдүүдэд заах нь заримдаа хэцүү байдаг ч эцэг эхчүүд шаргуу оролдсоор байх ёстой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри “Шударга хөдөлмөрийн баяр баясгаланг хүүхдүүдэд заах нь тэдэнд таны өгч болох бүх бэлгээс хамгийн агуу нь юм” хэмээн зөвлөсөн (Conference Report, Oct. 1986, 78 эсвэл Ensign, Nov. 1986, 62).
-
Бага байхад нь хүүхдүүдэд ажил, шаргуу хөдөлмөрийн зарчмуудыг заах нь ямар үнэ цэнтэй вэ? Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн ажиллаж, хөдөлмөрлөж сурахад нь тусалж чадах вэ? (Оролцогчдыг энэ асуултыг ярилцах үед өөрсдийнхөө амьдралын жишээнүүдээс хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Ярилцлага өрнүүлэхийн тулд дараах санаануудыг дурдахыг бод.)
-
Гэрийн ажилд баяртайгаар туслах замаар хүүхдүүдэд үлгэр жишээ үзүүл.
-
Чадварт нь тохирсон ажил үүргийг хүүхдүүдэд даалга.
-
Ажил үүрэгтээ хэрхэн амжилт гаргахыг хүүхдүүдэд заах цаг гарга.
-
Тусалсных нь төлөө хүүхдүүдэд таларх.
-
Дараах мэдэгдлүүдийн нэгийг эсвэл хоёуланг унш.
Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт сав суулга угаах, шал арчих, зүлэг хадах, мод, бут сөөг тайрах, будах, засах, цэвэрлэх зэрэг хэдэн зуун өөр зүйлийг хийх хэрэгтэй. Ингэснээр тэд ажил хөдөлмөр бол цэвэр цэмцгэр байдалд, өсөлт хөгжил хийгээд хөгжил цэцэглэлтийн төлөө төлдөг үнэ болохыг мэдэх болно” хэмээн зөвлөсөн (Teachings of Gordon B. Hinckley [1997], 707).
Ахлагч Жэймс Э.Фауст Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа: “Сахилга баттай, хариуцлагатай байхыг хүүхдүүдэд зааж сургахын нэн чухал хэсэг бол тэднийг ажиллаж сургах явдал мөн. … Ажиллаж хөдөлмөрлөх зарчмын хамгийн шилдэг багш бол эцэг эхчүүд өөрсдөө юм. Миний хувьд, би анх удаа аав, өвөг эцэг, авга ах нар болон ах нарынхаа дэргэд ажиллаж байсан тэр үед ажил хөдөлмөр баяр баясгалан минь болсон юм. Би ихэнхдээ нэмэр болохын оронд нэрмээс болж байсандаа итгэлтэй байгаа ч үлдсэн сайхан дурсамж, сургамжууд нь үнэ цэнтэй байсан. Хүүхдүүд хариуцлага, бие даасан байдалд суралцах хэрэгтэй. Эцэг эхчүүд Лихайн зааснаар хүүхдүүдийг ‘өөрсдийнхөө төлөө үйлдэх, түүнчлэн дээрээ үйлдүүлэх нь үгүй’(2 Нифай 2:26)” болохын тулд өөрсдөө цаг зав гарган үзүүлж, харуулан, тайлбарладаг уу? (Conference Report, Oct. 1990, 42; эсвэл Ensign, Nov. 1990, 34 мөн Гэрлэлт ба Гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 50-р хуудсыг үзнэ үү).
-
Хүүхдүүд эцэг эх, гэр бүлийн бусад гишүүнтэйгээ хамт ажиллах нь яагаад чухал вэ? Гэр бүлийн гишүүд хамтдаа ажиллах нь тэдний харилцаанд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
-
Үнэнч шударга хөдөлмөрлөснөөр ямар шагнал ирдэг вэ? (Дараах жагсаалт дахь хариултууд орж болно.)
-
Сайн хийсэн ажлаас ирэх сэтгэл ханамж хийгээд баяр баясгалан
-
Амжилтаас ирэх мэдрэмж
-
Мэдлэг боловсрол нь амин чухал бодит чадвар болой
-
Өөрийн үнэ цэнийг ойлгох
-
Онц дүн, санхүүгийн ашиг тус зэрэг материаллаг шагналууд
-
-
Ямар байдлаар ажил нь сүнслэг болон материаллаг адислал болдог вэ?
-
Хүүхдүүддээ хөдөлмөрлөж мөнгө олох, олсноо ухаалгаар ашиглахад нь туслахын тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ? Ажил хөдөлмөрөө Сүм, сургууль, гэрийн ажил гэх мэт бусад ажилтай уялдуулан зохицуулахад нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?
-
Эцэг эх нь хүүхдүүдээ ажиллах үүрэг хариуцлагаас зайлсхийх боломж олгох нь ямар аюултай вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл:
“Ажлын сайн мэдээ бол ‘сайн мэдээний бүрэн байдал юм.’ Баяр баясгалантай ч номлолын ажил бол ажил. Баяр баясгалантай ч ариун сүмийн ажил бол мөн л ажил. Тийм ээ, урам муутай манай цөөн хэдэн өсвөр үеийнхэн сайн ажилладаг. Гэхдээ ихэвчлэн өөрсдийнхөө хэрэгцээг хангахыг хичээж ажилладаг. …
Хүүхдүүддээ өөр байснаас илүү их зүйлийг хийж өгөхийг хэт их хүсэхээс болгоомжил. … Гэвч тэдний туршлагын нэгэн хэсэг болсон ажиллах үндэслэл бүхий шаардлагыг санаандгүй үгүй болгосноор одоо өөрийг тань бий болгоход тусалсан тэр зүйлээс хүүхдүүдээ тусгаарлаж, байдлыг бүү дордуулаарай!” хэмээн заажээ (Conference Report, Apr. 1998, 50; эсвэл Ensign, May 1998, 38).
Эцэг эхчүүд ёс суртахууны цэвэр ариун байдлыг үр хүүхдэдээ заах ёстой.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ Их Эзэний цэвэр ариун ёс суртахууны жишгийг заах үүрэгтэйг онцлон хэл. Энэ нь уруу таталтыг эсэргүүцэхэд хүүхдүүдэд туслах болно.
-
Эцэг эхчүүд яагаад санаачилгыг гартаа аван, ёс суртахууны болон бэлгийн цэвэр ариун байдлын тухай хүүхдүүдтэйгээ ярилцах ёстой вэ? Эцэг эхчүүд ийм санаачилга гаргахгүй байхын эрсдэл юу вэ?
Өнөөгийн дэлхийд хүүхдүүд бэлгийн харьцааны тухай сонсохгүй байж чадахгүйг онцлон хэл. Гэвч дэлхийнхнээс тэдний сонсдог зүйлийн ихэнх нь нөхөн үржихүйн энэхүү ариун нандин хүчийг буруугаар ашиглахыг хөхиүлэн дэмждэг. Хүүхдүүдэд, ялангуяа өсвөр үеийнхэнд эдгээр сэдвийн талаар үнэн зөв мэдээлэл, сургаал хэрэгтэй. Дэлхийд заагддаг худал хуурмаг зүйлсийн эсрэг сөрөн зогсох хүч чадлыг олоход эцэг эх нь тэдэнд туслах ёстой. Тэд нөхөн үржихүйн хүчийг ашиглах Их Эзэний төлөвлөгөөг хүүхдүүдэд заах ёстой.
Эдгээр сэдвийг хүүхдүүддээ амжилттай сайн зааж байсан туршлагаасаа ярихыг эцэг эх болох оролцогчдоос хүс. Оролцогчдын ойлголтыг асуухын зэрэгцээ дараах зарчмуудыг хуваалц. Үүнд:
Бүр бага насны хүүхдүүдэд биеийнх нь ариун нандин шинж чанарын тухай энгийн тодорхой мэдээлэл өгвөл зохино. Энэ ойлголт нь тэднийг ашиглах гэсэн хүмүүсээс өөрсдийгөө хамгаалахад тэдэнд тусалдаг. Хүүхдүүдийг бэлгийн бойжилтын насанд хүрэх үед эцэг эхчүүд биед нь гарах өөрчлөлтүүдийг тэдэнд эвтэйхэн тайлбарлаж өгөх ёстой. Бие бялдрын хөгжил нь хэвийн зүйл бөгөөд Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
Түүнчлэн Их Эзэний тавьсан хязгаарлалтын хүрээнд байвал бэлгийн харьцаа нь сайн зүйл ч гэлээ Их Эзэний зарлигуудыг зөрчин ашиглах нь ноцтой нүгэл гэдгийг эцэг эхчүүд хүүхдүүддээ ойлгуулан туслах ёстой. Их Эзэний жишгийн талаар тодорхой удирдамжийг эцэг эхчүүд нь хүүхдүүддээ өгөх хэрэгтэй.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг унш. Энэ товхимол нь өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эхчүүдэд маш сайн тусалдгийг тайлбарла. Болзоо, хувцаслалт, хэл яриа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, дуу хөгжим, бүжигтэй холбоотой Сүмийн жишгүүдийн талаарх мэдээлэл энд орсон байдаг. Энэ товхимлыг шилжилтийн насны хүүхэд бүртэйгээ хамт уншиж, ярилцахад эцэг эхчүүдийг урамшуулан дэмж. Энэ нь ярилцахад хүнд байж болох сэдвийг хялбар дөхөм байдлаар хөндөн ярих арга замыг өгдөг. Энэ бас ёс суртахууны жишгийн талаарх тодорхой асуулт тавих боломжийг өсвөр үеийнхэнд олгодог. Уг товхимлын 14–15-р хуудаснаас түүвэрлэн авсан дараах зүйлийг хуваалц.
“Бэлгийн харьцааны онцгой дотно байдал нь гэрлэлтийн холбооны хүрээнд хүүхэд төрүүлэхийн тулд хадгалагдан хамгаалагдах ёстой хэмээн бидний Тэнгэрлэг Эцэг зөвлөдөг. Эхнэр, нөхөр хоёрын хоорондын бие махбодын харилцаа эрхэм сайхан бөгөөд ариун нандин юм. Энэ нь хүүхэд төрүүлэх хийгээд гэрлэлтийн хүрээнд хайр дурлалаа илэрхийлэхийн тулд Бурханаас томилогддог. ‘Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог’ (Эхлэл 2:24).
Бэлгийн харьцааны онцгой дотно байдал нь гэрлэлтийн холбооны хүрээнд хүүхэд төрүүлэхийн тулд хадгалагдан хамгаалагдах ёстой хэмээн бидний Тэнгэрлэг Эцэг зөвлөдөг. Болзохдоо болзсон хүндээ хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ өөрт тань хүндэтгэлтэй хандахыг түүнээс мөн адил хүсэн хүлээ. Болзож буй хүндээ өөрийн тачаангуй хүсэл эсвэл аминч бодлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж болох ямар нэг зүйл мэтээр огтхон ч хандаж болохгүй. Бие махбодод зохисгүй хүрэх нь өөрийгөө хянах хяналтыг алдагдуулж болно. Өөрийгөө болон бие махбодынхоо мэдрэмжийг үргэлж хянаж бай.
Зарим тодорхой үйлдлийг, түүний дотор гэрлэлтийн өмнөх бүхий л харилцаа, илж таалах болон бэлгийн гаж буруу зуршил (ижил хүйстэнтэйгээ явалдах, хүчин, цус ойртолт), гар хангалга эсвэл бодол санаа, үг яриа, үйлдлээрээ бэлгийн харьцааг хүсэхийг Их Эзэн онцгойлон хориглодог.
Ижил хүйстэнтэйгээ явалдах болон лесби зэрэг үйлдэл бол нүгэл бөгөөд Их Эзэний өмнө жигшүүрт юм (Ром 1:26–27, 31-ийг үзнэ үү). Гаж буруу мэдрэмж, тухайлбал ижил хүйстэндээ татагдах нь Бурханы хүүхдүүддээ зориулсан мөнхийн төлөвлөгөөнд харш юм. Та нар зөв сонголт хийх үүрэг хариуцлагатай. Ижил эсвэл эсрэг хүйсийн хүмүүст татагдсан байхаас үл хамааран тачаангуй мэдрэмж, хүсэл нь илүү ноцтой нүгэл рүү хөтөлж болно. Бүх хожмын үеийн гэгээнтэн өөрийгөө хянаж, сахилгажуулж сурах ёстой.
Эцэг эхчүүдийн удирдамж болон Family Home Evening Resource Book номуудыг үзүүл. Эдгээр эх сурвалж ариун явдлын тухай хүүхдүүддээ заахыг хичээж буй эцэг эхчүүдэд тустай гэдгийг тайлбарла. Эцэг эхчүүдийн удирдамж нь бүхэлдээ энэ сэдэвт төвлөрсөн. Family Home Evening Resource Book-ын 253–260-р хуудсан дээр энэ сэдэв гарна.
Эцэг эхчүүд бэлгийн харьцааны тухай хүүхдүүдтэйгээ ярилцахдаа ёс суртахууны цэвэр ариун байдал нь баяр баясгалан, амар амгалан руу хөтөлдгийг гэрчилж болно гэдгийг тайлбарла.
-
Эцэг эхчүүд ёс суртахууны цэвэр ариун байдлын тухай заахын зэрэгцээ үлгэр жишээ болох нь яагаад чухал вэ? Эцэг эхчүүд ямар арга замаар ёс суртахууны цэвэр ариун байдлыг үлгэр жишээ болгон үзүүлж болох вэ?
Эцэг эх нь бие биедээ хэрхэн хандаж, гэр орондоо ямар ном зохиол, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрч байгаагаас мөн нөхөн үржихүйн ариун нандин байдлын талаар ярьж буй байдлаас ёс суртахууны цэвэр ариун байдлын үнэн зарчмуудыг хүүхдүүд суралцдаг гэдгийг онцлон хэл.
Дүгнэлт
Эцэг эхчүүд зөв шударга ёсны зарчмуудыг хүүхдүүддээ заах үүрэгтэй гэдгийг онцлон хэл. Энэ хичээлээр заасан зарчмуудаар амьдрахыг хичээж, эдгээр зарчмыг хүүхдүүдэд илүү сайн зааж болох арга замыг тодорхойлоход оролцогчдыг урамшуулан дэмж.
Сүнсний өдөөлтийн дагуу энэ хичээлийн үеэр авч үзсэн үнэний талаарх гэрчлэлээ хуваалц.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 58–63-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэх санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж мөн (2) Ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Хүүхдүүдэд заа” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.