Гэр бүлд зориулсан эх сурвалж
9-р хичээл: ‘Үр хүүхэд бол Их Эзэний өв’


“9-р хичээл: ‘Үр хүүхэд бол Их Эзэний өв’” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 43–48

“9-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага 43–48

9-р хичээл

“Үр хүүхэд бол Их Эзэний өв”

Зорилго

Дэлхий дээрх эцэг эхчүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг гэр оронд нь ирэхэд баярлан угтаж, тэднийг хайрлан, нандигнаж, тэдэнд зааж сурган, мөнх амьдрал руу хөтлөх үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээдгийг оролцогчдод сануулах явдал юм.

Бэлтгэл

  1. Та заахаар бэлтгэхдээ “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” хэсгийн (Энэ гарын авлагын ix–xi хуудас) зарчмуудыг дагах арга замуудыг эрж хай.

  2. Хичээлийн тодоор бичсэн гарчгуудыг унш. Эдгээр гарчиг энэ хичээл дэх сургаал, зарчмуудын талаарх тоймыг өгдөг. Бэлтгэлийнхээ хэсэг болгож эдгээр сургаал, зарчмыг хэрэгжүүлэхэд оролцогчдод туслах арга замуудыг тунгаан бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  3. Хүүхдийн хэсгийн хэдэн хүүхдийг хичээл дээр ирж “Би Бурханы хүүхэд” дууллыг хичээлийн эхэнд дуулж өгөхийг урьдчилан хүс (Хүүхдийн дууны ном, 2–3; Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, ху. 58). Эсвэл дууг оролцогчидтой хамт дуулахад бэлтгэ.

  4. Хүүхдүүдийнхээ амьдралд нь авчирдаг баяр баясгалангийн тухай нэг, хоёр оролцогчийг товч ярихад урьдчилан урь. Танилцуулгадаа хувийн туршлагаасаа хуваалцахыг тэдэнд санал болго. Энэ даалгаврыг хэнд өгөхөө шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Хичээл заах зөвлөмж

Тэнгэрлэг Эцэг Өөрийн сүнсэн хүүхдүүдийг дэлхийн эцэг эхчүүдэд итгэл хүлээлгэн өгдөг.

“Би Бурханы хүүхэд” дууг дуулахыг Хүүхдийн хэсгийн хүүхдүүдээс хүс (“Бэлтгэл,” 3-р зүйлийг үзнэ үү). Дуулж дууссаны дараа Хүүхдийн хэсгийн анги руугаа шууд буцаж орох боломжийг хүүхдүүдэд олго. Хэрэв та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийг ангид ирэхэд уриагүй бол ангийн гишүүдийг дууг хамт дуулахад урь.

  • Ямар ямар үнэнийг энэ дуунд заадаг вэ?

  • Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын талаар бид энэ дуунаас юу ойлгож мэдэж болох вэ? “Надад замаа олоход туслан, хөтлөн удирдаач, Түүнтэй амьдрахын тулд би юу хийх ёстойг заагаач” гэсэн дахилтын үгсэд анхаарал хандуулахыг бод.)

    Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Бяцхан хүүхдүүд бол Бурханы охид, хөвгүүд гэдгийг, та тэднийг асран хамгаалах үүрэгтэй гэдгийг, Тэрээр таныг тэдний эцэг эх болохоос өмнө Эцэг нь байсан гэдгийг, Тэрээр эдгээр бяцхан үрсдээ хүлээсэн Эцэгийн үүрэг, сонирхлоо хөсөр хаяагүй гэдгийг хэзээ ч бүү март. Иймээс тэднийг хайрла, тэдэнд анхаарал халамж тавь. Эцгүүд ээ, одоо болон ирэх он жилүүдэд зан авираа хяна. Эхчүүд ээ, дуу хоолойгоо хяна, намуун зөөлөн дуугар. Үр хүүхдээ хайр энэрэл, Их Эзэний дэг журам, сургамжаар өсгөн хүмүүжүүл. Бяцхан үрстээ анхаарал, халамж тавь. Тэднийг гэр орондоо баяртай хүлээн авч, бүх зүрх сэтгэлээрээ халамжилж, хайрлагтун” гэжээ (“Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, July 1997, 73).

    Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хүн бүр Бурханы Сүнсэн хүүхэд бөгөөд дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан юм. Тэрээр дэлхийн эцэг эхчүүдэд Өөрийн сүнсэн хүүхдүүдийг итгэж өгдөг ба тэднийг төрөлтийн гайхамшгаар дамжуулан бие махбодтой болгодог бөгөөд эцэг эхчүүдэд тэднийг хайрлан, хамгаалж, зааж, сургаж, гэрэл ба үнэнд өсгөж хүмүүжүүлэх, хэзээ нэг өдөр Есүс Христийн Цагаатгал болон Амилалтаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих боломжийг олгох онцгой эрхийг олгосон юм” гэж заажээ (Conference Report, Apr. 1991, 104 эсвэл Ensign, May 1991, 78).

  • Энэ мэдлэг болоод ойлголт эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ хандах хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?

Ахлагч Робэрт Д.Хэйлсийн Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа өгсөн дараах зөвлөгөөг унш. “Дэлхийн эцэг эхчүүд хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, хайрлан, халамжилж, зааж байхдаа олон талаараа Тэнгэрлэг Эцэгээ төлөөлж байдаг. Хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийнхээ зан чанарыг эцэг эхээсээ харж судалдаг. Тэд дэлхийн эцэг эхээ хайрлан, хүндэлж, итгэдэг болсныхоо дараа аяндаа Тэнгэрлэг Эцэгээ мөн адил харж сурдаг” (Conference Report, Oct. 1993, 10; эсвэл Ensign, Nov. 1993, 9).

Эцэг эхийн хандлага болоод үйлдэл Тэнгэрлэг Эцэгт хандах хүүхдүүдийнх нь хандлагад хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бодоход оролцогчдыг урь.

Эцэг эх нь үр хүүхдийнхээ хувийн хэрэгцээнд нийцүүлэхийг эрэлхийлэх хэрэгтэй.

Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн хүсэл, авьяас чадвар, хэрэгцээтэй байдгийг тайлбарла. Хүүхэд бүрийн хувийн чадавх, хэрэгцээг ойлгохыг хичээх нь эцэг эхчүүдэд чухал юм.

Олон хүүхэд эцэг эхчүүдээсээ огт өөр байдаг. Тэдний зан авир, давуу болон сул талууд өөр өөр байдаг. Өөрсдөд нь тулгарч байгаагүй зүйлийн талаар хүүхдүүддээ удирдамж чиглүүлэг өгч, туслахад хэцүү гэж бодож байж болох эцэг эхчүүдийн хувьд эдгээр ялгаа хүнд байж болно. Гэвч Тэнгэрлэг Эцэг эдгээр онцгой хүүхдийг өөрсдөд нь итгэмжлэн өгснийг мөн Тэрээр хүүхэд бүрийг бурханлаг чадавхдаа хүрэхэд нь хэрхэн удирдан чиглүүлэхийг мэдэхэд эцэг эхчүүдэд туслах болно гэдгийг санавал зохино. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч асан Макайлин П.Грассли:

“Бидний хүүхдүүд чухам хэн болохыг бид олж нээх хэрэгтэй. Тэдний сонирхлыг юу татдаг, юу санааг нь зовоодог мөн тэдний хамгийн сайхан мөрөөдөл биелсэн бол юу хийх байсныг бид мэддэг байх хэрэгтэй. Тэдний хамгийн сайхан мөрөөдөл бүр бараг бүгдээрээ гайхамшигтай байдаг. Бид хүүхдүүдээ эцэг эхийнхээ хуулбар болохыг хүсэн хүлээхийн оронд тэдэнд өөрсдийнхөөрөө байх боломжийг олгож болно. Хүүхдүүддээ юу сонирхлыг нь татдагийг олж мэдэх төрөл бүрийн туршлага өгч, дараа нь тэдгээр сонирхол, авьяас чадвар таныхтай адилгүй байсан ч урамшуулан дэмж” хэмээн хэлсэн (“Teaching Our Children,” Ensign, Apr. 1994, 62).

  • Эцэг эхчүүд хүүхэд бүрийнхээ зан чанар, хэрэгцээг ойлгодог байх нь яагаад чухал вэ?

  • Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ авьяас чадвар, сонирхолд нийцэхгүй үйл ажиллагаанд оролцох, туршлагаа өгөхөөр албадах зэрэг нь ямар хор хохирол учруулж болох вэ?

  • Хүүхэд нэг бүрийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ?

Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд нь оролцогчдод туслахын тулд, нэг гэр бүлийн хүүхдүүд бие биеэсээ болон эцэг эхээсээ ялгаатай байж болох зарим хэлбэрийг жагсаан бичихийг тэднээс хүс. Ийн хийхдээ оролцогчид эцэг эхчүүдийн хувиар өөрсдийн эсвэл эцэг эх, ах дүүгийнхээ туршлага дээр тулгуурлаж болно. Тэдний санал бодлыг самбарт бич. Дараа нь жагсаалт дээрх тодорхой авьяас юм уу зан чанарыг нэг бүрчлэн ярилц. Дараахтай адил асуултуудыг тавих замаар онцгой авьяас, зан чанаруудыг дурд.

  • Энэ авьяасыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хүүхдээ урамшуулан дэмжихийн тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ?

  • Хэрэв хүүхдэд дээрх зан чанар байвал түүнийг бусдыг хайрладаг, эелдэг нэгэн болгохын тулд эцэг эх нь юу зааж болох вэ?

  • Ийм авьяастай хүүхэд гэр бүлийн үдэшт ямар байдлаар хувь нэмрээ оруулж болох вэ?

Хүүхэд бүрийнхээ чадвар, зан чанарыг ойлгодог эцэг эхчүүд хүүхдүүдээ илүү сайн сахилгажуулан хүмүүжүүлдгийг онцлон хэл. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа ахлагч Жэймс Э.Фаустын өгсөн дараах зөвлөгөөг уншихад нэг оролцогчийг урь (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 49-р хуудас):

“Эцэг эхчүүдэд тохиолддог хамгийн хэцүү сорилтуудын нэг бол хүүхдүүдийг зохих ёсоор сахилгажуулах явдал мөн. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хувь хүнд чиглэгдсэн байдаг. Хүүхэд бүр өөр өөр, давтагдашгүй өвөрмөц байдаг. Нэг хүүхдэд тохирч байгаа зүйл нөгөөд нь тохирохгүй байж болно. Ямар байдлаар сахилгажуулах нь хэт хатуудахыг, харин аль нь хэтэрхий зөөлдөхийг хүүхдүүдийг хамгийн ихээр энхрийлэн хайрладаг эцэг эхээс нь илүү сайн мэдэх тийм ухаалаг хүн байхгүй гэдгийг би мэднэ. Эцэг эхчүүд энэ тал дээр залбирч байж ялган таних ёстой. Хүүхдийг шийтгэл дээр биш, хайр дээр үндэслэн сахилгажуулах нь хамгийн чухал, дэмжигч зарчим болох нь тодорхой” (Conference Report, Oct. 1990, 41 эсвэл Ensign, Nov. 1990, 34).

  • Хүүхэд бүрийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан сахилгажуулах ёстойг ойлгоход ямар ямар туршлага та нарт тусалсан бэ?

Хүүхдүүд эцэг эхтэйгээ хайрын харилцаатай байх эрхтэй.

Эцэг эхийн хийж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол хайр, нөхөрлөл, аз жаргалын уур амьсгалыг гэр орондоо бий болгох явдал мөн гэдгийг онцлон хэл. Дараах мэдэгдлүүдийг хуваалцана уу.

Ахлагч Гордон Б.Хинкли Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа “Эцэг эхийнхээ хайр халамжийг мэдэрдэг хүүхэд хэчнээн азтай, хэчнээн их адислагдсан байдаг билээ. Тэрхүү элгэмсэг, халуун сэтгэл, хайр нь ирэх он жилүүдэд амтат сайхан үр жимс өгөх болно” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1978, 25 эсвэл Ensign, Nov. 1978, 18).

Далын ахлагч Марлин К.Жэнсэн: “Амьдралын бүхий л үнэт зүйлийн адил бусадтай найзлан нөхөрлөх хэрэгцээг гэр оронд л хамгийн сайн хангаж чаддаг. Хэрэв манай хүүхдүүд гэр орондоо бие биетэйгээ болон эцэг эхтэйгээ найз нөхдийн харилцаатай байвал гэр бүлээсээ гадуур бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх шаардлага гарахгүй” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1999, 81 эсвэл Ensign, May 1999, 64).

  • Хүүхэд наснаасаа таныг бусад хүн хайрладаг гэдгийг мэдрэхэд тусалсан ямар зүйлийг та санадаг вэ? Хайрын энэхүү мэдрэмж амьдралын тань туршид ямар байдлаар танд нөлөөлсөн бэ?

  • Хүүхдүүддээ хайртай гэдгээ мэдрүүлэхийн тулд эцэг эхчүүд гэр орондоо юу хийж болох вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хайрын харилцаатай болоход сайтар харилцан ярилцдаг байх нь амин чухал гэдгийг онцлон хэл. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард “Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд илэн далангүй, үнэнч шударга байдлаар харилцан ярилцдаг байх нь юу юунаас илүү чухал. Энэ нь ялангуяа хүүхдүүддээ сайн мэдээний зарчим мөн жишгүүдийг заахыг хичээж буй эцэг эхчүүдийн хувьд нэн чухал юм. Өсвөр үеийнхэнтэй зөвлөлдөх чадвартай байх, тэр дундаа тэдний сэтгэлийг зовоож буй асуудлыг чин сэтгэлээсээ сонсох нь сайн харилцан ярилцдаг болохын үндэс суурь юм. Ихэнхдээ бидний нүднээс харж, зүрх сэтгэлдээ мэдэрдэг зүйлүүд сонсож, хэлдэг зүйлээс маань илүү ихийг мэдээлдэг” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1999, 114 эсвэл Ensign, May 1999, 86–87).

  • Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ сайн харьцаж ярилцдаг болохын тулд юу хийж болох вэ? (Хариултад дараах зүйлс орж болно.)

    1. Цуцашгүй сонсогч бай. Шаардлагатай бол, хүүхдүүдийн хэлснээс ойлгосон зүйлээ давтан хэл. Энэ нь хүүхдүүдээ үнэхээр сонсдог гэдгийг харуулж, тэднийг зөв ойлгосон гэдэгтээ итгэлтэй байхад тань тусална.

    2. Бага насны хүүхэд байсан ч гэсэн, бүр тэднийг хэлд орохоос нь өмнө, цаг гарган хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний ярихыг сонсож бай.

    3. Тэдний санаа юу болохыг сонирх.

    4. Хоолны үеэр яриа өрнүүл.

    5. Тэдэнтэй ганцаарчлан ярилцахад цаг зарцуул.

    Эцэг эхчүүд хүүхэд бүрдээ цаг зав гарган, цагийг хамт өнгөрүүлж байхыг онцлохын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах зөвлөгөөг хуваалцана уу. “Хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гаргаж, тэднээр үйл ажиллагааныхаа болон харилцан ярианыхаа сэдвийг сонгуул. Саад болох зүйлсийг холдуул” (Conference Report, Apr. 1999, 41 эсвэл Ensign, May 1999, 33).

Сайн харилцан ярилцдаг байх зарчмуудын талаарх нэмэлт санаануудыг 5-р хичээлийн 24–26-р хуудсан дээрээс үзнэ үү.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах нь Бурханыг гомдоож буй хэрэг.

Оролцогчидтой хамт Матай 18:6-г унш. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ямар ч байдлаар, хэзээ ч зүй бусаар харьцах ёсгүйг тайлбарла.

  • Хүүхэдтэй ямар хэлбэрээр зүй зохисгүй харьцдаг вэ? (Оролцогчдын хариултыг самбар дээр жагсаан бичиж болно. Дараах жагсаалт дахь зүйлс хариултад орсон байж болно.)

    1. Огцом уурлах

    2. Хашхирч, зандрах

    3. Сүрдүүлэх

    4. Зодох, гар хүрэх

    5. Бэлгийн харьцааны аливаа хавьталт буюу зохисгүйгээр биед хүрэх

    6. Басамжлах, дорд үзсэн үгс хэлэх

    7. Хайр, халамжаа үзүүлэхгүй байх

    8. Зохимжгүй кино, шог наргиа, үг хэллэг, сэтгүүл, интернэтийн материал үзэх

    9. Химийн бодисуудыг зүй бусаар хэрэглэх

    10. Хайхрамжгүй хандлага, тухайлбал эрүүл мэндэд нь зохих ёсоор анхаарахгүй байх, хяналт тавьдаггүй, сахилгажуулан хүмүүжүүлэхгүй байх

  • Эдгээр үйлдэл ямар байдлаар хүүхдүүдэд хор хохирол учруулдаг вэ?

Энэ асуултыг ярилцсаны дараа, насанд хүрэгчидтэй хүүхэд ахуй насанд нь ёс бус харьцдаг байсан бол ийм зан авир гаргах нь хэчнээн хор хөнөөлтэй болохыг тэд мэдэхгүйгээр хүүхдүүдтэйгээ мөн адил сөрөг байдлаар заримдаа харьцдагийг тайлбарла. Заримдаа тэд өөрсдийнхөө зан аашийг өөрсдөө өөрчилж чадахгүйгээ мэдэрч болно. Догшин ширүүн харьцаатай хүмүүс даруу байж, Их Эзэнээс тусламж, удирдамж заавар эрэлхийлэх юм бол зан аашаа өөрчилж болно гэдгийг онцлон хэл.

Догшин ширүүн харьцаа хандлагаа ойлгож, өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүс бишопдоо хандан тусламж авч болно. Тэр тэдэнд зөвлөх боломжтой. Тэр мөн ХҮГ Гэр бүлийн үйлчлэл эсвэл Сүмийн жишигтэй нийцсэн тусламж үзүүлдэг олон нийтийн байгууллагуудыг санал болгож болно.

Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 121:41–44-ийг унш.

  • Энэ хэсэг эцэг эхчүүд үр хүүхдүүдээ сахилгажуулан хүмүүжүүлэхтэй хэрхэн холбогдож байна вэ?

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа:

    “Хүүхдүүдээ зодох хэрэггүй. Тэднийг хайрлан, урамшуулах хэрэгтэй. Тэдэнд айж эмээдэг биш, харин хүндэтгэж хардаг эцэг хэрэгтэй. Юуны түрүүнд тэдэнд үлгэр жишээ хэрэгтэй. …

    Хүүхдүүдийг авраач гэж би гуйх гэсэн юм. Тэдний дунд хэтэрхий олон хүүхэд өвчин зовлон, айдас түгшүүр, ганцаардал, цөхрөл дунд алхаж байна. Хүүхдүүдэд нарны гэрэл хэрэгтэй. Тэдэнд аз жаргал хэрэгтэй. Тэдэнд хайр, халамж хэрэгтэй. Тэдэнд сайхан сэтгэл, хоол унд, хайр халамж хэрэгтэй. Айл гэр бүр орон байрны үнэ өртгөөс үл хамааран авралын орчин болох хайр энэрлийн орчныг бүрдүүлж чадна” гэж заасан (Conference Report, Oct. 1994, 74–75 эсвэл Ensign, Nov. 1994, 54).

    Сүмийн хоёр дахь ерөнхийлөгч Бригам Янг заахдаа:

    “Хүүхдүүдээ Их Эзэнийг хайрлах хайр, Түүнээс эмээх айдаст өсгөн хүмүүжүүл. Тэдний сонирхол, зан авирыг судлан, тэгээд үүнийхээ дагуу тэдэнтэй харьц. Хэзээ ч тэднийг уурынхаа халуунд засаж, залруулж болохгүй. Харин тэдэнд өөрөөс тань айж эмээхийг биш, харин өөрийг тань хайрлахыг заа” гэжээ (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 207).

Үр хүүхэд эцэг эхийнхээ амьдралд агуу баяр баясгалан авчирдаг.

Эцэг эхчүүд ариун үүрэг хариуцлагаа мартахгүй байх нь чухал боловч хүүхдүүдийнхээ амьдралд нь авчирдаг баяр хөөрийг ойлгодог байх нь мөн адил чухал гэдгийг онцлон хэл. Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад ахлагчаар үйлчилж байхдаа “хүмүүний амьдралд сайн эцэг эх байхаас илүү сорилт бэрхшээл цөөхөн байдаг ч баяр хөөртэй болох илүү их боломж бололцоог олгодог нь бас цөөхөн” болохыг ажигласан байна (Conference Report, Oct. 1990, 40 эсвэл Ensign, Nov. 1990, 32; Marriage and Family Relations Participant’s Study Guide-ын 48-р хуудсыг үзнэ үү).

Хүүхдүүдийнхээ өөрсдийнх нь амьдралд авчирдаг баяр хөөрийн тухай товч ярих даалгавар өгсөн оролцогчдоо энэ талаар ярихад урь (“Бэлтгэл,” 4-р зүйлийг үзнэ үү). Цаг гарвал хүүхдүүдийнхээ таны амьдралд авчирсан баяр хөөрийн тухай хуваалцахыг бод.

Дүгнэлт

Үр хүүхэд бол Тэнгэрлэг Эцэгийн бэлэг гэдгийг онцлон тэмдэглэ. Дуулал номын зохиогчийн хэлсэнчлэн “Үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв” юм (Дуулал 127:3). Дэлхийн эцэг эхчүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг гэр оронд нь ирэхэд баярлан угтан авч, тэднийг хайрлан, нандигнаж, тэдэнд зааж сурган, мөнх амьдрал өөд удирдан хөтлөх үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ хүлээн авдаг.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 35–38-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Бурханы бэлэг болох үнэ цэнтэй хүүхдүүд” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг нэгтгэн дүгнэхэд урамшуул. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Оролцогчдыг гарын авлагаа хичээл болгон дээр авчрахад урамшуулан дэмж.

Нэмэлт эх сурвалж

Уламжлалт гэр бүлийн хүрээнд амьдардаггүй хүмүүсийн хэрэгцээний талаар хийсэн мэдэгдлүүд

Уламжлалт гэр бүлийн хүрээнд амьдардаггүй оролцогчдын нөхцөл байдлыг тодорхойлохын тулд дараах мэдэгдлүүдийн нэг, хоёрыг унш.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан Боид К.Пакэр: “Төрөлхийн асуудал эсвэл нөхцөл байдлаас болж гэрлэх, эцэг эх болох адислалаас хүртэж чадаагүй эсвэл өөрийн буруугаас бололгүй ганцаараа хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, тэтгэн тэжээхээр ажиллах ёстой болсон ямар ч бодгаль зарлигуудыг сахидаг л бол бүх адислалыг мөнх оршихуйд хүлээн авах болно. Ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн [Сүмийн 15 дахь ерөнхийлөгч] амласнаар, ‘Үүнд би баттай итгэлтэй байна’” хэмээн тайлбарлажээ (Conference Report, Oct. 1993, 30 эсвэл Ensign, Nov. 1993, 23).

Сүмийн 11 дэх ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Энэ амьдралд нөхөрт гарах эсвэл эх болох адислалаас хүртэж чадаагүй ч хэрэв боломжтой байсан бол би хийх байсан эсвэл надад байсан бол би өгөх байсан, гэвч боломж гараагүй учраас би чадаагүй гэж зүрх сэтгэлдээ хэлж буй [эмэгтэйчүүд ээ], Их Эзэн та нарыг хийсэнтэй адил үзэн адислах болно мөн өөрсдийн буруугаас болж хийж чадаагүй ч зүрх сэтгэлдээ хийхийг хүсдэг байсан зөв шударга зүйлсийг тань ирэх дэлхийд нөхөн олгох болно” гэжээ (“Maintain Your Place As a Woman,” Ensign, Feb. 1972, 56).

Далын ахлагч Жин Р.Күк: “Үхэл хагацлаас эсвэл гэр бүл салснаас болж гэр бүлд заримдаа ганц эцэг эсвэл эх байдаг. Заримдаа эцэг, эх хоёрын нэг нь л Сүмийн гишүүн байдаг. Заримдаа эцэг, эх хоёрын нэг нь нөгөөгөөсөө илүү идэвх султай байдаг. Яг түүнчлэн сүнсээр өдөөгдсөн эцэг эсвэл эх Их Эзэнд зориулан гэр бүлээ ганцаараа сайхан авч явж чаддаг. Миний мэдэх хамгийн сайн хүмүүс ийм гэр бүлээс гаралтай байдаг. Хүүхдүүдээ ‘ганцаараа’ өсгөж байна гэж бодож байж болох ч үнэн хэрэгтээ Их Эзэний удирдамжаар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж буй эдгээр сайн эхийг Их Эзэн үргэлж адислах болтугай” хэмээн тайлбарласан (Raising Up a Family to the Lord [1993], xv).

Хэвлэх