Гэр бүлд зориулсан эх сурвалж
4-р хичээл: Гэрлэлтийн асуудалд хариу үйлдэл үзүүлэх


“4-р хичээл: Гэрлэлтийн асуудалд хариу үйлдэл үзүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 18–22

“4-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 18–22

4-р хичээл

Гэрлэлтийн асуудалд хариу үйлдэл үзүүлэх

Зорилго

Эхнэр, нөхөр хоёр асуудал тулгарахад хамтдаа ажиллаж, уурлаж бухимдалгүйгээр хайраар тэвчээртэй хандаж хариулах сонголтыг хийх ёстой талаар суралцахад нь оролцогчдод туслах явдал юм.

Бэлтгэл

  1. “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” хэсгийн (энэ гарын авлагын ix–xi хуудас) зарчмуудыг үзнэ үү. Заахаар бэлтгэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.

  2. Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон харуулах тодоор бичсэн гарчгуудыг уншина уу. Хичээлдээ бэлтгэх явцад, оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод.

  3. Та 19-р хуудсан дээрх судрын хэсгүүдийг судлах юм бол тэдгээрийн талаар ярилцлага өрнүүлэхэд бэлтгэгдсэн байна.

  4. Хэрэв Family Home Evening Resource Book (31106) байгаа бол 240–241-р хуудсан дээрх “Resolving Conflicts in Marriage”-ийг судал. Энэ өгүүллийг хичээлийн үеэр эш татаж болно.

Хичээл заах зөвлөмж

Гэрлэсэн бүх хосод асуудал тулгарна.

Далын ахлагч Брүс Д.Хафэны хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцана уу.

“Хуримынхаа өдөр сүйт бүсгүй санаа алдан, ‘Ээж ээ, миний бүх зовлон бэрхшээл дуусгавар боллоо шүү дээ!’ гэж баяртай хэлэв. Ээж нь ‘Тийм ээ’ гээд, ‘Гэвч аль нь дуусгавар болсон гэж?’ гэж асуужээ (Conference Report, Oct. 1996, 34; or Ensign, Nov. 1996, 26).

  • Гэрлэсэн хосод ямар ямар хүндрэл, бэрхшээл тулгарч болох вэ? (Оролцогчдын хариултыг самбарт бичих талаар бод. Доор жагсааж бичсэн зүйлүүд хариултад орж болно.)

    1. Санал зөрөлдөх

    2. Амин хувиа бодох

    3. Гомдох

    4. Эрүүл мэнд муудах

    5. Хүүхэд төрөхгүй байх

    6. Өтлөх

    7. Гэр бүлийн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй байх

    8. Бүх хүүхэд нь тусдаа гарч явах үед үр бүтээлтэй байхыг оролдох

    9. Хайртай хүмүүсээсээ хагацах

    10. Санхүүгийн асуудал

    11. Эрх дураараа хүүхдүүд

    12. Байгалийн гамшиг

Зарим сорилт бэрхшээл нь гэрлэлтийн харилцаанд үүссэн асуудлаас болж үүсдэгийг онцлон хэл. Зарим нь амьдралын жам ёсоор ирдэг.

Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ гэрээний харилцаа гэж үздэг бол ямар ч асуудлыг даван туулж чадна.

Гэрлэсэн хосууд гэрлэлтийн харилцаагаа хэрхэн авч үздэгээс шалтгаалан сорилт асуудалд өөр өөрөөр хандаж болно гэдгийг тайлбарла. Гэрээ, Их Эзэнтэй байгуулсан гэрээ гэдэг үгсийг самбар дээр бич.

Гэрээ нь хоёр юм уу хэсэг хүний хооронд бичгээр үйлдсэн хэлцэл гэдгийг тайлбарла. Энэ нь тухайн улс орныхоо хуулиар хүчин төгөлдөр болдог. Их Эзэнтэй байгуулсан гэрээ нь гэрээтэй төстэй боловч илүү өргөн хүрээтэй. Их Эзэнтэй байгуулсан гэрээ гэж заримдаа хүмүүсийн хоорондын зөвшилцлийг хэлдэг ч сайн мэдээний хүрээнд энэ нь Их Эзэн болон бидний хоорондын хэлцэл тохиролцоог хэлдэг. Их Эзэнтэй байгуулсан гэрээнд Их Эзэн гэрээний нөхцөлийг тогтоож, бид тэдгээрийг сахихаар амладаг (Bible Dictionary, “Covenant,” 651-ийг үзнэ үү). Биднийг амлалтаа биелүүлсэн үед Их Эзэн Өөрийн амлалтыг биелүүлэх үүрэг хүлээдэг (С ба Г 82:10-ыг үзнэ үү).

Өнөөгийн нийгэмд олон хүн гэрлэлтийг гэрээнээс илүү зүйл гэж үздэггүйг онцлон хэл. Оролцогчдоос дараах асуултыг дотроо бодохыг хүс.

  • Эхнэр, нөхөр хоёр өөрсдийн харилцааг гэрээ төдий зүйл гэж үздэг бол гэрлэлтэд нь асуудал гарч ирэхэд юу хийж болох вэ? Харин тэд өөрсдийн харилцааг Их Эзэнтэй байгуулсан гэрээ гэж үздэг бол юу хийх вэ?

    Далын ахлагч Брүс C.Хафэн: “Асуудал гарахад гэрээгээр гэрлэсэн талууд салж сарних замаар аз жаргалыг эрэлхийлдэг. Тэд ямар нэгэн ашиг тусыг бодож гэрлэдэг бөгөөд тохирсон зүйлээ авч л байвал хамт үлддэг. Харин Их Эзэнтэй гэрээ байгуулсан гэрлэлтэд асуудал гарахад эхнэр, нөхөр хоёр асуудал дээрээ ажиллан шийдвэрлэдэг. … Гэрээ байгуулсан хосууд тус бүрдээ 50 хувийн үүрэг хүлээдэг бол Их Эзэнтэй гэрээ байгуулсан хосууд 100 хувийн үүрэг хүлээдэг. Гэрлэлт гэдэг бол үнэн мөн чанараараа хэн нэг нь өөрийн хүслээр цуцалж болдог хувийн гэрээ хэлцэл биш, харин Их Эзэнтэй байгуулсан гэрээ юм” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1996, 34; эсвэл Ensign, Nov. 1996, 26).

Асуудал гарч ирэх үед бид үүнд уурлаж бухимдахын оронд тэвчээртэй байж, хайраар хандаж болно.

Эхнэр, нөхөр хоёр зарим асуудлаас зайлсхийж чадахгүй ч асуудалд хэрхэн хандахаа сонгож чадна. Далын ахлагч Линн Ж.Роббинс “Хэн ч биднийг уурлуулж чадахгүй. Хүмүүс биднийг уурлуулдаггүй. Үүнд ямар нэгэн хүчин оролцдоггүй. Уурлах нь ухамсарт сонголт, шийдвэр учраас бид уурлахгүй байх сонголтыг хийж чадна. Бид л сонгоно!” гэж хэлсэн (Conference Report, Apr. 1998, 105 эсвэл Ensign, May 1998, 80).

Тэнгэрлэг Эцэг бидэнд сонгох эрх буюу өөрсдийн эрхийг сонгож, үйлдэх хүч өгснийг онцлон хэл. Асуудал гарч ирэхэд тэвчээртэй, хайраар дүүрэн байхыг сонгосноор сонгох эрхээ хэрэгжүүлж болно.

Оролцогчдоор дараах судруудыг ээлжлэн чанга уншуул. Тэднийг унших үед эхнэр, нөхөр хоёр гэрлэлтийн болон өдөр тутмын амьдралын асуудлуудад хандахдаа эдгээр судрыг амьдралдаа хэрэгжүүлж болох арга замыг авч хэлэлцэхэд урамшуул.

  • Бид уурлаж эсвэл бухимдаж байгаагаа мэдэрвэл эдгээр мэдрэмжээ дарж тайвшрахын тулд юу хийж болох вэ? (Доор жагсаасан хариултууд байж болно.)

    1. Тайвширтлаа тухайн нөхцөл байдлаас холдох

    2. Тусламж ба удирдамж хүсэн залбирах

    3. Санал зөрсөн үед нөгөө хүнийхээ учир шалтгаан, мэдрэмжийг бодож үзэх цаг гаргах

    4. Орон нутгийн Сүмийн удирдагчаасаа, шаардлагатай гэж үзвэл Сүмийн сургаалтай нийцсэн үзэл бодол, арга барилтай мэргэжлийн зөвлөхүүдээс тусламж хүсэх

Эхнэр, нөхөр хоёр асуудалд хэрхэн хандахаа сонгож болохыг харуулахын тулд дараах түүхийг уншина уу. Энэ бол гэрлэлтэд тохиолдож болох өдөр тутмын, ялимгүй жижиг асуудлуудын ердөө нэг нь гэдгийг тайлбарла.

“Энэ нь хэцүү өдрүүдийн нэг байлаа. Дэлла өдрийн турш хэчнээн хурдан гүйгээд ч гэрийнхээ шаардлагатай ажлуудыг амжуулж чадахгүй байв. Түүнээс олон хүүхэдтэй хөрш нь хүртэл баяр хөөртэй байгаа бололтойг Дэлла хараад эмэгтэй, эхнэр мөн эх хүнийхээ хувьд өөрийнхөө чадварт эргэлзэж эхэлжээ.

Бэн гэртээ ирэх замдаа урьд урьдынхаас илүү өлссөн байв. Фермийн тоног төхөөрөмжийг хүргэж өгөхөд дахин наян бээр явах хэрэгтэй ч тэр одоо ядарсан байлаа. Гэртээ харихсан гэсэн бодол огтхон ч салахгүй байв. Амар амгалан, хоол унд, амралт.

Бэнийн машиныг байшингийн гадна зам дээр ирэхийг сонсоод Дэлла цаг руу харав. Өө, үгүй байлгүй дээ! Бараг оройн 7:00 цаг болж байгаа гэж үү? Одоо яах билээ? Тэр оройн хоолоо хийхийг хүссэн ч …

Тэр сүүлийн жигнэмгээ тавиур дээр яаран өрж байхдаа хаалга онгойхыг сонсов.

Бэн хаалгаар орж ирээд, булан руу налан, Дэлла руу хараад инээмсэглэв. Эхнэрийнх нь санаа зовсон байдалтай харагдах бөгөөд ширээ нь хоосон байгааг тэр анзаарав. Тэр азнаад, гүн амьсгаа авав.”

Оролцогчдод дараах асуултыг тавь.

  • Хэрэв Бэн зөвхөн өөртөө санаа тавьдаг байсан бол юу болох вэ?

  • Хэрэв Бэн эхнэртээ санаа тавьдаг байсан бол тэр хэрхэн хандах вэ?

Асуултуудыг ярилцсаныхаа дараа түүхийг үргэлжлүүлэн унш.

“Бэн амьсгаа аван, Дэлла руу инээмсэглээд, ‘Миний тусламж хэрэгтэй бололтой. Цагаа олж ирсэн байна’ гэв. Эхнэр нь ч сандрахаа болив. Түүний санаа амарч, нөхрөө үнсээд, ‘Бэн, гэртээ ирсэн чинь ямар сайхан хэрэг вэ. Чамайг өдөржин ажилласан болохоор ирэхэд чинь хоолоо бэлэн байлгахыг хэчнээн их хүссэн гээч!’ гээд хоосон ширээ рүүгээ заав.

Нөхөр нь эхнэрээ тэврээд, ‘Тэгвэл хоёулаа хамтдаа хийчихье’ гэлээ. Тэд дараа нь өөрсдөд нь тулгарсан асуудлыг нэг нэгэнтэйгээ хуваалцаж эхэллээ. Бэнийг ширээгээ засаж байх хооронд Дэлла шарах шүүгээнд жигнэмгээ хийж, өдөржин яаж яаран сандарснаа, тэр бүү хэл чадахгүй нь гэж бодож байснаа нөхөртөө хэлэв. Бэн хэчнээн өлсөж байснаа мартаж, эхнэрийнхээ өдрийг хэрхэн хөнгөвчилж болох талаар бодлоо” (Family Home Evening Resource Book [1983], 241; paragraphing altered).

Дүгнэлт

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 16–17-р хуудсыг гарга. Оролцогчдыг энэ хичээл дээрх (1) “Хэрэгжүүлэх санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж мөн (2) Ахлагч Линн Ж.Роббинсын “Сонгох эрх ба уур хилэн” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Нэмэлт эх сурвалж

Эхнэр, нөхөртэйгөө зүй бусаар харьцах нь Бурханыг гомдоодог

Эхнэр, нөхрүүд уурлаж эсвэл бухимдахдаа заримдаа догшин ширүүн, хор хөнөөлтэй зан авир гаргадгийг тайлбарла. Эхнэр, нөхөр хоёр хэзээ ч ийм маягаар бие биедээ зүй бусаар хандаж болохгүй. Хүчирхийлэл нь Бурханы зарлигуудыг болон Сүмийн удирдагчдын онцолж хэлсэн мэдэгдлүүдийг зөрчдөг. Сүмийн найм дахь ерөнхийлөгч Жорж Албэрт Смит “Их Эзэний Сүнстэй байгаа ямар ч хүн хэнтэй ч зүй бус харьцдаггүй. Өөр ямар нэгэн сүнстэй байхад л ийм ааш авир гардаг” хэмээн тунхагласан (Conference Report, Oct. 1950, 8).

Дараах мэдээллийг хуваалцана уу.

Эхнэр, нөхрийн хүчирхийлэл сэтгэл санаа, бие махбод эсвэл бэлгийн харьцааных байж болно.

Сэтгэл санааны хүчирхийлэлд хашхирах, харааж зүхэх, дорд үзэх, басамжлах, хянаж цагдах, хүүхдүүдийн эсвэл бусдын өмнө эхнэр, нөхрөө гутаан доромжлох, шийтгэл болгож дэмжин туслахгүй байх, хайр халамжаа үзүүлэхгүй байх мөн эхнэр, нөхрийнхөө мэдрэмжийг үл тоомсорлох эсвэл чухалчилж үзэхгүй байх зэрэг нь ордог.

Бие махбодын хүчирхийлэл нь түлхэх, хорих, сэгсрэх, цохих, алгадах, албадах мөн эд зүйл өгөхгүй байх зэргээр илэрдэг.

Бэлгийн хүчирхийлэл нь сэтгэл санааны эсвэл биеийн гээд аль аль нь байж болно. Үүнд бэлгийн дарамт учруулах, өвтгөх, хүч хэрэглэх эсвэл айлган сүрдүүлэх, бэлгийн дотно харьцааны үеэр нэг нь нөгөөхдөө тааламжгүй эсвэл хүсэхгүй байгаа зүйлийг нь хийхийг шахан шаардах зэрэг орно.

Хэрэв оролцогчдод юуг хүчирхийлэлд тооцдог талаар асуух зүйл байвал бишопоосоо зөвлөгөө авч болно гэдгийг тайлбарла.

Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг хуваалцана уу. Ерөнхийлөгч Хинкли энэ сэрэмжлүүлгийг эхнэртэйгээ зүй бус харьцдаг эрчүүдэд өгсөн ч энэ нь эмэгтэйчүүдэд ч бас хамаатай. Оролцогчдоос энэ зөвлөгөөг сонсох үед өөрийнхөө зан авирыг дотроо эргэцүүлэн бодохыг хүс.

“Зарим [эр] өдөржин дэлхийн өмнө сайхан дүр үзүүлж, орой нь гэртээ ирээд, нөгөөх хувийн сахилгаа умартаж, ялихгүй зүйлд ч тэсрэн уурладаг.

Ийм хилэнцийг үйлдэж, зүй бус авир гаргадаг ямар ч хүн Бурханы санваарыг хүлээн авах зохистой байх нь үгүй. Өөрийгөө ийм байдлаар авч явдаг хүн Их Эзэний өргөөний давуу эрхээс хүртэх ёсгүй. Эхнэр, хүүхдүүдийнхээ хайрыг хүртэх эрхгүй эрчүүд байдагт би харамсаж явдаг. Эцгээсээ айдаг хүүхдүүд, нөхрөөсөө айдаг эхнэрүүд байдаг. Миний дуу хоолойг сонсож байгаа хүмүүсийн дунд ийм эрчүүд байгаа бол би Их Эзэний үйлчлэгчийн хувьд та нарыг зэмлэн, наманчлахад дуудаж байна. Өөрийгөө сахилгажуул. Уур хилэнгээ захир. Та нарыг уурлуулдаг ихэнх зүйл өчүүхэн жижигхэн байдаг. Гэтэл та уур уцаарынхаа төлөө ямар аймшигтай төлөөс төлдөг билээ дээ. Их Эзэнээс өршөөл гуй. Эхнэрээсээ өршөөл гуй. Хүүхдүүдээсээ уучлал хүс” (Conference Report, Oct. 1996, 91–92 эсвэл Ensign, Nov. 1996, 68).

Зарим хүн өөрийн мэдэлгүй догшин ширүүн зан авиртай болсон байдгийг тайлбарла. Зарим нь зан авираа өөрчлөх хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч тусламж авахгүйгээр өөрчилж чадахгүй гэж боддог.

Догшин ширүүн зан авираа ойлгож, өөрчлөхөөр тусламж хүсэж байгаа хүмүүс Их Эзэний тусламж, удирдамжийг даруухнаар эрэлхийлсэн үед өөрчлөгдөж чадна. Тэд зөвлөгөө өгч чадах бишоптоо хандаж болно. Тэр мөн ХҮГ Гэр бүлийн үйлчлэл эсвэл Сүмийн жишигтэй нийцсэн тусламж үзүүлдэг олон нийтийн байгууллагуудыг санал болгож болно.

  • Эхнэр, нөхрийн хүчирхийлэл хүүхдүүдэд нь ямар байдлаар нөлөөлж болох вэ?

    Оролцогчдоос хариулт хүсэхийн зэрэгцээ эхнэр, нөхрийн хүчирхийлэл нь хэцүү асуудлаа хор хөнөөлтэй арга замаар шийдвэрлэх гээд байдаг арилшгүй ул мөр үлдээдгийг онцлон хэл. Хүүхэд байхдаа ийм хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс бусадтай зүй бусаар харьцдаг ба энэ байдал нь гэрлэсэн үед ч үргэлжилдэг байна.

  • Эцэг эх нь асуудлаа найрсгаар, тэвчээр гарган шийдвэрлэхийг харах нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

    Хайраар дүүрэн, төлөвшсөн эцэг эхчүүд асуудалтай тулгарахдаа насан туршид нь үргэлжлэх сайн дадал хэвшлүүдийг хүүхдүүддээ заадаг гэдгийг тайлбарла. Ахлагч Робэрт Д.Хэйлс Тэргүүлэх бишопоор үйлчилж байхдаа, “Сайн эцэг эхчүүд ч өөр өөр үзэл бодолтой байж болох бөгөөд тэд эдгээр ялгаагаа цохиж, хашхирч эсвэл юм авч шидэлгүйгээр шийдэж болдгийг харах нь хүүхдүүдэд сайн. Нэг нэгнийхээ бодол санааг хүндэлж, тайван, хүлээцтэй хандан харьцаж байгааг тэд олж харах, мэдрэх хэрэгтэй бөгөөд ингэснээр амьдралдаа санал нийлэхгүй байх үед үүнийгээ хэрхэн шийдвэрлэхийг олж мэдэх юм” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1993, 10 эсвэл Ensign, Nov. 1993, 9).

Хэвлэх