Гэр бүлд зориулсан эх сурвалж
5-р хичээл: Эерэг харилцаагаар дамжуулан асуудалд хариулах


“5-р хичээл: Эерэг харилцаагаар дамжуулан асуудалд хариулах,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 23–26

“5-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 23–26

5-р хичээл

Эерэг харилцаагаар дамжуулан асуудалд хариулах

Зорилго

Хайраар харилцан ярилцах замаар гэрлэлтийн асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлж, шийдвэрлэх талаар оролцогчдод заах явдал юм.

Бэлтгэл

  1. Та заахаар бэлтгэхдээ “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг дагах арга замуудыг эрж хай.

  2. Хичээлийн тодоор бичсэн гарчгуудыг унш. Эдгээр гарчиг нь хичээл дэх сургаал, зарчмуудын талаарх тоймыг өгдөг. Бэлтгэлийнхээ хэсэг болгож эдгээр сургаал, зарчмыг хэрэгжүүлэхэд оролцогчдод туслах арга замуудыг тунгаан бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Хичээл заах зөвлөмж

Гэрлэсэн хосын үзэл бодол нийлэхгүй байх үе бий.

Оролцогчдоос Далын ахлагч Жөү Ж.Кристэнсэнийн дараах мэдэгдлийг уншихыг хүс (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 20-р хуудас).

“Бид заримдаа ‘Яалаа гэж, бид гэрлээд тавин жил болж байна. Бид хэзээ ч санал зөрж байгаагүй’ гэж ярихыг сонсож байсан байх. Үнэхээр тийм байсан бол хосуудын нэг нь нөгөөгөө дарангуйлдаг буюу хэн нэгний хэлснээр энэ нь үнэнээс хол зүйл байж таарна. Ямар ч ухаалаг хосын дунд үзэл бодлын зөрчилдөөн гарна. Бидний гол асуудал бол тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхийг олж мэдэх явдал юм. Энэ бол сайхан гэрлэлтийг улам сайн болгох үйл явцын нэг хэсэг мөн” (Conference Report, Apr. 1995, 86 эсвэл Ensign, May 1995, 65).

Энэ хичээлээр эхнэр, нөхөр хоёрын харилцаанд гарч ирж болох асуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг шийдвэрлэхэд туслах тодорхой зарчмуудын талаар ярилцах болно гэдгийг тайлбарла.

Эхнэр, нөхөр хоёр бие биеийнхээ хүндлүүштэй бишрэм зан чанарыг олж харах хэрэгтэй.

Эхнэр, нөхөр хоёр нэг нэгнийхээ хүндлүүштэй зан чанарыг олж хардаг бол асуудлаас илүү сайн урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг онцолж хэл. Тэд мөн үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарч ажиллах болно. Дараах түүхийг хуваалцана уу.

Нэгэн эмэгтэй нөхрийнхөө талаар гомдол мэдүүлэхээр бишоп дээрээ ахин дахин очдог байжээ. Эцэст нь бишоп нь “Та мэдрэмжгүй, тэвчээргүйг нь мэдсээр байж яагаад энэ хүнтэй гэрлэсэн юм бэ?” гэж түүнээс асуув. Тэр эмэгтэй түр зуур бодсоноо “Сайн зан чанар байсан юм байлгүй дээ. Гэвч одоо миний санаанд юу ч орж ирэхгүй байна. Тэр өөрчлөгдсөн байх” гэжээ. Бишоп түүнээс гэртээ хариад, нөхрийнхөө өмнө нь биширдэг байсан сайн зан чанаруудыг эргэн санаж эхлэхэд туслан, зүрх сэтгэлээ зөөлрүүлж өгөхийг гуйн залбирахыг хүсжээ. Цаг хугацаа ч өнгөрч, тэр эмэгтэй нөхрийнхөө хүндлүүштэй зан чанарыг олж харан, анхаарлаа хандуулдаг болсноо мэдэж авчээ. Өмнө нь тэр зөвхөн нөхрийнхөө дутагдалд хамаг анхаарлаа хандуулдаг байсан тул сайн чанаруудыг нь олж хардаггүй байжээ.

  • Бусдын хүндлүүштэй зан чанарыг олж харахын ашиг тусыг та нар хэрхэн олж харж байсан бэ? Бие биеийнхээ хүндлүүштэй зан чанарыг олж харах нь эхнэр, нөхөр хоёрт гэрлэлтээ хүчирхэгжүүлэхэд хэрхэн туслах вэ?

Хэдийгээр хүн бүр өөр өөр ч гэсэн бид бүгд Бурханы хүүхэд гэдгийг оролцогчдод сануул. Нэг оролцогчийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас дараах мэдэгдлийг уншихад урь (энэ гарын авлагын viii-р хуудас болон Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын iv-р хуудас).

“Бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм.”

  • Энэ үнэнийг санах нь эхнэр, нөхөр хоёрын бие биенээ ойлгохын тулд гаргаж буй хүчин чармайлтад хэрхэн тус болох вэ?

    Эхнэр, нөхөр хоёр бие биенээсээ эрхэм сайхан, бурханлаг зан чанаруудыг олж харахыг хичээснээр бие биедээ хань нь байгаад илүү их баярлаж, нэг нэгэндээ бурханлаг чадавхдаа хүрэхэд нь илүү сайн туслах боломжтой болдог.

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа “өөрийн ханийг газар дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй хүн гэж үзэх хүндлэлийн” талаар ярьсан юм. Тэрээр “Гэрлэж хамтдаа амьдрах нь нэгэн хэвийн, тэр бүү хэл уйтгартай болох нь хэвийн үзэгдэл. Эрэгтэй хүн өөрийн дэргэд байгаа туслагчаа Бурханы мөнхийн зорилгуудыг тохиолгон авчрах агуу бүтээлтийн үйл явцад нь гар бие оролцдог Түүний охин гэсэн үнэнийг үе үе дурсан санахаас өөр хамтын амьдралаа илүү эрхэм, бурханлаг түвшинд байлгах ямар ч тодорхой арга зам байхгүйг би мэднэ. Эмэгтэй хүний хувьд ч гэсэн Эцэгийнхээ хүүгийн нэг хэсэг нь байх буюу хүндэлж, бишрэн, урам зориг өгч байвал улам бүр сэргэж байдаг бурханлаг зан чанаруудыг олж харахыг хичээн, анхаарлаа хандуулахаас өөр, нөхрөө гэх хайрыг нь улам бүр бадраан асаах үр дүнтэй арга замыг би мэдэхгүй. Эдгээрийг үйлдэх явцад нэг нэгэндээ байнга талархах сэтгэл цаанаасаа ундарч байдаг” гэж ярьсан (Conference Report, Apr. 1971, 81–82 эсвэл Ensign, June 1971, 71–72).

Эерэг харилцаа нь асуудал бэрхшээлээс урьдчилан сэргийлж, тэдгээрийг шийдэхэд тусалдаг.

Эхнэр, нөхөр хоёр бие биеийнхээ хүндлүүштэй зан чанарыг олж харахын зэрэгцээ харилцан ярилцахыг хичээх хэрэгтэй. Харилцан ярилцах нь хайр, нэгдмэл байдлыг бий болгож, үүсэж болох асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал.

Дараах зарчмуудыг самбарт бич. Үүнд:

Бие биенээ сонсох

Асуудлаа нээлттэй, тайван ярилцах

Хайраар, эерэг байдлаар харилцан ярилцах

Эдгээр зарчим нь гэрлэсэн хосуудад харилцан ярилцах байдлаа сайжруулахад тусална гэдгийг тайлбарла. Зарчим тус бүрийн талаар ярилцлага хөтлөн явуулахдаа дараах материалыг ашиглана уу.

Бие биеэ сонс.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах зөвлөгөөг хуваалц.

“Эхнэр, нөхөр хоёр нэг нэгнээ сонсохын тулд суралц, суралцахын тулд сонс. … Ярилцах цаг гаргах нь харилцааны шугамаа хэвийн ажиллагаатай байлгахад нэн чухал. Хэрэв гэрлэлт нь амьдралын хамгийн чухал харилцаа юм бол үүнийг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл ач холбогдол багатай уулзалтыг чухалчлан үздэг мөртлөө хамгийн эрхэм ханиа сонсоход хэдхэн хором үлдээдэг” (Conference Report, Apr. 1991, 28 эсвэл Ensign, May 1991, 23).

  • Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлан, анхаарал тавин сонсох нь ямар ашигтай вэ? (Доор жагсаасан хариултууд байж болно.)

    1. Тэд бие биеийнхээ жинхэнэ мэдрэмж, хүсэл эрмэлзлийн талаар илүү ихийг мэдэж авна.

    2. Тэд шүүмжлэх эсвэл зөвлөгөө өгөхийн оронд ойлгохыг хичээнэ.

    3. Хүн бүр үнэ цэнтэй гэдгээ мэдэрч, хайрлуулахыг хүснэ.

    4. Хүн бүр өөрийгөө хамгаалахгүй, илүү нээлттэй ярилцахыг хүснэ.

  • Хосуудад бие биенээ чин сэтгэлээсээ сонсоход юу саад болдог вэ? (Зав гарахгүй, цаг зав гарган сонсохгүй, бие биеийнхээ үүрэг хариуцлагыг сонирхохгүй байх зэрэг хариултууд байж болно.)

  • Гэрлэсэн хамтрагчид илүү сайн сонсогч болохын тулд юу хийж болох вэ? (Оролцогчдын санаа бодлыг асуухаас гадна доор жагсаасан санаануудыг хуваалцахыг бод.)

    1. Хоорондоо ярилцах цаг гарга. Хамаг анхаарлаа нэг нэгэндээ хандуулан, анхаарал сарниулах зүйлийг холдуул.

    2. Ойлгохын тулд сонс. Ярьж байгаа хүнийхээ үгийг бүү тасал. Шаардлагатай бол “Энэ тухай илүү тодорхой ярьж өгөөч?” эсвэл “Энэ үед чамд ямар санагдсан бэ?” эсвэл “Би сайн ойлгосонгүй. Чи ингэж хэлсэн үү?” зэрэг асуулт тавь.

    3. Уурлаж, гомдохоос зайлсхий. Ихэнх тохиолдолд нэгээс олон санаа бодол зөв байдгийг санаарай.

Асуудлаа нээлттэй, тайван ярилц.

  • Яагаад эхнэр, нөхөр хоёрын хувьд гэрлэлтэд нь тулгарсан асуудлын талаар бие биетэйгээ илэн далангүй ярих чухал вэ?

Асуудлынхаа талаар ярилцахдаа чанга маргалдаж эсвэл хэрэлдэлгүйгээр хүндэтгэлтэй ярилцах хэрэгтэй гэдгийг онцлон хэл. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад үйлчилж байхдаа:

“Бид намуухан зөөлөн дуугаар ярилцвал асуудалд орох нь ховор. Бид гагцхүү дуугаа өндөрсгөх үед хэрүүлийн оч үсэрч, жижигхэн гүвээ том уул болон томорч, зөрчил сөргөлдөөн үүсдэг. … Тэнгэрийн дуу хоолой зөөлөн дуу хоолой байдгийн адил дотоод амар амгалангийн дуу хоолой намуухан байдаг” хэмээн хэлсэн (Conference Report, Apr. 1971, 82 эсвэл Ensign, June 1971, 72).

Ерөнхийлөгч Давид О.Маккэй: “Эхнэр, нөхөр хоёр гэр нь шатаагүй л бол бие биеийнхээ эсрэг дуугаа өндөрсгөж хэзээ ч ярьж болохгүй” гэж хэлсэн (Stepping Stones to an Abundant Life, comp. Llewelyn R. McKay [1971], 294).

Хайраар, эерэг байдлаар харилцан ярилц.

  • Талархах, дэмжих, хайр халамжаа илэрхийлэх зэрэг нь гэрлэлтэд ямар арга замаар нөлөөлдөг вэ? Шүүмжлэх, үглэх, өө сэв хайх зэрэг сөрөг харьцаа гэрлэлтэд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Оролцогчдоор ахлагч Жөү Ж.Кристэнсэнийн дараах зөвлөгөөг уншуул (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 19-р хуудас).

    “‘Байнга өө сэв хайдгаа’ боль. Бие биеийнхээ алдаанд хэтэрхий шүүмжлэлтэй бүү ханд. Бидний хэн нь ч төгс биш гэдгийг ухааран ойлго. Бид удирдагчдынхаа биднээс хүссэнчлэн Христтэй адил болохын тулд урт замыг туулах ёстой.

    Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлснээр ‘Байнга өө сэв хайх нь’ бараг бүх гэрлэлтийг хагаралдуулж болно. … Ер нь бидний хүн нэг бүр сул талаа яс махандаа мэдэртлээ маш сайн мэддэг бөгөөд үүнийг бидэнд байнга сануулаад байх хэрэггүй. Байнга шүүмжилсэн эсвэл үглэж яншсаны үр дүнд сайжирч өөрчлөгдсөн хүн тийм ч их байдаггүй. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол бидний хэлсэн зарим бүтээлч шүүмжлэл үнэн хэрэг дээрээ хор хөнөөлтэй байх нь олонтоо” (Conference Report, Apr. 1995, 85; эсвэл Ensign, May 1995, 64–65 мөн Spencer W. Kimball, “Marriage and Divorce,” 1976 Devotional Speeches of the Year [1977], 148-ыг үзнэ үү).

  • Байнга гомдоллох эсвэл шүүмжлэх нь ямар үр дагавартай байж болох вэ?

  • Шүүмжлэлийн нэг хэлбэр бол тухайн хүний сул талыг бусдын давуу талтай харьцуулах явдал юм. Энэ дадал хэвшил гэрлэлтэд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Бусдыг байнга шүүмжлэхийн оронд магтаж, урамшуулахын үнэ цэнийг харуулсан ямар туршлага танд байгаа вэ? Эерэг байдлаар илэрхийлэх нь гэрлэлтийг ямар байдлаар хүчирхэгжүүлж болох вэ?

    Нөхөр нь гэрээсээ гадуур найз нөхөдтэйгөө хамт байхдаа эхнэрээ магтаж, гэрийн эзэгтэйн хувьд авьяас чадварыг нь байнга сайшаадаг талаар нэгэн эмэгтэй тайлбарласан юм. Нөхөр нь эхнэрийнхээ сул талыг огт дурсдаггүй байж. Харин тэр эхнэрийнхээ давуу тал дээр анхаарлаа хандуулдаг байна. Нөхрийнх нь хэлсэн үгс түүнд итгэл найдвар, улам өсөж хөгжих урам зориг өгдөг байсан хэмээн тэр эмэгтэй ярьжээ.

Дүгнэлт

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны хэлсэн дараах зөвлөгөөг хуваалцана уу.

“Гэр бүлийн ярилцлагаар санал бодол зөрөлдөх явдлыг үл тоомсорлож болохгүй бөгөөд дэнсэлж үзэн, тайван байдлаар үнэлж цэгнэх ёстой. Хэн нэгний санаа бодол эрүүл саруул, тогтвортой харилцаанаас чухал байх ёсгүй. Ярилцлагын үеэр сонсож мөн хариулахдаа эелдэг, хүндэтгэлтэй хандах нь соёлтой харилцан ярианы үндэс суурь болж өгдөг. … Бусдын үзэл бодолтой санал нийлэхгүй байгаа ч таагүй байдал төрүүлэлгүйгээр илэрхийлж сурах нь хэчнээн чухал билээ” (Conference Report, Apr. 1976, 79; эсвэл Ensign, May 1976, 52).

Ярилцсан зарчмуудаа товч дүгнэн ярилц. Эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд оролцогчдыг урамшуулан дэмж. Сүнсний удирдамжийн дагуу гэрчлэлээ хуваалц.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 18–20-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаснаар (2) Ахлагч Жөү Ж.Кристэнсэнийн “Гэрлэлт ба аз жаргалын агуу төлөвлөгөө” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлага дээрх өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.