“16-р хичээл: Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах болон гэр бүлийн үдэш хийх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 79–84
“16-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 79–84
16-р хичээл
Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах болон гэр бүлийн үдэш хийх
Зорилго
Гэр бүлүүдийг гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдшийг тогтмол хийж, эдгээр үйл ажиллагааны хүрээнд сайн мэдээг заахад урамшуулан дэмжих явдал юм.
Бэлтгэл
-
“Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг бодож үз.
-
Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон тодоор бичсэн гарчгуудыг тунгаан бод. Долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг заах арга замуудын талаар бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.
-
Хэрэв дараах материалууд байгаа бол заримыг нь эсвэл бүгдийг нь ангид авчир. Гэр бүлийн үдшийн талаар ярилцаж байхдаа эдгээрийг үзүүлэхээр бэлтгэ.
-
Судрууд.
-
Family Home Evening Resource Book (31106).
-
Гэр бүлийн удирдамж (31180).
-
Family Home Evening Video Supplement (53276) болон Family Home Evening Video Supplement 2 (53277).
-
Сайн мэдээний зарчмууд (31110).
-
Сүмийн сэтгүүлүүд.
-
Бидний өв: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн товч түүх (35448).
-
Санваарын чуулга ба Халамжийн нийгэмлэгийн гарын авлагууд.
-
Сайн мэдээний сургаалыг судлах ангийн гишүүдийн гарын авлагууд.
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (34285).
-
Мормоны Номын түүхүүд (35666) гэх мэт Сүмээс хэвлэн гаргасан судрын түүхийн номууд.
-
Сайн мэдээний уран зургийн цуглуулга (34730).
-
-
Хэрэв та 84-р хуудсанд байгаа давтах дасгалыг ашиглаж байгаа бол оролцогч бүрд зориулж цаас, харандаа эсвэл үзэг зэргийг ангид авчир.
Хичээл заах зөвлөмж
Гэр бүлийн залбирал, судраас суралцах болон гэр бүлийн үдэшт хожмын үеийн гэгээнтэн бүхэн онцгой ач холбогдол өгөх ёстой.
1999 оны 2-р сард Тэргүүн Зөвлөлөөс дэлхий даяарх Сүмийн гишүүдэд хандан захидал илгээснийг тайлбарла. Уг захидал дараах зааврыг оруулсан байдаг.
“Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон зааварлах, гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэд бид зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох ч тэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй” хэмээн тунхагласан (Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11).
-
Яагаад энэ захидал өнөө үед нэн чухал байдаг вэ?
Энэ хичээлээр гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, долоо хоног тутам гэр бүлийн үдшийг хийхийн тулд эцэг эхчүүд юу хийж болохыг авч хэлэлцэхийг тайлбарла.
Гэр бүлүүд хамтдаа залбирснаар агуу адислалуудыг хүлээн авдаг.
Оролцогчидтой хамт 3 Нифай 18:21-ийг унш. Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах зөвлөгөөг хуваалцана уу.
“Энэ Сүмийн гэр бүл бүр хамтдаа залбирдаг байг. Эдүгээ хувиараа залбирах нь чухал ч гэсэн гэр бүлээрээ залбирах нь гайхамшигтай сайхан юм. Тэнгэр дэх Эцэгтээ итгэлээр залбир. Их Эзэн Есүс Христийн нэрээр залбир. Адислалуудынхаа төлөө талархал илэрхийлэн, хүүхдүүдээрээ гэр бүлийн залбирлыг ээлжээр хийлгэхээс өөр илүү чухал зүйлийг та нар хүүхдүүдийнхээ төлөө хийж чадахгүй. Хэрэв тэд үүнийг бага байхдаа хийх юм бол зүрх сэтгэлдээ талархлын сүнстэй өсөх болно” (“Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 5).
-
Өдөр бүр гэр бүлээрээ залбирах дадал хэвшилтэй болохын тулд гэр бүлүүд юу хийж болох вэ? Өдөр тутмын гэр бүлийн залбирал хийхэд та нар ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Та нар тэдгээрийг шийдвэрлэхийн тулд юу хийсэн бэ?
-
Гэр бүлийн залбирлыг өөрсдийн хувьд утга учиртай болгохын тулд гэр бүлүүд юу хийж болох вэ? (Оролцогчдын хариултаас гадна дараах зөвлөмжүүдээс бүгдийг нь эсвэл заримыг нь хуваалц.)
-
Эцэг эхчүүд залбирахынхаа өмнө Тэнгэрлэг Эцэгт онцгойлон талархах хэрэгтэй эсвэл залбиралдаа дурдах хэрэгтэй ямар нэгэн санаа зовоож байгаа зүйл байгаа эсэхийг цаг зав гарган асуух хэрэгтэй.
-
Гэр бүлээрээ залбирахдаа хүүхдүүдэд залбирах боломж тогтмол олгож байхад эцэг эх нь анхаарвал зохино.
-
Сүмийн удирдагчид, номлогчид болон тусгай адислал хэрэгтэй байгаа гэр бүлийн гишүүдийнхээ төлөө залбирахаа гэр бүлүүд санах хэрэгтэй.
-
Эцэг эхчүүд заах цаг болгож залбирлуудаа ашиглаж болно. Жишээ нь, тэдний талархал илэрхийлж байгаа явдал тийн мэдрэмжийг хүүхдүүдэд хөгжүүлэхэд түлхэц өгч болох юм.
-
Эцэг эхчүүд залбирахдаа хүүхдүүдийнхээ нэрсийг нэг бүрчлэн дурдаж болох бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгийнхээ болон дэлхийн эцэг эхийнхээ тэднийг гэх хайрыг мэдрэхэд хүүхдүүдэд тусалдаг.
-
-
Гэр бүлийн залбирлын ачаар та болон танай гэр бүл ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?
Гэр бүлээрээ судраас суралцах нь гэр бүлүүдийг Бурханд илүү ойртуулдаг.
Дараах хэллэгүүдийг самбар дээр бичих юм уу чанга унш.
-
Хүндэтгэл бишрэл өсөн нэмэгдсэн
-
Хүндлэл, ойлголцол өсөн нэмэгдсэн
-
Маргаан зөрчилдөөн багассан
-
Илүү их хайр, мэргэн ухаанаар хүүхдэд зөвлөх чадвартай болсон
-
Эцэг эхийнхээ зөвлөгөөг илүү сайн сонсдог болсон
-
Зөв шударга байдал өсөн нэмэгдсэн
-
Итгэл, найдвар, энэрэл хайраар бялхах болсон
-
Амар амгалан, баяр баясгалантай, аз жаргалтай байх болсон
Оролцогчдоос хариултаа хэлэлгүй дор бүрдээ дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодохыг хүснэ үү.
-
Эдгээр адислалыг гэр орондоо илүү ихээр авчрахын тулд та юу хийж болох вэ?
Бид судруудыг, ялангуяа Мормоны Номыг судалснаар эдгээр адислалыг гэр орондоо илүү ихээр хүлээн авах талаар Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Марион Ж.Ромни гэрчилснийг тайлбарла.
“Хэрэв манай эцэг эхчүүд өөрсдөө болон хүүхдүүдтэйгээ хамт Мормоны Номыг гэр орондоо тогтмол, залбирч унших юм бол энэхүү агуу номын сүнс бидний гэр оронд болон хамт амьдардаг бүх хүний зүрх сэтгэлд нэвтрэн орох болно. Хүндэтгэлийн сүнс өсөж, харилцан хүндэтгэл, бие биеэ дээдлэн хүндлэх явдал нэмэгдэх болно. Зөрчил сөргөлдөөний сүнс арилна. Эцэг эхчүүд агуу хайр, мэргэн ухаанаар хүүхдүүддээ зөвлөгөө өгөх болно. Хүүхдүүд эцэг эхийнхээ зөвлөгөөг илүү чих тавин сонсож, дуулгавартай дагах болно. Шударга байдал өснө. Христийн цэвэр хайр болох итгэл, найдвар, энэрэл гэр оронд болон тэнд амьдрагчдад элбэг дэлбэгээр ирж, сэргэлэн цовоо, амар амгалан байдал, баяр хөөр болон аз жаргалыг авчирна” (Conference Report, Apr. 1980, 90 эсвэл Ensign, May 1980, 67).
Сүмийн 13 дахь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ерөнхийлөгч Ромнигийн амлалтуудын талаар ийн хэлсэн. Тэрээр: “Гэр орон дахь хайр хийгээд эв нэгдэл, эцэг эх хийгээд хүүхдүүдийн хоорондын хүндлэл, сүнслэг байдал хийгээд зөв шударга ёсыг өсгөн нэмэгдүүлнэ гэсэн эдгээр амлалт нь үхмэл амлалт биш бөгөөд Мормоны Ном биднийг Бурханд илүү ойртоход тусална хэмээн бошиглогч Иосеф Смитийн хэлсэн чухам тэр зүйл мөн” хэмээн хэлжээ (Conference Report, Oct. 1986, 6; эсвэл Ensign, Nov. 1986, 7).
Гэр бүлээрээ судраас суралцсанаар гэр бүлд нь ирсэн адислалуудынхаа талаар ярихад оролцогчдыг урь.
-
Гэр бүлээрээ судраас суралцах үйл ажиллагааг амжилттай болгохын тулд та юу хийсэн бэ? Танд ямар бэрхшээл тулгарч байсан бэ мөн тэдгээрийг шийдвэрлэхийн тулд та юу хийсэн бэ? (Оролцогчдын хариултаас гадна дараах зөвлөмжүүдээс бүгдийг эсвэл заримыг хуваалц.)
-
Гэр бүлээрээ хамтран өдөр бүр судраас суралцах цаг товло. Энэ бол гэр бүлээрээ судраас суралцахын хамгийн хэцүү хэсэг нь юм. Гэвч гэр бүлүүд өөрсдийнх нь нөхцөл байдалд юу хамгийн сайн тохирохыг тодорхойлохдоо Сүнсний удирдамжийг эрэлхийлж болно.
-
Өдөр бүр унших шүлэг, бүлэг, хуудасны тоог эсвэл тодорхой хугацааг тогтоож болно.
-
Боломжтой бол гэр бүлийн гишүүн бүрийг судрын иж бүрдэлтэй болгохыг бод. Тэр ч байтугай уншиж чаддаггүй хүүхдүүд ч гэсэн өөрсдийн гэсэн судартай байх нь ашиг тустай. Баптисм, төрсөн өдөр эсвэл бусад тусгай үйл явдлыг тохиолдуулан эцэг эхчүүд хүүхдүүддээ судар өгч болно. Эсвэл хүүхдүүд өөрсдөдөө судар худалдан авахын тулд ажил хийж мөнгө олж болно.
-
Ээлжээр уншиж, бага насны хүүхдүүдэд уншихад нь тусал. Нэг хэсгийг уншсаныхаа дараа уншсан зүйлээ нэгтгэн дүгнэж, бага насны хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хэл.
-
Судрын түүхийг хүүхдүүдээрээ зуруул. Жишээ нь, амьдралын модны тухай Лихайн үзэгдлийг дүрсэлсэн ханын зургийг гэр бүлээрээ хийж болно.
-
Дуртай шүлгүүдээ хамтдаа цээжил.
-
Христийн амилсны баяр, Христийн мэндэлсний баяр, баптисм, санваарын томилгоо эсвэл ариун сүмийг онцгойлон адислах зэрэг тусгай үйл явдлуудыг тохиолдуулан судраас унш.
-
Судруудын удирдамж эсвэл Bible Dictionary ашиглан сайн мэдээний тусгайлан сонгосон сэдвүүдийг хамтдаа судал.
-
Судраас суралцахтай холбоотой гарч ирсэн асуулт, зорилгоо эсвэл сэтгэгдлээ тэмдэглэж байх гэр бүлийн тэмдэглэлийн дэвтэр хөтөл.
-
Судраас суралцахаар гэр бүлээрээ цугларах нь хэцүү болж эхэлбэл өөрсдийнх нь гаргах хүч чармайлтууд төсөөлж байснаас нь илүү урт удаан хугацааны үр дагавартай байж болохыг эцэг эхчүүд санах ёстойг онцол. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан Сьюзан Л.Ворнэр эгч:
“Манай гэр бүлийнхэн өглөө эрт судраас суралцахыг хичээдэг байсан. Гэвч нэг хүү маань үргэлж дургүйцнэ, түүнийг аргадаж байж орноос нь босгох бидэнд хэцүү байв. Тэр ихэвчлэн арайхийж ирснийхээ дараа шууд л ширээн дээр толгойгоо тавиад хэвтчихдэг байлаа. Олон жилийн дараа тэр номлолд үйлчилж байхдаа гэртээ илгээсэн нэг захидалдаа ‘Надад судруудыг зааж байсан танд баярлалаа. Би унтаж байгаа мэт аашилж байхдаа үнэндээ нүдээ аниад сонсдог байсныг минь мэдээсэй гэж хүсэж байна’ гэж бичсэн байсан” хэмээн хэлжээ (Conference Report, Apr. 1996, 109 эсвэл Ensign, May 1996, 79).
Гэр бүлийн үдэш нь дэлхийн нөлөөний эсрэг өөрсдийгөө хүчирхэгжүүлэхэд гэр бүлүүдэд тусалдаг.
1915 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит болон Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд “Гэр бүлийн үдшийг” тогтмол явуулж эхлэхийг эцэг эхчүүдэд зааварлажээ. Энэ нь сайн мэдээний зарчмуудыг гэр бүлдээ заах эцэг эхчүүдийн цаг байх ёстой байлаа. Тэргүүн Зөвлөл “Хэрэв гэгээнтнүүд энэ зөвлөгөөг дуулгавартай дагавал үр дүнд нь агуу адислалууд ирэх болно гэдгийг бид амлаж байна. Гэр орон дахь хайр, эцэг эхдээ дуулгавартай байх явдал өсөн нэмэгдэх болно. Израилын өсвөр үеийнхний зүрх сэтгэлд итгэл төрөх болно мөн тэд өөрсдийг нь хүрээлэх муу нөлөө, уруу таталттай тэмцэх хүчийг олж авах болно” хэмээн бичсэн (James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–1975], 4:339).
Ерөнхийлөгч Смитийн зөвлөгөөг эцэг эх нь хэрхэн дагадаг байсан тухай ерөнхийлөгч Гордон Б.Хинкли өгүүлэхдээ:
“1915 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит гэр бүлийн үдэш хийхийг Сүмийн хүмүүсээс хүссэн юм. Аав маань үүнийг хийх болно гэж хэлсэн ба бид ээжийн төгөлдөр хуур байдаг зочны өрөөг галлан, Сүмийн ерөнхийлөгчийн хүссэн зүйлийг хийдэг байв.
Хүүхэд байхдаа бид тийм ч сайн дуулж, бүжиглэдэггүй байлаа. Бид тоглохдоо янз бүрийн зүйлийг хамтдаа хийдэг байсан ч бидний хэн нэг нь бусдынхаа өмнө гарч ирэн ганцаараа дуулах гэж оролдох нь гал тогооны пийшин дээр тавьсан мөхөөлдсийг хайлахгүй бай гэж гуйхтай адилхан юм болдог байв. Эхлээд бид инээлдэж, бие биенийхээ үзүүлбэрийн талаар эгдүүцсэн зүйлээ хэлдэг байв. Гэвч эцэг эх маань бууж өгсөнгүй. Бид хамтдаа дуулдаг байлаа. Бид хамтдаа залбирдаг байв. Ээжийг Библийн болон Мормоны Номын түүхийг уншихад нь бид нам гүм сонсдог байлаа. Аав маань дурсамж болж үлдсэн олон түүхээ ярьдаг байв. …
Манай хуучин гэрийн зочны өрөөнд болдог байсан эдгээр энгийн жижигхэн цуглаанаас дүрслэхийн аргагүй, гайхамшигтай зүйл урган гарсан юм. Эцэг эхээ хайрлах бидний хайр бэхэжсэн. Ах, эгч дүүсээ хайрлах бидний хайр өргөжин тэлсэн. Их Эзэнийг хайрлах бидний хайр өсөн нэмэгдсэн юм. Энгийн сайн сайхан зүйлд талархах талархал зүрх сэтгэлд маань өсөн нэмэгдсэн. Эцэг эх маань Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөгөөг дагаснаар эдгээр гайхамшигтай зүйл бидэнд ирсэн. Үүнээс би гайхамшигтай, агуу сайхан зүйлийг мэдэж авч билээ” хэмээн хэлсэн (Teachings of Gordon B. Hinckley [1997], 211–212).
Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитээс хойш сонгогдсон ерөнхийлөгч бүр гэр бүлийн үдшийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсээр ирсэн. Өнөө үед Тэргүүн Зөвлөл гэр бүлийн үдшийг даваа гараг бүрийн орой хийж байхыг гэр бүлүүдэд зөвлөсөн.
Гэр бүлийн үдэшт гэр бүлийн залбирал болон эцэг эх, хүүхдүүдийн аль нэг нь зааж болох хичээл үргэлж орсон байх ёстойг онцлон хэл. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ хичээлээ бэлтгэх болон заахад нь тусалж болно.
Сүмийн зүгээс гэр бүлийн үдшээ амжилттай явуулахад туслах материалуудыг гэр бүлүүдэд зориулан хэвлэн гаргасныг тайлбарла. Сүмээс хэвлэн гаргасан, ангид авчирсан материалуудаа үзүүл (“Бэлтгэл,” 3-р зүйлийг үзнэ үү). Эцэг эхчүүдэд зориулсан үнэ цэнтэй хэрэгсэл болох Family Home Evening Resource Book нэртэй номд онцгой анхаарал хандуул. Энэ ном нь гэр бүлийн үдшээ төлөвлөж, хөтлөн явуулахад туслах зорилготой, гэр бүлд зориулсан үндсэн эх сурвалж юм. Үүнд хичээл болон үйл ажиллагаанд зориулсан санаанууд орсон байгаа.
-
Гэр бүлүүд залбирал, хичээл зэргээс гадна өөр ямар ямар үйл ажиллагааг гэр бүлийн үдэштээ оруулж болох вэ? (Тоглоом тоглох, судар унших, сүмийн дуулал эсвэл дуу дуулах, гэр бүлийн зөвлөгөөн хийх, амттан идэх зэрэг хариултууд байж болно.)
-
Эцэг эхчүүд гэр бүлийн үдшийг хэрхэн гэр бүлийнхээ хэрэгцээнд тааруулан ашиглаж болох вэ? (Оролцогчдын санааг асуухаас гадна дараах жишээнүүдийг хуваалц.)
Нэгэн аав хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн ярилцах замаар гэр бүлийн хичээлээ боловсруулан бэлддэг байжээ. Тэр хүүхдүүдтэйгээ ярилцахдаа ихэвчлэн “Сургуулийнх нь эрэгтэй хүүхдүүд охидын талаар юу гэж ярьдаг вэ?” эсвэл “Хэн нэгэн нь хууль бус мансууруулах бодисын талаар ярьж байна уу?” гэх мэт анхаарал хандуулбал зохих тодорхой асуултыг тавьдаг байв. Хүүхдүүдийн өгдөг хариулт тэдэнд юуны тухай суралцаж мөн ярилцах хэрэгтэйг түүнд олж мэдэхэд тусалдаг байжээ. Тэр дараа нь эхнэртэйгээ хамт сууж, тэдгээр хэрэгцээн дээр тулгуурласан хичээлүүдийг төлөвлөдөг байлаа. Хүүхдүүд ч өөрсдийн санааг дуртайяа хуваалцаж, бодит амьдрал дээр тулгардаг асуудлуудад бэлтгэгдсэн байдаг байв.
-
Гэр бүлийн гишүүн бүрийг гэр бүлийн үдэшт оролцоход урамшуулахын тулд эцэг эхчүүд юу хийж болох вэ?
-
Гэр бүлийн үдшийг хийсний үр дүнд танай гэр бүл ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Дүгнэлт
Өдөр бүр гэр бүлээрээ залбирах, судраас суралцах мөн долоо хоног тутам гэр бүлийн үдэш хийх нь гэр бүлийн гишүүдийн харилцааг бэхжүүлэн, гэрчлэлийг нь хүчирхэгжүүлж, амьдралын саад бэрхшээлийг даван гарахад бэлтгэдэг гэдгийг онцлон хэл.
Сүнсний өдөөлтийн дагуу гэр бүлээ хайрладаг хайраа илэрхийлж, энэ хичээлийн туршид мөн цуврал хичээлийн үеэр авч ярилцсан үнэнүүдийг гэрчил.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 68–72-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн “Гэр бүлийн залбирлын адислалууд,” ахлагч Л.Том Пэрригийн “Би заалгасан учраас” өгүүллүүдийг уншиж, энэ хичээлийн сургаал, зарчмуудыг нэгтгэн дүгнэхэд урамшуул. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.
Нэмэлт эх сурвалж
Амралт, чөлөөт цагаар ашиг тустай үйл ажиллагаанд гэр бүлээрээ оролцох
Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдэш хийх зэргээс гадна амралт, чөлөөт цагаар ашиг тустай үйл ажиллагаа хийх нь гэр бүлийн хоорондын хайр, эв нэгдлийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд тусалдгийг тайлбарла. Ийм үйл ажиллагаанд гэр бүлээрээ хамт оролцох цаг хугацааг эцэг эхчүүд төлөвлөх хэрэгтэй. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Гэр бүлийн амралт, аялал, зугаалгыг уламжлал болгон хэвшүүл. Хүүхдүүд тань эдгээр дурсамжийг хэзээ ч мартахгүй” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1987, 63; эсвэл Ensign, Nov. 1987, 51).
-
Амралтын үйл ажиллагаанд гэр бүлээрээ оролцох нь ямар ашигтай вэ?
Ярилцлага өрнүүлэхийн тулд дараах зөвлөмжүүдийг эсвэл өөрийн санааг хуваалцахыг бод. Тухайлбал:
-
Үйл ажиллагаанд хамтдаа оролцдог гэр бүлийн гишүүд илүү их хайр, эв нэгдлийг хөгжүүлдэг.
-
Тэд хамтдаа хөгжилтэй байж, амьдралынхаа туршид үргэлжлэх харилцааг төлөвшүүлэх болно.
-
Хүүхдүүд эцэг эхтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, тэдний зөвлөгөөг сонсож, дагах илүү их хүсэлтэй болдог.
-
-
Хүүхэд ахуй насны үйл ажиллагаануудаас тань ямар ямар дурсамж үлдсэн байдаг вэ? Эдгээр үйл ажиллагаа ямар байдлаар таны амьдралд нөлөөлсөн бэ?
Бага зардлаар эсвэл зардал гаргалгүйгээр хөгжилтэй, сонирхолтой, дурсгалтай гэр бүлийн үйл ажиллагаа зохион байгуулж болох санаагаа хуваалцахад оролцогчдыг урь.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн Б хэсгийн тойм
Энэ хичээлээр гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн Б хэсгийг өндөрлөж байна. Хэрэв та энэ цуврал хичээлийг бүхэлд нь зааж байгаа бол дараах дасгалыг ашиглахыг бод. Үүнд:
Оролцогч бүрд цаас, харандаа эсвэл бал өг. Энэ цуврал хичээлийн 9–16-р хичээлээс санаж байгаа сургаал, зарчмуудаа гурван минутад багтаан жагсааж бичихийг оролцогчдоос хүс. Өөрсдийнх нь хувьд хамгийн их утга учиртай сургаал, зарчмуудын доогуур зурахыг тэднээс хүс. Доогуур нь зурсан зарим зүйлээ ярихад бэлэн байхад тэднийг урамшуулан дэмж. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол энэ гарын авлагын v–vii хуудсан дээрх агуулгын хүснэгтийг эсвэл Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын vii–viii хуудсан дээрх хичээлийн гарчгийг ашиглаж болно.
Гурван минутын дараа жагсаалтаасаа нэг зүйл уншаад, энэ нь яагаад учир утгатай болохыг тайлбарлахыг оролцогч бүрээс хүс. Оролцогчдын ойлголтыг самбарт хураангуйлж бичээд, өгсөн тайлбар бүр ач холбогдолтой болохыг хэл. Дараа нь өөрийнхөө ойлголтыг хуваалц. Цаг гарвал энэ дасгалыг давтан хий.
Заасан хүмүүстээ энэ цуврал хичээлд оролцсонд нь талархаж, цуврал хичээлийн туршид авч ярилцсан сургаал, зарчмуудынхаа дагуу үргэлжлүүлэн амьдрахад тэднийг урамшуул. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг гэр бүлийн гишүүдтэйгээ хамт үе үе уншиж, гэр орондоо зөвлөгөөг нь дагахад тэднийг урамшуулан дэмж.