Гэр бүлд зориулсан эх сурвалж
8-р хичээл: Гэр бүлийн санхүүгээ зохицуулах


“8-р хичээл: Гэр бүлийн санхүүгээ зохицуулах,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 35–40

“8-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 35–40

8-р хичээл

Гэр бүлийн санхүүгээ зохицуулах

Зорилго

Гэр орондоо санхүүгийн зөв зохицуулалтыг баримтлахад нь оролцогчдод туслах явдал юм.

Бэлтгэл

  1. “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг бодож үзээрэй.

  2. Хичээлийн тодоор бичсэн гарчгуудыг унш. Эдгээр гарчиг нь энэ хичээлийн сургаал, зарчмуудын талаарх тоймыг өгдөг. Үүнээс гадна Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 28–31-р хуудсан дээрх ерөнхийлөгч Н.Элдон Таннэрын “Өөрчлөлтийн дунд тогтвортой байх нь” өгүүллийг анхааралтай судал. Энэ өгүүлэл дэх зарчмууд дээр энэ хичээл төвлөрнө. Хичээлээ бэлтгэх явцдаа эдгээр зарчмыг долоо хоногийн турш тунгаан бод. Оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийл.

  3. Оролцогчдод Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлагаа ангидаа авчрахыг сануул. Тэдэнд хичээлийн үеэр ерөнхийлөгч Таннэрын өгүүллийг унших хэрэг гарна.

  4. One for the Money: Guide to Family Finance (33293) гэсэн товхимол байгаа бол уншиж танилц. Үүнийг хичээлийн нэгэн хэсэг болгон ашиглахыг бод.

  5. Хэрэв та 39–40-р хуудсанд байгаа нэмэлт материалуудыг ашиглах бол ангидаа оролцогч бүрд зориулж цаас, харандаа эсвэл үзэг зэргийг авчир.

Хичээл заах зөвлөмж

Аз жаргалтай гэрлэлтэд мөнгө санхүүгийн зөв зохицуулалт амин чухал байдаг.

Гэрлэсэн хосыг ангийн өмнө гарч ирэхэд урь (хэнийг урих нь зүйтэйг сайн бодож үз). Яльгүй жижиг зүйл гэрлэлтийг хэрхэн хүчирхэгжүүлдэг эсвэл ноцтой асуудалд хүргэж болдгийг харуулах гэж байгаагаа тэдэнд тайлбарла. Тэгээд мөнгө өргөж харуул.

Мөнгийг ангийн өмнө дуудаж гаргасан хүмүүсийнхээ нэгэнд өг.

  • Зөвхөн эхнэр эсвэл нөхөр нь гэр бүлийнхээ санхүүг хянадаг бол энэ нь гэрлэлтийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Оролцогчдыг энэ асуудлыг ярилцсаны дараа мөнгийг буцааж ав.

  • Гэр бүлийн санхүүг хэн нэгэн нь хянадаггүй эсвэл өндөр хүүтэй зээл гэр бүлийнх нь санхүүг хязгаарладаг бол гэрлэлтийн харилцаанд нь хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ асуултыг ярилцсаны дараа мөнгийг буцааж өг. Нөхрийнх нь гарт мөнгийг бариулж, нөхрийнхөө гаран дээр гараа тавихыг эхнэрээс нь хүс. Мөнгөний зохицуулалт бол хайр дээр суурилсан гэрлэлтийн харилцааны хамгийн чухал зүйл биш гэдгийг тайлбарла. Гэвч эхнэр, нөхөр хоёр санхүүгээ хамтдаа зохицуулан ажиллах юм бол гэр орноо дэг журамд оруулах чухал хүч чармайлтдаа нэгдмэл байх болно. Тэд бас хүнд саад бэрхшээлээс урьдчилан сэргийлдэг. Санхүүгийн нөөц бололцоог гэр бүлийн ашиг сонирхолд нийцүүлэхгүй, хяналтгүй зарцуулснаас болж гэрлэлтэд хамгийн ноцтой зарим асуудал үүсдэг.

  • Эхнэр, нөхөр хоёр санхүүгээ хамтдаа зохицуулах тохиолдолд гэрлэлт ямар байдлаар бэхэждэг вэ?

Эхнэр, нөхөр хоёр мөнгөний зохицуулалтын үндсэн зарчмыг баримтлахын тулд хамтран ажиллах хэрэгтэй.

Оролцогчдоос Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 28–31-р хуудсыг гаргахыг хүс. Тэднийг “Өөрчлөлтийн дунд тогтвортой байх нь” нэртэй өгүүллийг гүйлгэн уншиж, ерөнхийлөгч Н.Элдон Таннэрын “эдийн засгийн тогтвортой байдлын таван зарчмыг” олоход урь. Оролцогчдыг зарчмуудыг олсны дараа, тэдгээрийг самбарт жагсаан бич.

Аравны нэгээ шударгаар төлөх

Олж байгаагаасаа багыг зарцуулж амьдрах

Хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгаж сурах

Төсөв боловсруулж, үүндээ багтааж амьдрах

Санхүүгийн бүх ажил хэрэгт үнэнч шударга байх

Та бүх таван зарчмыг самбарт жагсаан бичсэнийхээ дараа тэдгээрийн талаар ярилцахдаа дараах материалыг ашигла. Үүнд:

Аравны нэгээ шударгаар төл.

Ерөнхийлөгч Таннэрын дараах мэдэгдлийг нэг оролцогчийг уншихад урь (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 29-р хуудас).

“Аравны нэгийг төлөх нь зарлиг буюу амлалт бүхий зарлиг юм. Хэрэв бид энэ зарлигийг дуулгавартай дагах юм бол ‘эх нутагтаа цэцэглэн хөгжинө’ гэсэн амлалтыг бидэнд өгсөн. Энэхүү цэцэглэн хөгжилтөд эд материалаас гадна сайн эрүүл мэнд, саруул ухаан орж болно. Энд мөн гэр бүлийн эв нэгдэл, сүнслэг байдлын өсөлт хөгжил багтдаг. Та нарын дунд аравны нэгээ бүрэн төлдөггүй хүн байвал төлөхийн тулд итгэл, хүч чадлыг эрэлхийлнэ байх хэмээн найдаж байна. Та нар Бий болгогчийнхоо өмнө энэ үүргээ биелүүлэх юм бол зөвхөн энэ зарлигт итгэлтэй байсан хүмүүсийн хүртэх тэрхүү асар их, агуу аз жаргалыг олох болно” (Conference Report, Oct. 1979, 119 эсвэл Ensign, Nov. 1979, 81).

  • Аравны нэгээ төлөх нь танай гэр бүлийг эсвэл таны таньдаг хүмүүсийг хэрхэн адисалсан бэ?

Олж байгаагаасаа багыг зарцуул.

Ерөнхийлөгч Таннэрын дараах мэдэгдлийг уншихыг нэг оролцогчоос хүс (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 29-р хуудас).

“Та өөрийн зарцуулж болохоос илүү их орлого олох боломжгүй гэдгийг би олж мэдсэн юм. Хувь хүний олсон орлогын хэр хэмжээ биш, харин мөнгөндөө хяналт тавих чадвар сэтгэл санааны амар амгаланг авчирдаг гэдэгт би итгэдэг. Мөнгө дуулгавартай үйлчлэгч байж болох ч яхир хэцүү даамал ч байж болно. Бага ч гэсэн мөнгө үлдээх байдлаар амьдралын жишгээ тогтоож чадсан хүмүүс нөхцөл байдлаа өөрсдөө хянадаг. Олж байгаагаасаа бага ч гэсэн илүү гарган зарцуулдаг хүмүүсийг нөхцөл байдал нь хянадаг. Тэд боолчлолд ордог. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант нэгэн удаа “Хүмүүний зүрх сэтгэл болоод гэр бүлд амар амгалан, сэтгэл хангалуун байдлыг авчрах ганц зүйл байдаг бол тэр нь орлогынхоо хэмжээнд багтааж амьдрах явдал юм. Харин зовоож, урам хугалж, сэтгэлийн гутралд оруулдаг ганц зүйл байдаг бол тэр нь төлж чадахгүй өр зээл, төлбөртэй байх явдал юм” хэмээн хэлсэн (Gospel Standards, sel. G. Homer Durham [1941], 111).

“Орлогоосоо багыг зарцуулахын гол түлхүүр бол маш амархан. Үүнийг сахилга бат гэж нэрлэдэг. Бид амьдралдаа эрт, орой сурсан байхаас үл хамааран хэзээ нэгэн цагт өөрсдийн дур зорго, эдийн засгийн хүслийг сахилгажуулж зайлшгүй сурах шаардлагатай болдог. Орлогоосоо бага зарцуулж суран, хүнд цагт зориулж цааш нь мөнгө хийж хадгалдаг хүн хэчнээн их адислагдах билээ” (Conference Report, Oct. 1979, 119 эсвэл Ensign, Nov. 1979, 81-ийг үзнэ үү).

Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг хуваалцахыг бод.

“Бид амьдрал ахуйдаа дүгнэлт хийн өөрчлөлт гаргах цаг болжээ.

Манай олон хүн цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Зарим хүн бүр зээлээр амьдарч байна. …

Улс орны маань, түүний дотор манай хүмүүсийг нөмөрч буй хэрэглээний асар том зээлийн өрөнд миний санаа ихэд зовдог. …

Би та нараас … санхүүгийнхээ нөхцөл байдлаа хянаж үзэхийг хичээнгүйлэн гуйж байна. Би та бүхнийг мөнгөө зөв зохистой зарцуулж, өр тавихаас зайлсхийхийн тулд аливаа зүйлсийг худалдан авахдаа хариуцлагатай хандахад уриалж байна. Өрөө чадах чинээгээрээ хурдан төлж дуусган, боолчлолоос өөрсдийгөө чөлөөл” (Conference Report, Oct. 1998; 70, 72 эсвэл Ensign, Nov. 1998, 53–54).

  • Өр ямар талаараа боолчлол байдаг вэ?

  • Ямар дадал хэвшил өрнөөс гарахад эсвэл өрөнд орохоос зайлсхийхэд танд тусалсан бэ? Орлогынхоо багахан хэсгийг цааш хийн хадгалах боломжтой болохын тулд та нар юу хийсэн бэ?

Хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгаж сур.

Ерөнхийлөгч Таннэрын дараах мэдэгдлийг нэг оролцогчоор уншуул (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 30-р хуудас).

“Хэтрүүлэн ашиглах, мөнгөө муу зохицуулах зэрэг нь гэрлэлтийн харилцаанд хурцадмал байдлыг үүсгэдэг. Гэрлэлтийн ихэнх асуудал эдийн засгийн үндэслэлтэй буюу нэг бол гэр бүлээ тэтгэх хангалттай орлогогүйгээс эсвэл олсон орлогоо буруу зарцуулдгаас үүдэлтэй байдаг бололтой” (Conference Report, Oct. 1979, 119–20 эсвэл Ensign, Nov. 1979, 81).

  • Хэрэгцээ, хүсэл хоёрыг хооронд нь ялгахын тулд бид юу хийж болох вэ? Яагаад үүнийг эхнэр, нөхөр хоёр хамтдаа хийх нь чухал вэ?

Төсөв боловсруулж, үүндээ багтааж амьдар.

Тэдний нөөц боломж ямар байхаас үл хамааран гэрлэсэн хос бүр хамтдаа гэр бүлийн төсвөө боловсруулж гаргах ёстойг тайлбарла. Төсөв бол тодорхой хугацаанд орлого, зарлагаа төлөвлөн гаргасан тооцоо юм. Энэ нь зарлагаа орлогоосоо хэтрүүлэхгүй байлгахад гэр бүлд тусалдаг. Гэрлэсэн хосууд өөрсдийн хэрэгцээ, хүсэл, санхүүгийн зорилгыг тодорхойлохдоо төсвөө хэлэлцэх хэрэгтэй. Жишээ нь, дараагийн хоёр долоо хоногийн орлогоо тооцсоныхоо дараа аравны нэг болон Сүмийн бусад өргөл, хадгаламж, хоол хүнс, байрны зээл, түрээсийн төлбөр гэх мэт ангилалд хэчнээн мөнгө зарцуулахаа гэрлэсэн хос тооцон тогтоож болно. Хоёр долоо хоногийн туршид тэд бүх орлого зарлагаа бүртгэнэ. Тэд том хэмжээний зүйл худалдаж авахдаа эсвэл гаргасан төсөвт нь нөлөөлөх бусад зүйлийг хийхийнхээ өмнө хамтдаа зөвлөлдвөл зохино. Хоёр долоо хоногийн дараа тэд бодит орлого зарлагаа анхны төлөвлөгөөтэйгөө харьцуулна.

Төсөв хэрхэн боловсруулахыг оролцогчдод ойлгуулан туслахын тулд тэднийг Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 32-р хуудсан дээрх төсвийн жишээг нээхэд урь.

Зураг
Төсөв

Нэг оролцогчийг ерөнхийлөгч Таннэрын дараах мэдэгдлийг уншихад урь (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлагын 31-р хуудас).

“Олон жилийн туршид, олон ч хүнтэй хийсэн ярилцлагаасаа ажиглахад ихэнх хүнд бодит сайн төсөв байдаггүй, байгаа нэг нь төсөвт тусгасан зүйлээ дагаж сураагүй байдгийг мэдсэн юм. Төсөв эрх чөлөөг нь боогдуулдаг гэж олон хүн боддог. Харин ч үүний эсрэгээр, төсөв нь эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй болгодог гэдгийг амжилтад хүрсэн хүмүүс ухаарсан байдаг” (Conference Report, Oct. 1979, 121 эсвэл Ensign, Nov. 1979, 82).

Санхүүгийн бүх ажил хэрэгт үнэнч шударга бай.

Нэг оролцогчоос ерөнхийлөгч Таннэрын дараах мэдэгдлийг уншихыг хүс (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 31-р хуудас).

“Шударга зарчимч байх гэсэн ойлголт хэзээ ч арилж үгүй болохгүй. Энэ нь бидний хийдэг бүх зүйлд хамаатай. Бид Сүмийн удирдагч, гишүүний хувьд шударга зарчимч байдлын загвар байх ёстой” (Conference Report, Oct. 1979, 121; эсвэл Ensign, Nov. 1979, 82).

  • Үнэнч шударга зан чанар яагаад бидний бүх санхүүгийн ажил хэргийн нэгэн чухал хэсэг байдаг вэ? Эхнэр, нөхөр хоёр хоорондоо үнэнч шударга байх нь гэр бүлийн санхүүд яагаад нэн чухал вэ?

Дүгнэлт

Эхнэр, нөхөр хоёр санхүүгээ зохицуулахын тулд хамтран ажиллах ёстойг онцлон хэл. Хичээлийн үеэр ярилцсан зарчмуудаа хэр сайн дагадгийг нь оролцогчдоос асуу. Мөнгөний зохицуулалтаа сайжруулах төлөвлөгөө гаргахад тэднийг урь.

Сүнсний удирдамжийн дагуу хичээлийн үеэр ярьсан үнэнүүдийн талаар гэрчил.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 28–32-р хуудсыг нээ. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ерөнхийлөгч Н.Элдон Таннэрын “Өөрчлөлт дэх тогтвортой байдал” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахыг урамшуулан дэмж. Гарын авлагын өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ач тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.

Нэмэлт эх сурвалж

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн А хэсгийн хичээлийн тойм

Энэ хичээлээр Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн А хэсгийг өндөрлөж байна. Хэрэв та энэ цуврал хичээлийг бүхэлд нь зааж байгаа бол дараах дасгалыг ашиглахыг бод. Үүнд:

Оролцогч бүрд хуудас цаас, харандаа эсвэл бал өг. Энэ цуврал хичээлийн эхний найман хичээлээс санаж байгаа сургаал, зарчмуудаа гурван минутад багтааж бичихийг оролцогчдоос хүс. Өөрсдийнх нь хувьд хамгийн утга учиртай сургаал, зарчмуудынхаа доогуур зурахыг тэднээс хүс. Доогуур нь зурсан зарим зүйлийнхээ тухай ярихад бэлэн байхыг урамшуулан дэмж. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол энэ гарын авлагын v–vii хуудсан дээрх агуулгын хүснэгт-ийг эсвэл Гэрлэлт ба Гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын v–vi хуудсан дээрх хичээлийн агуулгыг ашиглаж болно.

Гурван минутын дараа жагсаалтаасаа нэг зүйлийг уншаад, энэ нь яагаад утга учиртай болохыг тайлбарлахыг оролцогч бүрээс хүс. Оролцогчдын ойлголтыг самбарт хураангуйлж бичээд, өгсөн тайлбар бүр ач холбогдолтой болохыг хэл. Дараа нь өөрийнхөө ойлголтыг хуваалц. Цаг гарвал энэ дасгалыг давтан хий.

Энэ цуврал хичээлийн эхний хэсэгт оролцсонд зааж байгаа хүмүүстээ таларх. Цуврал хичээлийн хоёрдугаар хэсэг нь эцэг эхчүүд гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлж, үүрэг хариуцлагаасаа баяр баясгаланг олж болох тухай найман хичээлээс бүрдэхийг тайлбарла. Ангидаа үргэлжлүүлэн суухад бүх оролцогчийг урь.

Хэвлэх