“11-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (2-р хэсэг: Эхийн үүрэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 54–57
“11-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага, 54–57
11-р хичээл
Эцэг эхийн ариун үүрэг
2-р хэсэг: Эхийн үүрэг
Зорилго
Эх хүн үүргээ хэрхэн биелүүлэхийг мөн эцэг, эх хоёр тэгш эрхт хамтрагчдын хувьд бие биедээ хэрхэн тусалж дэмжиж болохыг ойлгоход оролцогчдод туслах юм.
Бэлтгэл
-
“Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” (энэ гарын авлагын ix–xi хуудас) хэсгийн зарчмуудыг үз. Заахаар бэлтгэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.
-
Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон харуулах тодоор бичсэн гарчгуудыг унш. Хичээлдээ бэлтгэх явцад, оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод.
-
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлагаа ангидаа авчрахыг оролцогчдод сануул.
Хичээл заах зөвлөмж
Эх хүн Бурханы ажилд гар бие оролцдог.
Хичээлээ танилцуулж байхдаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийн хэсгийг оролцогчидтой хамт унш (Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 44-р хуудас):
“Нэгэн залуу ээж гурван зүйлд санаа зовниж явдгаа саяхан надад бичсэн юм. Нэг дэх нь, тэр ХҮГ эхийн талаар хэлсэн үгийг сонсоод, энэ шалгаварт тэнцэхгүй эсвэл яагаад ч хийж чадахгүй юм байна гэж санаа зовнидог байв. Хоёр дахь нь, хүүхдүүд нь “гоо, гоо” гэх мэт энгийн үг хэлж сурахаас ч өмнө хүүхдүүддээ унших, бичих, байрны дотоод засал, латин хэл, тоолол, интернэт зэргийг заахыг дэлхийнхэн түүнээс шаардаж байгаа мэт түүнд санагдаж байжээ. Гурав дахь нь, бусдын түүнд өгсөн зөвлөгөө, тэр ч бүү хэл хэлсэн магтаалын үг Бурханы түүнээс болоосой хэмээн хүсдэг эх хүн болоход заримдаа шаардагддаг сэтгэл санааны хөрөнгө оруулалт, гаргадаг сүнслэг болон сэтгэлийн хүчин чармайлт, шөнөжин мөн өдөржин бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй гэдгийг огтхон ч тусгахгүй байгаа мэт санагдах тул хүмүүс заримдаа даажигнаж байгаа мэт түүнд санагддаг байв.
Гэвч нэг л зүйл түүнийг бууж өгөхгүй байхад тусалдаг гэж тэр хэлсэн юм. ‘Заримдаа уйлж, сайн муу юу ч тохиолдсон байлаа гэсэн би Бурханы ажлыг хийж байгаагаа сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг. Эх хүн болсноор би Түүнтэй мөнхөд түншилж байгаагаа мэддэг. Зарим хүүхэд нь Бурханыг уйлуулдаг ч Тэрээр эцэг хүн байхын эцсийн зорилго, утга учрыг олж хардагт нь миний сэтгэл гүнээ хөдөлдөг.
Дааж давшгүй гэж бодогдох тэр хүнд өдрүүдэд би ухааран ойлгосон зүйлээ эргэн санахыг хичээдэг’ гэж тэр хэлсэн юм. Чухамдаа бидний чадваргүй байдал, санаа зовнил биднийг Түүнд хандаж, Түүний бидэнд хариулах чадварыг өсгөн нэмэгдүүлдэг байж болох юм. ‘Тэр биднийг санаа зовниж, Өөрөөс нь тусламж гуйгаасай хэмээн нууцаар хүсдэг байх. Тэгвэл Тэрээр ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр биднээр дамжуулан хүүхдүүддээ шууд зааж чадна гэдэгт би итгэдэг. Энэ санаа надад таалагддаг’ гээд ‘Энэ нь надад итгэл найдвар төрүүлдэг. Хэрэв би Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө зөв байж чадах юм бол хүүхдүүдэд маань зориулсан Түүний удирдамж саадгүй очих биз. Зөвхөн тэр үед л энэ нь Түүний ажил хийгээд Түүний алдар суу шууд болох буй заа’” (Conference Report, Apr. 1997, 47; эсвэл Ensign, May 1997, 36).
Эх хүн Бурханы ажилд хэрхэн гар бие оролцдог талаар санаа бодлоо хуваалцахад өөрийн заадаг хүмүүсийг урь.
Эхийн үндсэн үүрэг бол үр хүүхдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага дахь iv хуудсыг нээхийг оролцогчдоос хүс. Гэр бүлийн тунхгийн долоо дахь догол мөрөн дээрх “Эх хүний үндсэн үүрэг бол үр хүүхдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм” гэсэн мэдэгдэлд тэдний анхаарлыг хандуул.
-
Эх хүн ямар арга замаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг вэ? (Эхийн сайн нөлөөг харуулсан туршлагуудаасаа хуваалцахад оролцогчдыг урь. Дараа нь доорх мэдэгдлүүдийг хуваалц.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт “Их Эзэнээр удирдуулсан эх хүний хувьд танд нягт нямбай заавар, зохистой үлгэр жишээ зэргээр дамжуулан хүүхдүүдийнхээ зан төлөвийг бүрдүүлдэг материалыг нэхэж төлөвшүүлдэг билээ. Та шударга ёс, Бурханд итгэх итгэл, үүрэг хариуцлага, бусдыг хүндэтгэх, нинжин сэтгэл, өөртөө итгэх итгэл гэх зэрэг зан чанараас гадна хувь нэмэр оруулах, суралцах, өгөх хүслийг танд бүрэн итгэдэг хүүхдүүдийнхээ оюун санаа, зүрх сэтгэлд суулгаж өгдөг. Ямар ч өдөр өнжүүлэх төв үүнийг хийж чадахгүй. Энэ бол ариун эрх, онцгой үүрэг юм” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1996, 102; эсвэл Ensign, Nov. 1996, 74).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр “Юуг ч зааж сургасан бай, энэ нь эх хүний хүүхдүүддээ зааж сургадагтай энэ тэнцэхуйц, сүнслэг байдлын хувьд илүү үр бүтээмжтэй эсвэл өргөмжлөлд хүргэхүйц байдаггүй” болохыг ажиглажээ (“Teach the Children,” Ensign, Feb. 2000, 16).
Эх хүн үр хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлж болох талаар өөр олон санааг хуваалцахын тулд оролцогчдоор Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 45–47-р хуудсыг гаргуул. Эх хүн хүүхдүүдтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд юу хийж болох тухай ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны өгсөн 10 зөвлөгөөг хайж олохыг тэднээс хүс. Оролцогчдыг эдгээр зөвлөгөөг олсны дараа, доор харуулсанчлан тэдгээрийг самбарт жагсааж бич. Үүнд: Доорх зөвлөгөө тус бүрийг дагахын ашиг тусыг ярилц.
Эх хүн ажилд орохын оронд хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байхын ач холбогдлыг хожмын үеийн бошиглогчид цохон тэмдэглэсэн байдгийг онцлон хэл. Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг хуваалцана уу.
“Гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын төлөө ажиллахаас өөр аргагүй болсон зарим эмэгтэй (үнэндээ бол тэдний тоо маш их) байдаг. Та нарт хандан хэлэхэд, чадах бүхнээ хамгийн сайнаараа хий. Хэрэв та нар бүрэн цагийн ажилтай бол үүнийг дээд зэрэглэлийн орон байр, гоё ганган машин, бусад тансаг эд зүйлсэд умбахын тулд бус, харин үндсэн хэрэгцээгээ хангахын тулд хийдэг гэдэгт би найдаж байна. Ямар ч эх хүний хийж чадах хамгийн агуу ажил үеийн үед хүүхдүүдээ зөв шударга ёс хийгээд үнэнд өсгөн хүмүүжүүлж, зааж сурган, өргөн дэмжиж, урам зориг хайрлах явдал байх болно. Өөр хэн ч эх хүнийг зохих ёсоор орлож чадахгүй” хэмээн хэлжээ (Conference Report, Oct. 1996, 93; эсвэл Ensign, Nov. 1996, 69).
-
Энэ зөвлөгөөг дагахын тулд гэр бүлүүд ямар золиос гаргаж болох вэ?
Хичээлийн энэ хэсгийн төгсгөлд дараах мэдэгдлүүдээс нэгийг эсвэл хоёуланг хуваалцана уу.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа: “Газар бүрийн эхчүүд та нарт дуудлага тань эрхэм ариун болохыг би сануулж байна. Хэн ч та нарыг бүрэн орлож чадахгүй. Дэлхийд та нарын авчирсан хүүхдүүдийг хайраар, амар амгалангаар, түүнчлэн зарчимч шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэхээс илүү агуу, илүү хариуцлагатай үүрэг гэж үгүй” хэмээн хэлсэн (Conference Report, Oct. 1993, 79; эсвэл Ensign, Nov. 1993, 60).
Эхчүүдэд хандаж ахлагч Жэффри Р.Холланд: “Хүмүүний бүх гэр бүлийн эх, ‘хүмүүн [эмэгтэйчүүд] баясгалантай байж болохын тулд’ [2 Нифай 2:25] мөн баяр хөөртэй байж болохын тулд Адам тэр хоёр унах ёстой байсныг ойлгосон Евагийн үлдээсэн агуу уламжлал та нарынх юм. Сара, Ребека, Рахелын үлдээсэн агуу уламжлал та нарынх юм. Тэдэнгүйгээр Абрахамд болон Исаакт, түүнчлэн Иаковт өгөгдсөн биднийг адисалдаг патриархын гайхамшигт амлалтууд байхгүй байх байсан. Лой, Юник хоёрын [2 Тимот 1:5-ыг үзнэ үү] мөн 2000 залуу дайчны эхчүүдийн үлдээсэн агуу уламжлал та нарынх юм. Энэ дэлхий үүсэхээс өмнө сонгогдон, урьдчилан томилогдож, Бурханы Хүүг хэвлийдээ олж, тээн, төрүүлсэн Мариагийн үлдээсэн агуу өв та нарынх юм. Би та бүгдэд, түүний дотор эхчүүддээ талархал илэрхийлж; Өөрийн охид хөвгүүдэд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах, тэнгэр дэх селестиел хаант улсад ирж үхэшгүй байдал болон мөнх амьдралыг хүртээх боломж олгох Бурханы ажил хийгээд алдар сууд ийнхүү шууд оролцохоос илүү чухал зүйл гэж үгүй гэдгийг хэлэх гэсэн юм” гэжээ (Conference Report, Apr. 1997, 48; эсвэл Ensign, May 1997, 36; Marriage and Family Relations Participant’s Study Guide-ын 44–45-р хуудсыг мөн үзнэ үү ).
Эцэг эх хоёр тэгш эрхтэй хамтрагчийн хувиар бие биедээ туслах ёстой.
Тэмдэглэл: Хэрэв энэ хичээлийг дангаар нь зааж байгаа бөгөөд 10-р хичээлийг заагаагүй бол энэ хэсгийг энэ гарын авлагын 49-р хуудсан дахь ерөнхийлөгч Боид К.Пакэрын мэдэгдлээр эхлэхийг бод.
Гэр бүлийн тунхаг дахь “Энэхүү ариун нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” гэсэн мэдэгдэлд оролцогчдын анхаарлыг хандуул.
-
Эхнэр, нөхөр хоёр үүрэг хариуцлагадаа адил тэгш эрхтэй гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?
Эхнэр, нөхөр хоёр адил тэгш эрхтэй хамтрагчдын хувиар ажилласнаар хүчин чармайлтаа нэгтгэдгийг онцлон хэл. Тэд бие биеэ дэмжин тусалж, бие биеийнхээ хүч чадал, авьяас чадвар дээр тулгуурладаг. Гэрлэсэн хос бүр бие биеэ үүрэг хариуцлагад нь хэрхэн дэмжихээ шийдэхдээ Их Эзэний удирдамжийг хүлээн авч болно. Тэд бурханлагаар илчлэгдсэн зарчмууд болон хамтрагчийнхаа өвөрмөц давуу тал, чадварууд дээр тулгуурлан шийдвэрээ гаргаж болно.
-
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагад нь эхнэртээ дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд нөхөр нь юу хийж болох вэ?
-
Тэргүүлэн удирдаж, хэрэгцээг нь хангах үүрэг хариуцлагад нь нөхөртөө дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд эхнэр нь юу хийж болох вэ?
-
Хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, зааж сургах тал дээр бие биеэ үр дүнтэй дэмждэг эхнэр, нөхрүүдийн ямар ямар жишээг та харж байсан бэ?
Дүгнэлт
Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 64:33–34-ийг унш.
-
Энэ судар эцэг эхийн үүрэг хариуцлагатай хэрхэн холбогдож байна вэ?
Эцэг эхчүүд үнэхээр “агуу ажлын суурийг тавьж байгааг” онцлон хэл. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх өдөр тутмын ажил нь заримдаа өчүүхэн жижиг, ач холбогдол багатай мэт санагдаж болох ч “өчүүхэн жижиг зүйлсээс агуу зүйлс бий болдог.” Ариун үүргээ биелүүлэхийн тулд эцэг эхчүүд хамтран ажиллах юм бол гэр бүл нь Их Эзэнээс агуу адислалуудыг хүлээн авах болно.
Сүнсний өдөөлтийн дагуу энэ хичээл дээр ярилцсан үнэний талаарх итгэл үнэмшлээ хуваалц.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын 43–47-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” хэсгийн зөвлөмжүүдээс доод тал нь нэгийг дагаж, (2) Ахлагч Жэффри Р.Холландын “Тэр эх хүн учраас” мөн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “Израилын эхчүүдэд” өгүүллийг унших замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж. Гарын авлага дээрх өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ашиг тустай болохыг гэрлэсэн хосуудад онцлон хэл.