Гэр бүлд зориулсан эх сурвалж
1-р хичээл: ‘Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг’


“1-р хичээл: ‘Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг’” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага (2000), 3–8

“1-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Багшийн гарын авлага 3–8

1-р хичээл

“Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”

Зорилго

Гэр бүлийн мөнхийн ач холбогдлыг онцолж, Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн ашиг тусаас бүрэн хүртэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ олж мэдэхэд оролцогчдод туслах явдал юм.

Бэлтгэл

  1. “Багшийн хувьд таны хүлээсэн үүрэг” хэсгийн доорх зарчмуудыг хар (энэ гарын авлагын ix–xi хуудас). Заахаар бэлтгэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийл.

  2. Хичээлийн сургаал, зарчмуудыг тоймлон харуулах тодоор бичсэн гарчгуудыг унш. Хичээлдээ бэлтгэх явцдаа оролцогчдын хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг онцолж хэлэхээ шийдэхдээ Сүнсний удирдамжийг эрэлхийлж, долоо хоногийн турш эдгээр сургаал, зарчмыг тунгаан бод.

  3. Энэ гарын авлагын viii хуудсан дээрх мөн Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын iv хуудсан дээрх “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг залбирч судал.

  4. Оролцогч бүрд зориулж Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (36357)-ын нэг хувийг олж ав. Та тэдгээр хувийг Ням гаргийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн бичиг хэргийн ажилтан эсвэл материал хариуцуулахаар томилсон тойргийн туслах бичиг хэргийн ажилтнаас авч болно.

  5. Нэг эсвэл хоёр оролцогчоос ариун сүмд гэрлэхэд төрсөн сэтгэгдлээсээ товчхон хуваалцахаар бэлтгэхийг урьдаас хүс. Мөн та ханьтайгаа мөнхөд лацдан холбуулснаар энэ амьдралдаа хүлээн авдаг баяр баясгалан, адислалуудынхаа талаар ярихаар бэлтгэхийг тэднээс хүс. Энэ даалгаврыг хийж ирэхийг хэнээс хүсэхээ Сүнсний удирдамжийг эрэлхийлэн шийд.

  6. Хичээл эхлэхийн өмнө дараах эшлэлийг самбарт бич (Stand Ye in Holy Places-ээс [1974], 255).

    Та бидний хийх Их Эзэний хамгийн чухал ажил бол бидний гэрийн дѳрвѳн хананы дотор байх болно.

    Ерөнхийлөгч Харолд Б.Лий

    Сүмийн 11 дэх ерөнхийлөгч

Хичээл заах зөвлөмж

Хожмын үеийн бошиглогчид гэрлэлт ба гэр бүлийн мөнхийн ач холбогдлыг тунхагладаг.

Дараах болсон явдлыг хуваалц.

Гамшигт үерийн үеэр нэг хүн бүх зүйлээ алдсан мэт санагджээ. Тэр дэлхийн эд зүйлсээ алдсандаа биш, харин хайрт эхнэр, дөрвөн хүүхдээ олохгүй байгаадаа мэгшин уйлж байлаа. Тэд живсэн байх магадлал өндөр байв. Удалгүй тэд амьд бөгөөд ойролцоох түргэн тусламжийн байранд түүнийг хүлээж байгаа тухай мэдээ иржээ. Тэр гэр бүл дахин хамт байх болсон нь юутай жаргалтай мөч вэ! Тэднийг баярлалдан хөөрөх үед тэр эр “Би гэр бүлтэйгээ дахин учирлаа. Хэдийгээр дэлхий дээр минийх гэх эд хөрөнгө үлдээгүй ч саятан шиг мэдрэмж надад төрж байна” гэжээ (Robert L. Simpson, in Conference Report, Oct. 1980, 11–12; эсвэл Ensign, Nov. 1980, 11).

Гэрлэлт ба гэр бүлийн талаарх итгэл үнэмшлээ товчхон хуваалц. Шаардлагатай бол өөрийн гэр бүлийн талаар бодол санаагаа хуваалц. Дараа нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан Боид К.Пакэрын хэлсэн дараах мэдэгдлийг унш.

“Сүмийн амин чухал хэсэг нь гадасны [төв], цуглааны байруудын аль аль нь биш юм. … Дэлхий дээрх хамгийн ариун нандин газар бол зөвхөн ариун сүм биш юм. Сүмийн байр, гадас [төв] болон ариун сүм нь Сүмийн хамгийн ариун нандин нэгжийг буюу гэр орныг барьж байгуулахад мөн Сүмийн хамгийн ариун нандин харилцаа болох гэр бүлийн адислалд хувь нэмэр оруулдаг юм” (“That All May Be Edified” [1982], 234–235).

Оролцогч бүрд Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ын нэг хувийг өг. Оролцогчдоор iv хуудсыг нээлгүүл. 1995 онд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга гэрлэлт, гэр бүлийн талаарх тунхгийг дэлхий даяар гаргасан гэдгийг тайлбарла. Уг тунхагт заагдсан олон сургаал, зарчмыг энэ цуврал хичээлээр авч үзнэ. Тунхгийг оролцогчидтой хамт уншаад, догол мөр бүрийг өөр өөр оролцогчоор чангаар уншуул.

  • Энэ тунхагт гэр бүлийн тухай ямар сургаал, зарчмыг заасан байна вэ? (Оролцогчдын хариултуудыг самбарт бичихийг бод.) Дэлхийд яагаад энэ зөвлөгөө, сэрэмжлүүлэг хэрэгтэй вэ?

    Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Бидэнд гэр бүлийн талаарх энэ тунхаг яагаад одоо хэрэгтэй болж байна вэ? Учир нь гэр бүл дайралтад өртөж байна. Бүх дэлхий даяар гэр бүлүүд салж сарниж байна. Нийгмийг сайжруулж эхлэх газар нь гэр орон юм. Хүүхдүүд ихэнхдээ заалгасан зүйлсээ л хийдэг. Бид гэр бүлийг хүчирхэгжүүлснээр дэлхийг сайжруулахыг хичээж байна” хэмээн тайлбарласан юм (“Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 5).

  • Энэ тунхаг дээрх зөвлөгөөг дагаснаар та болон танай гэр бүлийнхэн хэрхэн хүчирхэгжсэн бэ?

Мөнхийн гэрлэлт нь энэ болон мөнх амьдралд баяр баясгалан хийгээд агуу адислалуудыг авчирна.

Мөнхийн гэрлэлт нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд байдгийг онцлон хэл. Энэ нь гэр бүлүүдэд энэ амьдралд жинхэнэ баяр баясгаланг олж, мөнхөд үргэлжлэн өсөж хөгжих боломжийг өгдөг.

  • Бид мөнхөд гэрлэснээр энэ амьдралдаа ямар ямар адислалыг хүлээн авч болох вэ?

    Даалгавар өгсөн хэдэн оролцогчийг ариун сүмд гэрлэхэд төрсөн сэтгэгдлээ мөн ханьтайгаа мөнхөд лацдан холбуулснаар энэ амьдралдаа хүлээн авч байгаа баяр баясгалан, адислалуудынхаа тухай товчхон ярихад урь (“Бэлтгэл” хэсгийн 5 дахь зүйлийг үзнэ үү).

    Дараах мэдэгдлүүдээс нэг юм уу хэд хэдийг хуваалцахыг бод. Үүнд:

    Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “Энэ болон дараагийн амьдралын аз жаргалд олон гэрээ зайлшгүй шаардлагатай юм. Хамгийн чухал гэрээнд эхнэр, нөхрийн хооронд байгуулагддаг гэрлэлтийн гэрээ ордог. Эдгээр гэрээнээс л амьдралын хамгийн агуу баяр баясгалан урсан гардаг“ хэмээн заасан (Conference Report, Apr. 1998, 19 эсвэл Ensign, May 1998, 17).

    Ахлагч Боид К.Пакэр “дурлал, хайр, гэрлэлт, цаашлаад эцэг эх болох нь” “амьдралын хамгийн цэвэр, сайхан, сэтгэл татам туршлага юм” (Conference Report, Oct. 1993, 28; эсвэл Ensign, Nov. 1993, 21) гэжээ.

    Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин “Мөнхийн гэрлэлтийн сайхан харилцаа нь Бурханы Өөрийн хүүхдүүдэд өгсөн хамгийн агуу адислалуудын нэг юм. Мэдээж үзэсгэлэнт эхнэртэйгээ хамт өнгөрүүлсэн он жилүүд миний амьдралд хамгийн их баяр баясгаланг авчирсан. Цаг хугацааны эхлэлээс л эхнэр, нөхрийн гэрлэлтийн харилцаа нь Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын агуу төлөвлөгөөний үндэс суурь байсаар ирсэн билээ. Бидний амьдрал сайн сайхныг хүртэж, бид гэр бүлийнхээ эрхэм гишүүдтэй холбогдсоноор ирэх сайхан адислалуудыг амталснаар бидний аль аль нь сэнхэрч мөн гэгээрсэн” хэмээн илэрхийлжээ (Conference Report, Oct. 1997, 42; эсвэл Ensign, Nov. 1997, 32).

    Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сүмийн ерөнхийлөгчийн хувиар Сүмийн нийт гишүүдэд хандан хэлсэн анхны үгэндээ, “Гэрлээд энэ сард тавин найман жил болж байгаа хайрт эхнэртээ би талархлаа илэрхийлмээр байна. … Нартай мөн шуургатай өдрүүдэд ч гэсэн миний дэргэд алхаж байсан энэ эрхэм эмэгтэйд би хэчнээн их талархаж байна гээч. Би урьдынх шигээ цэх зогсож чадахгүй болсон. Гэвч бидний бие биенээ гэсэн хайр огтхон ч багасаагүй” гэж хэлжээ (Conference Report, Apr. 1995, 93 эсвэл Ensign, May 1995, 70).

Олон хүн гэрлэлт ба гэр бүлийн амьдрал нь зөвхөн мөнх бус амьдралын туршлага хэмээн итгэдгийг тайлбарла. Гэвч бид Сүмийн гишүүдийн хувьд, зохистой хос ариун сүмд орж, ариун санваарын ёслолоор дамжуулан мөнхөд эхнэр, нөхөр болж лацдан холбогддогийг мэднэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг энэ маягаар гэрлэх үед мөнхийн гэр бүлийн нэгж эхэлдэг.

  • Санваарын хүчээр лацдан холбуулж, гэрээндээ үнэнч хэвээр үлдсэн гэрлэсэн хосуудад ямар мөнхийн адислалууд амлагддаг вэ? (Оролцогчидтой хамт Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:19–24, 30–31-ийг унш. Дараах жагсаалтад самбарт бичиж болох зарим хариултыг багтаав.)

    1. Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой селестиел хаант улсын хамгийн дээд зэрэгт өргөмжлөгдөх болно (С ба Г 131:1–3; 132:20–24).

    2. Тэд “энэ амьдралд мөн бүх үүрд мөнхөд” (С ба Г 132:19) хамт байх болно. Тэдний үр хүүхдүүд ч гэсэн мөнхийн гэр бүлийнх нь нэгэн хэсэг болж болно. (С ба Г 132:19 дээр дурдсан Амлалтын Ариун Сүнс бол Ариун Сүнс гэдгийг тайлбарла. Бидний хүлээн авсан санваарын ёслолууд болон байгуулсан гэрээнүүд итгэлтэй байдлын маань дагуу Бурханд хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг Ариун Сүнс баталдаг.)

    3. Тэд “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүдийг өвлөх болно” (С ба Г 132:19).

    4. Тэд үүрд мөнхөд үр хүүхэд эсвэл сүнсэн хүүхдүүдтэй болох болно (С ба Г 132:19, 30–31 мөн С ба Г 131:4-ийг үзнэ үү).

  • Энэ нь гэр бүл мөнхөд хамт байж чадна гэдгийг мэдэхэд танд хэрхэн туслах вэ?

Энэ амьдралд өөрсдийн буруугаас үл шалтгаалан мөнхийн гэрлэлтийн адислалуудыг хүлээн авах боломжгүй олон итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн байдгийг онцлон хэл. Итгэлтэй бүх гэгээнтэн эцэстээ энэ бүх адислалаас хүртэх болно хэмээн Их Эзэн амласныг онцлон тэмдэглэ. Хэрэв та оролцогчдод энэ зарчмыг ойлгоход нь туслах хэрэгтэй гэж үзвэл Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг унш.

“Зохистой, гайхалтай олон хожмын үеийн гэгээнтэн яг одоо өөрсдийнх нь өсөлт хөгжилд хэрэгтэй бодит боломжууд болон чухал шаардлагатай зүйлсээр дутагдаж байгаа гэдгийг бид мэднэ. Ганц бие амьдрал, хүүхэдтэй болж чадахгүй байх, үхэл хагацал, гэр бүл салалт зэрэг нь туйлын зорилгыг мохоож, амлагдсан адислалуудын биелэлтийг хойшлуулдаг. Түүнчлэн бүрэн цагийн ээж байж, гэрийн эзэгтэй байхыг хүсдэг зарим эмэгтэй бүрэн цагаар ажиллахаас өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ эдгээр бүтэлгүйтэл зөвхөн зуурдынх юм. Зарлигуудаа сахин, гэрээндээ үнэнч байж, зөв бүхнийг хүсдэг охид хөвгүүдээсээ мөнх байдалд ямар ч адислалыг харамлахгүй хэмээн Их Эзэн амласан байдаг.

Мөнх бус байдлын хамгийн гол дутагдлуудын ихэнх нь бидний Эцэгийн бүх зохистой хүүхдэдээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөн дэх дуусгавар болгогдоогүй бүхнийг гүйцэтгэх тэр цаг хугацаа болох Мянган жилд хангагдана. Тэр нь ариун сүмийн ёслолуудын хувьд үнэн байх болно гэдгийг бид мэднэ. Энэ нь бас гэр бүлийн харилцаа мөн туршлагуудын хувьд үнэн байх болно гэдэгт би итгэдэг” (Conference Report, Oct. 1993, 101 эсвэл Ensign, Nov. 1993, 75).

Оролцогч бүрийн нөхцөл байдалд тааруулахын тулд 8-р хуудсан дээрх “Нэмэлт эх сурвалж” хэсгийн мэдэгдлүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг унших нь тустай байж болох юм.

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээл нь бидэнд гэр бүлийн харилцаандаа баяр баясгаланг олоход туслах зорилготой.

Нэг оролцогчийг дараах өгүүлбэрийг чанга уншихад урь.

Сүмийн 11 дэх ерөнхийлөгч Харолд Б.Лий “Та бидний хийх хамгийн чухал ажил бол бидний гэрийн дөрвөн хананы дотор байх болно” хэмээн хэлсэн (Stand Ye in Holy Places, 255) .

  • Хүн бүр энэ энгийн тунхгийн дагуу амьдардаг байсан бол дэлхий хэчнээн өөр байх байсан бол?

Энэ цуврал хичээл гэрлэлт, гэр бүлээ хүчирхэгжүүлж, гэр бүлийн харилцаандаа баяр баясгаланг олоход бидэнд туслах зорилготойг тайлбарла. Хичээлүүд нь судар болон хожмын үеийн бошиглогчдын заасан сургаал, зарчмууд дээр үндэслэгдсэн.

Энэ цуврал хичээлд хамрагдахыг сонгосноор гишүүд гэр бүлээ хүчирхэгжүүлэх хүсэлтэй байгаагаа харуулж байгааг онцлон хэл. Тэд энэ цуврал хичээлийн ашиг тусыг бүрэн дүүрэн авахын тулд гурван зүйл хийх шаардлагатай. Үүнд:

  1. Хичээлд оролц.

    Гэрлэлтийн талаар эсвэл хүүхэд өсгөх талаар туршлагатай эсэхээс үл хамааран энэ цуврал хичээлд оролцож буй бүх хүн бие биенээсээ суралцаж чадна гэдгийг онцлон хэл. Оролцогчдыг өөрсдийн ярилцаж буй үнэний тухай гэрчилж, хичээлтэй холбоотой зохих туршлагуудаа хуваалцахад урь.

  2. Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ыг ашигла.

    Оролцогчдоос өөр өөрсдийн Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ыг нээхийг хүс. Гарын авлагын хичээл бүрд оролцогчдод ойлгож мэдсэн сургаал, зарчмуудаа хэрэгжүүлэхэд туслах зөвлөмжүүд болох “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” орсон байдгийг онцлон хэл. Үүнээс гадна хичээл бүрд Сүмийн ерөнхий эрх мэдэлтний нэг, хоёр өгүүлэл багтсан байдаг. Хичээл бүрийн дараа оролцогчид санал болгосон үйл ажиллагаануудаас дор хаяж нэгийг хийж, өгүүлэл тус бүрийг судлах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад өгүүллүүдийг хамтдаа уншиж, ярилцах нь асар их ашиг тустай байдаг.

    Гарын авлагын 3–7-р хуудсыг гарга. Оролцогчдыг (1) “Хэрэгжүүлэх санаанууд” хэсгийн зөвлөмжүүдийн нэгийг дагаж мөн ерөнхийлөгч (2) Боид К.Пакэрын “Энэ амьдралд болон үүрд мөнхөд” гэсэн өгүүллийг судлах замаар энэ хичээлийн сургаал, зарчмуудыг давтахад урамшуулан дэмж.

    Оролцогчдыг гарын авлагаа хичээл болгон дээр авчрахад урамшуулан дэмж.

  3. Энэ хичээл дээрх сургаал, зарчмуудын дагуу амьдрахыг хичээ.

    Сайн мэдээнээс зөвхөн суралцах нь хангалтгүй. Сайн мэдээг амьдралдаа үр дүнтэй байлгахын тулд бид мэдэж авч байгаа зүйлийнхээ дагуу амьдрах ёстой. Ерөнхийлөгч Харолд Б.Лий “Бид зарчим бүрийн дагуу амьдарснаар ирдэг адислалуудыг мэдрэх хүртлээ сайн мэдээний сургаалын талаар үнэндээ юуг ч мэддэггүй” хэмээн цохон тэмдэглэсэн (Stand Ye in Holy Places, 215) .

“Гэтэлгэгчийн хадан дээр” баривал бидний гэр орон “тэнгэрийн хэсэг” байх боломжтой.

Өнөөгийн дэлхийд гэр орон бол бидний амар амгаланг олж авч чадах цөөхөн хэдэн газрын нэг нь юм гэдгийг онцлон хэл. Тэгээд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг уншина уу.

“Хэрэв бид үнэхээр хичээж байвал бидний гэр орон газар дэлхий дээр тэнгэрийн нэгэн хэсэг болдог. Бидний боддог бодол, хийдэг үйлдэл, амьдарч буй амьдрал маань дэлхий дээрх аяллын маань амжилтад нөлөөлөхийн зэрэгцээ мөнхийн зорилгодоо хүрэх замыг маань тэмдэглэдэг” (Conference Report, Oct. 1988, 80–81; эсвэл Ensign, Nov. 1988, 69).

  • Гэр орон ямар байдлаар “тэнгэрийн хэсэг” байж болох вэ?

Оролцогчдыг энэ асуултад хариулсны дараа гэр орон хэрхэн тэнгэрийн хэсэг болж болох талаар өөрийн итгэл үнэмшлийг хуваалц. Тохиромжтой бол өөрт тохиолдож байсан ганц, хоёр тохиолдлыг гэрчлэлийнхээ нэгэн хэсэг болгон хуваалц.

Сүмийн 12 дахь ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын дараах мэдэгдлийг хуваалцана уу.

“Өмнөх цаг үед гэр бүлийг бататгаж мөн дэмждэг байсан нийгмийн олон хязгаарлалт нурж унан, үгүй болж байна. Гэр бүлд хүчтэй, эргэлт буцалтгүй итгэдэг хүмүүс л бидний эргэн тойронд байх муу муухай зүйлсээс гэр бүлээ хамгаалж, авч үлдэх боломжтой тийм цаг мөч ирэх болно” (Conference Report, Oct. 1980, 3; эсвэл Ensign, Nov. 1980, 4).

Оролцогчидтой хамт Хиламан 5:12-ыг унш. Дараа нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах мэдэгдлийг унш.

“Хэрэв та нар гэр орноо Гэтэлгэгчийнхээ хадан суурь, сайн мэдээн дээр баривал тэдгээр нь таны гэр бүлийн амьдралын хүчит шуурганаас хоргодох ариун газар болж болно” (Conference Report, Apr. 1993, 88; эсвэл Ensign, May 1993, 71).

  • Гэр орноо “Гэтэлгэгчийнхээ хадан суурин дээр” барина гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Гэр бүлүүд Христэд төвлөрсөн гэр оронтой байх юм бол тэд ямар тодорхой зүйлсийг хийх вэ?

Энэ цуврал хичээл нь гэрлэлт болон гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд туслах зарчмуудын талаар авч үздэг гэдгийг онцлон хэл. Бид гэр орондоо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр байхын тулд эдгээр зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид гэр бүлтэйгээ үүрд мөнхөд хамт байх боломжийг олгодог Аврагчийн хязгааргүй Цагаатгалаас хэзээ ч харцаа салгах учиргүй.

Дүгнэлт

Энэ цуврал хичээлд ямар их баярлаж байгаагаа илэрхийлээд, оролцогчид танаас багшийн хувьд юу хүсэн хүлээж болохыг мэдэгд. Жишээ нь, та заахын тулд өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэж, та тэдэнтэй хамт хичээл бүрийн зарчмыг хэрэгжүүлэн, Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага-ыг ашиглана гэдгээ хэлж болно. Заадаг хүмүүсээ хичээлд оролцоход болон судлах гарын авлагыг ашиглаж, сурч байгаа сургаал, зарчмуудаа хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Сүнсний өдөөлтөөр гэр бүлийн асар их ач холбогдлыг гэрчил. Гэр бүл тань мөнхөд байж чадна гэсэн мэдлэгт талархлаа илэрхийл.

Нэмэлт эх сурвалж

Уламжлалт гэр бүлийн хүрээнд амьдардаггүй хүмүүсийн хэрэгцээний талаар хийсэн мэдэгдлүүд

Уламжлалт гэр бүлийн хүрээнд амьдардаггүй оролцогчдын нөхцөл байдалд анхаарал хандуулахын тулд дараах мэдэгдлүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг унш.

Сүмийн 13 дахь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Сүмийн ганц бие эмэгтэйчүүдэд хандан, “Бид та нарыг Сүмийн үндсэн бие хэсгийн нэгэн хэсэг гэж үздэг. Гэр бүлүүдийг онцлон авч үздэг маань та нарт өөрсдийгөө Их Эзэнд эсвэл Түүний Сүмд хэрэггүй эсвэл үнэ цэнгүй гэж бодоход бүү хүргээсэй хэмээн бид залбирдаг. Сүмийн гишүүнчлэлийн ариун холбоо нь гэрлэлтийн байдал, нас эсвэл одоогийн нөхцөл байдлаас тань илүү чухал. Бурханы охины хувьд таны хувь хүний үнэ цэн бүхнээс илүү билээ” хэмээн хэлжээ (“To the Single Adult Sisters of the Church,” Ensign, Nov. 1988, 96).

Сүмийн 10 дахь ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смит “Хэрэв энэ амьдралд болон үүрд мөнхөд ариун сүмд лацдан холбуулсан эрэгтэй эсвэл эмэгтэй хүн нүгэл үйлдэж, селестиел хаант улсын өргөмжлөлийг хүлээн авах эрхээ алдах юм бол шархадсан ч гэлээ итгэлтэй хэвээр үлдсэн хамтрагчийнхаа өсөлт хөгжлийг зогсоож чадахгүй. Хүн бүр [хувийн] үйлдлүүдийнхээ дагуу шүүгдэх бөгөөд гэмтний нүглүүдийн өмнөөс гэмгүй нэгнийг шийтгэдэг шударга ёсон гэж үгүй” хэмээн заасан (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–1956], 2:177).