13-р хичээл
Баптисмын гэрээ, Хүндэтгэлийн өдөр, мөн ариун ёслол
Оршил
Есүс Христийн дагалдагчид баптисмын ёслолоор дамжуулан Түүнийг нэрийг өөрсөд дээрээ авах гэрээ хийдэг. Суралцагчид энэ хичээлээр Мормоны Ном нь Христийн Сүмийн гишүүд Хүндэтгэлийн өдөр хамтдаа цуглан, ариун ёслолоос хүртэх ариун нандин боломжинд баясах ёстой хэмээн заадгийг мэдэж авна. Бид ариун ёслолоос хүртэхдээ баптисмын гэрээгээ шинэчлэн, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьдаг.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Л.Том Пэрри, “Хүндэтгэлийн өдөр болон ариун ёслол,” Ensign, 2011 оны 5-р сар, 6-9 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5.
-
Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” Ensign, 2015 оны 5-р сар, 129-132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.
-
Даллин Х.Өүкс “Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign, 2008 оны 11-р сар, 17-20 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 21.
Заах зөвлөмж
Мозая 18:8–10; 25:23–24
Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь
Цөөн хэдэн суралцагчаас баптисмынхаа талаар санаж буй, утга учиртай хэдэн зүйлээ дүрслэн хэлэхийг хүс. Тухайлбал, баптисмын үйл ажиллагаа, ёслолын талаар эсвэл тэдэнд төрсөн мэдрэмж, бодлын тухай байж болно. Дараа нь суралцагчдад баптисмын гэрээгээ хэр сайн сахиж байгаа талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг.
Алма Мормоны Усанд баптисмын гэрээний тухай заасан гэдгийг суралцагчдад сануулаад, нэг суралцагчаас Мозая 18:8–10-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншаад, бид баптисм хүртэхдээ яг юу хийх гэрээ хийдгийг олж мэдэхийг хүс.
Самбар дээр дараах гүйцэд бус өгүүлбэрийг бич.
-
Бид баптисм хүртэхдээ яг юу хийх гэрээ хийдэг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд уг сургаалын мэдэгдлийг гүйцээж бичихийн тулд тэдний хариултуудыг самбар дээр жагсааж бич: Бид баптисм хүртэхдээ нэг нэгнийхээ ачааг үүрэлцэн, Бурханы гэрч болон зогсож, Түүнд үйлчлэн, Түүний зарлигуудыг сахина гэж гэрээ хийдэг.)
Алма болон түүний хүмүүс Зарахемла дахь итгэгчидтэй нэгдсэний дараа Алма итгэгчдийн олон цугларалтыг үүсгэсэн гэдгийг суралцагчдад тайлбарласнаар, дараагийн судрын хэсгийн хам сэдвийг ойлгоход нь тусал. Цөөн хэдэн суралцагчийг Мозая 25:23–24-ийг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас бидний баптисмын гэрээний нэмэлт ойлголтуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлсээ ярилцсаны дараа асуу:
-
Хүмүүс Бурханы Сүмд нэгдэн орж, баптисм хүртсэний үр дүнд хэрхэн адислагдсан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг сурч мэдэхэд нь тусал: Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ аван, үүний дагуу амьдрах юм бол Их Эзэн бидэн дээр Өөрийн Сүнсийг юүлэх болно.)
-
Та баптисмын гэрээнийхээ дагуу амьдарч, Их Эзэний Сүнс таны дээр юүлэгдсэний ачаар амьдрал тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Суралцагчдыг баптисмын гэрээ нь хэрхэн шийдвэр, үйлдэлдээ Есүс Христийн дагалдагч байх итгэл үнэмшлийг нь хүчирхэгжүүлдэг талаар тунгаан бодоход урь.
Египетээс гарсан нь 31:13, 16–17; Мозая 18:17, 23–25; Моронай 6:4–6
Хүндэтгэлийн өдөр шүтэн бишрэх нь
Мормоны Ном нь Христийн Сүмийн гишүүдийн баптисмын гэрээгээ сахих ёстой зарим арга замыг харуулдаг гэдгийг тайлбарла.
Хэсэг суралцагчид Мозая 18:17, 23–25-ыг судлахыг мөн бусад суралцагчид Моронай 6:4–6-г судлахыг даалга. Суралцагчдад Христийн дагалдагчдын чанд мөрддөг сүсэг бишрэлийн үйлдлүүдийг тодорхойлж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлө. Дараа нь тэднийг олж тогтоосон зүйлээ хуваалцахад урь.
-
Гишүүд ямар шалтгаанаар хамтдаа ойр ойрхон цуглардаг вэ? (Суралцагчид дараах үнэнүүдийг олж тогтоох хэрэгтэй: Биднийг Христийн Сүмийн гишүүд болох үед бидэнд Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, ариунаар сахихыг зарлигладаг. Сүмийн гишүүдийн хувьд бид Бурханы сайн үгээр тэжээгдэж, мацаг барьж, залбирч, нэг нэгнээ хүчирхэгжүүлж, ариун ёслолоос хүртэхийн тулд хамтдаа ойр ойрхон цугларах ёстой.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах хэлсэн үгийг унш:
“Ихэнх гишүүн эдгээр нь хэдийгээр чухал ч гэсэн сүмд ирэхдээ сайн мэдээний цөөн хэдэн шинэ баримтыг эрж олон, хуучин найзуудтайгаа уулзах гэж ирдэггүй. Тэд сүнслэг туршлагыг эрэлхийлж ирдэг. Тэд амар амгаланг хүсдэг. Тэд итгэлээ хүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхондоо бол, тэд Бурханы сайн үгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг” (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 26).
-
Хүндэтгэлийн өдөр Сүмийн бусад гишүүнтэй хамтдаа цугларах нь хэрхэн танд “тэнгэрийн хүчээр хүчирхэгжсэн” гэдгийг мэдрэхэд тусалдаг вэ?
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож, Тэднийг зохих ёсоор шүтэн бишрэхийн тулд Сүм дээр юу хийдэг вэ?
Суралцагчдад яагаад Сүмийн гишүүдэд хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж, ариунаар сахихыг зарлигладаг болохыг ойлгоход нь туслахын тулд тэднийг Египетээс гарсан нь 31:13, 16–17-г уншаад, Мозая 18:23-той солбицсон эшлэл болгоход урь.
-
Хүндэтгэлийн өдөр нь Их Эзэн ба бидний хоорондох “тэмдэг” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дараах мэдэгдлийг унш:
“Бид хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариун байлгадаг вэ? Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог” (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, 2015 оны 5-р сар, 130 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).
-
“Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?” гэж өөрсдөөсөө асуух нь Хүндэтгэлийн өдөр хийх зүйлсийнхээ талаар илүү сайн сонголт хийхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад гаргасан хичээл зүтгэл тань долоо хоногийн бусад өдөрт танд хэрхэн нөлөөлөх вэ?
Суралцагчдыг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад гаргадаг хичээл зүтгэлээ үнэлж дүгнэхэд урь. Тэднээс бодол санаа, үйлдэл нь уг өдөр Эцэгийг чин сэтгэлээ шүтэн биширч байгааг нь харуулж байгаа эсэхийг бодож үзэхийг хүс. Суралцагчдыг хүндэтгэлийн өдрийн сүсэг бишрэлээ илүү сайжруулах тодорхой зорилго тавихад урь.
3 Нифай 18:1–11; 20:3–9; Моронай 4:3; 5:2
Ариун ёслолоос хүртэх нь
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн дараах мэдэгдлийг самбар дээр бич (“As Now We Take the Sacrament,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 39-өөс авав):
-
“Ариун нандин цаг мөч,” “ариун нандин газар” гэсэн үзэл бодол нь ариун ёслолоос хүртэх үеийн бидний бодол санаа, үйлдэлд хэрхэн нөлөөлж болох вэ?
Суралцагчдад амилсан Есүс Христ Өгөөмөр нутагт дахь нифайчуудад зочлохдоо тэдэнд ариун ёслолыг танилцуулсан гэдгийг сануул. Ангийнхан Аврагч ариун ёслолын зорилгын талаар юу заасныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 3 Нифай 18:1–11-ийг ээлжлэн чанга уншихад урь.
-
Аврагч ариун ёслолын зорилгын талаар ямар зарчим заасан бэ? (Суралцагчдыг унших хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид ариун ёслолоос хүртэн, үргэлж Есүс Христийг дурсан санаснаар Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгана.)
-
Та нар ариун ёслолоос хүртэхдээ мөн долоо хоногийн турш Аврагчийг санахын тулд юу хийдэг вэ?
Суралцагчдад Моронай Есүс Христийн дагалдагчид ариун ёслолыг адислахдаа хэрэглэдэг байсан үгсийг цэдэглэсэн гэдгийг сануул. Суралцагчдыг Моронай 4:3 ба 5:2 дээрх ариун ёслолын залбирлуудыг гүйлгэн уншаад, самбар дээр бичигдсэн зарчимтай холбогдох үг хэллэгийн доогуур зурахад урих талаар бодож үз.
-
Хэрэв бид “үргэлж түүнийг санаж” чадахгүй бол ямар үр дагавар ирэх вэ? (Моронай 4:3; 5:2).
Суралцагчдад Есүс ариун ёслолыг танилцуулсныхаа дараагийн өдөр нифайчуудад зочлохдоо Тэрээр ёслолыг дахин адислан түгээсэн гэдгийг сануул. Цөөн хэдэн суралцагчийг 3 Нифай 20:3-9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас ариун ёслолоос хүртсэнээр ирдэг өөр бусад адислалыг олж мэдэхийг хүс.
-
Бидний бодгаль “хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
-
Ямар арга замуудаар ариун ёслолоос хүртэх нь таны сүнсний өлсгөлөн, цангааг тайлдаг вэ?
-
Ариун ёслолоос даруухнаар, талархалтай хүртэх нь долоо хоногийн турш Аврагчийг илүү сайн санахад бидэнд хэрхэн туслах вэ?
Нэг суралцагчийг ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншиж байх хооронд суралцагчдыг ариун ёслолын үеэр гаргадаг зан байдлынхаа талаар бодож үзэхэд урь.
“Ариун ёслолын цуглааны үед, ялангуяа ариун ёслолын үйлчлэлийн үед анхаарлаа зөвхөн шүтэн бишрэхэд төвлөрүүлж, бусад аливаа үйл ажиллагаанд, тэр тусмаа бусдын шүтэн бишрэхэд саад болох ёсгүй. … Ариун ёслолын цуглаан бол ном, сэтгүүл унших цаг биш. Залуучууд аа, ариун ёслол бол хоорондоо гар утсаараа ярих юм уу шивнэлдэх, өөр газар байгаа хүмүүст гар утсаараа мессеж явуулах цаг биш. Бид ариун ёслолоос хүртсэнээр Аврагчийг үргэлж санана хэмээн гэрээ хийдэг. Ийм чухал гэрээ хийдэг цуглаан дээр гэрээгээ илт зөрчиж байгаа хүмүүсийг харахад хэчнээн харамсалтай байдаг гээч” (“Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign, 2008 оны 11-р сар, 18-19 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).
Та суралцагчдынхаа хэрэгцээ, Сүнсний өдөөлтүүдийг бодож үзсэнээр, Марк 14:37-г тэдэнтэй хамт уншаад, энэ шүлгийг амьдралдаа хэрэгжүүлэх нэг арга зам бол долоо хоног бүр ариун ёслолын цуглаан дээр шүтэн бишрэхэд саад болох бүх зүйлийг хойш тавьж, Их Эзэнд бүрэн анхаарлаа төвлөрүүлэх явдал гэдгийг онцолж болно.
Суралцагчдыг ариун ёслолоос хүртэхдээ илүү ариун нандин мэдрэмж хүлээн авахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь. Тэдний дунд Хүндэтгэлийн өдрийн болон ариун ёслолын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу. Бид баптисмын гэрээгээ хүндэтгэн, Түүнийг үргэлж санахыг хичээх үед Их Эзэн биднийг Өөрийн Сүнсээр адисална гэсэн гэрчлэлээ хуваалц.
Суралцагчийн унших материал
-
Египетээс гарсан нь 31:13, 16–17; Мозая 18:8–10, 23; 25:23–24; 3 Нифай 18:1–11; 20:3–9; Моронай 4:3; 5:2; 6:4–6.
-
Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, 2015 оны 5-р сар, 129-132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.