Институт ба семинар
28-р хичээл: Христэд ирэгтүн


28-р хичээл

Христэд ирэгтүн

Танилцуулга

Мормоны Номын үндсэн зорилгуудын нэг нь бүх хүнийг “Христэд ирэгтүн, түүгээр төгөлдөржигтүн” (Mоронай 10:32) хэмээн урих явдал юм. Бид итгэлээ хөгжүүлэн, “сайн зүйл болгоноос зууран барьж” байвал Христийн хүүхдүүд болж чадна (Moронай 7:19-ийг үзнэ үү). Энэ хичээлийн төгсгөлд, суралцагчид Мормоны Ном Христэд ирэхэд нь тэдэнд хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцах боломжтой байх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар, 88-90 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103.

  • “A Christ-Centered Life,” chapter 24 in Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 297–306.

Заах зөвлөмж

1 Нифай 6:4; Иаков 1:7; Oмнаи 1:26; 3 Нифай 9:13–14; Moронай 10:30, 32–33

Мормоны Ном биднийг Есүс Христэд ирэхэд урьдаг

Суралцагчдыг хэн нэгнийг Мормоны Номыг уншихад урьсан үеийнхээ тухай бодоход урь.

  • Яагаад та энэ хүнийг Мормоны Номыг уншихад урьсан бэ?

Яагаад Мормоны Номыг судалдаг талаар бодоход суралцагчдыг урь. Мормоны Номыг уншин, судлах олон сайн шалтгаан байдаг ч уг номонд хамгийн чухал зорилгын талаарх давтагдсан захиас агуулагддаг гэдгийг тайлбарла.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

1 Нифай 6:4

Иаков 1:7

Oмнаи 1:26

3 Нифай 9:13-14

Моронай 10:30

Суралцагчдыг эшлэлүүдийг дотроо уншаад, Мормоны Номонд давтагдсан үндсэн санааг хайж олоход урь. (Та суралцагчдыг эдгээр эшлэлийг судартаа солбицсон эшлэл болгоход урамшуулж болно.)

  • Эдгээр шүлэгт Мормоны Номонд давтагддаг ямар үндсэн санаа гарч байна вэ?

  • “Христэд ирэх” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Эдгээр шүлэг Христэд ирэх талаар бидэнд юу зааж байна вэ? (Хариултуудад дараах зүйлс орсон байх ёстой: “өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өргөгтүн,” мацаг барьж, залбирч, эцсээ хүртэл тэвчиж, наманчилж, хөрвүүлэгдэж, “сайн бэлэг болгоноос барьж ав.”)

  • Таны хувьд “Өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өргөгтүн” гэсэн хэллэг ямар утгатай вэ?

Христэд ирэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт, Далын ахлагч Дэннис В.Ньюэншвандэр нарын дараах мэдэгдлийг үзүүлээд, ярилц:

Ахлагч Ричард Г.Скотт

“Бид өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоног тутам гэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орсноор Аврагчийн “Түүн рүү очих” урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм” (Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign, 2014 оны 11-р сар, 94 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107).

Ахлагч Дэннис Б.Ньюэншвандэр

“Бид Бурханы томилсон, дэлхийн сууриас зохион байгуулагдсан ариун нандин ёслолуудад зөв зохистой оролцсоноор Христэд ирж, Түүгээр төгөлдөржиж чадна гэдгийг би гэрчилж байна” (Дэннис Б.Ньюэншвандэр, “Ordinances and Covenants,” Ensign, 2001 оны 8-р сар, 26).

Мормоны Номын эцсийн бүлэгт бошиглогч Моронайн Христэд хэрхэн ирэх талаарх зөвлөгөө цэдэглэгдсэн байдаг гэдгийг тайлбарла. Ангийнхныг “хэрэв,” “тэгвэл” гэсэн үгс хэрхэн хэрэглэгдсэнийг хайж байх хооронд нэг суралцагчийг Moронай 10:32–33-ыг чанга уншихад урь. Христийн ач ивээлээр хэрхэн адислагддаг талаарх “хэрэв-тэгвэл” гэсэн эдгээр мэдэгдэл бидэнд юу зааж байгааг тунгаан бодохыг ангийнхнаас хүс. (Анхааруулга: “Хэрэв-тэгвэл” гэсэн мэдэгдлүүдийг эрж хайх нь судруудад заагддаг зарчмуудыг олж тогтооход суралцагчдад тусална.)

  • Бид эдгээр шүлгээс Христэд ирэх үедээ хэрхэн Түүний ач ивээлээр адислагддаг тухай ямар зарчмыг мэдэж авч болох вэ? Суралцагчид өөр өөр үгс ашиглаж болох ч тэднийг дараах зарчмыг олж тогтоосон эсэхэд анхаар: Хэрэв бид Есүс Христэд ирж, бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзвал Түүний ач ивээлээр төгөлдөржин, ариусгагдаж, ариун болж чадна. Мөн Алма 5:33–35-ыг үзнэ үү.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Далын ахлагч Брүс С.Хафэны дараах мэдэгдлийг хуваалц. Суралцагчдыг Их Эзэний ач ивээл хэрхэн биднийг адисалж чадахыг олж сонсоход урь.

Ахлагч Брүс С.Хафэн

“Цагаатгалаар боломжтой болсон Их Эзэний ач ивээл нь бидний төгс бус чанаруудыг төгс болгож чадна. ‘Түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно.’ (Moронай 10:32.) Төгөлдөржих үйл явцын ихэнх хэсэг нүгэл, хорслын бохироос цэвэршихтэй холбоотой ч, үүнд бид Христийнхтэй адил мөн чанарыг олж аван, Эцэг болон Хүү төгс байдгийн адилаар төгс болох нэмэлт, баттай нэгэн хэсэг ч мөн адил багтдаг. …

“Аврагчийн ялалт бидний нүглүүдийн төлөөсийг төлөөд зогсохгүй, бидний хангалтгүй байдлыг өөрчлөн, санаатай хийсэн алдаануудыг төдийгүй мэдэлгүй, бодлогогүй, гарцаагүй төгс бусаасаа болж үйлдсэн нүглүүдийг ч арилгаж чадна. Бидний туйлын тэмүүлэл бол нүглээс өршөөгдөхөөс ч илүүг буюу ариун болж, Христийнхтэй адил зан чанаруудыг хүлээн авч, Түүнтэй нэгдмэл, адил болохыг эрэлхийлдэг явдал билээ. Тэнгэрлэг ач ивээл нь хийж чадах бүхнээ хийснийхээ дараа энэ тэмүүллийг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж юм” (The Broken Heart [1989], 16, 20).

  • Ахлагч Хафэны хэлснээр, Их Эзэний ач ивээл ямар арга замуудаар биднийг адисалж чадах вэ?

Суралцагчдыг Есүс Христэд ирэхийн тулд хичээн чармайж байсан үеийнхээ тухай бодоход урь. Туршлагууд нь хэт хувийн чанартай биш бол дараах асуултуудад хариулахыг тэднээс хүс:

  • Та тухайн үед Христэд ирэхийн тулд юу хийсэн бэ?

  • Та Есүс Христэд ирэхийг эрэлхийлэх үед амьдралд тань ямар ямар адислал ирсэн бэ?

Суралцагчдыг Христэд илүү бүрэн дүүрэн ирэн, ингэснээр Түүний ач ивээлээр дамжуулан төгөлдөржиж, ариусгагдахын тулд хийж чадах зүйлийнхээ талаар тунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Moронай 7:18-26

Христийн хүүхдүүд болохын тулд сайн зүйл болгоноос зууран барь

Moронай 7-д бошиглогч Моронай өөрийн эцэг Мормоны хэдэн жилийн өмнө заасан номлолыг цэдэглэсэн гэдгийг суралцагчдад сануул. Энэ номлолд Мормон, хэрэв аливаа зүйл хүмүүсийг сайныг хийж, Есүс Христэд итгэхэд, мөн Бурханыг хайрлаж, үйлчлэхэд урьж байвал тэдгээр нь Бурханаар сүнслэгээр өдөөгдсөн гэдгийг мэдэж болно хэмээн заасан байдаг.

Нэг суралцагчийг Моронай 7:18-19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Мормон биднээс юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • 19-р шүлэгт цэдэглэгдсэнээр, хэрэв бид сайныг хилэнцтээс ялгаж мөн “сайн зүйл болгоноос зууран барихын” тулд Христийн гэрлийг ашиглавал, бидэнд юу тохиолдох вэ? (Бид Христийн хүүхдүүд байх болно.)

  • Христийн хүүхдүүд байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Бид Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд бөгөөд дэлхий дээрх эцэг эхийнхээ ч бас хүүхдүүд мөн гэдгийг онцолж хэл. Гэхдээ ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн [1876–1972] заасанчлан, судрууд нь Есүс Христ бидний төлөө хийсэн Цагаатгалаараа дамжуулан бидэнд мөнх амьдралыг өгдөг учраас Тэр ч гэсэн бидний Эцэг болдог хэмээн заадаг. (Мозая 5:7-г үзнэ үү.) … Бид Есүс Христэд дуулгавартай байх гэрээнүүдээрээ дамжуулан Түүний хүүхдүүд, охид болон хөвгүүд болдог” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Mакконки, 3-р боть [1954–1956], 1:29).

Суралцагчдаас Моронай 7:20-ийг дотроо уншаад, Мормоны асуултыг олж тогтоохыг хүс. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, тэднийг Моронай 7:21-26-г судлаад, бидэнд “сайн зүйл болгоноос зууран барихад” туслахын тулд Их Эзэн юу өгснийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас санал бодлоо хуваалцахыг хүсээд, тэдний санал бодлыг самбар дээр бич. Хариултуудад тохинуулагч тэнгэр элчүүд (22-р шүлэг), бошиглогчид (23-р шүлэг), судрууд (25-р шүлэг), итгэлээ хөгжүүлэх (25-р шүлэг), залбирал (26-р шүлэг) зэрэг нь орж болно.

  • Эдгээр шүлэг бидэнд “сайн зүйл болгоноос зууран барьж” гэсэн хэллэгийн талаар юу зааж байна вэ? (Бид сайн бүхнийг, тэр тусмаа Христэд итгэх итгэл ба Түүний нэрээр дамжин ирэх аврал руу хөтөлдөг бүх зүйлийг эрэлхийлэх ёстой.)

  • Самбар дээр бичигдсэн зүйлсийн аль нэгний ачаар таны амьдралд ямар сайн зүйлүүд ирж байсан бэ?

Суралцагчдаас Христэд ирэхийн тулд хийж эхлэх эсвэл сайжруулж чадах нэг сайн зүйлийг сонгохыг хүс. Тэднийг амьдралдаа тэр сайн зүйлээсээ зууран барих тал дээр ажиллах зорилго тавихад урамшуул.

Моронай 10:3–5

Моронайн амлалт

Мормоны Номыг гартаа бариад, суралцагчдаас Мормоны Ном хэрхэн тэдэнд Христэд ирэхэд тусалсан талаар тунгаан бодохыг хүс. Моронай Мормоны Номыг уншин, судалдаг бүх хүнд нэгэн урилга ба амлалтыг өгсөн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Моронай 10:3-5-ыг чанга уншихад урь.

  • 3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Моронай биднийг юу хий хэмээн ухуулсан байна вэ?

Суралцагчдыг Мормоны Номоос болон өөрсдийн амьдралаас “Их Эзэн хүмүүний үрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг” харуулдаг жишээнүүдийн талаар тунгаан бодоход урь. Хэдэн суралцагчаас бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

  • Бид эдгээр шүлгэн дээрх Моронайн урилга болон амлалтаас ямар зарчим сурч болох вэ? (Бид Мормоны Ном үнэн эсэхийг үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэлтэй байж асуувал, Ариун Сүнсээр дамжуулан үүний үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авна.)

  • “Үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэлтэй байж” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ нь бид Бурхан бидний залбиралд хариулна гэсэн итгэлтэй байх, мөн Түүний бидэнд өгсөн хариултын дагуу үйлдэх хүсэлтэй байгаа гэсэн үг юм.)

  • Энэ маягаар Мормоны Номыг судалж мөн залбирах нь хэрхэн бидэнд Христэд ирэхэд туслах вэ?

Суралцагчдаас Мормоны Номыг уншаад, үүний үнэнийг мэдэхийн тулд залбирч байсан туршлагынхаа талаар тунгаан бодохыг хүс. Суралцагчдаас Мормоны Номын талаарх гэрчлэлээ, ялангуяа Мормоны Ном Христэд ирэхэд нь хэрхэн тусалсан тухай ангийнхантай хуваалцах хүн байгаа эсэхийг асуу. Суралцагчдыг Мормоны Номын гэрчлэлтэй болохдоо эсвэл аль хэдийн олж авсан гэрчлэлээ хүчирхэгжүүлэхдээ Моронайн үгсийг хэрэгжүүлэхэд урамшуул.

Суралцагчийн унших материал