Институт ба семинар
23-р хичээл: Израилийн тараагдалт ба цугларалт


23-р хичээл

Израилийн тараагдалт ба цугларалт

Оршил

Их Эзэн Израилийн угсааг Өөрийнх нь эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан учраас тараасан боловч эцсийн өдрүүдэд цуглуулна хэмээн амласан байдаг. Мормоны Номон дахь бошиглолууд нь эртнээс амлагдсан цугларалт эхэлсэн гэдгийг тодорхой болгодог. Сүмийн гишүүд Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж, дэлхийн гэр бүлүүдийг адислах үүрэг хариуцлагатай.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 79–82.

  • С.Скотт Грөү, “The Book of Mormon, the Instrument to Gather Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 33–35.

Заах зөвлөмж

1 Нифай 22:3–5; 2 Нифай 25:15–17; 3 Нифай 5:24–26; 20:13, 29–31; 30:2

Израилийн угсааны тараагдалт ба цугларалт

Сүмд хөрвөгдсөн эсвэл хэн нэгэнд Сүмд ороход нь тусалсан нэг суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. Суралцагчдыг сайн мэдээний захиасыг сонсоход бэлэн байж болох өөрсдийн таних хэн нэгний талаар бодож үзэхэд урамшуул. Суралцагчдаас өнөөдрийн хичээлийн турш сайн мэдээг бусадтай хуваалцахаар хичээж чармайхад нь дэмжлэг болох мөн тусалж чадах сайн мэдээний үнэнүүдийг хайж олохыг хүс.

Нифай Израилийн угсааны талаар юу бошиглосныг олж харахын тулд суралцагчдаас 1 Нифай 22:3–5-ыг уншихыг хүс.

  • Израилийн угсаа “тараагдсан” гэдэг нь ямар утгатай вэ?

Нифайн гэр бүл тараагдалтын нэг хэсэг байсан учраас Израилийн угсаа тараагдсан нь түүний хувьд чухал сэдэв байсан гэдгийг тайлбарла. Тэд Иудейн газар нутаг дахь хүмүүсийн ёс бус байдлын улмаас Иерусалимаас Америк тив рүү тараагдсан.

Мормоны Номонд эцсийн өдрүүдэд Израилийн угсаа дахин цугларах болно гэсэн амлалт орсон олон бошиглол агуулагддаг гэдгийг суралцагчдад хэл. Дараах эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагч бүрд хамгийн багадаа нэг эшлэл уншихаар оноож өг. Хэсэг бүрийг оноож өгсөн байх ёстой. Ангийнхнаас хувь хүмүүс Израилийн угсаатай хамт цуглахын тулд юуг сурч мөн хийх хэрэгтэйг хайж олохыг хүс.

2 Нифай 25:15-17

3 Нифай 5:24-26

3 Нифай 20:13, 29-31

3 Нифай 30:2

  • Хувь хүмүүс Израилийн угсаатай хамт цуглахын тулд суралцаж мөн хийвэл зохих зарим зүйл юу вэ? (Суралцагчдын олж тогтоосон үнэнд дараах зүйл орсон байж болно. Израилийн угсааны гишүүд Их Эзэнд итгэн, наманчилж, Түүнд ирэх үед Тэр тэднийг цуглуулдаг.)

Суралцагчдад энэхүү зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–1985) дараах мэдэгдлийг уншиж өгч болно:

Ахлагч Брүс Р.Макконки

“Израиль яагаад тараагдсан бэ? Хариулт нь тодорхой бөгөөд энгийн; үүний талаар ямар ч эргэлзээ байхгүй. Манай израиль хүмүүсийн өвөг дээдэс сайн мэдээг эсэргүүцэж, санваарыг бузарлаж, сүмээс татгалзсан учраас тараагдаж, хаант улсаас тусгаарлагдсан юм. …

“Израилийн цугларалтад юу юу ордог вэ? Израилийн цугларалт нь Их Эзэн эрт үеийн сонгогдсон хүмүүстээ санал болгосон бүх зүйлийг хүлээн авч, тэдгээрт итгэн, тэдгээр зүйлд нийцүүлэн амьдрах явдал мөн. … Энэ нь сайн мэдээнд итгэж, Сүмд нэгдэж, хаант улсад ирснээр хэрэгждэг. … Энэ нь мөн томилсон газарт эсвэл сүсэг бишрэлийн газарт хамтдаа цугласнаар хэрэгждэг” (A New Witness for the Articles of Faith [1985], 515).

  • Ахлагч Макконкигийн хэлснээр, хүн Израилийн угсаатай хамт цуглахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчдыг тэд хэрхэн Аврагчид итгэн, наманчилж, Түүнд ирснээрээ Израилийн угсаанд цугласан талаар тунгаан бодоход урь.

1 Нифай 15:12-16; 22:8-12

Эцсийн өдрүүдэд Сүмийн гишүүд сайн мэдээг дэлхийн гэр бүлүүдэд авчирна

Лихай гэр бүлдээ Израилийн тараагдалт ба цугларалтын талаар заахын тулд чидун модны зүйрлэлийг ашигласан гэдгийг суралцагчдад сануул (1 Нифай 10:12–14-ийг үзнэ үү). Лемен, Лемүел хоёр эцгийнхээ заасан зүйлсийг ойлгож чадахгүй байна гэж Нифайд хэлжээ (1 Нифай 15:7-г үзнэ үү).

Цөөн суралцагчаас 1 Нифай 15:12-16-г ээлжлэн уншихыг хүс. Ангийнхныг Израилийн угсааны талаарх Нифайн тайлбараас юу сурч болохыг олж мэдэхэд урь.

  • Чидун модны зүйрлэл нь Израилийн тараагдалт ба цугларалтыг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • 13-р шүлэгт цэдэглэгдсэнээр, хэн Лихайн үлдсэн үр удамд сайн мэдээний бүрэн байдлыг авчрах вэ? (Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсан харийнхан.)

Мормоны Номонд Харийнхан гэдэг үг нь ихэвчлэн Иудейн овгийн бус эсвэл үүсэл гарал нь Иудейн газар нутгийнх биш хүмүүсийг нэрлэдэг гэдгийг суралцагчдад тайлбарла. Мормоны Номонд эдгээр харийнхны зарим нь хожмын өдрүүдэд сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч (1 Нифай 15:13-ыг үзнэ үү), Христийн Сүмийн гишүүд болно гэсэн бошиглол агуулагддаг. Мормоны Номын бошиглогчид эдгээр харийнхан сайн мэдээг бүх дэлхийд авчрах үүрэг хариуцлагатай хэмээн заадаг.

Суралцагчдад Харийнхан гэдэг үгийн тодорхойлолтыг ойлгоход туслахын тулд ахлагч Брүс Р.Макконкигийн дараах тайлбарыг үзүүлээд, унш:

Ахлагч Брүс Р.Макконки

“Бид өмнө нь еврейчүүд бол Иудейн хаант улсад [амьдардаг] байсан хүмүүс болон тэдний шууд удмынхан аль аль нь мөн гэж тодорхойлсон. … Бид энэ тодорхойлолтоос үзвэл, бусад бүх хүн үүнд, Израилийн хаант улсын алдагдсан, тараагдсан хүмүүсийн үр удмынхан бас харийнхан гэдгийг хэлсэн байна. … Тиймээс Мормоны Номыг өөрийн гараар авчирсан Ефрайм овгийн Иосеф Смит бол … харь үндэстэн байсан ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бол леменчүүд ба иудейчүүдэд аврал авчрах харийнхан юм” (The Millennial Messiah [1982], 233).

Ангийнхныг эцсийн өдрүүдэд харийнхнаар (Сүмийн гишүүдээр) адислагдан, асруулах хүмүүсийг олж тогтоож байх хооронд цөөн суралцагчаас 1 Нифай 22:8–12-ыг ээлжлэн уншихыг хүс. Суралцагчдыг унших үед 10-11-р шүлэгт гарч буй “мутраа бүх үндэстний нүдэнд харуулах болно” гэсэн нь Их Эзэн Өөрийн хүчийг дэлхий даяар харуулж байгаа гэсэн утгатай гэдгийг тайлбарлавал тустай байж болно.

  • Эцсийн өдрүүдэд хэн харийнхнаар адислагдан, асруулах вэ? (Лихайн үр удам, Израилийн бүх угсаа, “дэлхийн бүх үндэстэн.”)

  • 9-11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн эцсийн өдрүүдэд дэлхийн “улсуудыг” (гэр бүлүүдийг) хэрхэн адислах вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Эцсийн өдрүүдэд Их Эзэн дэлхийн гэр бүлүүдийг Өөрийн сайн мэдээ ба гэрээнүүдээр адислахын тулд Сүмийнхээ гишүүдээр дамжуулан ажиллах болно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Абрахамын гэрээг биелүүлэхэд туслах нь бидний үүрэг юм. Дэлхийн бүх хүнийг адислахын тулд урьдаас томилогдож бэлтгэгдсэн үр удам нь бид юм. … 4000 жил хүлээж, бэлтгэсний дараа дэлхий дээрх ахан дүүсдээ сургаалыг хүргэж өгөхөөр сонгогдсон өдрүүд ирээд байна. Энэ нь Израилийг цуглуулна хэмээн амласан цаг хугацаа юм. Бид бүхэн үүнд оролцож чадах нь ээ! Сэтгэл хөдлөмөөр байгаа биз? Их Эзэн бидэнд болон бидний хөвгүүдэд найдаж байгаа бөгөөд мөн Израилийн цугларалтын энэхүү агуу үед номлолд зохистой үйлчилсэн охидод маань гүнээ талархаж байгаа” (“Гэрээнүүд,” Ensign, 2011 оны 11-р сар, 88 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103-104).

  • Тэдгээр цугларсан хүмүүс (хөрвөгчид) цуглуулсан хүмүүсийнхээ (тэдэнтэй сайн мэдээг хуваалцсан) тухай юу гэж боддог гэж та бодож байна вэ?

  • Бид сайн мэдээг дэлхийн гэр бүлүүдтэй хуваалцах замаар Бурханы ажилд оролцож болох ямар зарим арга зам байдаг вэ?

3 Нифай 16:4-5 ; 21:1-7

Израилийн цугларалтад Мормоны Номын гүйцэтгэх үүрэг

Суралцагчдыг 3 Нифай 21:1–7-г дотроо уншаад, Израилийн угсааны хожмын өдрийн цугларалтын эхлэлийн дохио болох тэмдгийг олж мэдэхэд урь.

  • Аврагч “та нарт миний тунхаглаж байгаа … эдгээр зүйлүүд”-ийн талаар ярьсан (2-р шүлэг). Түүний нифайчуудад хандаж хэлсэн үгс хаана цэдэглэгдсэн байдаг вэ? (Мормоны Номонд.)

  • Израилийн хожмын өдрийн цугларалт эхэлсний дохио болох тэмдэг юу вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Мормоны Ном ирсэн нь Бурхан хожмын өдрүүдэд Израилийг цуглуулна гэсэн гэрээгээ биелүүлж байгаагийн тэмдэг юм.)

Нэг суралцагчаас 3 Нифай 16:4–5-ыг уншихыг хүсээд, ангийнхныг эцсийн өдрүүд дэх Мормоны Номын болон сайн мэдээний захиасын нөлөөнүүдийг олж мэдэхэд урь.

  • Мормоны Ном хожмын өдрүүдэд Бурханы хүмүүсийг цуглуулахад хэрхэн тусалдаг вэ? (Дараах үнэн суралцагчдын олж тогтоох үнэнүүдийн нэг байж болно: Мормоны Ном нь хүмүүсийг Их Эзэний тухай мэдлэгтэй болоход тусалдаг бөгөөд ингэснээр тэд Түүнд цуглардаг.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Суралцагчдаас Израилийн цугларалтад Мормоны Номын гүйцэтгэх үүргийг олж мэдэхийг хүс.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилийг цуглуулж эхэлснийг болон Абрахам, Исаак, Иаков нарт өгсөн амлалтаа биелүүлж байгаагаа дэлхий дахинд нотлон харуулж буй бодит тэмдэг юм. Бид энэ сургаалыг заагаад зогсохгүй, үүнд оролцдог. Бид Их Эзэний сонгогдсон хүмүүсийг гивлүүрийн хоёр талд цуглуулахад тусалснаар үүнийг хийдэг.

“Мормоны Ном бол энэ ажлын гол цөм юм. Үүнд цугларалтын сургаал тунхаглагддаг. Энэ нь хүмүүсийг Есүс Христийн тухай суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж мөн Түүний Сүмд нэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ, хэрэв Мормоны Ном байхгүй бол амлагдсан Израилийн цугларалт улиран тохиохгүй байх байсан” (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 80).

Суралцагчдаас Мормоны Ном бусад хүнд Есүс Христийн талаар суралцахад мөн Түүний Сүмд цугларахад нь тусалж байхыг харсан туршлагаасаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Мормоны Номыг өөр шашин шүтлэгтэй хэн нэгэнтэй хуваалцах замаар Израилийг цуглуулах үйл явцад туслахад уриал.

Суралцагчийн унших материал