Институт ба семинар
25-р хичээл: Ёс бус өдрүүдэд зөв шударга амьдрах нь


25-р хичээл

Ёс бус өдрүүдэд зөв шударга амьдрах нь

Оршил

Мормоны Номонд ёс бус явдалтай эвлэрч, нууц хуйвалдаануудад оршин тогтнох боломж олгосон хувь хүмүүс болон нийгмүүдийн устгал цэдэглэгдсэн байдаг. Үүний зэрэгцээ Мормоны Ном нь бид ёс бус орчинд амьдарч байгаа ч гэсэн зөв шударга амьдарч чадна хэмээн заадаг. Энэ хичээл дээр суралцагчид өнөөгийн дэлхийд зөв шударга хэвээр байхын тулд юу хийж чадах талаар суралцана.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Aлма 37:21–22, 25–27; Хиламан 6:20–26, 37–40; Ифер 8:18–26

Нууц хуйвалдаанууд эрх чөлөө ба нийгмийг устгаж чадна

Дайсны бүс гэдэг үгийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ нь ямар утгатай болохыг асуу.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Залуу үеийнхэн та нар дайсны бүсэд өсөж байна. Тэнгэрт дайн гарч, Люсифер эсэргүүцэн, дагалдагчдынхаа хамт ‘дэлхий уруу хаягдсан’ [Илчлэлт 12:9] гэдгийг бид судраас мэддэг. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд саад болохыг хичээдэг бөгөөд бүх хүмүүний оюун бодол, үйлсийг хянахаар эрэлхийлдэг” (“Залуучуудад зөвлөх нь,” Ensign, 2011 оны 11-р сар, 16 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18).

  • Энэ цаг үед амьдрах нь ямар байдлаар дайсны бүсэд амьдарч байгаатай адил вэ?

Энэ хичээл дээр зарим зөв шударга хүний амьдарч байсан ёс бус орчинг Мормоны Ном хэрхэн дүрсэлснийг нягтлан үзнэ гэдгийг тайлбарла. Суралцагчдыг ёс бусаар хүрээлэгдсэн ч гэлээ итгэлтэй хэвээр үлдэж чадсан хувь хүмүүсийн үлгэр жишээг судлах үедээ өөрсдөө хэрэгжүүлж болох зарчим, сургаалуудыг олж мэдэхэд урь.

Моронай нифай үндэстний бүрэн устгалыг өөрийн нүдээр харсан гэдгийг суралцагчдад сануул. Тэрээр нифайчуудыг болон жаредчуудыг устгал руу хөтөлсөн ёс бус явдлыг дүрслэн өгүүлдэг. Ангийнхныг энэхүү устгалын шалтгааныг хайж байх хооронд нэг суралцагчийг Ифер 8:18 ба 21-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Дараах судрын эшлэлүүд болон асуултуудыг самбар дээр бич:

Алма 37:21-22, 25-27

Хиламан 6:20-26

Ифер 8:18-26

Нууц хуйвалдаанууд гэж юу вэ?

Тэдний зорилгууд юу вэ?

Тэд үргэлжлүүлэн оршин тогтнох байр сууриа хэрхэн баталгаажуулдаг вэ?

Суралцагчдаас самбар дээр бичсэн судрын эшлэлүүдийг дотроо уншаад, доорх асуултуудын хариултыг олж мэдэхийг хүс. Сонгосон эшлэл нь гурван асуултад бүгдэд нь хариулахгүй байж болох ч, тэд боломжтой зүйлээ олох ёстой гэдгийг суралцагчдад хэл. Хангалттай хугацаа өнгөрсний дараа самбар дээрх асуултуудыг ангиараа ярилц. Тэгээд дараах асуултуудыг ярилц:

  • Та уншсан зүйлээсээ харахад нууц хуйвалдаануудад оршин тогтнож, цэцэглэн хөгжих боломж олговол ямар үр дагавар ирдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: (Нууц хуйвалдаанууд нь эрх чөлөө, засгийн газар, нийгмийг устгаж чадна.)

  • Өнөө үеийн нууц хуйвалдаануудын ямар жишээ байдаг гэж та бодож байна вэ?

Энэ асуултад хариулахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард болон ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүл: Нэг суралцагчаас тэдгээрийг чанга уншихыг хүс:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Өнөө үеийн нууц хуйвалдаануудад бүлэглэсэн гэмт этгээдүүд болон мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, зохион байгуулалттай гэмт хэргийн гэр бүлүүд орно. Өнөө үеийн нууц хуйвалдаанууд нь Мормоны Ном дахь Гадиантоны дээрэмчидтэй нэн төстэй байдлаар ажилладаг. … Тэдний зорилго бол ‘улс орныхоо болон Бурханыхаа хуулиудын эсрэг алж, тонон дээрэмдэж, хулгайлж, садар самуун болон бүхий л ёс бусыг үйлдэх’ [Хиламан 6:23] явдал мөн,” (M.Рассэлл Баллард, “Standing for Truth and Right,” Ensign, 1997 оны 11-р сар, 38).

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Ёс бус явдал манай нийгмийн бүх салбарт хурдацтай тархаж байна гэдгийг би гэрчилж байна. (С ба Г 1:14-16; 84:49-53-ыг үзнэ үү.) Энэ нь хэзээ хэзээнээс илүү өндөр түвшинд зохион байгуулагдан, илүү боловсронгуй байдлаар өнгөлөн далдлагдаж, илүү хүчтэй дэлгэрч байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгө, нэр алдрын хойноос шунаж буй нууц хуйвалдаанууд цэцэглэн хөгжиж байна. … (Ифер 8:18-25-ыг үзнэ үү.)” (Эзра Тафт Бэнсон, “I Testify,” Ensign, 1988 оны 11-р сар, 87).

  • Яагаад Мормоны Номын бошиглогчид өөрсдийн цэдэгт нууц хуйвалдаануудын тухай мэдээллийг оруулсан гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Хиламан 6:20, 37-40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, леменчүүд ба нифайчуудын хоорондын ялгааг олж мэдэхийг хүс. (Анхааруулга: Харьцуулан жиших нь энэ хичээл дээр онцлох судар судлах чадвар юм [Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012), 22-ыг үзнэ үү].)

  • Эдгээр шүлгээс бид ёс бус явдал ба нууц хуйвалдаануудыг устгах талаар юу сурч болох вэ?

Aлма 62:41; 4 Нифай 1:42; Moрмон 1:13–17, 19; 2:8, 14–15, 18–19; 3:2–3, 12, 22; Moронай 9:6, 22, 25–26

Ёс бус байдлаар хүрээлэгдсэн үед зөв шударга хэвээр үлдэх нь

Суралцагчдад бошиглогч Мормон нууц хуйвалдаануудын бий болгосон асар их ёс бус орчинд төрсөн гэдгийг хэл. Суралцагчдаас дараах эшлэлүүдийг судлаад, Мормоны амьдарч байсан орчинг харуулсан дүрслэлийг олж мэдэн, тэмдэглэхийг хүс. Moрмон 1:13–14, 16–17, 19; 2:8, 14–15, 18. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнахад уриад, дараа нь дараах асуултыг тавь:

  • Та нар ийм орчинд амьдарвал юу нь таны санааг зовоох байсан бэ?

Нэг суралцагчийг Moрмон 1:15 ба 2:19-ийг чанга уншихад урь.

  • Бид энэ ёс бус цаг үед Мормоны үзүүлсэн үлгэр жишээнээс юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулах үед самбар дээр дараах үнэнийг бич: Бид ёс бус байдлаар хүрээлэгдсэн ч, зөв шударга амьдарч чадна.)

Суралцагчдад Moрмон 3:2–3, 12, 22-ыг уншаад, ёс бус цаг үед Мормон хэрхэн зөв шударга амьдрах боломжтой байсан талаар өөр зүйл сурч болох цаг гаргаж өг. Суралцагчид Мормоны талаар олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэдэнд дараах асуултуудыг тавь:

  • Мормоны Номонд гардаг өөр ямар хүн ёс бусаар хүрээлэгдсэн байсан ч, зөв шударга амьдрахын үлгэр жишээг үзүүлсэн бэ? (Хариултуудад Ифер, Моронай, Абиш болон 3 Нифай 1-д Христ төрөх болно гэдэгт итгэж байсан хүмүүс орж болно.)

  • Бид ёс бус дэлхийд зөв шударга амьдрахыг хичээх үедээ ямар бэрхшээлүүдтэй тулгардаг вэ?

Мормоны хүү Моронай ёс бус байдал өргөн тархсан яг тэр цаг үед амьдарч байсан гэдгийг суралцагчдад сануул. Мормон нас барахаасаа өмнө Моронай 9-д цэдэглэгдсэн захидлыг Моронайд бичжээ. Нэг суралцагчаас Moронай 9:6, 22, 25–26-г уншихыг хүс. Ангийнхныг эдгээр шүлэг дээрх Мормоны зөвлөгөө нь хэрхэн бидэнд ёс бус дэлхийд зөв шударга амьдрахад тусалж болох талаар бодож үзэхэд урь.

  • Бид эдгээр шүлгээс өнөөгийн дэлхийд зөв шударга амьдрахад маань туслах юуг сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгоход нь тусал: Хэрэв бид Христэд болон Түүний Цагаатгалд итгэлтэй байвал ёс бус байдлаар хүрээлэгдсэн ч, зөв шударга амьдрах хүч чадалтай байх болно.)

  • Та өнөөгийн ёс бус байдал дунд зөв шударга амьдарч буй хэн нэгний ямар жишээг харж байсан бэ?

  • Есүс Христ ба Түүний цагаатгал дээр төвлөрөх нь хэрхэн танд ёс бус эсвэл хүнд хэцүү нөхцөлүүдийг даван туулахад тусалсан бэ?

Суралцагчдад итгэл, зөв шударга байдалд бат зогсохын тулд өөр юу хийж болох талаар бодож үзэхэд нь туслахын тулд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан Виржиниа Ю.Жэнсэн эгчийн дараах мэдэгдлийг хуваалц:

Виржиниа Ю.Жэнсэн

“Өөрсдөө бат зогсож мөн бусдад бат зогсоход нь туслахын тулд сэргээгдсэн сайн мэдээний захиас бидний зүрх сэтгэлд бат бөх суулгагдан, гэр оронд маань заагддаг байх ёстой. … Хайртай хүмүүстээ мацаг ба залбирлаар дамжуулан тэнгэрийн хүчнүүдийг хэрхэн дуудахыг заа. Тэдэнд хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь дэлхийгээс хамгаалах хамгаалалт болно гэдгийг заа. Тэдэнд дуулгавартай байхыг заа. Тэдэнд хүмүүний бус, Бурханы сайшаалыг эрэлхийлэхийг заа. Тэнгэрлэг гэртээ буцаж очих цорын ганц зам бол Аврагчийг хайрлан, Түүнийг дагаж, ариун нандин гэрээнүүдийг хийн, зарлигуудыг сахих явдал гэдгийг тэдэнд заа. Сайн мэдээний үнэнүүд ба авралын төлөвлөгөөний мэдлэг бол гэр бүлийн тань гишүүд Сатаны хилэнцэт хүчийг ялахын тулд ашиглаж болох зэмсэг юм” (“Stand Firm,” Ensign, 2001 оны 11-р сар, 94).

  • Ямар зүйл танд улам бүр ёс бус болж буй дэлхийд Их Эзэнд дуулгавартай байх шийдэмгий байдал, хүч чадлыг өгсөн бэ?

Алмагийн номд цэдэглэгдсэн нифайчууд, леменчүүдийн хооронд үргэлжилсэн урт удаан дайны турш хүмүүс өөрсдийн амийг хамгаалахын тулд хилэнцэт хүчний эсрэг зогсох шаардлагатай байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Aлма 62:41-ийг судлаад, хувь хүмүүс бэрхшээл ба ёс бус байдалд хэрхэн хариу үзүүлсэн өөр өөр арга замуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг ёс бус дэлхийд зөв шударга амьдрахад нь туслах ямар зүйлийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Энэ судрын хэсгийн талаар Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс:

Ерөнхийлөгч Жэймс И.Фауст

“Улам бүр шударга бус болж буй дэлхийд юу ч тохиолдож байсан бид амьд үлдэн, аз жаргал ба баяр баяслыг олж авахын тулд эргэлт буцалтгүйгээр Их Эзэний талд зогсох ёстой. Бид өдөр бүрийн цаг бүрд итгэлтэй байхыг хичээх хэрэгтэй ба ингэснээр Их Эзэнд итгэх итгэлийн маань суурь хэзээ ч ганхахгүй. …

“Бидэнд юу тохиолдох нь бус, харин тохиолддог зүйлсийг бид хэрхэн шийдвэрлэх нь чухал юм. Энэ нь Алмагийн номын нэг хэсгийг надад сануулдаг. Урт удаан дайны дараа ‘олных нь зүрх сэтгэл хатуурчээ, … мөн олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч’ [Aлма 62:41]. Нэг нөхцөл байдал эсрэг тэсрэг хариу үйлдлийг бий болгосон байна. … Бидний хүн нэг бүр энэ мөнх бус сорилтын үеийн нэгэн хэсэг болох бэрхшээлүүдийг даван гарахын тулд өөрсдийн гэсэн итгэлийн агуулахтай байх хэрэгтэй” (“Where Do I Make My Stand?” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 18, 20).

Суралцагчдаас хэдхэн минутад дараах асуултын хариултыг бичихийг хүс:

  • Та “эргэлт буцалтгүй Их Эзэний талд зогсохын” тулд ямар амлалт өгсөн бэ?

Дараа нь суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодоход урамшуулан дэмж:

  • Та хэрхэн Их Эзэнд илүү үнэнч байх талаар Ариун Сүнснээс ямар өдөөлт хүлээн авч байсан бэ?

  • Та Их Эзэнд илүү үнэнч байхад нь гэр бүлийн гишүүддээ туслахын тулд юу хийж чадах вэ?

Биднийг итгэлтэйгээр тэвчих үед Их Эзэн биднийг адислан, ёс бус байдал дунд зөв шударга амьдрахад маань туслах талаар гэрчил.

Суралцагчийн унших материал