Институт ба семинар
4-р хичээл: Адамын уналт ба сонгох эрхийн бэлэг


4-р хичээл

Адамын уналт ба сонгох эрхийн бэлэг

Оршил

Адамын уналт нь Бурханы төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг байсан юм. Энэ нь биднийг дэлхий дээр ирж, соригдох нөхцөлийг бий болгосон. Түүнчлэн Бурханы төлөвлөгөөнд Өөрийн хүүхдүүдэд сонгох эрхийг өгөх нь ч мөн адил орсон байдаг (2 Нифай 2:27-г үзнэ үү). Энэ хичээлээр, сонгох эрхээ зөв ашиглах түлхүүр бол Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийг эрэлхийлэх, тэгснээрээ Есүс Христийн үлгэр жишээг дагах явдал гэдгийг суралцагчид олж мэдэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,” Ensign, 2010 оны 11-р сар, 24-27 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.

  • Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, 2015 оны 5-р сар, 104-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92.

Заах зөвлөмж

2 Нифай 2:19–26, 28; Алма 42:6–10, 14; Мосе 5:5–9

Адамын уналт

Далын ахлагч Брүс С.Хафэний дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Брүс С.Хафэн

“Тавдугаар зуунаас хойш Христийн шашин Адам, Ева хоёрын уналт аймшигтай алдаа байсан гэж заасаар ирсэн. … Энэ ойлголт буруу юм. … Уналт нь сүйрэл байгаагүй. Энэ нь алдаа эсвэл гэнэтийн явдал ч байгаагүй. Харин энэ нь авралын төлөвлөгөөний урьдчилан төлөвлөсөн нэгэн хэсэг байсан юм” (“The Atonement: All for All,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 97).

  • Яагаад Уналт нь алдаа эсвэл гэнэтийн явдал байгаагүй, харин авралын төлөвлөгөөний урьдчилан төлөвлөсөн нэгэн хэсэг байсан гэдгийг ойлгох нь чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 2 Нифай 2:19–25-ыг судлаад, Уналтын үр дагавруудыг буюу хориглогдсон жимснээс хүртсэний дараа Адам, Ева хоёрт тохиолдсон явдлыг жагсааж бичихэд урь. Дараа нь суралцагчдаас жагсаалт дээрх зүйлээсээ самбар дээр бичихийг хүс. (Тайлбар: Судрын хэсгүүдээс жагсаалт олох нь энэ судрын хэсэгтэй хамт зааж болох судар судлах чадвар юм; Сайн мэдээг заах ба судлах нь [2012], 23-р хуудсыг үзнэ үү.) Жагсаалтад дараах зүйлс орсон байх ёстой: Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс хөөгдсөн; хүүхдүүд төрүүлсэн; сорилтын байдалд орсон; төөрөлдөж, наманчлах шаардлагатай болсон; сайн, мууг ялган таньж, сонгох эрхээ ухаалаг ашиглах боломжтой болсон зэрэг сөрөг талуудыг өөр дээрээ үзэж туулах болсон.

  • Самбар дээрх жагсаалт нь яагаад Адамын уналт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг байсныг тайлбарлахад хэрхэн тусалж байна вэ? (Суралцагчид дараах зарчимтай хамт нэгтгэн дүгнэж болох янз бүрийн хариулт өгч болох юм: Адамын уналт нь мөнх бус байдалд орж, мөнх амьдрал руу өсөж хөгжих боломжийг бидэнд олгосон.)

  • Уналтаас болж “бүх хүмүүн … төөрөлдсөн” гэдэг нь юу гэсэн үг вэ? (2 Нифай 2:21).

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд ангийнхан Уналтын бусад үр дагаврыг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг Алма 42:6–10, 14-ийг ээлжлэн чанга уншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд та тэдний хариултуудыг самбар дээрх жагсаалтад нэмж болно.

  • “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Жэффри Р.Холланд

“[Адам, Ева хоёр] Бурханы зарлигийг зөрчин, цэцэрлэгийг орхин явах шаардлагатай болж, ингэснээрээ тэд нас барахынхаа өмнө үр хүүхдүүдтэй болох боломжтой болсон гэдгийг мэднэ. Уй гашуу, ээдрээтэй нөхцөл байдлаас гадна тэдний алдаа зөрчил сүнслэг үр дагавруудтай байж, Бурханы оршихуйгаас үүрд тусгаарлагдсан билээ. Бид тэрхүү унасан дэлхийд төрж, Бурханы хуулиудыг мөн адил зөрчдөг учраас бидэнд Адам, Ева хоёрынхтой адил шийтгэл оногдсон юм. …

“… Бурхан, бидний Эцэг анхны эцэг эх болох Адам, Ева хоёрын Едений цэцэрлэгээс гарсан мөчөөс эхлэн гаргах шийдвэрийг мэдэж байсан тул энэ бүх үйл явдал бүхэлдээ бидний мөнхийн аз жаргалын төлөө зохиогдсон гэдгийг тэдэнд мөн бидэнд тунхаглахаар тэнгэрийн бүх элчийг илгээсээр ирсэн юм. Энэ нь Адамын зөрчлийг цагаатгахаар цаг хугацааны голчид ирэх Бурханы Хүү Аврагчийг буюу төлөөлөгч Паулын хэлснээр өөр нэгэн ‘Адамыг’ [1 Коринт 15:45-ыг үзнэ үү] илгээх Түүний бурханлаг төлөвлөгөөний нэгэн хэсэг байсан юм. Тэрхүү Цагаатгал нь бие махбодын үхлийг бүрэн ял[сан]. … Түүнчлэн энэ нь нигүүлсэнгүй байснаар болон наманчлал ба тэнгэрлэг зарлигуудад дуулгавартай байснаар хувийн нүглүүдээсээ өршөөгдөх боломжийг Адамаас хойших бүх хүнд олгосон юм” (“Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, 2015 оны 5-р сар, 105-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).

  • Яагаад бидэнд “Адам, Ева хоёрынхтой адил шийтгэл оноогдсон бэ”? (Бид унасан дэлхийд төрж, Бурханы хуулиудыг зөрчдөг.)

Ангийнхан Уналтын үр дагавруудыг хэрхэн амьдралд ялан дийлж болох талаар хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 2 Нифай 2:26, 28 болон Мосе 5:5–9-ийг чанга уншихад урь.

  • Эдгээр судрын хэсэгт цэдэглэснээр, бид хэрхэн Уналтын сүнслэг үр дагавруудаас гэтэлгэгдэж болох вэ? (Хариултуудад дараах зарчим орсон байх ёстой: Хэрэв бид наманчилж, өршөөл эрэн, Бурханыг дуудах аваас Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглүүдээсээ гэтэлгэгдэж чадна.)

Суралцагчдыг авралын төлөвлөгөөн дэх Уналтын үүргийг мөн энэ нь хэрхэн “бидний мөнхийн сайн сайхны төлөө төлөвлөгдсөн” тухай тунгаан бодоход урь. Нэг юм уу хоёр суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

2 Нифай 2:14, 16, 26–29; Хиламан 14:30–31; 3 Нифай 27:13

Сонгох эрхийн бэлэг

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Адам, Ева хоёр [Уналтаар дамжуулан] мөнх бус болсон. Тэд хүүхдүүд төрүүлж, дэлхийн бүтээгдсэн зорилгуудыг гүйцэлдүүлэх боломжтой болсон нь бидний хувьд аз завшаантай хэрэг байсан билээ. … Бусад адислал Уналтаар дамжин бидэнд ирсэн юм. Энэ нь сонгох эрх, үүрэг хариуцлага хэмээх амьдралын адил үнэ цэнэ бүхий Бурханаас өгөгдсөн, өөр хоорондоо уялдаа холбоотой хоёр бэлгийг идэвхжүүлсэн билээ” (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34, налуу бичилт нэмэгдсэн).

  • Сонгох эрх, үүрэг хариуцлага хоёр ямар байдлаараа “амьдралтай адил үнэ цэнэтэй” вэ?

Суралцагчдаас 2 Нифай 2:14, 16 болон 26-г судлаад, эдгээр шүлэг Бурханы хүүхдүүд хэрхэн Түүний бусад бүтээлээс өөр болох тухай юу гэж зааж байгааг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэг нь Бурханы хүүхдүүд ба Түүний бусад бүтээлийн хоорондох ялгааг юу гэж онцолсон байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой: Бурханы хүүхдүүд өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэхээр бүтээгдсэн.)

  • Бурхан биднийг өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэхээр бүтээсэн гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Бурханы хүүхдүүд өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэхээр бүтээгдсэн гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн (1924–2015) дараах мэдэгдлийг ярилцаж болно:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“‘Эзэн миний төлөө байдаг бол, харин Люсифер миний эсрэг байдаг, гэвч яахыг би өөрөө л шийддэг’ гэсэн эртний үг нь сургаалын утгатай бөгөөд бидний сонгох эрх Сатаны хүслээс илүү хүчтэйг харуулдаг. Сонгох эрх бол үнэ цэнэтэй зүйл. Бид мунхаг, харалганаасаа болоод сонгох эрхээ өгч болох ч, харин үүнийг биднээс хүчээр булаан авч чадахгүй.

“Бас ‘Чөтгөр намайг ийм юм хийлгэчихлээ’ гэсэн шалтаг заасан үг эртнээс нааш ам дамжиж иржээ. Тийм биш ээ! Тэр чамайг мэхэлж, буруу замаар хөтөлж чадна, гэвч чамайг албадах эсвэл аль нэг гэм нүглийг чамаар хүчээр үйлдүүлж, үргэлж нүгэл дотор байлгах хүч түүнд байхгүй” (“Дотоод ариун сүмээ цэвэр ариун байлгах нь” Ensign, 2010 оны 11-р сар, 74 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

Зарим суралцагчаас 2 Нифай 2:26–29 мөн бусад суралцагчаас Хиламан 14:30–31-ийг уншихыг хүс. Суралцагчдыг бидний одоо хийх сонголтуудын ирээдүйн үр дагаврыг харуулах үг, хэллэгүүдийг тэмдэглэж авахад урамшуулан дэмж. Суралцагчдыг тэмдэглэж авсан зарим үг, хэллэгээ хуваалцахад урь.

  • Бид эдгээр судрын шүлгээс сонголтуудынхаа үр дагаврын талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Сонгох эрхээ ямар арга замаар ашиглаж байгаа нь бидний сүнслэг өсөлт, мөнхийн адислалуудыг тодорхойлдог.)

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг уншихыг хүс:

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхээр сонгох үед бидний сонгох эрх хадгалагдаж, бидний боломжууд өсөж мөн бид хөгжих болно. … Эсрэг тэсрэг байдал нь ч гэсэн үнэн … Хэрэв бид зарлигуудыг болон Ариун Сүнсний удирдамжийг дагахгүй бол бидний боломж нөхцөл багасаж, үйлдэх, хөгжих чадвар маань буурдаг юм. … Зарлигуудад дуулгавартай байх нь бидний сонгох эрхийг хамгаалдаг” (“Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,” Ensign, 2010 оны 11-р сар, 25-26 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

  • Сонгох эрхээ буруу ашигласнаар ямар ямар үр дагавар үүдэн гарах вэ?

  • Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь хэрхэн бидний сонгох эрхийг хамгаалдаг вэ?

  • Яагаад “Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэх”-ийн тулд сонгох эрхээ ашиглах нь бидний сүнслэг өсөлт хөгжлийн түлхүүр болдог вэ?

Суралцагчдаас 3 Нифай 27:13-ыг дотроо уншаад, Есүс Христийн сонгох эрхийн бэлгээ зөв шударга ашигласан жишээний талаар бодож үзэхийг хүс.

  • “Би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр … ирсэн” хэмээх Аврагчийн үг ямар арга замаар бидэнд сонгох эрхийн бэлгээ ухаалгаар ашиглахад туслах вэ?

Суралцагчдад сонгох эрхээ зөв шударга ашигласнаар ирэх агуу адислалуудыг ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг хуваалц:

Ахлагч Ричард Г.Скотт

“Таны өсөлт хөгжилт бол Их Эзэний зорилго юм. Та өсөлт хөгжилтөд хөтлөх туршлага бүрээ Их Эзэнээр удирдуулахыг хүссэн үед энэхүү үйл явц эхлээд өөрт чинь таалагддаг байсан эсэхээс үл хамааран түргэсдэг. Та Их Эзэнд итгэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа Түүний хүсэлд төвлөрүүлсэн үед, мөн Түүний хүслийг биелүүлэхийн төлөө Сүнсээр удирдагдахыг хүссэн үед мөнх бус байдлын энэхүү оршихуйгаас хамгийн дээд аз жаргалыг амьдралдаа эдэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болно. Хэрэв та өөрөөс тань хийхийг хүссэн юм бүхэнд эргэлздэг бол эсвээс таагүй сорилт учрах болгонд зориг мохож шантардаг бол Их Эзэн таныг адислахад улам хэцүү болно. [1 Нифай 3:7-г үзнэ үү.]

“Таны сонгох эрх, сонголтууд хийх эрх нь танд хүссэнээ авч болохын тулд өгөгдөөгүй. Энэхүү тэнгэрлэг бэлэг нь танд Тэнгэрлэг Эцэгийн хүсэж буй зүйлийг хийх эсэхийг сонго гэж өгөгдсөн. Энэ маягаар Тэрээр таныг ямар хүн болгохыг зорьж байгаа тэр хүнээ болгоход удирдах болно. [С ба Г 58:26–32-ыг үзнэ үү.]” (“Finding Joy in Life,” Ensign, 1996 оны 5-р сар, 25).

Суралцагчдаас зөв шударга үйлдэл хийх шийдвэр гаргаж байсан цаг үеийнхээ тухай бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг тэдгээр шийдвэрийн үр дагавар хэрхэн тэдэнд адислал авчирсан талаар хуваалцахад урь.

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн илүү сайн дагах талаар тунгаан бодоход урамшуулан дэмж. Сонгох эрхээ зөв зүйтэй ашиглах нь мөнх амьдрал руу удирддаг тухай гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал