Институт ба семинар
2-р хичээл: Бошиглогчдын үгсийг анхааран сонсох нь


2-р хичээл

Бошиглогчдын үгсийг анхааран сонсох нь

Оршил

Бурхан бошиглогчдыг Есүс Христийг гэрчилж, наманчлалыг тунхаглан, бүх хүмүүнийг Аврагчид ирэхийг урихад дууддаг. Мормоны Ном нь эдгээр бошиглогчийг анхааран сонссон хүмүүс адислагдан, харин эсэргүүцсэн хүмүүс харамсаж, гашуудах болно гэж заадаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign, 2014 оны 11-р сар, 74-77 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83.

  • Клаудио Р.М.Коста, “Бошиглогчдод дуулгавартай байх нь,” Ensign, 2010 оны 11-р сар, 11-13 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11.

  • Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” Ensign, 2014 оны 11-р сар, 77-79 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87.

  • “Our Need for Living Prophets,” chapter 1 in Teachings of the Living Prophets Student Manual (Church Educational System manual, 2010), 4-13.

Заах зөвлөмж

1 Нифай 1:4–15, 18; Мозая 11:20–25; 13:33–35

Бошиглогчдын үүрэг

Ангийнхнаас асуу:

  • Амьд бошиглогчид итгэх бидний итгэл хэрхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг бусад шашнаас ялгаатай болгож өгдөг вэ?

  • Яагаад амьд бошиглогчид өнөө үед дэлхийн түүхэн дэх бусад цаг үеийнхтэй адил чухал хэвээр байна вэ?

Ангийнхныг даган уншаад, Их Эзэн хэрхэн Лихайг дуудан, бошиглогч болоход нь бэлтгэснийг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 1 Нифай 1:4–15, 18-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Лихайг бошиглогч болоход бэлтгэсэн ямар үйл явдал тохиолдсон бэ? (Тэр Есүс Христийн тухай гэрчийг хүлээн авч, ёс бусчуудын устгалыг мөн Бурханд ирэх хүмүүст өгөгдөх нигүүлслийг зөгнөн харсан.)

  • Яагаад Иерусалимын хүмүүст Лихай шиг бошиглогчид хэрэгтэй байсан бэ? (Суралцагчид хариулж байхдаа дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой: Бурхан бошиглогчдыг дуудаж, тэднээр дамжуулан Өөрийн хүслийг илчилдэг.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жон Тэйлорын (1808–87) дараах мэдэгдлийг уншихад урь:

Ерөнхийлөгч Жон Тэйлор

“Бидэнд тэнгэр дэх амьд санваараас гарч, дэлхий дэх амьд санваараар дамжин ирдэг амьд мод—амьд усан оргилуур—амьд оюун ухаан шаардлагатай. … Адам хамгийн анх Бурхантай харилцаж эхэлсэн цагаас хойш Патм хэмээх арал дээр Иохан Бурхантай харилцсан цаг үе хүртэл эсвэл Иосеф Смитэд тэнгэр нээгдсэн цаг үе хүртэл сүмд хийгээд хувь хүмүүст тохиолдож байсан, тэдний онцгой нөхцөл байдалд тохирсон шинэ шинэ илчлэлт шаардлагатай байсан.

“Адамын илчлэлтүүд Ноаг хөвөгч авдраа хийхэд зааварчлаагүй, Ноагийн илчлэлтүүд Лотыг Содомыг орхи гэж хэлээгүй мөн эдгээрийн аль нь ч Израилийн хүүхдүүдийг Египетээс гаргах талаар өгүүлээгүй билээ. Тэд бүгд өөрсдийн гэсэн илчлэлтийг хүлээн авсан. Исаиа, Иеремиа, Езекиел, Есүс, Петр, Паул, Иохан, Иосеф нар ч мөн адил өөрсдийн илчлэлтүүдийг хүлээн авсан юм. Бид ч гэсэн өөрсдийн гэрчлэлийг хүлээн авах ёстой” (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 158).

  • Их Эзэн өнөөдөр ч гэсэн амьд бошиглогчдоор дамжуулан Өөрийн хүслийг илчилдэг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Мормоны Номоос бошиглогчдын үүргийг судлах нь өнөө үед бидэнд хэрхэн туслах вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

Мозая 11:20-25

Мозая 13:33-35

Бошиглогчид өөрсдийн цаг үед тохирсон олон захиас хүлээн авдаг байсан ч бүх бошиглогчийн хүмүүст хүргэдэг байсан захиасууд бас байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг самбар дээрх судрын хэсгүүдийг дор бүрнээ уншихдаа ийм хоёр захиасыг олж тогтооход урь. Суралцагчдаас бошиглогч Абинадайн шүлэг бүрд хүргэсэн гол захиасыг судар дээрээ тэмдэглэхийг хүс. (Тайлбар: Судар дээр тэмдэглэх нь таны хичээлийнхээ туршид зааж болох судар судлах чадвар юм.)

Суралцагчдаас олж тогтоосон зүйлээ хуваалцаад, дараах сургаалыг онцлон, олсон зүйлээ нэгтгэн дүгнэхийг хүс: Бурханы бүх бошиглогч наманчлалыг тунхаглаж, Есүс Христийн тухай гэрчилдэг.

Суралцагчдыг хэдхэн минутын дотор Мормоны Номын бошиглогч наманчлалыг тунхаглаж эсвэл Есүс Христийн тухай гэрчилж байгаа жишээг олоход урих талаар бодож үз. (Наманчлалыг тунхаглаж байгаа жишээнүүдэд 2 Нифай 16:9–11 дээрх Исаиа; Иаков 2–3 дээрх Иаков; Мозая 11–12 дээрх Абинадай; Хиламан 13–16 дээрх Самуел; Мормон 3 дээрх Мормон зэрэг орно. Есүс Христийн тухай зааж байгаа жишээнүүдэд 1 Нифай 19 болон 2 Нифай 25 дээрх Нифай; Алма 7 дээрх Алма; Мормон 7 дээрх Мормон зэрэг орно.) Цөөн хэдэн суралцагчийг ангийнхантай жишээнүүдээ хуваалцахад урь.

  • Яагаад бошиглогчид наманчлалыг зогсолтгүй тунхаглаж, Есүс Христийн тухай гэрчилдэг гэж та бодож байна вэ?

  • Эдгээр захиасыг анхааран сонсох нь хэрхэн бидэнд аврал хүртэхэд туслах вэ?

Хиламан 13:24–33; 3 Нифай 8:24–25; 9:10–11

Бурханы бошиглогчдыг эсэргүүцэх нь харамсахад хүргэнэ

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бошиглогчийг дэлхийн гэм нүглийг онцлон хэлэх үед дэлхийн хүмүүс нүглээ наманчлахын оронд бошиглогчийн амыг таглахыг хүсдэг эсвэл бошиглогч байдаггүй мэтээр авирладаг. Алдар нэр хэзээ ч үнэний шалгуур байгаагүй. … Биднийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд ойртох тусам дэлхийн хүмүүс илүү ёс бус болж, бошиглогч тэдний дунд улам бүр нэр хүндгүй болно гэдэгт та эргэлзэхгүй байж болно” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 152).

  • Яагаад зарим хүн бошиглогчдын үгийг анхааран сонсдоггүй гэж та бодож байна вэ?

Ангийнхныг Хиламан 13:24–29 дэх бошиглогч Самуелийн үгсийг чимээгүй судлан, яагаад хүмүүс бошиглолын сэрэмжлүүлгийг эсэргүүцдэг болох шалтгаануудыг олж мэдэхэд урь. Та суралцагчдыг олж тогтоосон зүйлээ тэмдэглэхэд дахин урамшуулан дэмжиж болно.

  • Самуелийн хэлснээр, яагаад нифайчууд Бурханы бошиглогчдыг эсэргүүцсэн бэ?

  • Хэдийгээр бид бошиглогчдыг доромжилж, хөнөөсөнд буруутгагдахгүй ч гэсэн эдгээр шүлэг нь хэрхэн өнөө үед бидэнд сэрэмжлүүлэг болдог вэ?

Ангийнхныг лемен үндэстэн Самуелийн бошиглогчдын үгсийг эсэргүүцсэн хүмүүст ирэх үр дагавруудын талаарх бошиглолыг хайж байх хооронд нэг суралцагчаас Хиламан 13:30–33-ыг чанга уншихыг хүс. Дараа нь ангийнхныг 3 Нифай 8:24–25; 9:10–11 дэх уг бошиглолын биелэлтийг уншихад урь.

  • Бид эдгээр шүлгээс ямар үнэнийг дүгнэн гаргаж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Хэрэв бид Их Эзэний бошиглогчдын үгсийг үгүйсгэх юм бол уй гашуу, харамсал төрөх болно. [Мөн 3 Нифай 28:34-ийг үзнэ үү.])

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг уншихад урь:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Хэрэв бид Их Эзэний хувьд хаана зогсож байгаагаа мэдэхийг хүсвэл Түүний мөнх бус удирдагчийг хэр сайн дэмжиж байгааг буюу Их Эзэний тосолсон хүн, амьд бошиглогч, Сүмийн ерөнхийлөгч ба Тэргүүн Зөвлөлийн чуулгатай хэр нийцэж байгааг өөрсдөөсөө асууцгаая” (Teachings: Ezra Taft Benson, 150).

“Амьд бошиглогчдыг бидний сонсохыг хүсдэггүй ч мэдэх хэрэгтэй зүйлийг хэлэхэд бид тэдгээрийг хэрхэн хүлээн авах нь итгэлийн сорилт юм.” (Teachings: Ezra Taft Benson, 152).

  • Ерөнхийлөгч Бэнсоны мэдэгдэл хэрхэн танд амьд бошиглогчийн зөвлөгөөг дагахдаа илүү хичээнгүй байх гэсэн сэдлийг өгч байна вэ?

  • Өнөө үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд ямар бошиглолын захиас хамгийн чухал гэж та үзэж байна вэ?

Мозая 15:10–13; 3 Нифай 10:12; 12:1–2; Ифер 7:23–27

Бурханы бошиглогчдыг дагах нь адислал авчирдаг

Бошиглогч Абинадай бошиглогчдын үгсийг анхааран сонсохын ач холбогдлын талаар Ноа хаанд болон түүний ёс бус санваартнуудад заасан гэдгийг суралцагчдад хэл. Ангийнхныг эдгээр шүлгийг хэрхэн зарчмын мэдэгдэл болгон, нэгтгэн дүгнэх тухай бодож байх хооронд нэг суралцагчаас Мозая 15:10–13-ыг чанга уншихыг хүс.

  • Та Абинадайн үгсийг хэрхэн зарчмын мэдэгдэл болгон илэрхийлэх вэ? (Суралцагчид энэ судрын хэсгийг дараах маягаар нэгтгэн дүгнэж болно: Бошиглогчдын үгсийг анхааран сонсож, Есүс Христийн гэтэлгэгч хүчинд итгэн, нүглүүдээ наманчилсан хүмүүс Бурханы хаант улсыг өвлөгчид юм.)

Суралцагчдаас Мормоны Номон дахь бошиглогчдын үгсийг анхааран сонссоноор адислагдсан итгэлтэй хувь хүн ба бүлэг хүмүүсийн тухай жишээнүүдийн талаар бодож, хуваалцахыг хүс. Зарим жишээнд дараах зүйл орсон байж болно: Лихайн гэр бүл Иерусалимаас зугтах зөвлөгөөг дагаснаар устгагдахаас зайлж чадсан (2 Нифай 1:4); ахлагч Алма Абинадайн үгсийг сонсож, олон хүнд заах боломжтой болсон (Мозая 17:1–4; 18:1–3); ахмад Моронайн их цэрэг Алмагийн зөвлөгөөг эрэлхийлснээр леменчүүдийн эсрэг өөрсдийгөө хамгаалахаар хаашаа явах ёстойгоо мэдсэн (Алма 43:23–24).

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич (тодоор бичсэн зарчмыг бичихгүй):

3 Нифай 10:12 (Бурханы бошиглогчдыг дагаснаар аюулгүй байдал ирдэг.)

3 Нифай 12:1–2 (Бошиглогчид бидэнд хэрхэн нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахыг заадаг)

Ифер 7:23–27 (Бид бошиглогчдын зөвлөгөөг дагаж, Их Эзэнийг санах юм бол Тэрээр биднийг хэрэгцээний маань дагуу адислах болно.)

Суралцагчдад самбар дээрх судрын хэсгүүдээс нэгийг уншаад, уншсан зүйлээ зарчмын мэдэгдэл болгон нэгтгэн дүгнэх даалгавар өг. Суралцагчдыг зарчмаа хуваалцах хооронд тэдний санал болгосон зарчмын мэдэгдлийг судрын эшлэл бүрийн хажууд бичих талаар бодож үз.

Суралцагчдад бошиглогчийг дагаснаар ирдэг бусад адислалыг ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Ах, эгч нар аа, бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг нь жижиг зүйл биш юм. Түүгээр дамжуулан бидэнд ирэх Их Эзэний үгсийг сонсох үед бидний амьдралд ирэх адислал нь агуу хийгээд гайхамшигтай юм. … Бид Сүмийн ерөнхийлөгчийн үгээр дамжин ирсэн Их Эзэний зөвлөгөөг эергээр хүлээн авч, хурдан шаламгай хариу үйлдэл хийх ёстой. Бошиглолын зөвлөгөөг дагаснаар аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг” (“His Word Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 65).

  • Та хэзээ бошиглогчдын зөвлөгөөг эергээр хүлээн авч, хурдан шаламгай хариу үйлдэл хийснээрээ адислагдсан бэ?

  • Та ирээдүйгээ угтан харахдаа яагаад дэлхий дээр бошиглогчид байх нь чухал гэж бодож байна вэ?

Суралцагчдыг тэдний үйлдлүүд Их Эзэний бошиглогчдыг итгэлтэй дагах хүсэл эрмэлзлийг нь харуулж байгаа эсэхийг тунгаан бодоход уриалан дууд. Тэднээс итгэлтэй хүмүүст амлагдсан адислалуудыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хүлээн авахын тулд чухам юугаа өөрчлөх хэрэгтэй байгаа талаар бодож үзэхийг хүс.

Суралцагчийн унших материал