Институт ба семинар
3-р хичээл: Дуулгавартай байдал адислал авчирдаг


3-р хичээл

Дуулгавартай байдал адислал авчирдаг

Оршил

Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь Түүний гайхамшигт адислалд талархаж байгаагаа батлан харуулах нэг арга зам юм. Аврагч бол дуулгавартай байдлын төгс үлгэр жишээ. Бидний Бурханыг улам их хайрлах үед дуулгавартай байх хүсэл маань мөн адил өсдөг. Зарлигуудад дуулгавартай байх нь хэцүү зүйлс хийж гүйцэлдүүлэх үедээ Бурханаас хэрэгтэй тусламж хүлээн авах боломжийг олгодог.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Томас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign, 2013 оны 5-р сар, 89-92 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103.

  • Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” Ensign, 2014 оны 5-р сар, 35-38 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54.

Заах зөвлөмж

1 Нифай 2:2–4, 9–13, 16, 19–20; Мозая 2:20–24, 41

Бид дуулгавартай байдлаараа дамжуулан Бурханд талархаж байгаагаа харуулан, Түүний хамгийн агуу адислалуудыг хүлээн авдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлингийн (1917–2008) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Бид Аврагчид өрөө хэрхэн төлөх вэ? Тэрээр биднийг хэзээ ч төлж чадашгүй өрнөөс маань чөлөөлөхийн тулд Өөрт нь байгаагүй өрийг төлсөн. Түүний ачаар бид мөнхөд амьдрах болно. Түүний хязгааргүй Цагаатгалын ачаар бидний нүгэл арилан алга болж, бидэнд Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь болох мөнх амьдралтай болох боломжийг өгдөг.

“Ийм бэлгэнд үнэ байж болох уу? Бид ийм бэлгэнд хариу барьж чадах болов уу? (“Earthly Debts, Heavenly Debts,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 43).

Суралцагчдад ахлагч Вөртлингийн хамгийн сүүлчийн асуултад өгөх боломжтой хариултуудыг ярилцах хугацаа гаргаж өг. Суралцагчдыг хичээлийн үеэр уг асуултад хариулахад туслах зарчим, сургаалуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Суралцагчдыг Мозая 2:20–24-ийг дотроо уншихад урь. Хаан Бенжамин бид Бурхантай холбогдох харьцаандаа өөрсдийгөө хэрхэн харах ёстой гэж заасныг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Яагаад хаан Бенжамин биднийг юу ч хийсэн Бурханы хувьд “ашиггүй зарц нар” хэвээр байх болно гэж заасан гэж та бодож байна вэ?

  • Хэдийгээр бид хэзээ ч Бурханд өрөө буцааж төлж чадахгүй ч бидний төлөө хийсэн бүх зүйлийн хариуд талархлаа илэрхийлэхийн тулд юу хийж болно гэж эдгээр шүлэг зөвлөж байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Бид Бурханд төлөх ёстой мөнхийн өрөө ухаарч ойлгох үед Түүнд үйлчилж, Түүний зарлигуудыг сахих хүсэлтэй болдог.)

Суралцагчдад Бурханд дуулгавартай байсан тухай судрын агуу түүхүүдийн нэг нь Мормоны Номын эхэнд байдаг ба энэ нь Бурхан маш хэцүү зүйлийг хийхийг хүсэх үед бошиглогч Лихай болон түүний гэр бүл хэрхэн хариулсан тухай цэдэглэсэн байдгийг хэл. Нэг суралцагчаас 1 Нифай 2:2-4-ийг чанга уншихыг хүс.

  • Яагаад Лихайн гэр бүлд Иерусалимыг орхи гэсэн Бурханы зарлигийг дуулгавартай дагахад хэцүү байсан бэ?

Суралцагчдыг 1 Нифай 2:9–13, 16-г судлаад, Лемен, Лемеүл хоёрын болон Нифайн энэ зарлигт хандсан хандлага, зан байдлын хоорондын ялгааг олж мэдэхэд урь. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь суралцагчдыг харьцуулах ба ялгааг олох судар судлах чухал чадвараар дадлага хийхэд нь урамшуулан дэмжинэ.

  • Ямар үг, хэллэг Лемен, Лемүел хоёрын хандлагыг тодорхойлж байна вэ? (Тэд хөшүүн хүзүүтэй байж, бувтналдан, Бурханы үйлсийг мэдээгүй.)

  • Нифай Иерусалимыг орхих зарлигт хэрхэн хариу үйлдэл хийсэн бэ? (Тэр даруу байсан, Бурханы зүйлүүдийг мэдэхийг хүссэн, бошиглогч эцгийнхээ үгсэд итгэсэн, залбирсан.)

  • Яагаад Нифай эцгийнхээ үгсэд ах нараасаа өөр хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Суралцагчдад Их Эзэн эсвэл Түүний Сүмийн удирдагчид ямар нэгэн хэцүү зүйлийг хийхийг тэднээс хүсэх үед тэд Лемен, Лемүелтэй илүү адилхан байна уу эсвэл Нифайтай адилхан байна уу гэдэг талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг.

Нэг суралцагчийг 1 Нифай 2:19-20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Нифайд өгсөн Их Эзэний амлалтыг олж тогтоохыг хүс.

  • Эдгээр шүлгэн дэх аль өгүүлбэр Их Эзэний Нифайд өгсөн амлалтыг нэгтгэн дүгнэж байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгуулахад анхаар: Хэрэв бид зарлигуудыг сахих юм бол, амлагдсан нутагт дэгжих болно. Та энэ бол Мормоны Номд хамгийн олон давтагддаг сэдвүүдийн нэг гэдгийг онцолж болно. Та суралцагчдыг Мормоны Номыг судлах үедээ энэ сэдэв олон арга замаар давтагдаж байгааг олж харахад урамшуулан дэмжиж болно.

  • Их Эзэн Нифайн ямар зан чанарыг магтсан бэ? Яагаад эдгээр зан чанар Их Эзэнтэй харилцах бидний хүн нэг бүрийн харилцаанд байх нь чухал гэж та бодож байна вэ?

  • Дуулгавартай байдал нь материаллаг баялгийг үргэлж авчирдаггүй ч, бид Их Эзэнд дуулгавартай байсны үр дүнд ямар адислал хүлээн авч болох вэ? (Энэ асуултад хариулахад туслахын тулд Мозая 2:41-ийг унших талаар бодож үз.)

2 Нифай 31:6–10, 15–16; Мозая 15:7; 3 Нифай 11:11; 12:19–20, 48

Аврагчийн дуулгавартай байдлын үлгэр жишээг дагах нь Түүнд болон Эцэгт ирэхэд бидэнд тусалдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүл:

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Аврагчийн амьдралаас авдаг сургамжууд дотроос хамгийн яруу тод бөгөөд хүчтэй нь дуулгавартай байдлын үлгэр жишээ юм” (“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” Ensign, 2014 оны 5-р сар, 35 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).

  • Аврагчийн амьдралын ямар ямар жишээ Түүний дуулгавартай байдлыг харуулдаг вэ?

Суралцагчдад энэ асуултыг цааш үргэлжлүүлэн ярилцахад туслахын тулд тэднээс Мозая 15:7 болон 3 Нифай 11:11-ийг уншаад, Есүс Өөрийн Эцэгийг дуулгавартай дагахын тулд юуг хийхэд бэлэн байсныг олж мэдэхийг хүс.

Ангийн гишүүдийг Аврагчийн жишээнээс дуулгавартай байдлын ач холбогдол ба дуулгавартай байдлаас ирэх адислалуудын талаар ямар сургамж авч болохыг хайж байх хооронд суралцагчдыг 2 Нифай 31:6–10, 15–16-г ээлжлэн чанга уншихад урь.

  • Бид Аврагчийн жишээнээс дуулгавартай байдлын ач холбогдлын талаар ямар сургамж авч болох вэ? Бид Түүний жишээнээс дуулгавартай байдлаас ирдэг адислалуудын талаар ямар сургамж авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байхад анхаар: Бид Эцэгтээ дуулгавартай байх Аврагчийн жишээг дагаснаар авралд хөтлөх нарийн зам дээр үлдэж чадна.)

Ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Сүнслэг байдлын хувьд дээд түвшинд хүрсэн дуулгавартай байдал бол ‘Аврагчийн харуулсан дуулгавартай байдал’ юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хүүг хайрлах жинхэнэ хайраар өдөөгддөг. … Аврагчийг хайрлах бидний хайр бол Аврагчийн харуулсан дуулгавартай байдлыг олж авах түлхүүр нь юм” (“Хэрэв та нар намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” 55).

  • Яагаад Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг хайрлах хайр нь зарлигуудыг дуулгавартай дагах “түлхүүр” вэ?

Амилсан Есүс Христ зарлигуудыг дагахын зорилгуудын талаар нифайчуудад заасан гэдгийг онцол. Суралцагчдаас 3 Нифай 12:19–20, 48-ыг уншин, эдгээр зорилгыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бидэнд ямар ямар шалтгааны улмаас зарлигуудыг өгсөн гэж Аврагч хэлсэн байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Христэд ирж, зарлигуудыг сахиснаараа Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэй илүү адил болж, аврагдах болно.)

  • Ямар арга замаар таны дуулгавартай байдал Аврагчид ирэхэд танд тусалсан бэ?

Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад илүү дуулгавартай байснаар Тэнгэрлэг Эцэгтэй болон Түүний Хүүтэй илүү адил болохын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг.

1 Нифай 3:4–7, 15–16; 4:1–2; 7:12; 17:1–31; 18:1–4

Их Эзэн дуулгавартай хүмүүст тусламж өгдөг

Суралцагчдыг Бурханы тодорхой зарлигийг дагахад хэцүү байсан эсвэл Сүмийн дуудлага, үүрэг хариуцлагыг хийж гүйцэтгэх нь түвэгтэй санагдаж байсан үеийнхээ талаар бодоход урь. Суралцагчдад Бурхан Нифайд болон түүний ах нарт Иерусалим руу буцаж очин, гуулин ялтсуудыг авах зарлиг өгөхөд тэд аюул заналхийлэлтэй тулгарч, бүр үхэж ч болох байсан гэдгийг сануул. Суралцагчдаас 1 Нифай 3:4–7-г уншаад, Нифайн үлгэр жишээнээс сурсан, дуулгавартай байх чадавхыг нь өсгөн нэмэгдүүлэх зарчмыг олж тогтоохыг хүс.

  • Бид Бурханы хэцүү зарлигт үзүүлсэн Нифайн хариу үйлдлээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид энэ зарчмыг хайж байх хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид Их Эзэний зарлигласан зүйлийг хийж гүйцэтгэхийг эрэлхийлэх юм бол, Тэрээр уг зүйлийг гүйцэлдүүлэх замыг бидэнд бэлтгэж өгөх болно.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд дараах эшлэлүүдийг самбар дээр бичээд, Нифай өөрт нь хийхийг зарлигласан хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхийг эрэлхийлэхдээ хэрхэн хариулсан талаар олж мэдэх хугацааг суралцагчдад гаргаж өг. 1 Нифай 3:15–16; 4:1–2; 7:12. Суралцагчид олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа, Их Эзэний зарлигуудыг нь дагадаг хүмүүст тусалдаг зарим арга замыг Нифай хожим нь тайлбарласан гэдгийг тэдэнд тайлбарла. Суралцагчдаас 1 Нифай 17:1–4-ийг уншаад, Их Эзэний бидэнд тусалдаг арга замуудыг олж тогтоохыг хүс. Түүнчлэн уншигчийг дараагийн үгсэд онцгой анхаарал хандуулахад нь бэлтгэхийн тулд Мормоны Номын туршид ашиглагдсан “Мөн тийнхүү бид … харна” гэсэн Нифайн хэллэгийг тэмдэглэхийг суралцагчдаас хүс.

Суралцагчдыг хариултаа хуваалцах хооронд дараах үгсийг самбар дээр бич:

Асрах

Хүчирхэгжүүлэх

Арга замуудыг өгөх

Суралцагчдыг 1 Нифай 17:5–31; 18:1–4 дээрх түүхийг гүйлгэж уншаад, Их Эзэн хэрхэн Лихайн гэр бүлийг асарч, хүчирхэгжүүлэн, арга замуудыг өгч байсныг олж мэдэхэд урь.

  • Ямар ямар арга замаар Их Эзэн Лихайн гэр бүлийг асарч, хүчирхэгжүүлж байсан бэ? Тэрээр тэдэнд туслах арга замуудыг хэрхэн өгч байсан бэ?

  • Их Эзэний Лихайн гэр бүлд өгсөн ямар ямар адислал өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа адислалуудтай адил байна вэ?

  • Та хэзээ Их Эзэнийг дуулгавартай дагахаар хичээх үедээ эдгээр арга замын аль нэгээр Түүний тусламжийг хүлээн авсан бэ?

Суралцагчдад Их Эзэн Өөртэй нь адил болох гэсэн бидний хичээл зүтгэлийн хариуд арвин их адислал өгөхийн тулд дуулгавартай байхыг биднээс хүсдэг гэдгийг сануул. Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн (1899–1973) дараах мэдэгдлийг хуваалц:

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Өнөөдөр та нарт сахихад хамгийн хэцүү байгаа тэр зарлиг тань Бурханы бүх зарлигийн хамгийн чухал зарлиг юм. … Та тэр асуудлаа шийдвэрлэснийхээ дараа өөрийн тань хувьд сахихад хэцүү дараагийн зарлиг дээрээ ажиллаж эхэл. Энэ нь Бурханы зарлигуудыг дагаснаар өөрийгөө ариусгах арга зам юм” (Teachings of Presidents of the Church: Харолд Б.Лий [2000], 30).

Суралцагчдыг тэдний хувьд дуулгавартай дагахад хэцүү байдаг зарлигийнхаа тухай бодоход урь. Тэднийг Их Эзэний тусламжийг бүрэн дүүрэн хүлээн авахуйц зохистой байхын тулд илүү дуулгавартай болох төлөвлөгөө гаргахад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал