7-р хичээл
Мормоны Ном ба Библи
Оршил
Библийн хамтрагчийн хувьд Мормоны Ном нь Есүс Христийн бурханлаг байдал болон дэлхийн Аврагчийн хувьд гүйцэтгэсэн Түүний үүргийн гэрч болдог. Мормоны Ном нь Библээс алдагдсан тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийг сэргээдэг юм. Бид Мормоны Номоос судлах үед Библи дэх сургаалуудын талаарх бидний ойлголт тодорхой болдог.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Рассэлл М.Нэлсон, “Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 43–46.
-
Тэд Р.Каллистэр, “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 11-р сар, 74-76 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87.
Заах зөвлөмж
Езекиел 37:15–19; 2 Нифай 3:11–12; 29:3–10
Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийн нэгдмэл гэрч юм.
Суралцагчдаас Бурхан бидэнд аль хэдийн Библийг өгсөн учраас Мормоны Номын талаар эргэлзээгээ илэрхийлж буй хэн нэгэнд юу гэж хэлж болохыг асуу.
Суралцагчдыг 2 Нифай 29:3–10-ыг дотроо уншаад, нэгээс илүү судрын номоор хангах болсон Их Эзэний шалтгааныг илэрхийлж буй үг хэллэгүүдийг тэмдэглэхэд урь.
-
Их Эзэн Библээс өөр сударт эргэлзэж буй хүмүүст юу гэж хэлсэн байдаг вэ?
-
8-р шүлэгт цэдэглэснээр Их Эзэн Библээс өөр судрыг илчлэх болсон ямар зорилго Түүнд байсан гэж хэлсэн байна вэ? (Суралцагчид өөр өөр хариулт өгч болох ч тэд дараах үнэнийг олж тогтоох ёстой: Библи, Мормоны Ном хоёр хамтдаа Есүс Христийг гэрчилдэг.)
-
Та судрын энэ шүлгээс судрын нэмэлт гэрчтэй байхын ач холбогдлыг ойлгоход тань туслах ямар зүйл мэдэж авсан бэ?
Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийг гэрчлэхээр хэрхэн хамтдаа ажилладаг тухай суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Судрын гэрчүүд бие биенээ гэрчилдэг. Мормоны Ном нь ‘та нар [Библид] итгэж болно хэмээх зорилготойгоор бичигдсэн юм; мөн хэрэв та нар [Библид] итгэх аваас та нар түүнчлэн Мормоны Номд итгэх болно’ [Мормон 7:9] гэж нэгэн бошиглогч эрт үед бичсэнээр энэ үзэл баримтлал тайлбарлагдана. Нэг номынх нь эшлэлүүд нөгөөд нь ч бас байдаг. Хоёр ном хоёул Бурхан амьд бөгөөд Өөрийн бошиглогчдод өгдөг илчлэлтээр дамжуулан хүүхдүүдтэйгээ ярьдгийг нотолдог.
Мормоны Номыг хайрлах хайр нь Библийг хайрлах хайрыг нэмэгдүүлдэг. Сэргээлтийн тухай судрууд нь Библитэй тэмцэлддэггүй; тэд Библийг харилцан нөхдөг” (“Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 43).
-
Танд энэ хоёр номын уялдаа холбооны талаар ерөнхийлөгч Нэлсоний өгсөн тодорхойлолтын юу нь ямар учраас онцгой санагдсан бэ?
Суралцагчдад Хуучин гэрээний бошиглогч Езекиел Иудейн саваа, Иосефын саваа хоёр нэгдэнэ хэмээн бошиглосон болохыг сануул. “Саваа” гэдэг нь модон пайз эсвэл модон савааг тойруулан хуйлсан бичгийг хэлж байгааг тайлбарла (Боид К.Пакэр, “Scriptures,” Ensign, 1982 оны 11-р сар, 51-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг Езекиел 37:15-19-ийг чанга уншихад урь.
-
Эдгээр саваа юуг төлөөлж байна вэ? (Шаардлага гарвал “Иудейн саваа” гэдэг нь Библийг, “Ефраимын саваа” гэдэг нь Мормоны Номыг хэлж байгааг тайлбарла.)
-
Энэ хоёр саваа эсвэл судрын ном нь “Миний мутарт нэг болно” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (17, 19-р шүлэг).
Энэ асуултад хариулахад нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) дараах мэдэгдлийг хуваалц. Ерөнхийлөгч Пакэр энэ мэдэгдлийг хийхийн өмнөхөн Сүм Мормоны Ном ба Библийн шинэ хэвлэлийг хэвлэн гаргасан байсан гэдгийг тайлбарла. Ном болгонд зүүлт тайлбар, нөгөө ном руу нь чиглүүлсэн бусад судрын тусламж орсон байсан ба ингэснээр хоёр номыг шинэ арга замаар нэгтгэсэн юм. Суралцагчдыг Библи, Мормоны Ном хоёрыг хамтад нь судлах хүмүүст ирэх адислалын талаар олж сонсоход урь.
“Иудейн саваа эсвэл цэдэг … мөн Ефраймын саваа эсвэл цэдгийг … одоо аль нэгийг нь анхааралтай судлах үед нөгөө рүү нь татагдах, аль нэгийг нь судалснаар нөгөөхөөр нь гэгээрүүлэгдэх арга замаар хамтад нь нэгтгэсэн юм. Чухамдаа энэ гурван ном бидний гарт нэг юм. Езекиелийн бошиглол одоо биеллээ оллоо.
“Олон жил улиран одох тусам эдгээр судар нь Их Эзэн Есүс Христийг мэддэг бөгөөд Түүний хүслийг дуулгавартай дагахаар тараагдсан итгэлтэй Христийн шашинтнуудын залгамж үеийнхнийг бий болгох болно. …
Илчлэлтүүд [ирээдүй үеийнхэнд] дэлхийн түүхэнд хэнд ч ирээгүй тэр байдлаар нээгдэх болно. Тэдний гарт одоо Иосеф болон Иудейн саваанууд байна. Тэд өөрсдийнх нь өвөг дээдсийн хүрч чадаагүй тийм сайн мэдээний мэдлэгийг бий болгоно. Тэд Есүс бол Христ гэдэг гэрчлэлтэй болж, Түүнийг тунхаглаж мөн Түүнийг хамгаалах чадвартай болох болно” (“Scriptures,” Ensign, 1982 оны 11-р сар, 53).
-
Бид Мормоны Ном, Библи хоёрыг нэг судар мэт хамтад нь судлах үед ямар адислал авах боломжтой вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Библи, Мормоны Ном хоёрыг хамтад нь судалснаар Есүс бол Христ гэсэн гэрчийг илүү хүчтэй хүлээн авах болно.)
-
Мормоны Ном, Библи хоёрыг хамт судлах нь хэрхэн Есүс Христийн тухай таны мэдлэг, гэрчлэлийг гүнзгийрүүлсэн бэ?
Нэг суралцагчаас 2 Нифай 3:11-12-ыг уншихыг хүс. (Эдгээр шүлэг нь Египетийн Иосефын бошиглолын нэг хэсэг гэдгийг тодруулах нь тустай байж болно. Эдгээр шүлэгт Иосеф хоёр номыг дурдсан байдаг: Иосефийн үр удмын бичсэн ном болох Мормоны Ном, Иудейн үр удмын бичсэн ном болох Библи.)
-
Мормоны Ном, Библи хоёр “хамтран нэгдэх” нь дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчид дараах санааг олж тогтоох ёстой. Энэ хоёр ном буруу сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж, маргаан тэмцлийг намжаан, амар амгаланг тогтоох болно.)
Суралцагчдаас гэрчлэл ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хэрхэн Мормоны Ном, Библи хоёрыг хамтад нь ашиглаж болох талаар тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
1 Нифай 13:23–29, 35–36, 38–41
Тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд сэргээгдэв
Суралцагчдад Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Библийн Хаан Жеймсийн сүнслэгээр өдөөгдөн засварласан хувилбарыг гаргахыг зарлигласан гэдгийг сануул. Энэ хувилбарыг одоо Иосеф Смитийн орчуулга хэмээн нэрлэдэг. Бошиглогч Иосеф Смитийн (1805-1844) дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:
“Анхны зохиогчдын гараас ирсэн үед Библийг хүмүүс хэрхэн ойлгож уншдаг байсныг би төсөөлж байна. Мэдлэггүй орчуулагч, хайнга бичээчид эсвээс зальтай, завхарсан санваартнууд олон алдаа гаргажээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 233).
-
Яагаад Библийн сүнслэгээр өдөөгдсөн хувилбар хэрэгтэй байсан бэ?
Суралцагчдад Нифай Библийн ирэлтийн талаар үзэгдэл үзсэн гэдгийг сануул. Нэг суралцагчийг 1 Нифай 13:23-25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамгийн анх бичигдсэн Библийн тухай Нифайн хэлсэн тодорхойлолтыг олж мэдэхийг хүс.
-
Анх бий болох үеийн Библийн талаар тэнгэр элч Нифайд юу гэж заасан бэ? (Энэ нь “Их Эзэний гэрээнүүдийг агуулдаг,” “агуу их үнэт” зүйл бөгөөд “Их Эзэний сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг”.)
Суралцагчдыг 1 Нифай 13:26–28-ыг уншаад, Нифай Библид юу тохиолдохыг мөн эдгээр нь ямар шалтгааны улмаас тохиолдох талаар юу олж мэдэж авсныг хайж олоход урь.
-
Агуу хийгээд жигшүүрт сүм Библид юу хийсэн бэ? (Агуу хийгээд жигшүүрт сүм нь ямар нэгэн бие даасан сүм эсвэл байгууллага биш бөгөөд Христийн эсрэг тэмцэж буй бүгдийг нэрлэсэн ерөнхий нэр томъёо гэдгийг онцол [1 Нифай 13:4–9; 14:10-ыг үзнэ үү].)
-
27-р шүлэгт цэдэглэснээр, яагаад эдгээр тодорхой хийгээд эрхэм үнэт зүйлсийг хассан бэ?
Ангийнхан Библээс тодорхой хийгээд эрхэм үнэт зүйлс хасагдсанаас болж ирсэн үр дагавруудыг хайж байх хооронд нэг суралцагчийг 1 Нифай 13:29-ийг чанга уншихад урь.
-
Библээс Их Эзэний тодорхой хийгээд эрхэм үнэт сургаал хасагдсаны үр дүнд юу болсон бэ?
-
Та өнөөдрийн дэлхийд тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд алдагдсаны үр дүнд “үлэмж агуу олон нь [бүдэрч]” буй ямар ямар нотолгоог харж байна вэ?
Ангийнхан энэ асуудлын талаарх Их Эзэний шийдлийг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 1 Нифай 13:35–36, 38–41-ийг ээлжлэн чанга уншихад урь.
-
Библээс тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд алдагдсанаас үүссэн асуудлуудыг шийдэхийн тулд Их Эзэн юу хийсэн бэ?
-
Их Эзэн Мормоны Номоос гадна өөр ямар “бусад номыг” Сэргээлтийн нэг хэсэг болгон авчирсан бэ? (Суралцагчдыг судар дээрээ “бусад ном”-д Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд, Библийн Иосеф Смитийн орчуулга зэрэг нь ордог гэж тэмдэглэхэд урамшуулан дэмж.)
-
40-р шүлэгт цэдэглэснээр, Мормоны Ном болон “бусад ном” хэрхэн Библээс тодорхой хийгээд эрхэм үнэт зүйлс хасагдсанаас үүссэн асуудлуудыг шийдэхэд тусалдаг вэ? (Суралцагчид дараах үнэнийг ойлгосон байх ёстой: Мормоны Ном болон хожмын үеийн судрууд нь Библийн үнэнийг батлан, түүнээс хассан тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийг сэргээхэд тусалдаг.)
Мормоны Ном хэрхэн Библи дэх сургаал, зарчмуудын талаарх бидний ойлголтыг бататгаж өгдгийг харуулахын тулд Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн Тэд Р.Кэллистэрийн дараах мэдэгдлийг хуваалц:
“Библи, Мормоны Ном хоёулаа Есүс Христийг гэрчилдэг. Яагаад хоёр дахь гэрч ийм чухал байдаг вэ? Дараах жишээ та бүхэнд үүнийг ойлгоход туслах байхаа: Нэг цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт нь тоо томшгүй байх болно. Тэр цэгийг Библи гээд, тэдгээр зуу зуун шулуун зураасыг тэдгээр олон сүмийн Библийн өөр өөр тайлбарууд хэмээн төсөөлье.
Харин тэр цаасан дээр дахиад нэг цэгийг Мормоны Ном хэмээн төлөөлөн зуръя. Библи болон Мормоны Номыг төлөөлсөн энэ хоёр цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт нь зөвхөн нэг зураас. Христийн сургаалыг зөвхөн энэ хоёр судар л нэгэн адил гэрчилдэг.
Дахин хэлэхэд, Мормоны Ном нь Библийн заадаг сургаалуудыг батлах, тодотгох, нэгтгэх гэрчийн үүрэгтэй” (“Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 11-р сар, 75 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88).
-
Яагаад Мормоны Ном, Библи хоёрыг Есүс Христийн сайн мэдээний сургаалын гэрч болгох нь чухал вэ?
Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэдэнд Библийг илүү сайн ойлгож, Аврагчид илүү ойртоход тусалсан талаарх гэрчлэл, жишээнүүдийг хуваалцахад урь.
Суралцагчийн унших материал
-
Езекиел 37:15–19; 1 Нифай 13:20–41; 2 Нифай 3:11–14; 29:1–14.
-
Рассэлл М.Нэлсон, “Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 43–46.