Институт ба семинар
15-р хичээл: Бурханы мутарт зэмсэг болох нь


15-р хичээл

Бурханы мутарт зэмсэг болох нь

Танилцуулга

Есүс Христийн сайн мэдээ нь асуудал бэрхшээлтэй дэлхийд зориулагдсан амар амгалангийн захиас юм. Бурханы мутарт зэмсэг болдог хүмүүс сайн мэдээнээс хуваалцаж, бусдад хөрвөгдөхөд нь тусалж чадна. Энэ хичээлээс суралцагчид Бурханы мутарт зэмсэг болж, бусдад мөнх амьдралыг хүлээн авахад нь тусалсан номлогчдын тухай цэдэглэгдсэн Мормоны Номын түүхүүдийн зарчмуудыг судалж, хэрэгжүүлэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • M.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11-р сар, 43-45 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50-53.

  • Дон Р.Кларк, “Becoming Instruments in the Hands of God,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 97–99.

Заах зөвлөмж

1 Нифай 13:37; Мозая 15:14-19, 26–28

Сайн мэдээг хуваалцдаг хүмүүст адислал амлагддаг

Самбар дээр Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 371 дээрх бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн мэдэгдлийг бич:

“Эцсийн эцэст, хамгийн аугаа, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох юм.” (Бошиглогч Иосеф Смит)

Суралцагчдыг уг мэдэгдлийг дотроо уншихад урь. Дараа нь асуу:

  • Яагаад сайн мэдээг бусадтай хуваалцах нь бидний хамгийн чухал үүрэг вэ?

  • Та нар энэ үүргийг хүлээн зөвшөөрч мөн биелүүлснээрээ ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Нифай сайн мэдээ сэргээгдэж, Мормоны Ном ирэхийг урьдчилан харсан гэдгийг тайлбарла (1 Нифай 13:34–36-г үзнэ үү). Түүнчлэн тэр сайн мэдээг тунхаглан, Христэд ирэхэд нь бусдад тусалдаг хүмүүсийн хүртэх боломжтой адислалыг дүрслэн өгүүлсэн.

Суралцагчдыг 1 Нифай 13:37-г дотроо уншихад уриад, эцсийн өдрүүдэд сайн мэдээг хуваалцахыг эрэлхийлдэг хүмүүст амлагдсан адислалыг тэмдэглэж эсвэл тодруулахад тэднийг урамшуул.

  • Сионыг байгуулан, амар амгаланг зарлахыг эрэлхийлэх хүмүүст ямар адислал ирдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг ойлгох ёстой: Бид сайн мэдээг хуваалцахаар эрэлхийлэхэд Ариун Сүнсээр адислагдан, Бурханы хаант улсад аврагдаж чадна.)

Абинадай Исаиагаас эш татан, амар амгаланг зарлах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг, мөн яагаад бид сайн мэдээг хуваалцахаар эрэлхийлэх ёстойг тайлбарласан гэдгийг суралцагчдад хэл (Исаиа 52:7-г үзнэ үү). Ангийнхныг Абинадайн заасан зүйлийг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг Мозая 15:14–19, 26–28-ыг чанга уншихад урь.

  • Амар амгалан ба авралыг зарлах гэдэг нь ямар утгатай вэ? (14-р шүлгийг үзнэ үү).

  • Яагаад аврал бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст тунхаглагдах хэрэгтэй вэ?

Абинадайн үгсийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн мэдэгдлийг чанга уншихад урь:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Амар амгалан ба сайн мэдээ, сайн мэдээ ба амар амгалан. Эдгээр нь асуудал бэрхшээлтэй дэлхийд мөн дээр нь амьдардаг асуудал бэрхшээлтэй хүмүүст Есүс Христийн сайн мэдээний авчирдаг хамгийн дээд адислалын зарим нь билээ. Эдгээр нь хувь хүний бэрхшээл ба хүмүүний нүгэлт байдлаас гарах гарц, зовлон зүдгүүрт өдрүүдэд болон жинхэнэ цөхөрсөн цаг үед зориулагдсан хүч чадлын эх сурвалж юм. … Бурханы Цорын Ганц Хүү Өөрөө бидэнд энэ тусламж, найдварыг өгдөг. …

“Амар амгаланг эрж хайх нь хүмүүний бодгалийн туйлын эрэл хайгуул билээ. … Бид бүхний амьдралд зөвхөн Бурхан л өгч чадах амар амгаланг хүсэмжлэн гуйн залбирахад хүргэдэг гүн уй гашууд автах юм уу зовох эсвэл айх юм уу ганцаардах үе байдаг. Эдгээр нь бүр хамгийн дотнын найзууд хүртэл бидний зовлонг бүрэн нимгэлж чадахгүй сүнслэг өлсгөлөнгийн цаг үе юм” (“The Peaceable Things of the Kingdom,” Ensign, 1996 оны 11-р сар, 82).

  • Яагаад Есүс Христийн сайн мэдээ амар амгалангийн захиас байдаг вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн (1897–1988) хэлсэн мэдэгдлийг ярилцах талаар бодож үз:

Eрөнхийлөгч Марион Ж.Ромни

“Амар амгаланг авчрахын тулд Сатаны нөлөөг зайлуулах шаардлагатай. Түүний байгаа газар хэзээ ч амар амгалан оршин тогтнож чадахгүй. Цаашилбал, түүнтэй эв найртай хамт оршино гэдэг нь боломжгүй зүйл юм. … Тэрээр маханбодийн ажлуудаас өөр юуг ч тунхагладаггүй. …

“Тиймээс, амар амгалан байлгахын тулд Сатаны нөлөөг эрхшээлдээ бүрэн оруулсан байх ёстой. …

“Махан биеийн ажлууд нь дэлхий даяар нийтлэг байдаг шиг амар амгалангийн сайн мэдээ ч үүний адил нийтлэг байдаг. Хэрэв нэг хүн үүний дагуу амьдарвал тэр өөртөө амар амгаланг олно. Хэрэв хоёр хүн үүний дагуу амьдарвал, тэд өөрсдөдөө төдийгүй өөр хоорондоо амар амгаланг олно. Харин иргэд үүний дагуу амьдарвал үндэстэн дотроо амар амгаланг олох болно. Сүнсний үр жимснээс хангалттай олон үндэстэн хүртэн, дэлхийн бодлогыг хянадаг болсон тэр үед л дайны харанга цаашид дэлдэхгүй байх болно” (“The Price of Peace,” Ensign, 1983 оны 10-р сар, 4, 6).

  • Та хэзээ сайн мэдээ хэн нэгний амьдралд амар амгаланг авчирч байхыг харж байсан бэ?

  • Бид сайн мэдээг үр дүнтэй хуваалцаж болох ямар ямар арга зам байдаг вэ?

Суралцагчдыг сайн мэдээнээс ирдэг амар амгаланг мэдрэхэд нь тусалж болох хэн нэгнийг таньдаг эсэхээ бодож үзэхэд урамшуул. Тэднийг уг хүнтэйгээ сайн мэдээг хуваалцахад урьж, хичээлийн явцад сурсан зарчмуудаа хэрхэн хэрэгжүүлж болох тухай бодоход урамшуул.

Moзая 28:3; Aлма 17:2–3, 6, 9–12, 16, 25; 18:10; 21:16; 22:1, 12–14; 26:11–12, 26–29; 31:30–34

Бурханы мутарт зэмсэг болох нь

Хийл тоглож буй эмэгтэй
Эрэг чангалдаг түлхүүрүүд
Эрүүл мэндийн үзлэгийн багаж хэрэгслүүд

Суралцагчдад дээрх зургуудаас нэгийг эсвэл бүгдийг (хийл, засварын газрын хэрэгсэл, эмнэлгийн багажууд) эсвэл тэдэнтэй адил зургийг үзүүлэх талаар бодож үз. Дараа нь асуу:

  • Эдгээрийг чадварлаг хүмүүсийн гарт өгвөл тэд юу бүтээж чадах вэ?

  • Бурханы мутарт зэмсэг болох гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ?

Нэг суралцагчийг Алма 17:2–3, 9–11-ийг чанга уншихад урь. Суралцагчдаас Мозаягийн хөвгүүд Бурханы мутарт зэмсэг болохын тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Бид хэрхэн Бурханы мутарт зэмсэг болох талаар Мозаягийн хөвгүүдээс юу сурч чадах вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг самбар дээр бич: Бид залбиран, мацаг барьж, судруудаас судалж, бусдад сайн үлгэр жишээ үзүүлснээр Бурханы мутарт зэмсэг болж чадна.)

Мормоны Номонд Алмагийн болон Мозаягийн хөвгүүд Бурханы мутарт үр дүнтэй зэмсэг болохын тулд юу хийсэн талаар өөр олон жишээ агуулагддаг гэдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич (хаалтан доторх товч агуулгагүйгээр). Суралцагч бүрд нэг эсвэл олон хэсгийг оноож өг. Суралцагчдаас Их Эзэний үйлчлэгчид сайн мэдээг амжилттай хуваалцахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.

Moзая 28:3 (Нэг ч бодгаль мөхөхгүй байж болохын тулд авралыг тунхаглахыг хүссэн.)

Алма 17:6 (Сайн мэдээг номлохын тулд дэлхийн нэр алдраас татгалзахад бэлэн байсан.)

Алма 17:11-12 (Тэвчээртэй, зоригтой, сайн жишээ үзүүлдэг байсан.)

Алма 17:16 (Наманчилж, гэтэлгэлийн төлөвлөгөөг ойлгоход бусдад туслахыг хүссэн.)

Алма 17:25; 18:10 (Үйлчлэгч байхыг хүссэн.)

Алма 21:16; 22:1 (Сүнсээр удирдуулдаг байсан.)

Алма 22:12-14 (Судруудаас Христ болон гэтэлгэлийн төлөвлөгөөний тухай заасан.)

Алма 26:11-12 (Бурхан бол хүч чадлынх нь эх сурвалж гэдгийг хүлээн зөвшөөрөхүйц даруу байсан.)

Алма 26:26–29 (Шантрах үедээ бууж өгөөгүй. Христийн үйл хэргийн төлөө зовлонгуудаа тэвчээртэй туулахад бэлэн байсан. Сайн мэдээг олон янзын нөхцөл байдалд заасан.)

Алма 31:30–34 (Бусдыг Христэд авчрахдаа дэмжлэг хүсэн залбирсан.)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Эшлэлүүдийн товч агуулгыг самбар дээр бичин, суралцагчдын хариултуудыг хураангуйлах талаар бодож үз. Та суралцагчдыг эдгээр судрын хэсгийг бичиж аван, хичээлийн дараа “Сайн мэдээг хуваалцахын чухал хэсгүүд” гэсэн судрын гинжин холбоо бий болгоход урамшуулж болно.

  • Хэрэв танд сайн мэдээг бусадтай хуваалцах боломж байсан бол эдгээр хэсэг нь хэрхэн таны амжилтад нөлөөлсөн тухай туршлага эсвэл гэрчлэл хуваалцах уу?

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэн зарчмууд нь хэрхэн өөр дуудлагуудад эсвэл сайн найз, хөрш байхад тань туслах вэ?

  • Та хэзээ Бурханы мутар дахь зэмсэг болж, бусдад туслах боломжтой байсан бэ?

Aлма 18:33–35; 23:5–6; 26:2–5, 15; 29:9–10

Бусдад хөрвөгдөхөд нь туслах нь

Мормоны Ном нь Бурханы мутарт зэмсэг болж чадна гэдгийг бидэнд заахаас гадна, зэмсэг болсноор бусдад бидний үзүүлэх боломжтой нөлөөний талаар мөн адил заадаг гэдгийг суралцагчдад сануул.

Ангийнхныг Аммон Бурханы мутар дахь зэмсгийнхээ хувьд юу хийж гүйцэтгэх хэрэгтэй байсныг хайж байх хооронд нэг суралцагчийг Алма 18:33-35-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ зарчмын мэдэгдэл болгон хураангуйлахад урь. (Суралцагчдад дараах зүйлийг олж тогтооход тусал: Бид Бурханы мутарт зэмсэг болох үед Тэр бидэнд бусдыг үнэний мэдлэгт ирэхэд нь туслах хүчийг өгдөг.)

Үнэний мэдлэгт ирэхэд нь бусдад туслахын үр нөлөөг харахад суралцагчдад туслахын тулд ангийнхныг Алма 23:5-6-г дотроо уншихад урь. Суралцагчдаас леменчүүдийг үнэний мэдлэгт ирэх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Ямар үг эсвэл хэллэг сайн мэдээг номлосноор леменчүүдэд үзүүлсэн нөлөөг дүрслэн өгүүлсэн байна вэ?

  • Бид бусдыг үнэний мэдлэгт авчрах үед юу тохиолдож болох талаар ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бид бусдыг үнэний мэдлэгт авчирснаараа Их Эзэнд хөрвөгдөхөд нь тэдэнд тусалдаг.)

Аммон, Алма хоёулаа эдгээр үнэний талаар гэрчилсэн гэдгийг тайлбарла. Бид Бурханы мутар дахь зэмсгүүд болж, сайн мэдээг хуваалцахдаа бусдад хэрхэн нөлөөлж болохыг ангийнхныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас Алма 26:2–5, 15 ба Алма 29:9–10-ыг ээлжлэн чанга уншихыг хүс.

  • Аммон, Алма хоёрын хураангуйлж хэлсэн мэдрэмжийн юу нь та нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Суралцагчдыг сайн мэдээг бусадтай хуваалцах үедээ мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь.

Суралцагчдыг бусдад сайн мэдээний талаар суралцаж, хөрвөгдөхөд нь туслах өөрсдийн боломжуудын талаар тунгаан бодоход урамшуул. Тэднийг энэ хичээл дээр сурсан зарчим, дадлагуудыг сайн мэдээг хуваалцах өдөр тутмын хичээл зүтгэлдээ хэрхэн ашиглаж болох талаар бодож үзэхэд урь.

Суралцагчийн унших материал