20-р хичээл
Итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь
Танилцуулга
Есүс Христ ба Түүний сайн мэдээнд итгэх итгэл нь Бурханы хүүхдүүдэд хүч чадал, сүнслэг хамгаалалтыг авчирдаг. Мормоны Ном хувь хүмүүсийн итгэлгүйдээ бууран доройтоход хүргэдэг хандлага, зан чанарыг харуулдаг. Мормоны Номын бошиглогчид эдгээр зан чанар, хандлагын талаар сэрэмжлүүлсэн бөгөөд бидний итгэл, гэрчлэлийг хамгаалан, хүчирхэгжүүлэх сайн мэдээний зарчмуудыг заасан.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18-21 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32–36.
-
Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-р сар, 36-39 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20-22.
-
Ларри С.Качер, “Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд,” Ensign, 2014 оны 11-р сар, 104-106 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121-123.
Заах зөвлөмж
2 Нифай 1:10–11; 9:28; Moзая 2:36–37; 26:1–4; Aлма 12:9–11; 31:8–11; 46:7–8; Хиламан 4:11–13; 13:24–26; Moрмон 9:7–8
Итгэл, гэрчлэлийг доройтуулж болох хандлага ба зан чанар
Дараах асуултыг үзүүлээд, суралцагчдыг товч хариулахад урь:
-
Сайн мэдээний адислалуудыг хүртсэн хүмүүс хэрхэн итгэл, гэрчлэлээ алдаж болох вэ?
Суралцагчдад бошиглогч Лихай үр удам нь хэзээ нэгэн өдөр Есүс Христ ба Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ алдана гэдгийг сэрэмжлүүлсэн болохыг сануул. Нэг суралцагчийг 2 Нифай 1:10–11-ийг чанга уншихад уриад, суралцагчдаас уг итгэлгүй байдал нь Лихайн үр удамд ямар нөлөө үзүүлснийг олж мэдэхийг хүс. (“Итгэлгүйдээ бууран доройтох” гэдэг нь итгэлгүй байдлаас болж сүнслэг байдлаараа доройтох гэсэн утгатай гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.)
-
Итгэлгүй байдал нь эцэстээ Лихайн үр удамд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Нифай үндэстэнг устгалд хөтлөх болсон олон хүчин зүйл байсан ч нифайчуудын уналтын гол үндэс нь тэд Есүс Христ ба Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ алдсан явдал гэдгийг онцолж хэл. Энэ шалтгааны улмаас Мормоны Номын бошиглогчид Их Эзэнд итгэх итгэлийг сулруулдаг зан чанар, хандлагуудын талаар ахин дахин сэрэмжлүүлж байсан бөгөөд гэрчлэлийг хэрхэн олж авч мөн хүчирхэгжүүлэх талаар заасаар байсан.
Нэг суралцагчаас Мозая 26:1-4-ийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг хаан Мозаягийн засаглалын үед зарим хүний итгэлийг дордуулсан хандлага, зан чанарыг олж мэдэхэд урамшуул.
Суралцагчдыг эдгээр шүлэгт үнэнд итгэхгүй, үнэний дагуу үйлдэхгүй байхыг сонгодог хүмүүст юу тохиолддог талаар заасан нэг зарчмыг олж тогтооход урь. Суралцагчдын олж тогтоосон зарчмуудад дараах зарчмууд байж болох юм: Хүмүүс заалгасан үнэнүүддээ итгэхгүй, тэдгээрийн дагуу үйлдэхгүй байх сонголтыг хийхэд тэдний зүрх сэтгэл хатууран, итгэл ба гэрчлэлийн адислалыг эдэлж чадахгүй.
-
Яагаад хүмүүс заалгасан үнэнүүддээ итгэхгүй, тэдгээрийн дагуу үйлдэхгүй байх сонголтыг хийхэд зүрх сэтгэл нь Сүнсний эсрэг хатуурдаг гэж та бодож байна вэ?
Суралцагчдад итгэл ба гэрчлэлийг алдахад хүргэдэг өөр хандлага, зан чанарыг олж тогтооход нь туслахын тулд дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Суралцагч бүрд нэг эсвэл хоёр эшлэлийг уншихаар оноож өг. Эшлэл болгоныг оноож өгсөн байх ёстой. Хүмүүсийн итгэл, гэрчлэлээ алдахад хүргэж болох хандлага, зан чанарыг оногдсон эшлэлээсээ олж мэдэхийг суралцагчдаас хүс.
Хангалттай хугацаа өгсний дараа, олж тогтоосон хандлага, зан чанараа хуваалцан, хэрхэн эдгээр нь итгэл, гэрчлэлийг сулруулж болохыг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Суралцагчдын хариултуудыг самбар дээрх холбогдох эшлэлүүдийнх нь хажууд хураангуйлан бич.
-
Эдгээр хандлага эсвэл зан чанарын аль нь өнөөгийн Сүмийн залуу гишүүдийн хувьд хамгийн аюултай гэж та бодож байна вэ? Яагаад?
Суралцагчдаас самбар дээр жагсаасан хандлага эсвэл зан чанараас нэгийг сонгон, өөрсдийгөө хэрхэн уг хандлага эсвэл зан чанараас хамгаалж болохыг тайлбарлахыг хүс.
Суралцагчдад аль хандлага эсвэл зан чанар тэдний итгэл ба гэрчлэлд заналхийлж байсныг мөн өөрсдийгөө хүчирхэгжүүлэхийн тулд тэд юу хийж чадах талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг.
2 Нифай 28:21-23 ; Мормон 5:16-18
Итгэл, гэрчлэлээ алдсанаас ирэх үр дагаврууд
Бошиглогч Мормон нифайчуудын цэргийг удирдаж байхдаа өөрийн хүмүүсийн ёс бус хийгээд найдваргүй нөхцөл байдлыг анзаарсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдаас Moрмон 5:16–18-ыг судлаад, Мормон өөрийн хүмүүсийн сүнслэг нөхцөл байдлыг хэрхэн дүрслэн өгүүлснийг олж мэдэхийг хүс.
-
Та “Дэлхийд Христгүй, Бурхангүй” амьдрах гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ?
-
Бид Мормоны үгээс Их Эзэнд итгэх итгэлээ алдан, наманчлахаас татгалздаг хүмүүсийн тухай ямар зарчим сурч болох вэ? (Тэд өөр өөр үгс хэрэглэж болох ч суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид итгэлээ алдан, наманчлахаас татгалзвал Сүнс биднээс холдож, бид Их Эзэний удирдамжийг алдах болно.)
-
18-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Мормон Их Эзэний удирдамжийг алдах нь ямар үр нөлөөтэй гэж сэрэмжлүүлсэн бэ?
Нифай Сүнсийг алдан, чөтгөрийн боол болон удирдагдах үйл явц нь удаан бөгөөд аажим явагддаг гэж заасан гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг 2 Нифай 28:21-23-ыг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас энэ аажим явагддаг сүнслэг доройтлыг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж тогтоохыг хүс.
-
Нифай хүнийг сүнслэг доройтолд хүргэдэг ямар хандлагуудыг тодорхойлсон бэ?
-
Яагаад эдгээр хандлага нь бидний итгэлд аюултай гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.
“Үнэн бидэнд шат шатаар өгөгддөгийн адилаар бид дуулгавартай байх үед гэрэл гэгээ аажим аажмаар тодордог ч, дуулгаваргүй байх үед үнэний талаарх бидний гэрчлэл үл мэдэгдэм, бага багаар буурч, харанхуй байдал аажим бүрхэж, бардам нэгэн болж өөрчлөгдөж байгааг амархан үгүйсгэх боломжтой болдог.
“Би Сүмээс аажмаар холдсон нэгэн залуугийн бардамнаж байхыг сонссон. Эхлээд тэр ням гаргийн хичээлээ заахаа болин, дараа нь Сүмээс холдож, түүний дараа зарим үед аравны нэгээ төлөхөө мартдаг болсон. … Тэр гарч буй өөрчлөлтийг мэдэрч чадахгүй байсан ч би үүнийг нь мэдэрч байсан. Түүний нүдэн дэх гал цог, тэр бүү хэл царайн дахь гэрэл гэгээ нь бөхөж байсан юм. Тэр үүнийг харж чадахгүй байв, учир нь Бурханд дуулгаваргүй байхын үр нөлөөний нэг нь Бурхантай холбоо тасарч байгаа гэсэн аливаа мэдрэмжийг хаахад хангалттай, сүнслэг мэдрэмжийг алдуулах тариаг бий болгодог юм шиг надад санагддаг. Энэ нь үнэний талаарх түүний гэрчлэл идэгдэн нураагдаад зогсохгүй, гэрэлд байх үеийн дурсамжууд нь түүний хувьд хий хоосон зүйл мэт санагдах болсон юм” (“A Life Founded in Light and Truth” [Бригам Янгийн их сургуулийн онцгой цугларалт, 2000 оны 8-р сарын 15], 3, speeches.byu.edu).
-
Таны хувьд ямар ямар шинж тэмдэг хүн итгэл, гэрчлэлээ алдаж эхэлж байгааг харуулдаг гэж бодож байна вэ?
1 Нифай 15:7–11; 2 Нифай 25:28–29; Moзая 4:11–12; 15:11; Хиламан 15:7–8
Итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нь
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний дараах мэдэгдлийг уншихад урь:
“Амьдрал дээр салхитай орчинд ургасан мод илүү бат бөх болдог. Салхи зулзаган модыг нүдэх үед уг модны дотор хоёр зүйл болж байдаг. Нэгдүгээрт, тэд үндсээ илүү хурдан, улам их тарааж ургуулдаг. Хоёрдугаарт, модны үндэс хийгээд мөчрүүдийг илүү зузаан ургуулж, салхины хүчний эсрэг найган зогсож чадах эсийн бүтцийг бий болгодог. Эдгээр хүчирхэг үндэс, мөчир нь дахин ирэх тэрхүү салхинаас модыг хамгаалж байдаг байна.
“Та нар Бурханы хувьд модноос хамаагүй үнэ цэнэтэй билээ. Та нар Түүний хүү, охин юм. Тэрээр та нарын сүнсийг хүчтэй мөн амьдралын хар салхинуудад сэтгэлийн хаттай байх чадавхтай бүтээсэн. Зулзаган модыг хүчирхэгжүүлдэг салхи шиг, өсвөр насанд чинь тохиолдсон хар салхинууд та нарыг ирээдүйн амьдралд бэлтгэн, сүнслэг хүч чадлыг тань өсгөн нэмэгдүүлж чадна” (“Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32-33).
-
Бид сүнслэг хүч чадлыг олж аван, итгэл ба гэрчлэлийн маань эсрэг ирэх бэрхшээлүүдийг давж гарахын тулд юу хийж чадах вэ?
Суралцагчдад Мормоны Ном нь илүү хүчирхэг итгэл, гэрчлэлтэй болохыг эрэлхийлж буй хүмүүсийг удирдан чиглүүлэх сайн мэдээний зарчмуудыг агуулдаг гэдгийг сануул.
Нэг суралцагчаас 2 Нифай 25:28–29-ийг чанга уншихыг хүсээд, эдгээр шүлэг нь хэрхэн аврагдаж болох талаар Нифайн өөрийн хүмүүст өгсөн хүчирхэг номлолыг хураангуйлдаг гэдгийг тайлбарла. Ангийн гишүүдээс Нифай бидний амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэрийн талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Нифай энэ амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэр тань юу байх болно гэж заасан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Хэрэв бид Есүс Христэд итгэн, Түүнийг бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа шүтэн бишрэхийг сонговол, сүнслэг байдлаараа хүчтэй хэвээр байж, тусгаарлагдахгүй байх болно.)
Далын ахлагч Л.Витни Клэйтоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:
“Үе үеийн бошиглогчид биднийг Христэд итгэхэд урамшуулж, бүр чин сэтгэлээсээ гуйсаар ирсэн билээ. … Итгэхийг сонгох шийдвэр нь бидний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр юм. Энэ нь бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг. …
“Найдвар, гэрчлэл, итгэл нь зүгээр сууж байгаад олж авдаг зарчмууд биш юм. Тэдгээр нь бидэнд зүгээр хүрээд ирдэггүй. Найдвар нь бидний сонгодог зүйл бөгөөд бид үүнд найдан, үүний төлөө ажиллаж мөн золиослол хийдэг. Бид санаандгүй байж байгаад гэнэт залбирч, гэнэт аравны нэгээ төлдөггүй шигээ санаандгүй байж байгаад гэнэт Аврагчид болон Түүний сайн мэдээнд итгэдэг болчихно гэж байхгүй. Бид бусад зарлигийг дагахыг сонгодог шиг итгэхийг мөн сонгон үйлддэг” (“Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-р сар, 38 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21-22).
-
Та “найдвар, гэрчлэл, итгэл нь зүгээр сууж байгаад олж авдаг зарчмууд биш юм” гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ?
-
Та яагаад сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах нь итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх хамгийн сайн арга зам гэж бодож байна вэ?
Суралцагчдад итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд гаргаж болох хүчин чармайлтын зарим арга замыг олоход туслахын тулд дараах эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагч бүрээс хамгийн багадаа нэгийг дотроо уншихыг хүс. Тэднийг бидэнд Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд тусалж болох зарчмуудыг олж мэдэхэд урь.
Суралцагчдыг эдгээр эшлэлээс олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та суралцагчдыг эдгээр ба бусад зарчмыг амьдралдаа хэрэгжүүлснээр Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэл нь нэмэгдсэн тухай гэрчлэлээ хуваалцахад урьж болно. Суралцагчдыг Их Эзэнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд шаардлагатай хүчин чармайлт гаргахад урамшуул.
Суралцагчийн унших материал
-
1 Нифай 15:7–11; 2 Нифай 1:10–11; 9:28; 25:28–29; 28:21–23; Moзая 2:36–37; 4:11–12; 15:11; 26:1–4; Aлма 12:9–11; Aлма 31:8–11; 46:7–8; Хиламан 4:11–13; 13:24–26; 15:7–8; Moрмон 5:16–18; 9:7–8.
-
Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-р сар, 36-39 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20-22.