Институт ба семинар
11-р хичээл: Эцсийн өдрүүдийн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалах нь


11-р хичээл

Эцсийн өдрүүдийн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалах нь

Оршил

Мормоны Ном нь “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг” (С ба Г 20:9) заахаас гадна Христийн дагалдагчдыг эцсийн өдрүүдэд давамгайлах хуурамч сургаалууд ба үзэл санааны эсрэг хүчирхэгжүүлдэг. Үүнийг гүйцэлдүүлдэг нэг арга зам нь Христийн дайснуудыг илчлэн, тэдний тарааж буй хуурамч сургаалуудыг тодорхойлж өгдөг явдал юм. Суралцагчид Мормоны Номон дахь хуурамч багш нарын тухай түүхүүдийг судалснаар сайн мэдээний үнэнүүд ба дэлхийн хуурамч ойлголтууд хоёрыг хооронд нь ялган таньж сурах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Даллин Х.Өүкс, “Be Not Deceived,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 43–46.

  • Даллин Х.Өүкс, “Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа” (Ахлагч Даллин Х.Өүкстэй хамт өнгөрүүлсэн нэгэн үдэш, 2013 оны 2-р сарын 8), lds.org/broadcasts.

  • Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18-21 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32.

Заах зөвлөмж

2 Нифай 28:3–9, 12–15; Иаков 7:1–12; Алма 1:2–6; 30:12–18, 39–44; Иосеф Смит—Матай 1:22

Хуурамч сургаалуудыг таньж мэдэн, тэдгээрээс өөрсдийгөө хамгаалах нь

Суралцагчдаас дараахтай адил асуудлуудын талаар дэлхийд оршин тогтнодог олон янзын үзэл санааны талаар бодож үзэхийг хүс. Үүнд: Бурханаас өгөгдсөн үнэний эсрэг ёс суртахууны харилцан шүтэлцээ (нийтлэг зөв эсвэл буруу гэж байдаггүй хэмээх үзэл санаа), шашны эрх чөлөө болон онцгой сонирхлын бүлгийн эрх, үр хөндүүлэх эрх болон амьдрах эрх. Та асуудлуудын тухай ярилцаж байхдаа тэдгээрийг самбар дээр бичиж болно. Суралцагчдад зөв үзэл санааг хүлээн авахдаа яагаад болгоомжтой хандах ёстой тухай ярилцах хугацаа гаргаж өг.

Есүс Христ амьдралынхаа төгсгөл үед эцсийн өдрүүдэд оршин тогтнох аюултай сүнслэг нөхцөл байдлуудын талаар бошиглосон юм. Нэг суралцагчийг Иосеф Смит—Матай 1:22-ыг уншихад урь. Та “гэрээний дагуу сонгогдсон” гэдэг нь Есүс Христийн Сүмийн гишүүдийг хэлж байгааг онцолж болно.

  • “Хуурамч Христүүд” болон “хуурамч бошиглогчид” бидний цаг үед ямар аюул авчрах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Ном нь Христийн дайснуудыг илчилдэг бөгөөд буруу сургаалуудыг мадалж, маргаан тэмцлийг намжаадаг. (2 Ни. 3:12-ыг үзнэ үү) Энэ нь өнөө үеийн хилэнцэт төлөвлөгөө, заль мэх, чөтгөрийн сургаалын эсрэг Христийн даруу дагалдагчдыг хүчирхэгжүүлдэг. Мормоны Номон дахь урвагчид бидний өнөө үеийн урвагчидтай төстэй юм. Бид алдааг нь харж, өнөө үеийн боловсрол, улс төр, шашин, гүн ухааны худал ойлголтуудыг хэрхэн үгүйсгэхийг мэдэж болохын тулд Бурхан хэмжээлшгүй зөн билгээрээ Мормоны Номыг бүтээсэн юм” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 132).

  • Энэ мэдэгдэл Мормоны Ном хэрхэн биднийг хуурамч сургаалуудаас хамгаалдаг тухай юу гэж зааж байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Мормоны Номыг судалж, сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлснээрээ өнөө үеийн чөтгөр, хуурамч сургаал, үзэл санааны эсрэг хүчирхэгжих болно.)

  • Сатаны заль мэхтэй тулгарахаасаа өмнө тэдний талаар судлах нь ямар давуу талтай вэ?

Бидний өдрүүдэд зонхилох болно хэмээн Нифайн хэлсэн хуурамч үзэл санаануудыг ангийнхныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас 2 Нифай 28:3–9-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Та суралцагчдыг чухал үг, хэллэгүүдийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно. Суралцагчдыг олж тогтоосон зүйлсээ хуваалцахад уриад, дараа нь асуу:

  • Эдгээр хуурамч үзэл санааны ямар орчин үеийн жишээнүүд байна вэ? (Жишээнүүдэд: Бурхан биднийг агуу ихээр хайрладаг учраас биднийг шийтгэхгүй гэдэг итгэл; Христийн шашинтнуудыг сохроор дагагч, мухар сүсэгтнүүд гэж эндүүрэх зэрэг зүйлс орж болно)

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг хуваалц. Суралцагчдаас тэдэнтэй таарч байсан хуурамч сургаалуудыг олж сонсохыг хүс.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Хуурамч бошиглогчид болон багш нар нь бошиглогч Иосеф Смитийг хоёр нүүртэй хууран мэхлэгч гэж тунхаглан, Анхны үзэгдлийг үнэн бодит үйл явдал гэдгийг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Мормоны Номыг болон Сүмээс хүлээн зөвшөөрөгдсөн бусад бүтээлийг судрын эртний цэдэг биш гэж тунхаглан зарладаг. Тэд мөн Бурхан Тэргүүтэний мөн чанарыг дахин шинээр тодорхойлох гэж оролдон, Бурхан Өөрийн томилон, дэмжин батлагдсан бошиглогчдодоо илчлэлт өгч байсан мөн өгсөн хэвээр байгааг үгүйсгэдэг. …

“Хамгийн ноцтой нь, тэд Христийн амилалт ба Цагаатгалыг үгүйсгэн, ямар ч Бурхан биднийг аварч чадахгүй гэж мэтгэлцдэг. Тэд Аврагчийн хэрэгцээг эсэргүүцдэг. Товчоор хэлэхэд, эдгээр гүжирдэгч Сүмийн сургаалуудыг өөрсдийн урьдчилан төсөөлсөн үзэл санаандаа тохируулахын тулд дахин тайлбарлаж, улмаар Христийг болон Түүний Мессиагийн үүргийг үгүйсгэх гэж оролддог.

“Хуурамч бошиглогч, багш нар гэдэг нь гэрлэлтийн ариун нандин холбоо, гэр бүлийн бурханлаг мөн чанар, хувийн ёс суртахууны нэн чухал сургаалыг хамгаалдаг, мөн Бурханаас өгөгдөн, судар дээр үндэслэгдсэн сургаалуудыг өөрчлөхийг оролддог хүмүүс юм. Тэд садар самуун явдал, хууль бус гэр бүлийн харилцаа, ижил хүйстний харилцааг зөвтгөхийн тулд ёс суртахууны тодорхойлолтыг дахин шинэчлэхийг дэмждэг билээ” (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 63–64).

Суралцагчдаас 2 Нифай 28:12–15-ыг судлаад, хуурамч сургаалуудад итгэснээр ирэх үр дагавруудыг олохыг хүс.

  • Хуурамч сургаал, үзэл санаанд итгэснээр ирэх зарим үр дагавар юу вэ?

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Үлиссэс Соарэсийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Үлиссэс Соарэс

“Дэлхий нийтэд хялбархан хүлээн зөвшөөрөгдсөн боловч Есүс Христийн сайн мэдээний сургаал ба үнэн зарчимд харшилдаг ямар нэгэн мэдээллийг хүлээн авч төөрөгдөх явдалд бид өөрсдийгөө оруулахгүй байх ёстой. Иймэрхүү дэлхийн мэдээллийн ихэнх нь нүглийг л хаацайлан хамгаалах зорилготойгоос өөр зүйл байдаггүй” (“Тийм ээ. Бид чадна бас бид ялна!” Ensign, 2015 оны 5-р сар, 75 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59).

  • Ахлагч Соарэс Есүс Христийн сайн мэдээтэй зөрчилддөг олон түгээмэл мэдээллийн зорилгыг юу гэж хэлсэн бэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Сатан биднийг нүгэл үйлдэхэд уруу татахын тулд хуурамч сургаалуудыг ашигладаг. Та энэ үнэний тухай илүү их мэдээлэл авахын тулд Алма 30:53-ыг харж болно.)

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Дараах судрын хэсгүүдийг самбар дээр бичээд, бүлэг бүрд нэг хэсгийг оноож өг. Иаков 7:1–7; Алма 1:2–6; эсвэл Алма 30:12–18. Суралцагчдаас Шерим, Нихор, Корихор нарын заасан хуурамч сургаалуудыг олж тогтоогоод, тохирох гарчгийн дор, самбар дээр бичихийг хүс.

Шерим (Иаков 7:1–7)

Нихор (Алма 1:2–6)

Корихор (Алма 30:12–18)

  • Та самбар дээр жагсаасан хуурамч сургаалууд эсвэл үзэл санаа нь хэрхэн өнөө үеийн Сүмийн гишүүдэд нөлөөлж байгааг харсан бэ?

Суралцагчдыг Иаков 7:5, 8–12-ыг Алма 30:39–44-тэй харьцуулаад, чухам юу Иаков, Алма хоёрыг Шерим, Корихор хоёрын хуурамч сургаалуудын эсрэг хүчирхэгжүүлснийг олж мэдэхэд урь. (Тайлбар: Харьцуулах нь судар судлах чадвар юм. “Сургаал, хүмүүс, үйл явдлуудын тухай бичсэн ижил төстэй … зүйлс нь сайн мэдээний үнэнүүдэд илүү анхаарал төвлөрүүлэхэд хүргэдэг” [Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлага (2012), 22-р хуудас].)

  • Чухам юу Иаков, Алма хоёрыг хуурамч сургаалуудын эсрэг хүчирхэгжүүлсэн бэ? (Хариултад дараах зүйлс орсон байх ёстой: өмнөх сүнслэг туршлагууд, судруудын мэдлэг, Ариун Сүнснээс ирсэн мэдлэг, Христийн тухай гэрчлэл.)

  • Бид Иаков, Алма хоёрын эдгээр хуурамч сургаалд үзүүлсэн хариу үйлдлээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчдад уг зарчмыг олж тогтооход тусал: Бид Христийн тухай өөрсдийн гэрчлэлд найдаж, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлснээр итгэлийнхээ сорилтуудыг давж гарах болно.)

  • Таны гэрчлэл хуурамч сургаалууд ба итгэл бишрэлийг тань шүүмжилсэн шүүмжлэлийн эсрэг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Суралцагчдыг Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлийг нь нураах гэсэн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалахын тулд хийж байгаа зүйлээ хуваалцахад урамшуулан дэмж.

2 Нифай 26:29; 3 Нифай 18:24; 27:27

Санваараар мэргэшихийн аюулыг таньж мэдэх нь

Сүмд нүүрлэн ирэх зарим сүнслэг аюул Сүмийн гишүүдээс ирдэг гэдгийг суралцагчдад хэл. Ангийнхныг Нифайн дүрсэлсэн сүнслэг аюулыг хайж байх хооронд нэг суралцагчаас 2 Нифай 26:29-ийг чанга уншихыг хүс.

  • Эдгээр судрын хэсэгт цэдэглэснээр, санваараар мэргэших гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? (Хүмүүс сайн мэдээг Бурханы хүүхдүүдийн сайн сайхны төлөө гэхээсээ илүүтэй, өөрсдийн нэр төр эсвэл эд баялгийн төлөө тунхаглахыг хэлнэ.)

  • Санваараар мэргэших нь ямар байдлаар Сүмийн гишүүдэд сүнслэг аюулыг бий болгож болзошгүй вэ?

Эдгээр асуултанд хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг ахлагч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг уншихад урь:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Сүмийн сургаалуудыг хувийн ашиг сонирхлын зорилгоор тунхагладаг, мөн Сүмийн тулгуур сургаалуудад харш үзэл санаа агуулсан хурал симпозиум, ном сэтгүүлийг ивээн тэтгэх замаар өөрсдийн хуурамч сайн мэдээг дэлгэрүүлж, дагалдагчдынхаа анхаарлыг татахыг санаархагч, хуурамч бошиглогч, хуурамч багш нар болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль алинаас болгоомжилцгооё. Бурханы үнэн бошиглогчдыг эсэргүүцсэн үг хэлж, хэвлэлд нийтлүүлэх, төөрөгдүүлж урхидсан хүмүүсийнхээ мөнхийн сайн сайхан байдлыг үл хайхран, тэднийг өөрсдийн итгэл бишрэл, нөлөөнд оруулахыг идэвхтэй эрэлхийлдэг хүмүүсээс болгоомжлогтун” (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 63).

  • Та өөрийгөө болон бусдыг хэрхэн санваараар мэргэшихээс хамгаалж чадах вэ?

  • Та хүмүүсийг Бурханы хожмын үеийн бошиглогчдыг эсэргүүцэн ярих үед Сүмийн сургаалуудыг хэрхэн хамгаалж чадах вэ?

Аврагч Өөрийг нь төлөөлж буй хүмүүс хэрхэн бусдад зааж, нөлөөлөх тухай шавь нартаа заасан гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдаас 3 Нифай 18:24 болон 3 Нифай 27:27-г дотроо уншаад, сайн мэдээний жинхэнэ үйлчлэл хэрхэн санваараар мэргэшихээс өөр байдгийг олж мэдэхийг хүс.

  • Зөв шударга багш, удирдагчдын сэдэл, үйлдэл хэрхэн санваараар мэргэшдэг хүмүүсийнхээс өөр байдаг вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Есүс Христийн шавь нар хүмүүсийг Түүн рүү чиглүүлснээр тэдэнд үйлчилж, тэднийг адисалдаг.)

Моронай 7:12–17; Ифер 4:11–12

Үнэнийг худлаас ялган таних нь

Суралцагчдаас хэн нэгэн тэдний итгэл бишрэлд эргэлзэж, шүүмжилж байсан үеийг бодохыг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчийг туршлагаасаа товч хуваалцахад урь.

Ангийнхныг дагаж уншаад, ямар нэгэн зүйл Их Эзэнээс үү эсвэл чөтгөрөөс ирсэн үү гэдгийг хэрхэн ялган танихыг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг Моронай 7:12–17 болон Ифер 4:11–12-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Бид энэ судрын хэсгээс хэрхэн сайн ба муугийн хооронд шүүн тунгаах талаар юу олж мэдэж авсан вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгуулахад анхаар: Бурханаас өгөгдсөн бүх зүйл биднийг сайныг хийн, Есүс Христэд итгэж, Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэхэд урьдаг.)

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Би хууран мэхлэгдэхээс зайлсхийхийн тулд гурван богинохон туршилт явуулахыг зөвлөмөөр байна. …

“1. Жишиг бүтээлүүд үүний талаар юу гэж өгүүлж байна вэ? …

“2. Хоёр дахь удирдамж бол: Сүмийн хожмын үеийн ерөнхийлөгч, ялангуяа амьд ерөнхийлөгч энэ талаар юу гэж хэлсэн бэ? …

“3. Гурав дахь болон эцсийн туршилт бол Ариун Сүнсээр буюу Сүнсээр турших явдал юм. … Энэхүү туршилт зөвхөн тухайн хүний Бурхантай харилцах сувгууд цэвэр, ариун журамтай, нүглээр бохирдоогүй тохиолдолд бүрэн дүүрэн үр өгөөжтэй байж чадна” (Conference Report, 1963 оны 10-р сар, 16–17).

Хичээлээ дуусгахдаа, суралцагчдаас хуурамч сургаалуудыг таньж мэдэн, хууран мэхлэгдэхээс зайлсхийхийн тулд судрууд, бошиглогчдын үгс болон Ариун Сүнсийг хэрхэн илүү сайн ашиглах талаар тунгаан бодохыг хүс. Та тэднийг Иаков 7, Алма 1 болон Алма 30-ийг илүү нарийвчлан судалж, эдгээр бүлэг нь хэрхэн тэдэнд үнэнийг худлаас ялган танихад туслах талаар тунгаан бодоход урамшуулан дэмжиж болно.

Суралцагчийн унших материал