Институт ба семинар
27-р хичээл: Итгэл, найдвар, энэрэл


27-р хичээл

Итгэл, найдвар, энэрэл

Оршил

Итгэл, найдвар, энэрэл нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрах хүсэлтэй бүх хүнд зайлшгүй байх ёстой. Эдгээр чанар нь Есүс Христийн жишээг даган, тэдгээрийг эрэлхийлдэг хүмүүст өгөгддөг Бурханы бэлэг юм.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар, 21-24 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25-29.

  • Ричард Г.Скотт, “The Transforming Power of Faith and Character,” Ensign, эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 43-46.

Заах зөвлөмж

Ифер 12:28; Moронай 10:18–21

Итгэл, найдвар, энэрэл нь авралд зайлшгүй шаардлагатай

Мөнх бус байдалд байхдаа олж авах ёстой чухал зан чанаруудыг хурдан нэрлэхийг суралцагчдаас хүс. Дараа нь тэднээс тэдгээрийн аль нь Бурханы хаант улсыг өвлөхөд зайлшгүй шаардлагатай зан чанар гэж бодож байгааг олж тогтоохыг хүс.

Суралцагчдад Моронай алтан ялтсууд дээрх бичээсээ дуусгаж байхдаа уг цэдгийг хэзээ нэг өдөр унших хүмүүст зориулан ухуулах зорилготой эцсийн үгсээ бичсэн гэдгийг сануул. Тэрээр зөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон бидний авралд зайлшгүй шаардлагатай гурван зан чанарыг онцолсон байна. Нэг суралцагчийг Моронай 10:18-21-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас эдгээр гурван зан чанарыг олж тогтоохыг хүс.

  • Яагаад итгэл, найдвар, энэрэл бидний авралд зайлшгүй шаардлагатай гэж та бодож байна вэ?

Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг Ифер 12:28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас энэ шүлгэн дээрх Их Эзэний асуултыг анхааралтай сонсохыг хүс.

  • Энэ шүлэгт ямар сургаал цэдэглэгдсэн байна вэ? (Суралцагчид дараах зүйлийг олж тогтоох ёстой: Итгэл, найдвар, энэрлийг хөгжүүлэх нь биднийг Есүс Христэд авчирдаг.)

Суралцагчдыг энэ хичээлийн турш эдгээр чухал зан чанарыг илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхэд туслах зарчим, сургаалуудыг олж мэдэхэд урь.

Aлма 32:26–29, 37–41; Moронай 7:21, 25–28, 33

Итгэл нь бидэнд “сайн юм болгоноос барих” боломжийг олгодог

Самбар дээр Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь гэж бич.

Бошиглогч Алма зорамчуудад хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх талаар заахын тулд ургаж буй үрийн тухай зүйрлэлийг ашигласан гэдгийг суралцагчдад сануул. Цөөн хэдэн суралцагчийг Алма 32:26-29-ийг ээлжлэн чанга уншихад урь. Суралцагчдыг итгэлээ өсгөхийн тулд юу хийж болох тухай дүрсэлсэн хэллэгүүдийг олж тогтооход урамшуул.

Цөөн суралцагчийг олж тогтоосон хэллэгээ хуваалцаад, итгэлээ хэрхэн өсгөх талаарх уг хэллэг нь бидэнд юу зааж байгааг тайлбарлахад урь. Та суралцагчдыг хэллэгүүдийг олж тогтоох үед тэдгээрийг самбар дээр, гарчгийн доор бичиж болно. Хэллэгүүдэд дараах зүйл орж болно: сэрж мөн чадвараа сэргээх, миний үгсийг туршин, итгэх хүслээс, зай тавьж өгвөөс, зүрх сэтгэлд тань үр [үг] суулгагдаж болохын тулд. Шаардлагатай бол суралцагчдад чадвар гэдэг үг нь бидний бодож, үйлдэх чадварыг хэлдэг гэдгийг ойлгоход тусал.

  • Та 29-р шүлэгт Алма яагаад бидний итгэл энэ туршилтыг хийсний дараа ч төгс болохгүй гэж заасан гэж бодож байна вэ?

  • Итгэлээ төгс болгохын тулд өөр юу хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Цөөн хэдэн суралцагчийг Алма 32:37-41-ийг чанга уншихад уриад, мөнх амьдралыг олж авахад шаардлагатай итгэлийг хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстойг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Алма энэ шүлгүүдэд итгэлээ хэрхэн үргэлжлүүлэн, хүчирхэгжүүлэх талаар ямар зарчмыг бидэнд заасан байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы үгийг хичээнгүйлэн арчилбал Есүс Христэд итгэх бидний итгэл өснө. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Үгийг хичээнгүйлэн арчлах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Бид Бурханы үгийг арчлан, үнэнийг зүрх сэтгэлдээ гүн үндэслэхэд туслахын тулд ямар үйлдлүүдийг байнга хийж болох вэ?

Суралцагчдад Бурханы үгийг хэрхэн арчилж болохыг ойлгоход туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бид одоо Бурханыг дуулгавартай дагах хангалттай итгэлтэй байгаа ч итгэлээ байнга бэхжүүлж, үргэлж шинэчилж байх хэрэгтэй. Бид эдүгээ дуулгавартай дагахдаа илүү хурдан байж, мөн эцсээ хүртэл тэвчихдээ илүү тууштай байхаар шийдсэнээр үүнийг хийж чадна. Өглөө эрт босож суран, үүнийгээ хэвшил болгох нь сүнслэг байдлын бэлтгэлд туйлын чухал юм. …

“…Бид дуулгавартай байдлын шалгууруудыг давах итгэлийг цагаас цагт мөн өдөр тутмынхаа сонголтуудаар дамжуулан хөгжүүлдэг. Бид Бурханы биднээс хүссэн юуг боловч хурдан хийх болно гэдгээ одоо шийдэж чадна. Мөн бид ирэх нь тодорхой агуу том шалгууруудын дундуур биднийг авч гарах тэрхүү итгэлийг хөгжүүлэх дуулгавартай байдлын жижиг шалгууруудад тууштай байхаар шийдэж чадна” (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 38, 40).

  • Бид итгэлээ хүчирхэгжүүлж мөн арчлахын тулд юу хийх ёстой гэж ерөнхийлөгч Айринг хэлсэн байна вэ?

  • Яагаад өдөр тутам Бурханы үгийг тууштай, дуулгавартай дагах нь Түүнд итгэх итгэл, найдварыг олж авахад нэн чухал гэж та бодож байна вэ?

Цөөн суралцагчийг Алмагийн заасан зарчмууд Есүс Христэд итгэх итгэлд нь хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад урь.

Суралцагчдад Мормон Есүс Христэд итгэх итгэлийн мөнхийн ач холбогдлыг гэрчилсэн гэдгийг хэл. Цөөн суралцагчийг Moронай 7:21, 25–28, 33 дахь Мормоны гэрчлэлийг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэнд итгэх итгэлээ нэмэгдүүлэн, Мормоны тодорхойлсон адислалаас “зууран барихын” тулд юу хийж чадах талаар тунгаан бодохыг хүс.

Ифер 12:4, 8-9; Моронай 7:40-42

Найдвар нь бодгалийн зангуу болой

Нэг суралцагчийг Ифер 12:8–9-ийг, өөр нэг суралцагчийг Moронай 7:40–42-ыг чанга уншихад урь. Бид итгэлээ хөгжүүлэх үедээ олж авч чадах зан чанарыг олж тогтоохыг суралцагчдаас хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бидний итгэлийн улмаас ямар зан чанар ирдэг вэ?

Дараах хоёр мэдэгдлийг уншаад, суралцагчдаас тэдгээрийн хоорондын ялгааг олохыг хүс: (1) Би өнөөдөр бороо орохгүй гэж найдаж байна. (2) Хэрэв би наманчилбал Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөнө гэсэн найдвар надад байна.

  • Найдварын талаарх энэ хоёр ойлголт юугаараа өөр байна вэ? (Эхнийх нь хүний хяналтаас гадуурх тодорхой бус хүсэл, хоёр дахь нь үйлдэх сэдлийг төрүүлдэг итгэлтэй байдлын илэрхийлэл юм.)

Суралцагчдад судрууд дээр хэрэглэгддэг найдвар гэдэг үгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншихад урь:

Дийтр Ф.Угдорф

“Найдвар бол … Их Эзэн бидэнд өгсөн амлалтаа биелүүлэх болно гэсэн гуйвшгүй итгэл юм. Энэ нь бид одоо Бурханы хуулиуд ба Түүний бошиглогчдын үгсийн дагуу амьдарвал, ирээдүйд адислалуудыг хүлээн авах болно гэсэн итгэл юм. Энэ нь бидний залбирал хариулагдана хэмээн итгэж, хүсэн хүлээхийг хэлдэг. Энэ нь итгэл, өөдрөг үзэл, урам зориг, эцсээ хүртэл тэвчих гуйвшгүй байдлаар илэрхийлэгддэг” (“Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар, 22 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26).

Суралцагчдыг Моронай 7:41-ийг дотроо уншаад, бид Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх үедээ юунд найдах талаар олж мэдэхэд урь.

  • Мормон эдгээр шүлэгт найдварын талаар ямар зарчим заасан бэ? (Суралцагчид дараах зүйлийг олж тогтоох ёстой: Бид Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх үедээ Түүний Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралд хүрнэ гэсэн найдварыг олж авдаг.)

  • Та яагаад Есүс Христэд итгэх итгэл болон найдвар нягт холбоотой байдаг гэж бодож байна вэ?

Нэг суралцагчийг Ифер 12:4-ийг чанга уншаад, ангийнхныг Моронай найдварыг хэрхэн дүрслэн өгүүлснийг олж мэдэхэд урь.

  • Мормон зангуу гэдэг үгийг ашигласан нь бидэнд найдварын талаар юу зааж байна вэ? Итгэл дутагдаж буй хүн хэрхэн зангуугүй завьтай адил байж болох вэ?

Хэдэн суралцагчийг Есүс Христэд итгэх итгэлтэй байснаар амьдралд нь ирсэн найдварын талаар гэрчлэхэд урь.

Ифер 12:33–34; Moронай 7:43–48

Энэрэл бол Христийн цэвэр хайр

Нэг суралцагчийг Моронай 7:43-44-ийг чанга уншихад уриад, бусад суралцагчаас бид итгэл, найдвартай болсны дараа ямар зан чанарыг хөгжүүлэх ёстой гэж Мормон тунхагласныг олж мэдэхийг хүс.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Хэрэв бид Аврагч, Их Эзэнтэй илүү адил болохыг үнэхээр эрэлхийлж байвал, Түүний хайрласантай адил хайрлаж сурах нь бидний хамгийн эрхэм дээр зорилго байх ёстой. Мормон энэрлийг “бүхнээс илүү агуу” хэмээн хэлсэн (Moро. 7:46)” (“Godly Characteristics of the Master,” Ensign, 1986 оны 11-р сар, 47).

Энэрэл яагаад ийм чухал зан чанар болохыг тодруулахын тулд хэдэн суралцагчийг Moронай 7:45–47-г ээлжлэн чанга уншихад урь. Эдгээр шүлэг нь энэрэл гэж юу болохыг, мөн юу биш болохыг жагсааснаар энэрлийг ойлгоход бидэнд тусалдаг.

  • Эдгээр шүлгийн ямар үг, хэллэгүүд энэрлийн ач холбогдлыг тодотгож байна вэ?

  • Та 45-р шүлэгт жагсаасан энэрлийн онцлог шинжүүдийн талаар ямар бодол эсвэл сэтгэгдэл хуваалцаж чадах вэ?

Нэг суралцагчаас Моронай 7:48-ыг чанга уншихад урь.

  • Энэрлийн бэлгийг эрэлхийлэх үедээ юу хийхийг Мормон бидэнд зөвлөсөн байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Хэрэв бид зүрх сэтгэлийнхээ бүхий л эрч хүчээр залбиран Есүс Христийг дагавал, энэрлээр дүүргэгдэж чадна.)

  • Энэрлийн бэлгийг эрэлхийлэх нь Есүс Христийн илүү сайн дагалдагчид болоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Ангийнхныг энэрэл, Есүс Христийн Цагаатгал хоёрын хоорондын холбоог хайж байх хооронд нэг суралцагчийг Ифер 12:33–34-ийг чанга уншихад урь.

  • Энэрэл, Цагаатгал хоёрын хоорондын холбоо юу вэ?

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Христэд итгэгчдийн хувьд бид уг хайрыг бусдад үзүүлэхийг хичээдэг боловч ихэнхдээ бүтэлгүйтдэг. Харин ‘Христийн цэвэр хайрын’ илүү агуу тодорхойлолт нь Христийн бидэнд бүрэн дүүрэн үзүүлсэн хайр юм. Жинхэнэ энэрлийг ганц л удаа үзүүлсэн билээ. Үүнийг Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагч хайр цэвэр, төгс төгөлдрөөр харуулсан. … Христийн бидний төлөөх хайр ‘бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг’. ‘Энэрэл хэзээ ч дуусдаггүй’ гэдэг нь Христээр батлагдсан юм. Энэрэл буюу бидний төлөөх түүний цэвэр хайргүйгээр бид хэн ч биш байж, найдвараа алдаж, бүх хүмүүний дундаас хамгийн зовлонтой нь байх болно. Үнэндээ эцсийн өдөр түүний цэвэр хайрын адислалууд болох Цагаатгал, амилалт, мөнх амьдрал, мөнх амлалтыг өөртөө эзэмшсэн хэнд боловч түүнд сайн байх болно” (Christ and the New Covenant [1997], 336).

  • Яагаад “энэрэл хэзээ ч дуусдаггүй” мөн яагаад энэ нь сүнслэг бэлгүүдээс “хамгийн агуу” нь болохыг ойлгоход ахлагч Холланд танд хэрхэн тусалж байна вэ?

  • Та Есүс Христийн маш өгөөмрөөр өгсөн цэвэр хайрыг бусадтай хуваалцахын тулд юу хийж болох вэ?

Суралцагчдаас Moронай 7:45-ыг хараад, энэрлийн нэг онцлог шинж чанарыг хөгжүүлэхийн тулд илүү бүрэн дүүрэн залбирч, хөдөлмөрлөх зорилго тавихыг хүс. Та энэрлийг өөртөө хөгжүүлэхээр хөдөлмөрлөх үедээ хүлээн авсан тэнгэрлэг тусламжийн талаар гэрчил.

Суралцагчийн унших материал