Институт ба семинар
8-р хичээл: Аврал Есүс Христээр дамжин ирдэг


8-р хичээл

Аврал Есүс Христээр дамжин ирдэг

Оршил

Бид Есүс Христийг даган, Түүний зарлигуудыг сахихын тулд хичээл зүтгэл гаргах шаардлагатай ч, энэ нь авралаас хүртэхүйц зохистой болоход маань хангалтгүй. Бидний аврал зөвхөн Есүс Христийн сайн үйл, нигүүлсэл, ач ивээлээр боломжтой болдог. Христийн сургаал нь бид Түүний ач ивээлээр дамжуулан сайн мэдээг сурч мэдэн, ёслолуудыг хүлээн авч, мөнх амьдралд хүргэх замаар тууштай явж чадна гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5-р сар, 107-110 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95.

  • Л.Том Пэрри, “The Gospel of Jesus Christ,” Ensign, 2008 оны 5-р сар, 44-46 эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

Заах зөвлөмж

2 Нифай 2:6–9; 25:23; Мозая 4:6–8

Аврал Есүс Христийн ачаар боломжтой болсон

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн (1922-2015) дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

Ахлагч Л.Том Пэрри

“Олон хүн ‘Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа вэ? Бид хаашаа явж байна вэ?’ гэж гайхдаг. Тэнгэрлэг Эцэг маань биднийг энэ дэлхий рүү ямар ч зорилгогүй, утга учиргүй аялалд илгээгээгүй билээ. Тэр бидний дагах төлөвлөгөөг өгсөн юм. Мөн Тэрээр уг төлөвлөгөөний зохиогч билээ. Энэ нь хүмүүний өсөлт хөгжил, эцсийн аврал, өргөмжлөлийн төлөө зохиогдсон юм” (“The Plan of Salvation,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 69–70).

  • Хүмүүс Бурхан тэднийг мөнх бус амьдралыг ганцаараа туул хэмээн орхиогүй, харин тэдний авралд зориулсан төлөвлөгөөг өгсөн гэдгийг олж мэдэх үед тэдэнд юу мэдрэгдэнэ гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 2 Нифай 2:6–9-ийг уншаад, Лихай авралыг юу боломжтой болгосон гэж хэлсэн болохыг олж мэдэхэд урь.

  • Лихайн хэлснээр, Бурханы төлөвлөгөөн дэх авралыг юу боломжтой болгодог вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бид зөвхөн Есүс Христийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр аврагдана. Та аврагдах эсвэл өргөмжлөлийг хүлээн авах гэдэг нь ямар утгатай болох тухай өгүүлсэн дараах тодорхойлолтыг хуваалцаж болно: “Аврал нь үнэн бодит, бүрэн бүтэн утга учрын хувьд өргөмжлөл эсвэл мөнх амьдралтай адил утгатай бөгөөд селестиел хаант улс дахь диваажингийн гурван зэрэглэлийн хамгийн дээдэд нь өв хүлээн авахаас бүрддэг. Хэд хэдэн онцгой тохиолдлыг эс тооцвол, энэ нь судруудын хэлсэн аврал мөн болой” [Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл (1966), 670].)

  • Есүс Христийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр гэдэг нь ямар утгатай вэ? (Есүс Христийн сайн үйлс гэдэг нь Түүний зөв шударга үйлдлүүд, ялангуяа Түүний Цагаатгал юм. Нигүүлсэл гэдэг нь бидний нүглээс үл хамааран Түүний бидэнд үзүүлсэн өрөвч нигүүлсэнгүй сэтгэл, тэсвэр тэвчээрийг хэлнэ. Ач ивээл гэдэг нь Түүний нигүүлсэл, хайр, энэрлээр бидэнд үзүүлдэг тусламж ба бүх чадлынхаа хэрээр хичээл зүтгэлээ гаргасны дараа мөнх амьдрал, өргөмжлөлийг хүлээн авах боломжийг олгогч хүч юм. Судруудын удирдамж, “Ач ивээл”-ийг үзнэ үү.)

Энэ сургаалын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид өөрсдийн хүч чадлаар тэнгэрт очиж чадахгүй. Учир нь бидний хооронд шударга ёсны шаардлага байдаг ба бид үүнийг зөвхөн өөрийн хүчээр хийх боломжгүй юм.

Гэхдээ бидэнд найдвар бий.

Бурханы ач ивээл бидний агуу бөгөөд үүрдийн найдвар.

Есүс Христийн золиослолоор дамжуулан өршөөлийн төлөвлөгөө нь шударга ёсны шаардлагыг хангадаг [Алма 42:15-ыг үзнэ үү]” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5-р сар, 108 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96).

  • Яагаад хүний өөрийн зөв шударга байдал “шударга ёсны шаардлагыг” ханган, мөнх амьдралыг хүлээн авахад хангалттай байж чаддаггүй вэ? (Хэдийгээр бид зарлигуудын дагуу төгс амьдрахад суралцаж чадах ч, Аврагчаас өөр хэн ч төгс амьдралаар амьдраагүй [Ром 3:23-ыг үзнэ үү]. Хэдийгээр бид нүгэл үйлдэхээ больж болох ч, өмнөх үйлдлүүдийнхээ хор хөнөөл, гэм бурууг арилгаж чадахгүй. Ийм учраас Цагаатгал ба ач ивээл байх шаардлагатай юм.)

Хэдийгээр бид зөвхөн Есүс Христийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр аврагдах ч, Аврагчийн гэтэлгэгч хүчнээс хүртэхийн тулд юу хийх ёстойг Мормоны Номын бошиглогчид заасан байдгийг суралцагчдад сануул..

Нэг суралцагчийг Мозая 4:6–8-ыг уншихад уриад, ангийнхнаас хаан Бенжамин Есүс Христийн цагаатгалаар дамжуулан авралыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Хаан Бенжамины хэлснээр бид Цагаатгалаар дамжуулан авралыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Бурханы болон Цагаатгалын тухай мэдлэгийг олж аван, Бурханд найдлага тавьж, зарлигуудыг дагахдаа хичээнгүй байж, амьдралынхаа төгсгөл хүртэл итгэлтэй байх.)

Суралцагчдаас 2 Нифай 25:23-ыг уншихыг хүс.

  • Нифай бидний авралын талаар ямар сургаал заасан бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар хийж чадах бүхнээ хийсний дараа ач ивээлээр аврагдаж чадна. Бид зөвхөн Есүс Христээр дамжин ариун бөгөөд Тэнгэр дэх Эцэгтэй адилхан болж чадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“‘Бидний хийж чадах бүхний дараа’ гэдэгт хамгийн сайн хичээл зүтгэлээ харуулах нь ордог. Үүнд бас Түүний зарлигуудын дагуу амьдрах ордог.

“Түүнчлэн ‘бидний хийж чадах бүхний дараа’ гэдэгт хөршөө хайрлан, биднийг дайснаа гэж үздэг хүмүүсийн төлөө залбирах мөн адил ордог билээ. Энэ нь нүцгэнийг хувцаслаж, өлссөнийг хооллож, өвчтэй нэгэн дээр зочилж, ‘[бидний] халамжаар гачигдах тэднийг’ (Мозая 4:16) халамжилж, Бурханы хүүхдүүдийн хамгийн дордод үйлчлэх нь түүнд үйлчилсэн хэрэг гэдгийг санах гэсэн үг юм.

“Эцэст нь ‘бидний хийж чадах бүхний дараа’ гэдэг нь ариун журамтай, цэвэр, ариун амьдралаар амьдран, бүх хийж буй зүйлдээ үнэнч шударга хандаж, бусад хүнийг танд ямар хандаасай гэж хүсдэг шигээ та тэдэнд хандахыг хэлдэг” (“Redemption through Christ after All We Can Do,” Лиахона, 1988 оны 12-р сар, 5).

  • Аврагчид ирэхийн тулд хамгийн сайн хичээл зүтгэлээ харуулах үед таны чадах байснаас ч илүү ихээр тусалж байсан Түүний ач ивээлийг та ямар арга замаар мэдэрч байсан бэ?

Суралцагчдад энэ асуултад хариулахаасаа өмнө тунгаан бодоход нь туслахын тулд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг ашигла:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Сүмийн хувьд ‘учир нь бид ач ивээлээр л аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу’ (2 Нифай 25:23) хэмээн хэлсэн Нифайтай бид санал нийлдэг. …

“Бүх хүн төрөлхтөн үхэшгүй байдлыг хүлээн авч болохын тулд Аврагч ач ивээлээр дамжуулан өөрийн цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлсэн.

“Бид Түүний ач ивээлээр, мөн Түүний цагаатгалд итгэх итгэл, нүглүүдээ наманчилснаар өөрсдийн хүчээр хийж чадахгүй, шаардлагатай ажлуудыг хийх хүчийг хүлээн авдаг билээ.

“Бид Түүний ач ивээлээр эцсээ хүртэл тэвчиж чадвал биднийг мөнх амьдрал руу хөтлөх адислалын бэлэг хийгээд сүнслэг хүч чадлыг хүлээн авдаг.

Бид Түүний ач ивээлээр түүний тэнгэрлэг зан чанартай илүү адилхан болдог” (“Redemption through Christ after All We Can Do,” 4–5).

  • Бид Есүс Христийн боломжтой болгосон зүйлсэд талархаж байгаагаа илэрхийлэхийн тулд юу хийж болно гэж та бодож байна вэ?

Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон ач ивээлийн ачаар Адам, Ева хоёрын уналтын үр дагавруудыг ялан дийлж, нүглүүдийн ангижралыг хүлээн авч, төгс бус байдлыг давж гаран, төгс байдал руу өсөж хөгжиж чадна. Суралцагчдыг Их Эзэний ач ивээлийн адислалуудыг хүлээн авахын тулд хийж чадах бүхнээ хийж байгаа эсэхээ тунгаан бодоход урамшуулан дэмж.

2 Нифай 31:2, 10–21; 3 Нифай 11:31–40; 3 Нифай 27:13–22

Христийн сургаал

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

2 Нифай 31:2, 10–21

3 Нифай 11:31-40

3 Нифай 27:13-22

Ангийн эхний хэсэг суралцагчид 2 Нифай 31:2, 10–21-ийг, хоёр дахь хэсэг суралцагчид 3 Нифай 11:31–40-ийг, гурав дахь хэсэг суралцагчид 3 Нифай 27:13–22-ыг судлахыг даалга. Суралцагчдыг эхлэхээс өмнө эдгээр судрын шүлэгт “Христийн сургаал”, “миний сургаал”, “миний сайн мэдээ” зэрэг нэр томъёо орсон байдаг болохыг онцол. Христийн сургаал буюу сайн мэдээ нь Есүс Христ биднийг Эцэгт авчрахын тулд хийсэн мөн хийж байгаа зүйлээс бүрддэг гэдгийг тайлбарла. Түүнчлэн энэ нь Есүс Христийн Цагаатгалын адислалуудаас хүртэхийн тулд бидний хийх ёстой зүйлээс мөн адил бүрддэг. Бүлэг бүрд оногдсон шүлгүүд Христийн сургаалын талаар буюу Христийн хийсэн мөн бидний хийх ёстой зүйлийн тухай заасан зүйлийг олж тогтоон, тэмдэглэж авахад урь.

Суралцагчдад оногдсон шүлгүүдээ судлах хугацаа гаргаж өгсний дараа тэднээс самбар дээрх судрын эшлэл бүрийн хажууд олж мэдсэн зүйлээ жагсааж бичихийг хүс. Дараа нь асуу:

  • Есүс Христ биднийг Эцэгт авчрахын тулд юу хийсэн бэ?

  • Бид Христийн Цагаатгалын адислалуудаас хүртэхийн тулд ямар зүйл хийх ёстой вэ? (Бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, мөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчин, хувийн илчлэлтүүдийг хүлээн авч, дагах ёстой.)

  • Та Есүс Христийн сургаал эсвэл сайн мэдээний дагуу амьдрахын ач холбогдлыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг олж тогтоох ёстой: Бид Христийн сургаалын дагуу амьдарснаар Цагаатгалын адислалуудаас хүртэн, мөнх амьдралыг хүлээн авч чадна.)

Суралцагчдынхаа хэрэгцээнд тааруулан, тэдэнд уншсан судрын шүлгүүдээ цааш нарийвчлан судлахад нь туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз:

  • 2 Нифай 31:20 дахь ямар үг хэллэг танд онцгой санагдсан бэ? Мөн энэ нь хэрхэн танд Цагаатгалын адислалуудыг хүртэхэд туслах вэ?

  • 2 Нифай 31:13–14, 17-д зааснаар, “галаар” баптисм хүртэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? (Хүн Ариун Сүнсээр дамжин ирдэг нүглүүдийн ангижрал ба цэвэршүүлэлтийг хүлээн авдаг.)

  • 3 Нифай 11:39–40-д цэдэглэснээр, яагаад хүн бүрд Христийн сургаалыг хүлээн авах нь чухал вэ? (Та мөн суралцагчдыг энэ судрын хэсгийг Хиламан 5:12-той солбицсон эшлэл болгоход урьж болно.)

  • 3 Нифай 27:14–16-д цэдэглэснээр, бид Есүс Христийн сургаал эсвэл сайн мэдээний дагуу амьдрах үед бидэнд юу тохиолддог вэ?

“Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж”-аас авсан дараах хэсгийг үзүүлж, хичээлээ дуусга. Суралцагчдыг үүнийг уншаад, хэрхэн Христийн сургаал амьдралынх нь туршид тэднийг адисалж болох арга замуудыг олж мэдэхэд урь.

“Хувь хүн, гэр бүлүүд Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, нүглүүдээ наманчлахад тэд түүнийг дагаж эхэлдэг. Тэд баптисмаар дамжуулан мөн эдгээр ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийг Бурханаас хүлээн авсан хэн нэгнээс Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар нүглүүдийнхээ ангижралыг хүлээж авдаг. Тэгээд тэд эцсээ хүртэл тэвчих буюу өөрөөр хэлбэл, тэд бүх амьдралынхаа туршид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчилж, хийсэн гэрээнүүдээ үргэлж шинэчилнэ гэсэн үг юм. Эдгээр нь зүгээр л амьдралдаа нэг удаа хийх алхмууд биш; харин эдгээр зарчмыг бүх амьдралынхаа туршид давтахад улам их шагнан урамшуулагч амьдралын загвар болдог. Чухамдаа энэ бол ухамсрын амар амгаланг авчрах, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүний дэргэд амьдрахаар эргэж очих боломжийг хангах, амьдралын тэрхүү цорын ганц арга зам мөн” (Миний сайн мэдээг номло [2004], 6-7).

  • Христийн сургаалын дагуу амьдрах нь ямар ямар арга замаар таны хувьд “улам илүү шагнан урамшуулагч амьдралыг загвар болдог” вэ?

Суралцагчдыг Христийн сургаалыг хэр сайн даган амьдарч байгаагаа тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэднээс Христийн сургаалын дагуу амьдарснаар ирэх адислалуудаас илүү их хүртэхийн тулд юу хийж болох тухай бодохыг хүс.

Суралцагчийн унших материал