Институт ба семинар
14-р хичээл: Бурханы чөлөөлөлтийн хүч


14-р хичээл

Бурханы чөлөөлөлтийн хүч

Оршил

Мормоны Ном ямар нэгэн байдлаар боолчлолд орсон хувь хүний болон соёл иргэншлийн тухай олон түүхийг агуулсан байдаг. Эдгээр түүхийн олонх нь Есүс Христ бол Агуу Чөлөөлөгч бөгөөд зугтан гарах, аврагдах боломжгүй санагдсан үед тусламжийн эх сурвалж болдгийг харуулдаг. Бид наманчлал, даруу байдал, залбирлаар дамжуулан Их Эзэнд ойртох үедээ Бурханы чөлөөлөлтийн хүчийг дуудан, хүлээн авахад сүнслэг байдлаараа илүү бэлтгэгдсэн байдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

1 Нифай 1:20; Алма 36:1–3, 27–29

Бурхан чөлөөлөлтийг соёрхох хүчтэй

Суралцагчдыг хэзээ тэдэнд хүнд сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарсан хэн нэгний зориг, хүч чадал гүн сэтгэгдэл төрүүлж байсныг бодож үзэхэд урь. Тэднээс ажигласан зүйлсээ товч хуваалцахыг хүс.

Суралцагчдаас 1 Нифай 1:1-ийг дотроо уншаад, Нифай амьдралдаа туулсан зовлон бэрхшээлийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Нифай “өчнөөн зүдгүүрийг” туулсныхаа дараа өөрт төрсөн мэдрэмжийг хэрхэн тайлбарласан бэ?

  • Яагаад та хүн сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарч байсан ч “Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртэж” байгаагаа мэдэрч чадна гэж бодож байна вэ?

Суралцагчдаас 1 Нифай 1:1-ийг 1 Нифай 1:20-той солбицсон эшлэл болгоод, яагаад Нифай өөрийн мэдрэмжийг “Их Эзэний өндөр ээл хишгийг хүртэж” гэж тайлбарласныг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэг дэх ямар зарчим хүнд сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарах үед хувь хүнд найдвар төрүүлэхэд туслах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Бурханы ач ивээл, чөлөөлөлтийг хүлээн авч чадна.)

“Би, Нифай та нарт үзүүлэх болно” гэдэг нь Нифай Бурханы чөлөөлөлтийн хүчний жишээнүүдийг цэдэглэхийг зорьсон болохыг харуулж байгаа гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 1 Нифай 1–8 ба 16–18-р бүлгийг гүйлгэн уншаад, Бурханы чөлөөлөлтийн хүчийг харуулж буй Нифайн амьдралын жишээнүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж тогтоосон жишээнүүдээ товчхон хуваалцахад урь. Хэрэв суралцагчид жишээнүүд олж чадахгүй байвал та тэдэнд дараах судрын хэсгүүдээс нэг эсвэл түүнээс олныг санал болгож болно. 1 Нифай 3:23–31; 4:1–18; 7:16–19; 8:7–12; 16:10, 18–31, 36–39; 17:48–55; 18:1–3, 11–21.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн дараах мэдэгдлийг чанга унш:

Ахлагч Л.Том Пэрри

“Мормоны Номын олон түүхэнд чөлөөлөлтийн тухай өгүүлдэг. Лихай гэр бүлтэйгээ цөл рүү явсан нь Иерусалимын устгалаас чөлөөлөгдсөн хэрэг. Жаредчуудын болон мюлекчүүдийн түүх бас л чөлөөлөлтийн түүх. Бага Алма нүглээсээ чөлөөлөгдсөн. Хиламаны залуу дайчид тулалдаж, боолчлолоос чөлөөлөгдсөн юм. Нифай, Лихай хоёр шоронгоос чөлөөлөгдсөн. Чөлөөлөлтийн сэдэв Мормоны Номоор дүүрэн байдаг” (“Чөлөөлөлтийн хүч,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103).

Алма сүнсний чөлөөлөлтийн жишээ болгон өөрийгөө нүглээс чөлөөлөгдсөнийг хүү Хиламандаа тайлбарласан байдаг. Нэг суралцагчаас Алма 36:1–3-ыг чанга уншихыг хүсээд, өөр нэг суралцагчийг Алма 36:27–29-ийг чанга уншихад урь (Алма 5:1–12 нь төстэй зөвлөгөө агуулдаг гэдгийг тайлбарла). Ангийнхнаас дагаж уншаад, зовлон бэрхшээлтэй тулгарч байгаа хүнд туслах ойлголтуудыг олж мэдэхийг хүс.

  • Та эдгээр судрын хэсгээс бие махбодын эсвэл сүнсний зовлон бэрхшээлтэй тулгарч байгаа хүнд туслах ямар ойлголтуудыг олж мэдсэн бэ?

  • Өнөөдөр хүмүүс ямар төрлийн бие махбодын эсвэл сүнсний боолчлолд орсон байна вэ? (Өвчин, хар тамхинд болон порнографт донтох, ядуурал, дарамт шахалт, ялгаварлан гадуурхал, нүгэл, итгэлгүй байдал, үймээн самуун байж болно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

Ахлагч Жэффри Р.Холланд

“Та тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом эсвэл орчин цагийн сүйрүүлэгч тахал болсон порнографт донтох нүгэл хилэнцтэй тэмцэж байна уу? Та нарын гэрлэлт хэцүү байдалд эсвэл хүүхэд тань аюулд орсон уу? Та нар хүйсээ тогтоохоор гайхширч эсвэл хувь хүний үнэ цэнээ хайж байна уу? Та нар эсвэл та нарын ойр дотнын хэн нэгэн өвчин зовлон юм уу сэтгэлийн хямралтай эсвэл үхэлтэй тулгарч байна уу? Эдгээр асуудлыг шийдэхийн тулд өөр бусад алхмыг хийх шаардлагатай байлаа ч, эхлээд Есүс Христийн сайн мэдээнд ир. Тэнгэрийн амлалтуудад найд. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Алмагийн гэрчлэл бол миний гэрчлэл юм: ‘Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно’ ‘гэдгийг би мэднэ’ [Алма 36:3] хэмээн тэр хэлсэн юм” (“Broken Things to Mend,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 70).

  • Ахлагч Холланд бидэнд санаа зовнил, сорилт бэрхшээлээ шийдвэрлэж эхлэхэд юу тусална гэж хэлсэн бэ?

1 Нифай 6:4; Мозая 21:2–5, 14–16; 23:23–24; 24:13–15, 21; Алма 34:9; Хиламан 5:9

Есүс Христ бол чөлөөлөлтийн эх ундарга мөн

Суралцагчдыг зохиолч ном бичихээр өдөөгддөг шалтгаануудыг дурдахад урь. (Жишээлбэл, зохиолч ямар нэгэн түүх өгүүлж, ямар нэгэн сэдвээр мэргэжлийн туршлага хуваалцахыг эсвэл мөнгө олохыг хүсэж болно.) Цөөн хэдэн суралцагчийг санал бодлоо ангийнхантай хуваалцсаны дараа суралцагчдыг 1 Нифай 6:4-ийг дотроо уншаад, яагаад Нифай бичихээр өдөөгдсөн шалтгаануудыг олж мэдэхэд урь.

  • Бошиглогч Нифай цэдэг бичиж үлдээх ямар зорилго түүнд байсан гэж хэлсэн бэ? (Тэрээр хүмүүсийг Бурханд ирж, аврагдахад ухуулахыг хүссэн.)

Бурханы аврах хүч нь чөлөөлөлтийн хүч гэдгийг суралцагчдад гэрчил.

Дараах жагсаалтыг самбар дээр бичээд, суралцагчдад эдгээр судрын хэсэг нь чөлөөлөгдөх шаардлагатай байсан хүмүүсийг дүрслэн харуулж байгаа гэдгийг тайлбарла.

Лимхайн хүмүүс

Алмагийн хүмүүс

Бүх хүн

Мозая 21:2–5, 14–16

Мозая 23:23–24; 24:21

Алма 34:9; Хиламан 5:9

Суралцагчдаас самбар дээрх судрын хэсгүүдийг дотроо уншаад, хэсэг бүрд зовлон бэрхшээлээс чөлөөлөх эх ундаргын талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

  • Та нар эдгээр судрын хэсгээс чөлөөлөлтийн эх ундаргын талаар юу олж мэдэж авсан бэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах сургаалыг онцол: Есүс Христ биднийг төөрсөн мөн унасан байдлаас маань болон мөнх бус амьдралын бусад зовлон бэрхшээлээс чөлөөлөх хүчтэй.)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Би Бурханы чөлөөлөлтийн хүчний талаар гэрчилмээр байна. Бид бүхэнд амьдралын маань аль нэг үед энэ хүч хэрэгтэй болно. Амьдарч байгаа бүх хүн шалгуур дунд байдаг. … Хоёрхон зүйл бидний хувьд яг адилхан байх юм. Тэдгээр нь мөнх бус амьдралын загварын нэгэн хэсэг юм.

“Нэгдүгээрт, зарим үед шалгуур нь өөрсдийн хүчнээс илүү тусламж хэрэгтэй гэдгийг бидэнд мэдрүүлэхүйц хүнд байх болно. Хоёрдугаарт, Бурхан өөрийн хайр энэрэл, мэргэн ухаанаар бидэнд чөлөөлөлтийн хүчийг боломжтой болгож өгсөн юм” (“The Power of Deliverance” [Brigham Young University devotional, 2008 оны 1-р сарын 15], 1; speeches.byu.edu).

  • Та хэзээ зовлон бэрхшээлийнхээ үед “[өөрийн] хүчнээс илүү тусламж” хүлээн авсан бэ?

Хэрэв цаг гарвал та Бурханы чөлөөлөлт нь бидний ачааг үргэлж авч байна гэсэн үг биш, харин ихэнх үед Бурхан бидний ачаагаа даах чадварыг маань хүчирхэгжүүлснээр биднийг чөлөөлдөг гэдгийг харуулахын тулд Мозая 24:13–15 дахь Алмагийн хүмүүсийн түүхийг дурдаж болно. Эрүүл мэндийн асуудал амьдралынх нь туршид үргэлжлэх зэрэг нөхцөл байдалд бид тэвчээртэй, тэсвэртэй хатуужилтай хандах шаардлагатай. Чөлөөлөлт нь Бурханы арга замаар, Түүний цаг хугацаанд ирдэг.

Мозая 7:33; 29:20; Алма 58:10–11; 3 Нифай 4:33

Чөлөөлөлтийн хүчийг хүлээн авах нь

Бид гарч чадахгүй эсвэл аврагдах аргагүй мэт нөхцөл байдалд орсон үед бидний хүн нэг бүрд найдвар байдаг гэдгийг гэрчил. Суралцагчдад судруудад Аврагчийн чөлөөлөлтийн хүчийг хэрхэн хүлээн авах тухай зааврууд агуулагддаг гэдгийг сануул.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр жагсааж бич. (Хаалтад байгаа мэдээлэл нь зөвхөн багшид зориулагдсан тул оруулах хэрэггүй.) Суралцагчдыг судрын хэсэг бүрийг уншаад, бидэнд Аврагчийн чөлөөлөлтийн хүчийг хүлээн авахад туслах үйлдлүүдийг олж мэдэхэд урь.

Мозая 7:33 (Зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандаж, найдвараа түүнд өгөн, оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчлэх)

Мозая 29:20 (Даруу байж, Бурханд хүчтэй гуйж залбирах)

Алма 58:10–11 (Сэтгэл оюунаа Бурханд хандсан залбиралд юүлсэн болой)

3 Нифай 4:33 (Наманчилж, даруу байх)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж тогтоосон үйлдлүүдээ хуваалцан, ярилцахад урьж, суралцагчдын хариултуудыг самбар дээр бич. Дараах зарчмыг онцол: Бид зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандан, тусламж гуйн залбирч, наманчлалын болон даруу байдлын сүнстэй байх юм бол Түүний чөлөөлөлтийн хүчийг хүлээн авч чадна.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүл:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Их Эзэн үргэлж биднийг илүү зөв шударга болгон, үүгээрээ дамжуулан чөлөөлөлт рүү хүргэхийг хүсдэг. Энэ нь наманчлалыг шаарддаг. Энэ нь даруу байдлыг шаарддаг. Тиймээс, Их Эзэнд биднийг асуудал бэрхшээл дундуур, ариусгалд авчрахыг хүсэж байгаа тэр газар руу гараас маань хөтлөн аваачих боломж олгохын тулд чөлөөлөлтөд хүрэх зам нь үргэлж даруу байхыг шаарддаг” (“The Power of Deliverance” [Brigham Young University devotional, 2008 оны 1-р сарын 15], 4; speeches.byu.edu).

  • Наманчлал, даруу байдал, залбирал нь хэрхэн бидэнд Их Эзэний чөлөөлөлтийн хүчийг хүлээн авахад тусалдаг вэ?

  • Хэзээ та эсвэл таны мэддэг хэн нэгэн чөлөөлөлтийн төлөө Их Эзэнд хандаж, түүнийг хүлээн авсан бэ? Энэхүү туршлага нь хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг тань өсгөсөн бэ?

Суралцагчдыг өөрийн амьдралд Их Эзэний чөлөөлөлтийн хүчийг хүлээн авч байсан үеийнхээ талаар тунгаан бодоход урамшуулан дэмж. Ирээдүйд мартахгүйн тулд туршлагаа бичиж авахад тэднийг урамшуулан дэмж. Суралцагчдыг хэт хувийн биш юм уу ариун нандин биш туршлагаасаа хуваалцахад урих талаар бодож үз.

Суралцагчийн унших материал