21-р хичээл
Есүс Христийн ирэлт
Танилцуулга
Есүс Христийн Америк дахь айлчлалтай холбоотой нөхцөл байдал, үйл явдлууд нь Түүний хоёр дахь ирэлтийн загвар болдог. Энэ хичээл нь суралцагчдад Христийн дахин ирэх “агуу хийгээд аймшигт өдөрт” (3 Нифай 25:5) илүү сайн бэлтгэгдэхийн тулд Мормоны Номын зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь туслах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 7–10
-
Жэффри Р.Холланд, “Preparing for the Second Coming,” New Era, 2013 оны 12-р сар, 2–5.
Заах зөвлөмж
Хиламан 14:20–30; 16:1–5; 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12
Тэмдгүүд нь бидэнд Их Эзэний Хоёр дахь ирэлтэд итгэн, бэлтгэхэд туслахын тулд өгөгддөг.
Суралцагчдыг өөрсдийнх нь амьдралд бэлтгэлтэй байхыг шаардсан үйл явдал эсвэл үйл ажиллагаануудын жишээнээс хуваалцахад урь (жишээ нь, номлол). Дараа нь асуу:
-
Бэлтгэлтэй байх нь таны туршлагад ерөнхийдөө хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Хэрэв та нар бэлтгээгүй байсан бол уг туршлага хэр өөр байх байсан бэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь. Ангийнхнаас Мормоны Ном нь бэлтгэхэд маань хэрхэн туслах талаар ерөнхийлөгч Бэнсон юу гэж заасныг сонсохыг хүс:
“Бид Хоёр дахь ирэлтэд бэлтгэх загварыг Мормоны Номоос олдог. Энэ номын ихэнх хэсэг нь Христийг Америк тивд хүрч ирэхээс өмнөх хэдхэн арван жил дээр анхаарал төвлөрүүлсэн байдаг. Бид энэ үеийг анхааралтай судалснаараа зарим хүн яагаад Түүнийг ирэхийн өмнө тохиосон аймшигт шүүлтээр устгагдаж, мөн юу бусад хүнийг эсэн мэнд Өгөөмөр нутаг дахь ариун сүмд үлдээн, Түүний гар, хөлийн шархны сорвиудад гараа хүргэж үзэхэд хүргэснийг мэдэж болно” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 140).
-
Ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр, яагаад бид Есүс Христ Америк тив дэх Өөрийн хүмүүс дээр айлчилсан тухай Мормоны Номын түүхийг анхааралтай судлах ёстой вэ? (Бид Есүс Христийн Америк дахь айлчлалыг тойрсон үйл явдлуудын талаарх Мормоны Номын түүхийг судалснаар Хоёр дахь ирэлтэд бэлтгэх загварыг мэдэж болно гэдгийг суралцагчдад ойлгуулсан байх ёстой.)
Суралцагчдыг Аврагчийн Америк дахь айлчлалын түүхийг судлах үедээ Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь туслах зарчим, сургаалуудыг хайж олоход урь.
Суралцагчдад Аврагчийг төрөхөөс өмнө лемен үндэстэн Самуел Аврагчийн төрөлт ба үхлийг дагалдах тэмдгүүдийг урьдчилан хэлсэн гэдгийг сануул. Суралцагчдаас Хиламан 14:20–27-г гүйлгэж хараад, Христийн үхлийн тэмдгүүдийг олж тогтоохыг хүс.
-
Самуелийн Есүс Христийн үхлийг дагалдана хэмээн нифайчуудад хэлсэн тэмдгүүдийн зарим нь юу вэ?
Суралцагчдын нэг хэсэгт Хиламан 14:28–30-ийг, нөгөө хэсэгт Хиламан 16:4–5-ыг уншихаар оноож өг. Тэднээс эдгээр тэмдэг нифайчуудад өгөгдөх болсон шалтгаануудыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг “зорилгын тулд …” гэсэн хэллэгүүдэд онцгой анхаарал хандуулахад урамшуулж болно.
-
Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад Их Эзэн тэмдгүүдийг өгдөг вэ? (Суралцагчдад дараах сургаалыг олж тогтооход тусал: Их Эзэнд итгэж мөн аврагдаж болохын тулд Тэрээр бидэнд тэмдгүүд болон гайхамшгуудыг өгдөг. Энэ сургаалыг самбар дээр бичих талаар бодож үз.)
-
Тэмдэг, гайхамшгуудад итгэдэггүй хүмүүст юу тохиолдоно гэж Хиламан 14:29 дээр дурдсан байна вэ? (Тэдэн дээр зөв шударга шүүлт ирэх болно.)
3 Нифай дээрх түүх нь Аврагчийн үхлийг зөгнөсөн устгалууд гэх мэт амлагдсан тэмдгүүд ба гайхамшгууд гүйцэлдэж эхэлсэн гэдгийг тайлбарла. Ангийнхныг Самуелийн болон Нифайн захиаст итгэсэн, итгээгүй хүмүүст юу тохиолдсоныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12-ыг ээлжлэн чанга уншихыг хүс.
-
Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад зарим хүн устгагдсан бэ? Яагаад зарим нь аврагдсан бэ?
Өнөө үеийн Христийн дагалдагчдад Түүний хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдийг ажиглаж байхыг заасан гэдгийг онцолж хэл. Суралцагчдаас Хоёр дахь ирэлтийн талаар бошиглогчдын зөгнөн хэлсэн тэмдгүүдийг ойлгож, таних нь хэрхэн өнөөдрийн Сүмийн гишүүдэд Түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь тусалж чадах талаар ярилцахыг хүс.
3 Нифай 11:1-17
Аврагчтай уулзахад бэлтгэх нь
Есүс Христ нифайчууд дээр ирж байгаа зургийг үзүүл. Суралцагчдыг Аврагчийн нифайчууд дээр айлчилж байгаа түүхийг унших үед Их Эзэний үхлийн тэмдгүүдэд итгэн, Түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэсэн хүмүүсийн хүлээн авсан адислалыг олж мэдэхэд урамшуул.
Хэд хэдэн суралцагчийг 3 Нифай 11:1-12-ыг ээлжлэн чанга уншихад урь.
-
Их Эзэний ирэлтийн талаарх амлагдсан тэмдгүүд нь хэрхэн хүмүүсийг энэ үйл явдалд бэлтгэсэн бэ?
-
Эдгээр шүлэг нь бидэнд бэлтгэх хэрэгтэй гэдгийг ямар арга замаар сануулж болох вэ?
Суралцагчдыг 3 Нифай 11:13–17-г ээлжлэн чанга уншаад, тэд энэ үйл явдлын үеэр тэнд байсан бол ямар байх байсныг төсөөлөхөд урь.
-
Уг туршлага нь Их Эзэн Есүс Христ бидний хүн нэг бүрийн төлөө юу хүсэж байдгийг хэрхэн харуулдаг вэ? (Хариултууд дараах үнэнийг харуулах ёстой: Есүс Христ бүх хүнийг Өөрт нь ирэн, Тэр бол бүх дэлхийн Бурхан гэсэн гэрчлэлийг хүлээн аваасай гэж хүсдэг.)
-
Эдгээр үйл явдал нь юугаараа Есүсийн хоёр дахь ирэлтийн үед тохиолдох зүйлтэй төстэй байж болох вэ?
-
Та Аврагчийн урилгын дагуу хэзээ нэгэн өдөр Түүний өмнө зогсоход бэлтгэгдэхийн тулд юу хийж болох вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлээд, хичээлийг өндөрлө:
“Түүний ирэх өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдын үхлээр үхвэл, эсвэл Түүний гэнэтийн ирэлтээр Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол, өнөөдөр юу хийх байсан бэ? Бид ямар нүглээ наманчлах байсан бэ? Бид ямар зуршлаа хаях байсан бэ? Бид ямар асуудлаа шийдэх байсан бэ? Бид ямар өршөөл үзүүлэх байсан бэ? Бид ямар гэрчлэл хуваалцах байсан бэ?
“Хэрэв бид эдгээр зүйлийг тэр үед хийх байсан бол яагаад одоо хийж болохгүй байх билээ? Яагаад амар амгаланг олох боломжтой үедээ үүнийг эрэлхийлж болохгүй гэж? (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 9).
-
Яагаад Их Эзэний ирэлт маргааш тохиох гэж буй мэтээр өөрсдийгөө бэлтгэх нь чухал вэ?
Суралцагчдыг Их Эзэнтэй уулзахаар бэлтгэх үедээ Сүнсний өдөөлтүүдийг эрэлхийлэн, хариу үйлдэл хийхэд урь.
Суралцагчийн унших материал
-
Хиламан 14:20–30; 16:1–5; 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12; 11:1–17.
-
Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 7–10