“16-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христээр дамжуулан гэр бүлийн амьдралаа аз жаргалтай болгох,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“16-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
16-р хичээлд бэлтгэх материал
Есүс Христээр дамжуулан гэр бүлийн амьдралаа аз жаргалтай болгох
Амьдралдаа аз жаргал, амар тайванг мэдэрч байсан үеэ хэсэг хугацаанд эргэцүүлэн бод. Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч Ричард Ж.Мэйнс “Энэ амьдралд бидний мэдрэх баяр баясгалан биднийг амьдралаа Есүс Христийн сургаал, үлгэр жишээ, цагаатгагч золиослол дээр хэр төвлөрүүлж байгаатай шууд хамааралтай” хэмээн заасан (“Христэд төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12). Хичээлд бэлтгэх материалыг судалж байх үедээ хувийн болон гэр бүлийн амьдралаа Есүс Христэд, Түүний сургаал дээр суурилуулах нь таны нөхцөл байдлаас үл хамааран илүү агуу аз жаргал, амар тайван, тогтвортой байдал авчирч болохыг тунгаан бод.
1-р хэсэг
Би болон манай гэр бүл хэрхэн Есүс Христ дээр сүнслэг сууриа тавьж чадах вэ?
Барилга барихад суурь болон сууриа тавих газрыг чухалчлан анхаарч үздэг. Аюулгүй суурь нь барилгыг тогтвортой байлгаж, байгалийн хүчин зүйл, өдөр тутмын хэрэглээний ачааллаас хамгаалдаг. Танд хувийн болон гэр бүлийн амьдралаа барьж босгоход энэхүү ойлголт хэрхэн холбогдож байна вэ?
Бошиглогч Хиламан Есүс Христ дээр сүнслэг сууриа тавих хэрэгцээний талаар хөвгүүддээ заасан.
Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг уншихдаа, бид Есүс Христ дээр суурилан хувийн болон гэр бүлийн амьдралаа хэрхэн босгох талаар олж мэд.
Ёслол, гэрээнүүд бол өөрсдийн амьдралыг Христийн суурь болон Түүний Цагаатгал дээр барьж босгоход ашигладаг барилгын хавтангууд юм. Бид ёслолуудыг зохистойгоор хүлээн авч, гэрээнд нэгдэж, тэдгээр ариун нандин амлалтыг итгэлтэйгээр санаж, хүндэтгэж, мөн хүлээн зөвшөөрсөн үүргүүдийнхээ дагуу амьдрахын төлөө чадах бүхнээ хийснээр Аврагчтай бат холбогддог. Энэ холбоос нь амьдралын ямар ч нөхцөлд сүнслэг хүч, бат бөх байдлын эх сурвалж болдог юм. (“Тиймийн тул тэд айдсаа дарав,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33)
Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа ахлагч Доналд Л.Холлструм Есүс Христ дээр сууриа тавих тухай дараах үнэнийг заажээ.
Сууриа босгох, засах эсвэл хүчирхэгжүүлэхэд танд хэрэгтэй бүх хэрэгсэл бэлэн байгаа. … Эдгээр хэрэгсэлд тууштай, чанартай залбирах; судруудыг ашиглан өдөр тутам сайн мэдээнээс судлах; ялангуяа чин сэтгэлтэйгээр ариун ёслолоос хүртэж, Сүмийн цуглаануудад идэвхтэй оролцох; байнга амин хувиа үл хичээн үйлчлэх; гэрээгээ хичээнгүйлэн сахих зэрэг нь ордог.
Өөр нэг чухал хэрэгсэл нь амьд бошиглогчдын зөвлөгөө юм. (“Jesus Christ: Our Firm Foundation,” Ensign, Apr. 2016, 61)
2-р хэсэг
Хэрэв би Есүс Христ эсвэл Түүний сургаалууд дээр сууриа тавьж босгохыг сонговол надад болон гэр бүлд маань ямар адислал ирэх вэ?
“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org) хэмээн хожмын үеийн бошиглогчид тунхагласан.
Гэр бүл зэрэг бүлэг хүн Аврагч дээр болон Түүний суурин дээр амьдралаа барьж босгохоор шийдэх үед агуу адислал хүртдэг. Энэ нь “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж бай[сан]” (Мосе 7:18) хүмүүс буюу Сион гэх ойлголт нь яагаад үнэхээр хүчирхэг, сайхан байдгийн нэг шалтгаан билээ. Ийм төрлийн хүмүүсийн нэг жишээг Мормоны Ном дээрээс харж болно. Аврагч Америк тивийн оршин суугчид дээр зочилсны дараа хүмүүс бүгдээрээ Түүний сургаалын дагуу амьдрахаар үүрэг амлалт өгсөн.
3-р хэсэг
Надад болон гэр бүлд маань Есүс Христ дээр сууриа тавьж босгоход ямар бэрхшээлүүд саад болж байна вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт дайсан биднийг амьдралаа Аврагч дээр болон Түүний сургаал дээр барьж босгохоос холдуулдаг арга замуудыг онцолсон.
Сатан болон түүний арми таныг өв тэгш гэр бүлд шаардлагатай ёслолуудыг хүлээн авахуулахгүй байхын төлөө бүхнийг хийх болно. Тэр таныг Их Эзэний шаардсанаар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх замаар хүчирхэг гэр бүлтэй болохын тулд оюун санаа, зүрх сэтгэлээ төвлөрүүлэхэд саад болохыг оролдох болно.
… Сатан сайн хүмүүсийн эсрэг ашиглах хүчирхэг зэмсэгтэй. Энэ бол сатаарал юм. Тэрээр сайн хүмүүсийн амьдралыг ‘сайн зүйлсээр’ дүүргэдэг ба тэгснээр илүү чухал зүйлүүд орших зайгүй болдог. (“First Things First,” Ensign, May 2001, 7)
Хувийн болон гэр бүлийн амьдралдаа амин чухал зүйлс дээр төвлөрөхөд нь хүмүүсийн анхаарлыг сарниулдаг зарим “сайн зүйлийн” талаар бод.
Бидний заримд Есүс Христэд болон Түүний сургаал дээр сууриа бат бөх тавихаас биднийг холдуулдаг соёл, гэр бүлийн заншил, дадал байдаг (Сургаал ба Гэрээ 93:39-ийг үзнэ үү). Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Дэлхий даяарх гишүүддээ туслахын тулд Сүм Есүс Христийн Сүмийн сургаалуудад болон сайн мэдээний соёлд харш ямар ч хувийн болон гэр бүлийн уламжлал, дадлуудаа орхих хэрэгтэйг заадаг. (“The Gospel Culture,” Ensign, Mar. 2012, 42)
Аврагч дээр сууриа илүү бүрэн дүүрэн тавьж босгоход танд болон таны гэр бүлд өөр бусад ямар саад тохиож байгаа талаар тунгаа.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гари И.Стивэнсон Солтлэйк ариун сүмийн суурь болон бүтцийг бэхжүүлэн, шинэчлэхээр барилгын багийнхны хийж буй ажлын талаар ярилцаад, дараах зүйлийг хэлжээ.
Ингэж өөрийгөө шинжих нь бид ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ зарим шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлаа, бүр цаашлаад газар хөдлөлтийг тэсвэрлэх шинэчлэлтээ хийснээр ашиг тус хүртэж болно гэдгийг харуулж болох юм. Бид дараах асуултуудыг тавьж, үйл явцаа эхлүүлж болно.
“Миний суурь ямархуу байна вэ?”
“Гэрчлэл маань оршин тогтнодог, хувийн суурийн нэг хэсэг болсон зузаан ханатай, найдвартай, бат бөх булангийн чулууг юу бүрдүүлж байна вэ?”
“Надад болон манай гэр бүлийнхэнд амьдралд зайлшгүй тохиолдох хүчит, аймшигт газар хөдлөлтийн үйл явдлуудад тууштай, хөдөлшгүй бат бөх байж, бүр тэсэж үлдэх боломж олгож чадах миний сүнслэг болон сэтгэл санааны хүч чадлын чухал суурийн хэсгүүд юу вэ?” (Ирээдүйн төлөө сайн суурь тавь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59)