“7-р хичээлд бэлтгэх материал: Хүйсийн мөнхийн мөн чанар ба зорилго,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал(2022)
“7-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
7-р хичээлд бэлтгэх материал
Хүйсийн мөнхийн мөн чанар ба зорилго
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэ болон дараагийн хичээлүүдэд дурдагдах хүйс гэдэг нь бидний төрөх үеийн биологийн хүйс (өөрөөр заагаагүй бол) гэсэн утгатай ба бид хэн бэ, яагаад энэ дэлхийд байгаа вэ, мөн бид юу хийж, хэн болж болох вэ гэдгийг асар их тодорхойлдог” гэж заасан ” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 83). Та энэхүү хичээлийн материалыг судлахдаа, Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө нь тэнгэрлэг эцэг эхийн хүү, охины хувьд таныг мөнхийн мөн чанар, зорилгынхоо ач холбогдлыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж болохыг бод.
Тайлбар: Хүйс бол олон хүний хувьд эмзэг асуудал юм. Эдгээр материал нь танд хүйсийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн сургаалыг ойлгож, энэ нь өнөөгийн манай дэлхийн янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж байгааг судлахад туслах зорилготой. Суралцах явцдаа Бурханы танд зориулсан захиасуудыг ойлгохын тулд Сүнсний тусламжийг эрэлхийл.
1-р хэсэг
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг илүү сайн ойлгосноор би хүйсийн талаарх ойлголтоо хэрхэн бататгаж болох вэ?
Гэр бүлийн тунхагт “Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан, өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм. Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” гэсэн байдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”ChurchofJesusChrist.org).
Хүйс гэдэг нэр томьёо нь янз бүрийн хүмүүст өөр өөр утгатай байж болно. Сүмийн гарын авлагад тайлбарласнаар, “Гэр бүлийн тунхагт орсон хүйс гэсэн нэр томьёо нь төрсөн биологийн хүйс гэсэн утгатай.” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.23).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт биднийг бүтээсэн талаар ийн хэлсэн.
Энэ нь [эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн бүтээл] таныг Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд амьдарч байх үед мөнх бус байдлын өмнөх оршихуйд сүнслэг байдлаар бүтээгдсэн. Таны хүйс таныг дэлхийд ирэхээс өмнө байсан. (“The Joy of Living the Great Plan of Happiness,” Ensign,1996 оны 11-р сар, 73)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс цааш нь “[эрэгтэй, эмэгтэй] хүмүүсийг хосоор нь бүтээсэн явдал бол авралын төлөвлөгөөнд зайлшгүй чухал зүйл юм” гэж заажээ (Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдаан эхэллээ,” 2019 оны 10-р сарын 2, newsroom.ChurchofJesusChrist.org).
Тэнгэрлэг гарал үүслээ ойлгох нь бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөг болон уг төлөвлөгөөн дэх хүйсийнхээ ач холбогдлыг илүү сайн ойлгоход тусална.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хүйс яагаад чухал байдгийг бодож үз. Та дараах үнэний талаар тунгаан бодож болох юм. Үүнд:
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мөнхийн гэрлэлт нь Тэнгэрлэг эцэг эхтэйгээ адилхан болоход зайлшгүй чухал. Мөнх амьдралын мөн чанар буюу өргөмжлөл нь гэр бүлийн мөнхийн үргэлжлэл юм. Энэ чадавхад зөвхөн “мөнхийн гэрлэлтэд хосоороо нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өвлөсөн бүтээлч хүчээр дамжуулан (Сургаал ба Гэрээ 132:19-ийг үзнэ үү)” (Даллин Х.Өүкс, “General Conference Leadership Meetings Begin”) хүрэх боломжтой.
“Тэнгэрлэг загвараар хүүхдүүдийг мөнх бус байдалд авчирч, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа хэрэгтэй” (Дэвид А.Бэднар, “Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 83; мөн Эхлэл 1:28-ыг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэг эрэгтэй, эмэгтэй хүмүүст Өөрийнх нь төлөвлөгөөн дэх эдгээр болон бусад тэнгэрлэг үүрэг хариуцлагыг биелүүлэхэд туслах онцгой чадавхыг өгдөг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ахиц дэвшил гаргаж, мөнхийн чадавхдаа бүрэн хүрэхийн тулд бие биедээ хэрэгтэй. Ахлагч Бэднар ийн заасан.
Эрэгтэй, эмэгтэй сүнснүүд нь бие биеэ гүйцээж, нэг нэгнээ төгөлдөржүүлдэг ба эрэгтэй, эмэгтэйчүүд өргөмжлөл рүү хамтдаа өсөж хөгжихөөр төлөвлөгдсөн байдаг. …
Тэнгэрлэг зорилгоор эрэгтэй, эмэгтэй сүнснүүд өөр өөр, өвөрмөц байж, харилцан бие биенээ нөхөж байдаг.
… Аз жаргалын төлөвлөгөө хэрэгжихийн тулд эрэгтэй, эмэгтэй аль алиных нь сүнслэг болон бие махбод, оюун санааны мөн сэтгэл санааны чадавхын онцгой уялдаа холбоо хэрэгтэй байсан. Эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь дан ганцаараа бүтээгдсэн зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй байх байсан. …
Эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь онцлог зан чанар гэрлэлтийн харьцааны бүрэн байдалд хувь нэмрээ оруулдагтай адил эдгээр зан чанар нь хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэн, зааж сургахад амин чухал. (“Marriage Is Essential to His Eternal Plan,” 83–84)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд, Рут Л.Рэнланд эгч хоёр мөн дараах зүйлийг заасан.
Эрэгтэй, эмэгтэй сүнснүүд бие биенээ нөхөхөөр бүтээгдсэн. Тийм ч учраас хүйс нь мөнхөд тогтвортой байдаг, учир нь энэ нь Тэнгэрлэг Эцэгийн өгч чадах хамгийн дээд бэлэг болох Өөрийнх шиг нь амьдралын үндэс суурийг бүрдүүлдэг. (“The Divine Purposes of Sexual Intimacy,” Ensign, 2020 оны 8-р сар, 16)
2-р хэсэг
Би хүйстэй холбоотой асуултуудыг хэрхэн илүү сайн ойлгож чадах вэ?
Бидний үед хүйсийн болон мөн чанарын олон янзын үзэл санаа байдгийг та анзаарсан байх. Зарим хүн хүйс гэсэн нэр томьёог биологийн хүйсээс ялгаж салгадаг. Тэд өөрсдийн биологийн хүйсээс өөр хүйсийн баримжааг хэлж байж болох ба энэ нь тэдний хүйсийн талаарх дотоод мэдрэмжийг илэрхийлж байж магадгүй. (Энэ нь бусдад бие махбод, сэтгэл санаа болон бэлгийн дур хүслээрээ татагддаг бэлгийн чиг баримжаанаас ялгаатай гэдгийг анхаарна уу. Бэлгийн чиг баримжааг дараагийн хичээл дээр ярилцах болно.)
Тухайн хүний эрэгтэй, эмэгтэй байх тухай ойлголтод соёл, нийгмийн хэм хэмжээ, хүмүүжил нөлөөлдөг. Эдгээр болон бусад шалтгааны улмаас хүйсийн хэвшмэл ойлголт нь заримдаа зарим хүнд төөрөгдөл үүсгэж, бүр хор хөнөөл учруулж ч болзошгүй. Жишээлбэл: зарим хүн тэдний сонирхол, чадвар нь биологийн хүйсийнх нь талаар соёл уламжлал, нийгмийн хүлээлттэй нийцэхгүй байгаад санаа зовж магадгүй. Энэ нь тэдний биологийн хүйс, хүйсийн баримжаа хоорондоо таарахгүй байна гэсэн үг биш юм. Хувь хүний жинхэнэ мөн чанарыг бурханлаг мөн чанар, биологийн хүйс, бэлэг, авьяас чадвар, хүсэл эрмэлзэл, сонголт зэрэг хэд хэдэн элемент бүрдүүлдэг гэдгийг санах нь чухал.
Бид хүйсийн талаарх мөнхийн үнэнийг ойлгосон ч амьдрал дахь ээдрээтэй бодит байдал нь сорилт бүхий асуулт эсвэл нөхцөл байдалд хүргэж болзошгүй. Дараах санаануудыг тунгаан бод.
-
Бүрэн тогтоогдоогүй шалтгааны улмаас зарим хүн амьдралынхаа зарим үед “биологийн хүйс болон хүйсийн баримжаа хоёрын хооронд үл нийцэх мэдрэмжийг мэдэрдэг. Үүний үр дүнд тэд өөрсдийгөө трансжендер гэж тодорхойлж болох юм. Сүм өөрсдийгөө трансжендер гэж үздэг хүмүүсийн өрнүүлж буй хөдөлгөөнд ямар нэг байр суурь баримталдаггүй” (Ерөнхий гарын авлага, 38.6.23).
-
Зарим хүн биологийн хүйстэйгээ холбоотой соёл, нийгмийн хүлээлтэд тавгүйтэж эсвэл бухимдаж болно.
-
Ерөнхий гарын авлагад “Маш ховор тохиолдолд хүүхэд эрэгтэй, эмэгтэй нь тодорхой бус бэлэг эрхтэнтэй төрдөг” (38.7.7) гэж тэмдэглэсэн. Үүнийг ихэвчлэн гермафродит буюу манин гэж нэрлэдэг. Энэ нөхцөл байдалд эцэг эх, эмнэлгийн ажилтнууд хэрхэн хандаж байгаа нь тухайн хүний хүйсийн чиг баримжаанд нөлөөлж эсвэл нөлөөлөхгүй байж болзошгүй.
Трансжендертэй холбоотой сэдвээр Сүмийн нэгэн хэвлэлд трансжендер гэдгээ тодорхойлсон хувь хүмүүс “нарийн төвөгтэй сорилтуудтай тулгардаг” гэж дурдсан байдаг. Тэд “Бурханы хүүхдүүдийн нэгэн адил Христийн хайрыг хүртэх эрхтэй ба тэдэнд мэдрэмжтэй, эелдэг, энэрэнгүй хандах ёстой” (“Transgender: Do I Belong as a Member of the Church?,” ChurchofJesusChrist.org). Бид бусадтай харьцахдаа, бодлогогүй хандах эсвэл шударга бус шүүн шийдэхийн оронд “Бусдыг Христийн нүдээр харахыг хичээж” чадна (“Transgender: What Can I Do to Show Christlike Love?,” ChurchofJesusChrist.org).
3-р хэсэг
Хэрэв надад хүйсийнхээ талаар асуух зүйл байвал яах вэ?
Хэрэв танд хүйсийн талаар асуух зүйл байвал эсвэл хүйсийн зөрүүтэй мэдрэмж төрж байвал Тэнгэрлэг Эцэг болон Аврагч тань таныг хайрладаг гэдгийг санаарай. Тэд үргэлж танд туслахад бэлэн байдаг. Есүс Христ болон Түүний сайн мэдээ хэрхэн таныг хүчирхэгжүүлж болохыг бод. Сүмээс хэвлүүлсэн Трансжендертэй холбоотой эх сурвалжуудад энэхүү чухал үнэн, сануулгуудын талаар гардаг.
Аврагч бидний өвөрмөц нөхцөл байдлыг төгс ойлгодог. Мөнх бус хүмүүс бидний ойлголт хязгаарлагдмал. Бид Нифайтай хамт “[Бурхан] тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь би мэднэ; тийм боловч [бид] бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” (1 Нифай 11:17) хэмээн тунхаглаж чадна. (“Transgender: Does the Savior Really Understand What I’m Going Through?,” ChurchofJesusChrist.org)
Таны эргэн тойронд байгаа хүн нэг бүр хайр, нигүүлсэл, мэдрэмжээ илэрхийлэхдээ төгс байж чадахгүй. Өнөөгийн ертөнцөд гомдох, гомдоох амархан. Томоохон сорилтууд биднийг цагаа олоогүй үг эсвэл буруу ойлголцлоос болж санамсаргүй гомдооход амархан хүргэж магадгүй. Сүмийн гишүүдийн хувьд бид бүгд сурч, хөгжиж байгаа. (“Transgender: Do I Belong as a Member of the Church?,” ChurchofJesusChrist.org)
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д.Крэйг эгч ийн заажээ.
Хожмын үеийн гэгээнтнүүд олон янз байдаг боловч “Бурханд бүгд адил” билээ [2 Нифай 26:33].… Та нарын хэн байх эсвэл юу тохиолдож байгаагаас тань үл хамааран та нар Их Эзэний ширээнд суухаар уригдсан. (“Сүнслэг чадавх,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 21).
Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахаар сонгосон хэн бүхэн сайн мэдээний бүх адислалаас хүртэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаарай. Та “Бурханд амлалт өгч, биелүүлж” мөн “Түүний гэрэлд алхаж, Түүний Сүмд оролцож болно” (“Transgender: How Can I Contribute to the Lord’s Kingdom?,” ChurchofJesusChrist.org).
Сүмийн гарын авлагад “трансжендер хүмүүс эмнэлэг, мэс заслын аргаар хүйсээ эсрэг хүйсээр солиулаагүй, нийгэмд өөрчлөгдсөн байдлаар биеэ авч явахыг оролдоогүй мөн зохистой байх юм бол Сүмийн дуудлага хүлээн авч, ариун сүмийн эрхийн бичиг авч, ариун сүмийн ёслолуудыг хүртэх боломжтой” гэж заасан (Ерөнхий гарын авлага, 38.6.23). (Тайлбар: “Нийгмийн харилцааны хувьд шилжилт хийхэд төрөлх биологийн хүйсийнхээ эсрэг хүйсээр хувцаслаж, үс зүсээ янзлах, нэрээ өөрчлөх, өөрийгөө танилцуулах зэрэг нь ордог” [Ерөнхий гарын авлага, 38.6.23].) Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө ярилц.
Хэдийгээр Сүмийн бодлого, сургаалын эсрэг биш ч өөрийгөө трансжендер гэж олон нийтэд зарлах нь мөнхийн зорилгодоо хүрэх чадварыг тань хязгаарлаж болзошгүй юм. Ерөнхийлөгч Өүкс ийн анхааруулсан.
Өөрсдийгөө тодорхойлоход болгоомжтой ханд. Биднийг тодорхойлох цорын ганц шинж чанар бол бид Бурханы хүү эсвэл охин мөн гэсэн чанар юм. Энэ нь бусад бүх шинж чанараас давуу. (“How to Define Yourself,” New Era, June 2013, 48)
Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд бөгөөд мөнх амьдралыг хүлээн авах хувь заяаны боломжтой. Бусад бүх шошго … түр зуурынх эсвэл мөнхийн утгаараа өчүүхэн зүйл юм. Өмнөө тавьсан зорилгод тань хязгаар тавих тийм нэрээр өөрсдийгөө нэрлэж эсвэл өөрсдийнхөө талаар бодож болохгүй. (“Энэ нь юунд хүргэх юм бол?” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 75)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон дараах баталгааг өгчээ.
Хүн бүрд бэлэг мөн авьяас байдаг. Хүн бүр аль ч цаг үед тэнгэрлэг төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна. Та нарын олонх нь чадах бүхнээ хийж байгаа. Мөнх бус байдлын хамгийн хүнд бэрхшээлүүдийг даван туулж яваа та бүхнийг хүүхдүүдээ өргөмжлөх зорилготой Бурханы төлөвлөгөөг өмгөөлөн зогсох үед бид бүгд та нарыг дэмжихэд бэлэн байдаг. Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ [зориулан] бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй. (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38)