Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь
Хуучин арга замаа бүрмөсөн орхиж, Христ дотор амьдралаа шинээр эхлүүлэхэд Бурхан биднийг урьдаг.
Өнгөрсөн 4-р сард надад Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Киншаса ариун сүмийг онцгойлон адислах боломж тохиосон. Газар нутагт нь ариун сүм онцгойлон адислагдахыг харсан итгэлтэй конгочууд болон би ямар их баяр хөөр мэдэрснийг үгээр дүрслэхийн аргагүй.
Киншаса ариун сүмд орсон хүмүүс Конго хүрхрээ нэртэй уран зургийг эх хувиар нь харж болно. Энэ нь Есүс Христэд өөрсдийгөө аргамжиж тогтоон, Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний дагуу гэрээний замаар явахад хэрэгтэй гуйвшгүй үнэнч байдлыг сүмд орсон хүмүүст онцгойлон сануулдаг. Энэ зурган дээр дүрсэлсэн хүрхрээнүүд зуу гаруй жилийн өмнө Конго дахь Христийн шашны эхэн үеийн хөрвөгчдийн дунд өргөн тархсан байсан нэгэн зан үйлийг сануулдаг.
Тэд хөрвөгдөхөөсөө өмнө, ер бусын хүч агуулдаг хэмээн итгээд, амьгүй, эд зүйлсэд мөргөдөг байв. Харин хөрвөгдсөнийхөө дараа Нзонго хүрхрээ гэх мэт Конго мөрний дагуух хүрхрээнүүдийн нэг рүү олон хүн мөргөл үйлдэхээр явдаг байв. Тэрхүү хөрвөгчид хуучин ёс заншлаа орхиж, Есүс Христийг хүлээн авч байгаагаа Бурханд болон бусдын өмнө харуулахаар өмнө нь өөрсдийн шүтдэг байсан эд зүйлээ бэлгэдэл болгон хүрхрээ рүү хаядаг байжээ. Тэд тэр эд зүйлсээ тогтуун, гүехэн ус руу биш, харин шидсэн ч дахин гарч ирэхээргүй асар том хүрхрээний хөөсрөн эргэлдэх урсгал ус руу зориуд хаядаг байв. Эдгээр үйлдэл нь Есүс Христэд шинээр гуйвшгүй үнэнч байх бэлгэдлийнх нь эхлэл байлаа.
Өөр газарт өөр цаг үед амьдарч байсан хүмүүс Есүс Христэд гуйвшгүй үнэнч байхаа үүнтэй адил байдлаар харуулдаг байсан. Антай-нифай-лихайчууд хэмээн хүмүүсийн нэрлэдэг байсан Мормоны Номын хүмүүс “эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавин, “Бурханд зэр зэвсгээ дахин хэрэглэхгүй хэмээн гэрчлэн тэдгээрийг газрын гүнд булшилсан.” Ингэснээр тэд Бурханы сургаалуудыг дагаж, өгсөн амлалтаасаа хэзээ ч буцахгүй хэмээн амласан юм. Энэ үйлдэл “Их Эзэнд хөрвүүлэгд[эн],” хэзээ ч орхиж явахгүй байх амлалтынх нь эхлэл байв.
“Их Эзэнд хөрвүүлэгдэнэ” гэдэг нь хуучин итгэл үнэмшлийнхээ зааврын дагуу хийдэг байсан үйлдлээ орхиж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэл дээрээ үндэслэн өөр шинэ үйлдлийг хүлээн авахыг хэлдэг. Энэ өөрчлөлт нь сайн мэдээний сургаалыг оюун ухааныхаа түвшинд хүлээж авахаас илүү юм. Энэ нь бидний хувь хүний зан чанарыг төлөвшүүлэн, амьдралын утга учрын талаарх ойлголтыг нь өөрчилж, Бурханд хувиршгүй үнэнч байхад хөтөлдөг. Аврагчид аргамжиж тогтооход саад болж гэрээний замыг дагахтай нийцэхгүй хувийн хүслүүд нь замхран одож, Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдах шийдэмгий байдлаар солигддог.
Их Эзэнд хөрвөгдөх нь Бурханд гуйвшгүй үнэнч байхаас эхэлж, үүнийг өөрсдийн салшгүй нэгэн хэсэг болгоход оршдог. Ийнхүү үнэнч байх нь насан туршид үргэлжлэх явц бөгөөд үүний тулд тэвчээртэй байж, байнга наманчлах шаардлагатай. Эцэст нь энэхүү үнэнч байдал нь бидний зан чанарын салшгүй нэгэн хэсэг болж, амьдралд маань үргэлж байх болно. Юу ч бодож байсан бид нэрээ хэзээ ч мартдаггүйтэй адил зүрхэндээ сийлсэн амлалтаа хэзээ ч мартахгүй.
Хуучин арга замаа бүрмөсөн орхиж, Христ дотор амьдралаа шинээр эхлүүлэхэд Бурхан биднийг урьдаг. Энэ нь итгэлтэй хүмүүсийн гэрчлэлийг сонссоноор эхэлдэг Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэх үед болдог. Харин дараа нь өөрсдийгөө Түүнд илүү бат бөх аргамжиж тогтоохын тулд хийж буй үйлдлүүд маань бидний итгэлийг гүнзгийрүүлдэг.
Өсөн нэмэгдсэн итгэл ханиад шиг халддаг байсан бол сайхан байхсан. Тэгвэл зүгээр “сүнслэгээр найтаахад” л бусдын итгэл өсгөн нэмэгдэх байв. Гэвч ийм байдлаар итгэлийг түгээдэггүй. Хувь хүн итгэлээр үйлдэх нь итгэлээ өсөн нэмэгдүүлэх цорын ганц арга зам юм. Ийм үйлдлүүд ихэвчлэн бусдын урилгаар өдөөгддөг ч бид өөр хүний итгэлийг “өсгөж” эсвэл өөр хүний итгэл дээр дөрөөлөн, өөрсдийн итгэлийг хөгжүүлэх боломжгүй. Өөрсдийн итгэлийг хөгжүүлэх гэж байгаа бол бид залбирах, судраас суралцах, ариун ёслолоос хүртэх, бусдад үйлчлэх зэрэг итгэл хөгжүүлэх үйлдлүүдийг сонгон хийх замаар итгэлээ өсгөн нэмэгдүүлэх ёстой.
Есүс Христэд итгэх итгэл маань өсөн нэмэгдэх үед Бурхан биднийг амлалт өгөхөд урьдаг. Гэрээ гэдгээр нь мэддэг эдгээр амлалт нь бидний хөрвөлтийн илрэл юм. Гэрээнүүд нь бидний сүнслэг өсөлт хөгжлийн бат бөх суурь билээ. Бид баптисм хүртэхээр шийдсэнээр Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, өөрсдийгөө Түүгээр тодорхойлуулах сонголт хийдэг. Бид Түүнтэй илүү адил болж, Түүний зан чанарыг хөгжүүлнэ хэмээн амладаг.
Гэрээнүүд нь биднийг Аврагчид аргамжиж тогтоон, тэнгэрлэг гэртээ хүрэх замаар явахад өдөөдөг. Гэрээний хүч нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтөө авч үлдэн, Их Эзэнд хөрвөгдсөн байдлыг гүнзгийрүүлж, Христийн дүр төрхийг өөр дээрээ илүү бүрэн дүүрэн хүлээн авахад биднийг хөтөлдөг. Гэвч гэрээгээ хагас дутуу сахих нь бидэнд ямар ч баталгаа өгөхгүй. Энэ нь биднийг бултан зайлсхийж, хуучин эд зүйлсээ нам гүм усанд хаяж, эсэргүүцлийн зэр зэвсгээ бүрэн бус хагас дутуу булшлахад уруу татаж болно. Харин амлалтдаа хоёрдмол сэтгэлээр хандах нь Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн цэвэршүүлэх хүчийн үүд хаалгыг нээхгүй.
Гэрээгээ үнэнч сахих амлалт маань ямар нэг болзолд тулгуурласан эсвэл амьдралын хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг байж болохгүй. Бидний Бурханд итгэх итгэл Киншаса ариун сүмийн дэргэдүүр замаа өөрчлөлгүй урсан өнгөрдөг Конго голтой адил байх ёстой. Энэ гол дэлхийн ихэнх голоос ялгаатай нь жилийн турш тогтмол урсгалтай байдаг ба секундэд ойролцоогоор 41,5 сая литр усыг Атлантын далай руу цутгадаг.
Аврагч шавь нараа итгэл хүлээх чадвартай, тууштай бай хэмээн урьсан. Тэрээр “Иймийн тул миний та нарт заах мөн зарлиглах зүйлсийг хийх эсэхээ одоо зүрхэндээ шийдэгтүн” хэмээн хэлжээ. Бидний гэрээгээ сахих “гуйвшгүй” шийдэмгий байдал Бурханы үүрдийн баяр баясгалангийн амлалтыг хүлээн авах боломжийг бидэнд олгодог.
Хожмын үеийн олон итгэлтэй гэгээнтэн Бурхантай байгуулсан гэрээгээ “гуйвшгүй” дагаж, эргэж буцалтгүй өөрчлөгдсөнөө харуулсан. Ийм гурван хүний талаар би ярих гэсэн юм. Тэд бол Банза Мюсиоко ах, Банза Рэжин эгч, Мбуи Нкитабунги ах нар юм.
1977 онд Банзагийн гэр бүлийнхэн одоо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс гэж нэрлэгдэх болсон Заир улсын Киншасад амьдардаг байв. Тэд Протестант сүмийнхээ хүрээнд ихээхэн нэр хүндтэй хүмүүс байсан. Тэдний авьяасыг олж харсан тул сүм нь залуухан гэр бүлийг Швейцарьт их сургууль руу илгээж, тэтгэлэгт хамруулсан байв.
Женевт байхдаа Банза ах автобусаар сургууль руугаа явах замдаа “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэсэн жижигхэн цуглааны байрыг үргэлж хардаг байжээ. “Есүс Христийн гэгээнтнүүд одоо, энэ хожмын үед байдаг юм байх даа” гэж тэр гайхан бодсон аж. Эцэст нь тэр очиж үзэхээр шийдэв.
Банза ах, Банза эгч хоёрыг тэр салбарт очиход хүмүүс халуун дотно угтан авчээ. Тэд Бурханы мөн чанарын талаар өөрсдөд нь байсан “Хэрэв Бурхан салхи шиг Сүнс юм бол бид яаж Түүнтэй адил бүтээгдсэн байх билээ?” “Тэр яаж сэнтийдээ залран суудаг юм бол?” гэх мэт асуултуудаа тавьжээ. Номлогчид сэргээгдсэн сургаалыг богино хичээлээр тайлбарлах хүртэл сэтгэлд нь нийцсэн хариултаа тэд авч байсангүй. Номлогчдыг явахад Банзагийн гэрийнхэн бие бие рүүгээ хараад, “Бидний сонссон энэ зүйл үнэн биш гэж үү?” хэмээн хэлсэн аж. Тэд сүмд явж, номлогчидтой уулзсаар байлаа. Христийн сэргээгдсэн Сүмд баптисм хүртсэнээр гарах үр дагаврыг тэд мэдэж байв. Тэд тэтгэлгээ алдан, виз нь цуцлагдаж, хоёр жаахан хүүхдээ аваад Швейцариас явах шаардлагатай болно гэдгээ мэдэж байлаа. Гэвч тэд баптисм хүртэх сонголт хийж, 1978 оны 10-р сард гишүүнээр батлуулсан юм.
Баптисм хүртсэнээсээ хойш хоёр долоо хоногийн дараа Банза ах, Банза эгч хоёр Киншасад эргэн ирж, тус улсынхаа хамгийн анхны Сүмийн хоёр гишүүн болов. Женев дэх салбарын гишүүд тэдэнтэй холбоогоо таслалгүй, тэднийг Сүмийн удирдагчидтайгаа холбож тусалжээ. Бурхан Сүмээ Заирт байгуулах тэрхүү амлагдсан мөчийг хүртэл Банзагийн гэр бүлийг итгэлтэйгээр тэвчин хүлээ хэмээн урамшуулсан ажээ.
Тэр үед Заираас солилцооны оюутан болж ирсэн Мбуи ах Бельгид сурч байлаа. Тэр Брюссель тойрогт 1980 онд баптисм хүртсэн юм. Дараа нь тэр удалгүй Англид бүрэн цагийн номлолд үйлчлэв. Бурхан Өөрийн гайхамшгуудыг үйлдсээр байлаа. Мбуи ах Сүмийн гурав дахь гишүүн болж эх орондоо эргэн иржээ. Эцэг эхийнх нь зөвшөөрсний дагуу Сүмийн цуглаан эхлээд түүний гэрт болдог байв. 1986 оны 2-р сард Сүмийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг засгийн газарт тавьсан юм. Үүнд Заирийн гурван иргэний гарын үсэг хэрэгтэй болжээ. Өргөдөл дээр гарын үсгээ баяртайгаар зурсан гурван хүн бол Банза ах, Банза эгч, Мбуи ах нар байв.
Эдгээр үнэнч гишүүн үнэнийг сонсоод таньсан бөгөөд баптисм хүртсэнээр өөрсдийгөө Аврагчид аргамжиж тогтоосон билээ. Тэд хуучин эд зүйлсээ дахин хэрэглэх ямар ч бодолгүйгээр, хүчтэй хүрхрээ рүү хаясан юм. Гэрээт зам нь огтхон ч амар хялбар байсангүй. Улс төрийн үймээн самуунтай, Сүмийн удирдагчидтай тэр болгон холбоо бариад байх боломжгүй байх мөн гэгээнтнүүдийг сүмд авчрахад тулгардаг нийтлэг асуудлууд зэрэг нь тийм ч үнэнч бус хүмүүсийг мохоож болохоор байв. Банза ах, Банза эгч, Мбуи ах гурав итгэлээ хадгалан үлдэж чадсан. Тэд Сүмийг Заирт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөхөд хөтөлсөн өргөдөл дээр гарын үсэг зурсан мөчөөс хойш 33 жилийн дараа Киншаса ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр хүрэлцэн ирсэн юм.
Банзагийнхан өнөөдөр Чуулганы төвд хүрэлцэн ирсэн байна. Тэдний хоёр хүү Жуниор, Фил нар өөрсдийн эхнэр Энни, Юуюу нартайгаа хамт иржээ. Жуниор, Фил хоёр нь 1986 онд Заир дахь Сүмд баптисм хүртсэн хамгийн анхны хоёр хүн байсан юм. Мбуи ах энэ үйл ажиллагааг өөрийн эхнэр Магуй болон таван хүүхэдтэйгээ хамт Киншасад үзэж суугаа.
Энэ анхдагчид “Их Эзэн Бурханых нь мэдлэгт” мөн “Есүс Христ өөрсдийн Гэтэлгэгчдээ баясахад тэднийг хүргэсэн” гэрээнүүдийнхээ утга учир, үр дагаврыг ойлгодог.
Бид тэднийг даган, Сүмд ирсэн олон мянган конго хүн шиг мөн дэлхий даяарх олон сая хүн шиг хэрхэн өөрсдийгөө Аврагчид аргамжиж тогтоон, итгэлтэй хэвээр үлдэж болох вэ? Аврагч бидэнд хэрхэн үүнийг хийхийг заасан. Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээ байгуулдаг. Бид Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг нь сахихад бэлэн байх амлалт өгч, өөрсдийгөө Аврагчид холбоно хэмээн амладаг. Долоо хоног бүр эдгээр гэрээнд ухамсартайгаар бэлтгэж, түүнийг зохистойгоор байгуулах нь биднийг Аврагчид аргамжиж тогтоон, өгсөн амлалтынхаа талаар дотроо бодоход тусалдаг ба гэрээний замаар урагш явахад өдөөдөг.
Би та нарыг насан туршдаа шавь байх замдаа үнэнч байхад урьж байна. Гэрээ байгуулж, гэрээгээ сахь. Хуучин замаа гүнзгий бөгөөд хөөсрөн эргэлдэх ус руу хая. Эсэргүүцлийн зэр зэвсгээ хагас дутуу биш бүрэн булшлагтун. Есүс Христийн Цагаатгалын ачаар гэрээг чин сэтгэлээсээ хүндлэн, эрхэмлэн дээдлэх хүсэлтэйгээр байгуулбал энэ нь амьдралыг тань мөнхөд адислах болно. Та Аврагчийг үргэлж санаж, дагаж мөн хайрласнаар Түүнтэй улам бүр адил болох болно. Тэр бол бат бөх суурь гэдгийг би гэрчилж байна. Түүнд итгэн найдаж болно мөн Түүний амлалт үнэн гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.