Үргэлж залбирахаа анхаар (Алма 34:39; Моронай 6:4; Лук 21:36)
Сэтгэл ханасан болон хайнга байдлыг арилгахад байнгын сонор сэрэмж шаардлагатай.
Биднийг хамтдаа баясаж, шүтэн бишрэхэд Ариун Сүнс туслаасай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна.
1976 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ахлагч Боид К.Пакэр Сүмийн өсвөр үеийнхэнд онцгойлон хандаж үг хэлсэн. Тэрээр “Сүнслэг матрууд” хэмээх сонгодог захиастаа, Африкт томилолтоор явж байх үеэрээ сайтар нуугдсан матрууд огтхон ч сэжиг авахуулалгүй, хохирогчдоо хэрхэн олзлохоор хүлээж байдгийг анзаарснаа тайлбарласан юм. Дараа нь тэрээр нүглийн аймшигт шинжийг өнгөлөн далдалж, болчимгүй өсвөр үеийнхнийг олзлон авдаг Сатантай уг матруудыг адилтгажээ.
Ахлагч Пакэрыг энэ үгийг хэлэх үед би 23-тай байсан бөгөөд Сюзан бид хоёр анхны хүүхдээ хэдхэн хоногийн дараа өлгийдөн авахаар хүлээж байв. Нүглээс зайлсхийх талаарх захиасын агуулга, сүнслэг чухал сургамжийг заахдаа амьтдын ердийн зан авирыг ашигласан түүний чадварлаг арга барил бидний сэтгэлийг ихэд хөдөлгөж билээ.
Сюзан бид хоёр бас Африк руу олон удаа томилолтоор явж байсан. Африкт амьдардаг олон гайхамшигтай амьтныг харах завшаан бидэнд тохиож байсан. Бид ахлагч Пакэрын хэлсэн үг бидний амьдралд гүн нөлөө үзүүлснийг санаж, Африкийн зэрлэг амьтдын зан авираас сургамжтай зүйлсийг ажиглан, суралцахыг хичээх болсон юм.
Сюзан бид хоёрын харсан, олзоо агнаж буй хоёр үчимбэрийн шинж байдал, тактикийг тайлбарлахаас гадна би ажигласан зарим зүйлээ Есүс Христийн сайн мэдээгээр өдөр бүр амьдрахтай холбон ярихыг хүсэж байна.
Үчимбэр ирвэс ба топи зээр
Үчимбэр бол дэлхий дээрх эх газрын хамгийн хурдан амьтан бөгөөд дээд тал нь 120 км/цаг хүртэл хурдалдаг. Энэ үзэсгэлэнт амьтан зогсоо байрлалаасаа гурав хүрэхгүй секундын дотор 109 км/цаг хурдалж чадна. Үчимбэр бол олзоо сэм гэтэн, мөшгөсөөр, богино зайд хөөж барьдаг махчин амьтан юм.
Сюзан бид хоёр Африкт хамгийн түгээмэл байдаг, өргөн тархсан зээрийн төрөл болох топи зээрийн их сүрэг рүү хоёр үчимбэр сэм дөхөж буйг хоёр цаг орчим ажиглаж билээ. Африкийн хээрийн өндөр, хуурай өвс алтлаг хүрэн өнгөтэй болохоор уг махчин амьтдын топи зээрийн сүргийг мөшгөн хөөх үед биеийг нь бараг бүхэлд нь далдалж байв. Хоёр үчимбэр нэг нэгнээсээ 91 орчим метрийн зайтай байсан ч хамтран ажиллаж байлаа.
Нэг үчимбэрийг өвсөн дотор оцойн сууж, хөдлөхгүй болох үед нөгөө үчимбэр нь газар наалдан, хагас суугаа байдлаар сэжиг аваагүй топи зээрийн сүрэг рүү аажим гэтэн, дөхөж байв. Дараа нь оцойн сууж байсан үчимбэрийг өвсөн дотроос харагдахаа болих яг тэр мөчид нөгөө үчимбэр оцойн суусан байв. Нэг нь өвсөн дотор оцойн суух үед нөгөө нь газар наалдан хагас суугаа байдлаар урагшлах энэ хэв маяг удаан хугацаанд үргэлжилсэн. Ингэж сэм гэтэж буй арга барил нь топи зээрийн сүргийн анхаарлыг сарниулж, хуурч, улмаар сүргийн анхаарлыг ойртож буй аюулаас өөр зүгт хандуулах зорилготой байлаа. Хоёр үчимбэр дараагийн хоолоо олохын тулд нэг баг болж, тэвчээртэй, тууштай ажиллаж байв.
Топи зээрийн их сүрэг, ойртон ирж буй үчимбэрүүдийн хооронд шоргоолжны үүрэн довон дээр хэдэн хөгшин, хүчирхэг зээр харуулаар зогссон байлаа. Жижиг дов толгод дээрээс өвстэй талбайг тольдон харж байсан нь эдгээр хамгаалагч зээрэнд аюулын шинж тэмдгийг харах боломжийг олгосон байжээ.
Дараа нь гэнэт үчимбэрүүд нүдэнд тусах зайд ойрхон байгаа нь мэдэгдмэгц бүх топи зээрийн сүрэг бүхэлдээ тарж, бутрав. Хамгаалагч зээрүүд их сүрэгтэйгээ харилцсан эсэхийг юм уу хэрхэн харилцсаныг нь би мэдэж чадалгүй үлдсэн ч юутай ч сэрэмжлүүлж чадсанаар барахгүй, бүх топи зээрийн сүрэг аюулгүй газар руу дайжсан юм.
Тэгвэл үчимбэрүүдийн дараагийн алхам юу байсан бэ? Нэг үчимбэр нь өвсөн дотор оцойн суухад нөгөө нь газар наалдан хагас суугаа байдлаар мөлхөх ээлжит хэв маягтаа хоёр үчимбэр цаг алдалгүй эргэн орсон. Энэ хөөцөлдөх хэв маяг цааш үргэлжлэв. Тэд зогссонгүй. Тэд амсхийгээгүй буюу завсарлага ч аваагүй. Тэд сүргийн анхаарлыг сарниулах, өөр тийш хандуулах арга мэхээ хэрэгжүүлэхдээ эргэж буцалтгүй байв. Сюзан бид хоёр үчимбэрүүдийг топи зээрийн сүрэгт улам бүр ойртон урагшилсаар байгаа нь үзэгдэж харагдахаа больтол харсан.
Тэр орой Сюзан бид хоёр ажиглаж, мэдэж авсан зүйлсийнхээ талаар дурсамж дүүрэн яриа өрнүүлж билээ. Бид бас энэ явдлаа хүүхдүүд, ач нартайгаа ярилцаж, олон чухал сургамжийг гарган тодорхойлсон. Би одоо тэдгээрээс гурвыг нь тайлбарлая.
Нэг дэх сургамж—Чөтгөрийн хууран мэхлэх багаас болгоомжил
Миний хувьд үчимбэр нь тансаг, сэтгэл татам, дур булаам амьтан юм. Үчимбэрийн хар толбо бүхий бор шаргалаас цагаан саарал арьсны өнгө нь Африкийн өвсөн дундуур олзныхоо араас гэтэн явах үед эдгээр амьтныг бараг үзэгдэхгүй болгодог үзэсгэлэнтэй баг юм.
Үүнтэй адил сүнслэг байдалд аюул учруулагч санаа, үйлдлүүд ихэвчлэн сэтгэл татам, хүсүүштэй эсвэл тааламжтай санагддаг. Иймээс орчин цагийн дэлхийд хүн бүр сайн дүр эсгэж буй муу муухай зүйлсийг мэддэг байх хэрэгтэй. Исаиагийн сэрэмжлүүлснээр, “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!”
Хүний амьдралын ариун нандин байдал зөрчигдөхийг зөв хэмээн зарлаж, эмх замбараагүй байдлыг эрх чөлөө хэмээн тодорхойлж буй энэ хачин зөрчилдөөнтэй цаг үед сэргээгдсэн сайн мэдээний гэрэл бидний амьдралыг гэрэлтүүлж мөн дайсны харанхуй хууран мэхлэлт, сатааруулалтыг ялган танихад тусалж чадах энэ хожмын эрин үед амьдарч байгаа бид хэчнээн их адислагдсан билээ.
“Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно.”
Хоёр дахь сургамж: Сэргэг мөн сэрэмжтэй бай
Топи зээрийн хувьд хормын төдийд л анхаарал сарнин эсвэл хайхрамжгүй байх юм бол үчимбэрийн хурдтай довтолгоонд өртөж болзошгүй. Үүнтэй адил сүнслэг байдалдаа сэтгэл ханаж, хайнга байх нь биднийг дайсны довтолгоонд өртөмтгий болгодог. Сүнслэг байдалдаа бодлогогүй хандах нь бидний амьдралд маш том аюулыг урин дууддаг.
Хожмын өдрүүдэд Сатан бие махбодын аюулгүй байдлын хуурамч мэдрэмжээр Бурханы хүүхдүүдийг хэрхэн тайвшруулахыг оролдож байгааг буюу “тэд: Сионд бүх юм зүгээр; тийм ээ, Сион дэгжинэ, бүх юм зүгээр гэнэ—мөн чөтгөр тийн тэдний бодгалийг хуурч, мөн тэднийг болгоомжтойгоор там уруу удирдах болно” гэдгийг Нифай тайлбарласан.
Сэтгэл ханасан болон хайнга байдлыг арилгахад байнгын сонор сэрэмж шаардлагатай. Сонор сэрэмжтэй байна гэдэг нь болзошгүй аюул, бэрхшээлийг анхааралтай ажиглаж байх төлөв эсвэл арга хэмжээ юм. Мөн анхааралтай ажиглаж байх гэдэг нь сэрэмжлүүлэн, хамгаалахын тулд сэрэмжтэй байх гэсэн утгатай. Сүнслэг байдлаар тайлбарлавал, бид Ариун Сүнсний өдөөлтөд болон Их Эзэний цамхаг дээрх харуулуудаас ирж буй шинж тэмдгүүдэд сэргэг, сонор сэрэмжтэй хандах хэрэгтэй гэсэн үг.
“Тийм ээ, мөн түүнчлэн би та нарт ухуулна … та нар чөтгөрийн уруу таталтаар зайцуулагдан удирдагдахгүй байж болохын тулд, … та нар үргэлж залбирахаа анхаар; учир нь болгоогтун, тэрээр та нарыг ямар ч сайн зүйлээр эс шагнадаг билээ.”
Амьдралаа Аврагч дээр, Түүний сайн мэдээн дээр төвлөрүүлэх нь сүнслэг байдлын хувьд залхуу, хойрго байх эгэл хүний хандлагаа даван туулах боломжийг бидэнд олгодог. Бид харах нүд, сонсох чихээр адислагдсан тул Ариун Сүнс бидний харж, сонсох хэрэгтэй гэж боддоггүй эсвэл юу ч харж, сонсогдохгүй гэж бодсон зүйлээ харж, сонсох чадварыг нэмэгдүүлж чадна.
Гурав дахь сургамж—Дайсны санаа зорилгыг мэддэг бай
Үчимбэр бол бусад амьтныг агнадаг байгалиасаа махчин амьтан юм. Үчимбэр бүтэн өдөржин, бүр өдөр болгон махчин амьтан хэвээр байдаг.
Сатан “зөв шударгын болон Бурханы хүслийг үйлдэхийг эрэлхийлдэг тэдгээрийн дайсан юм.” Бүтэн өдөржингийн, өдөр бүрийн түүний цорын ганц зорилго бол Бурханы охид, хөвгүүдийг өөр шигээ зовлонт байлгах явдал.
Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө нь Өөрийн хүүхдүүдийг үргэлж аз жаргалтай байлгахад тусалж, тэднийг амилсан, өргөмжлөгдсөн биетэйгээр гэртээ аюулгүй авчрах удирдамжаар хангахад зориулагдсан. Чөтгөр Бурханы охид хөвгүүдийг будилуулан самууруулж, аз жаргалгүй болгон, тэдний мөнхийн хөгжлийг саатуулахын тулд ажилладаг. Дайсан нь Эцэгийн төлөвлөгөөний өөрийнхөө хамгийн их үзэн яддаг хэсгүүд рүү довтлохоор хичээнгүйлэн ажилладаг.
Сатан бие махбодгүй тул түүний мөнхийн хөгжил зогссон. Усны урсгал голын голдрилдоо далангаар хаагдан зогссон байдаг шиг дайсны мөнхийн хөгжил нь түүнд бие махбод байхгүйн улмаас бүтэлгүйтсэн. Люсифер бослого гаргасан учир мөнх бус амьдралын адислалуудыг, асар болгосон махан бодиор дамжуулан ирэх туршлагуудыг мэдрэх боломжгүй болсон. Хараал идсэн гэдэг үгийн байж болох сүнслэг утгуудын нэг бол Тэнгэрлэг Эцэгтэй адил болохын тул тэр үргэлжлүүлэн хөгжих чадваргүй байх хэмээн тайлбарлаж болно.
Бие махбод нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний болон бидний сүнслэг өсөлтийн гол төв учраас Люсифер биднийг биеэ зохисгүй байдлаар буруугаар ашиглахад уруу татаж, бидний хөгжлийг хясахыг эрэлхийлдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “‘явах ёсгүй газар руу явах, хийх ёсгүй зүйлийг хийх уруу таталтын эхний алхмыг хийгээгүй үед … бид сүнслэг байдлын хувьд аюулгүй байдаг.’ … Хүн төрөлхтний хувьд бид бүгдээрээ амьдрахын [махан бие] төлөө идэх хүсэлтэй байдаг. ‘Эдгээр идэх хүсэл амьдралаа авч явахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл дайсан юу хийдэг вэ? … Тэрээр бидний идэх хүслээр дамжуулан дайралт хийдэг. Тэр биднийг идэх шаардлагагүй зүйлийг идэх, уух шаардлагагүй зүйлийг уух, хайрлах шаардлагагүй зүйлсийг хайрлахад уруу татдаг!’” хэмээн заасан.
Мөнх оршихуйн үндсэн егөөдлүүдийн нэг бол бие махбодгүйн учир үнэхээр зовлонт болох тэр, биеэ зохисгүй ашиглах олиггүй муу бүхэнд биднийг урин дуудаж, хорхойсуулах дайсан билээ. Түүнд байхгүй, байсан ч хэрэглэж ч чадахгүй жинхэнэ багаж болох түүний уруу таталтын гол зорилго бол биднийг биеийн болоод сүнслэг байдлын хувьд сүйрүүлэхээр хорхойсуулан дагуулах явдал юм.
Дайсны санаа зорилгыг мэддэг байх нь боломжит дайралтуудад үр дүнтэй бэлтгэхэд чухал үүрэгтэй. Ахмад Моронай леменчүүдийн санааг яг таг мэдэж байсан тул тэднийг ирэх үед тэдэнтэй уулзахад бэлтгэлтэй байж, ялалт байгуулсан. Үүнтэй адил зарчим, амлалт бидний хүн нэг бүрд хамаатай.
“Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй.
Урилга, амлалт, гэрчлэл
Үчимбэрийн болон топи зээрийн зан байдлыг ажигласнаар чухал сургамж ойлгож авсан шиг бид бүгд өдөр тутмын амьдралынхаа энгийн үйл явдлуудаас сургамж, сэрэмжлүүлэг олж авдаг байх хэрэгтэй. Бид оюун бодол, зүрх сэтгэлээ нээлттэй байлган, Ариун Сүнсний хүчээр тэнгэрлэг удирдамж хүлээн авахаар эрэлхийлбэл бидний хүлээж чадах хамгийн том заавар, биднийг хамгаалах хамгийн хүчтэй анхааруулгууд бидний өөрсдийн энгийн туршлага дээр гарч ирэх болно. Хүчирхэг сургаалт зүйрлэлүүд судар дээр болон бидний өдөр тутмын амьдралд аль алинд нь тохиолддог.
Би Африкт Сюзан бид хоёрт тохиолдсон адал явдлаас олон сургамжийг авч тодорхойлж болохоос зөвхөн гурвыг нь л дурдлаа. Би та нарыг үчимбэртэй, топи зээртэй холбоотой энэ түүхэнд анхаарлаа хандуулж, өөртөө, гэр бүлдээ зориулан сургамж олж авахад урьж мөн урамшуулж байна. Таны гэр орон сайн мэдээнээс суралцаж мөн үүний дагуу амьдрах жинхэнэ төв нь байх ёстойг байнга санаж яваарай.
Та нар энэ урилгад итгэлээр хариулах юм бол сүнслэг бодол оюун санаанд тань ирж, сүнслэг мэдрэмж та нарын цээжинд өсөж, та нар “бүхнийг хийснээр, та нар муу ёрын өдрийг тэсвэрлэн, та нар тэсч гарах боломжтой байхын тулд [Бурханы] өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авч” болохын тулд үргэлжлүүлэн хийх эсвэл болих ёстой үйлдлүүдээ таньж мэдэж авна.
Үр дүнтэй бэлтгэл болон сүнслэг хамгаалалтын адислалууд та нарыг хичээнгүй мөн тасралтгүй залбирах үед амьдралд тань урсан орж ирэх болно хэмээн би амлаж байна.
Гэрээний зам дээрээ урагшлах нь биднийг сүнслэг аюулгүй байдлаар хангаж, бидний амьдралд удаан үргэлжлэх аз жаргалыг урьдаг гэдгийг би гэрчилж байна. Амилсан бөгөөд амьд Аврагч биднийг сайн, муу аль ч цаг үед дэмжиж, хүчирхэгжүүлэх болно гэдгийг мөн би гэрчилж байна. Би эдгээр үнэнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.