2010–2019
Хоёр агуу зарлиг
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Хоёр агуу зарлиг

Бид хоёр агуу зарлигийг хоёуланг нь сахихыг хичээх ёстой. Ийн дагахдаа бид хууль, хайр хоёрын хоорондох торгон зааг дээр алхдаг.

Есүс Христийн сайн мэдээн доор нэгдсэн миний хайрт эгч нар аа, би мөнхийн гэр бүлийн тэнгэрээс томилогдсон хамгаалагчийн хувиар та бүхэнтэй мэндчилж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Энэхүү Сүм сэргээгдсэнээр гэр бүлүүд бий болж, лацдагдан, мөнхөд өргөмжлөгдөх боломжтой болсон” хэмээн бидэнд заасан. Энэхүү сургаал өөрсдийгөө лесби, гомо, трансжендер буюу ихэвчлэн ЛГБТ хэмээн нэрлэдэг хүмүүст чухал ач холбогдолтой. Ерөнхийлөгч Нэлсон бас “бие биенээ хайрлахын тулд үргэлж санал нийлэх шаардлагагүй” болохыг бидэнд сануулсан. Гэр бүлийн ярилцлагаараа хүүхдүүд, өсвөр үеийнхний асуултад хариулахад эдгээр бошиглолын сургаал нэн чухал. Сүмийн гэр бүл бүрд шууд болон шууд бус ямар нэгэн байдлаар нөлөөлдөг эдгээр асуулт та бүхэнд өвөрмөцөөр нөлөөлдөг тул би энд суугаа хүмүүст хандан үг хэлэхдээ сүнсний удирдамжийг залбиран эрэлхийлсэн билээ.

I.

Би Есүсийн заасан хамгийн агуу хоёр зарлигаас эхэлье.

“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.

Удаах нь ‘Чи хөршөө өөрийн адил хайрла’ гэсэнтэй адил юм.”

Есүсийн самари хүний тухай хуваалцсан сургаалт зүйрлэл нь бүх хүн бидний хөрш гэдгийг заадаг тул энэ нь бүх хүнийг хайрла хэмээн бидэнд зарлиглаж байгаа хэрэг. Гэхдээ энэхүү хоёр дахь агуу зарлигийг сахих оргилуун хүслээ нэг дэх буюу Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла гэсэн зарлигийг мартах шалтгаан болгож болохгүй. Бид тэр хайраа “[Түүний] зарлигуудыг сахиснаар” харуулдаг. Бурхан биднээс зарлигийг нь сахихыг шаарддаг. Учир нь зөвхөн тэрхүү дуулгавартай байдал, наманчлалаар дамжуулан бид Түүний оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил төгс болох боломжтой.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн залуучуудад хандан хэлсэн үгэндээ бидний хэлдгээр “Бурханы хайр болон Түүний хууль хоёрын хоорондох салшгүй холбооны” тухай ярьсан. Өөрсдийгөө ЛГБТ хэмээн нэрлэдэг хүмүүсийн асуудлуудад хамгийн их хамаатай хуулиуд бол Бурханы гэрлэлтийн тухай болон уг хуультай холбоотой ариун явдлын хууль юм. Энэ хоёр хууль хоёулаа бидний Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүддээ зориулсан авралын төлөвлөгөөнд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар “Бурханы хуулиуд биднийг гэх Түүний хязгааргүй их хайраас мөн чадавхаа бүрэн дүүрэн ашиглаасай хэмээх хүслээс бүрэн үүдэлтэй.”

Ерөнхийлөгч Нэлсон “Олон улс оронд … ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх болсон. Сүмийн гишүүдийн хувьд бид иргэний гэрлэлтийн хууль зэрэг улс орны хууль журмыг хүндэлдэг. Гэхдээ үнэндээ … гэрлэлтийг эхлээд Бурхан томилсон! Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хооронд байх ёстой хэмээн Түүний тодорхойлж өгсөн хууль өнөөдөр ч хүчинтэй. Бурхан гэрлэлтийн талаар өгсөн Өөрийн тодорхойлолтыг өөрчлөөгүй” хэмээн заажээ.

Ерөнхийлөгч Нэлсон цааш нь: “Бурхан мөн Өөрийн ариун явдлын хуулийг ч өөрчлөөгүй. Ариун сүмд ороход тавигддаг шаардлага ч мөн өөрчлөгдөөгүй хэвээр” гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон бидэнд “Төлөөлөгчийн хувьд гүйцэтгэх ёстой бидний үүрэг бол зөвхөн үнэнийг заах явдал юм. Энэ үүрэг [төлөөлөгчдөд] тэнгэрлэг хуулийг өөрчлөх эрхийг олгодоггүй гэж сануулсан. Тиймээс эгч нар аа, Сүмийн удирдагчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт болон үүнтэй холбоотой ариун явдлын хуулийн өвөрмөц ач холбогдлын талаар үргэлж заах ёстой.

II.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ажил бол эцсийн эцэст Бурханы хүүхдүүдийг селестиел хаант улсад, тухайлбал хамгийн дээд алдар суу, өргөмжлөл буюу мөнх амьдралд бэлтгэхтэй холбоотой. Хамгийн дээд хувь заяаг зөвхөн мөнхийн гэрлэлтээр олж авах боломжтой. Мөнх амьдралд эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа өөр амьдралыг бүтээх байгалиас заяагдсан хүч ордог юм. Үүнийг орчин үеийн илчлэлтэд “үүрд хийгээд мөнхөд үр удмынх нь хувьд үргэлжлэл” хэмээн тайлбарласан байдаг.

Ерөнхийлөгч Нэлсон залуучуудад зориулан хэлсэн үгэндээ “Бурханы хуулийг сахих нь эцсийн өргөмжлөлд хүрэхээр урагш явахад тань таныг аюулгүй байлгах болно” хэмээн заасан. Энэ нь өргөмжлөгдсөн амьдрал болон Тэнгэрлэг Эцэг Эх шиг чадавхтайгаар Бурхантай адил болох явдал билээ. Бид хайрладаг бүх хүндээ энэхүү хувь заяаг хүсдэг. Тийм учраас бид энэхүү хайрандаа хөтлөгдөн, хайртай хүмүүст маань хамгийн их аз жаргал авчирдаг болохыг мэдэх Бурханы зарлиг, төлөвлөгөө, ажлыг өөрчилж болохгүй.

Гэхдээ бидэнд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан, Бурханы гэрлэлт болон ариун явдлын хуулинд итгэдэггүй, тэдгээр хуулийг сахидаггүй ч хайрладаг олон хүн бий. Тэд яах вэ?

Бид бүгдээрээ Бурханы хүүхэд бөгөөд Тэрээр бидэнд баяр баясгаланг өгөхийн тулд биднийг бүтээсэн гэдгийг Түүний сургаал харуулдаг. Бурхан мөнх бус амьдралд зориулан нэгэн төлөвлөгөө өгсөн бөгөөд уг төлөвлөгөөний дагуу бүх хүн Түүний дээдийн дээд адислалуудыг эрэлхийлэхээр дуулгавартай байхыг сонгох эсвэл алдар суу багатай хаант улсуудын аль нэгэнд орох өөр сонголт хийж болно гэдгийг орчин үеийн илчлэлтүүд заадаг. Бурхан бүх хүүхдээ асар их хайрладаг тул тэдгээр доод түвшний хаант улс ч гэсэн мөнх бус хүмүүний төсөөлөлд багтахааргүй гайхамшигтай байх болно. Есүс Христийн Цагаатгал энэ бүхнийг боломжтой болгодог ба Тэрээр “Эцэгийг алдаршуулж мөн түүний гарын бүх ажлыг тэрээр авардаг бөлгөө.”

III.

Би эхний зарлигийн талаар ярилаа. Хоёр дахь зарлигийн талаар юу ярих хэрэгтэй вэ? Бид хөршөө хайрлах зарлигийг хэрхэн сахидаг вэ? Бид бүх хөршдөө хайраа харуул хэмээн Аврагчийнхаа зарлигласны дагуу лесби, гомо, бисексуал, трансжендер зэрэг ойлголтыг хүлээн зөвшөөрч, үүнийг дагадаг хүмүүсийг хайрлах ёстой гэдгийг гишүүддээ ойлгуулахыг эрэлхийлдэг. Тиймээс, ижил хүйстний гэрлэлтийг Нэгдсэн Улсад хуулиар хүлээн зөвшөөрсний дараа Тэргүүн Зөвлөл болон Арван хоёрын Чуулга: “Есүс Христийн сайн мэдээ нь хэдий санал нийлэхгүй байсан ч бүх хүнд найрсаг, зөв боловсон хандаж, тэднийг хайрлахыг бидэнд заадаг билээ. Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх шүүхийн шийдвэр эсвэл хууль дүрмийг хэрэгжүүлж байгаа хүмүүст хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна” хэмээн тунхагласан.

Цаашилбал, бидний шашин шүтлэг, итгэл үнэмшлийг дагадаггүй хүмүүсийг бид ямар ч тохиолдолд хавчин гадуурхах ёсгүй. Ийм асуудалтай зарим хүнийг манай гэр бүл, тойрог, гадасны зарим гишүүн, удирдагчид үл тоомсорлож, хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харамсалтай. Бид бүгдээрээ арай илүү эелдэг, соёлтой боловсон байхыг хичээх ёстой.

IV.

Ямар шалтгаантай болохыг мэдэхгүй ч мөнх бус амьдралын туршид бидэнд өөр өөр саад бэрхшээл тулгардаг. Гэхдээ бид Бурханаас чин сэтгэлээсээ тусламж эрэлхийлэх юм бол Тэрээр саад бэрхшээлүүдээ даван туулахад бидний хүн нэг бүрд тусална гэдгийг мэднэ. Бид зааж сургасан хуулиудыг нь зөрчсөний төлөө зовж мөн наманчилсны дараа бүгд алдар суугийн хаант улсад орох хувь заяатай. Эцсийн бөгөөд сүүлчийн шүүлтийг Их Эзэн хийх бөгөөд зөвхөн Түүнд л бидний хүн нэг бүрийг шүүхэд шаардагдах мэдлэг, мэргэн ухаан, ач ивээл бий.

Харин тэр хүртэл бид хоёр агуу зарлигийг хоёуланг сахихыг хичээх ёстой. Ийн дагахын тулд бид хууль, хайр хоёрын тэнцвэрийг олох буюу зарлигуудыг сахин, гэрээний замаар алхаж байхдаа хөршөө хайрлах хэрэгтэй. Энэхүү гэрээний зам дээрээ алхах нь биднээс юуг дэмжиж, юуг эсэргүүцэх, хэрхэн хайрлаж, хүндлэн сонсох мөн зааж сургах вэ гэдэг дээр тэнгэрээс сүнсний удирдамж эрэлхийлэхийг шаарддаг. Бидний алхаа зарлигуудыг өөрчлөхгүйгээр бүрэн дүүрэн ойлгож, хайрлаж байгаагаа харуулахыг шаарддаг. Бид алхаж байхдаа бэлгийн чиг хандлагадаа эргэлзэж буй хүүхдүүдэд бас анхаарал тавих шаардлагатай. Гэхдээ хүүхдүүдийн энэхүү эргэлзээ цаг хугацаа өнгөрөхөд огцом буурдаг тул хэтэрхий эрт ямар нэг нэр өгөх гэсний хэрэггүй. Ийнхүү алхахдаа бид гэрээний замаас холдуулах зүйлийг эсэргүүцэж, Их Эзэний хүмүүсийг замаас нь төөрүүлдэг ямар ч хүнийг дэмжих ёсгүй. Энэ бүхнийг хийхдээ Бурхан Өөрийнх нь зарлигуудыг дагадаг бүх хүнд итгэл найдвар, эцсийн баяр баясгалан, адислал өгөхөөр амласан гэдгийг бид санах ёстой.

V.

Эцэг, эхчүүд болон бид бүгд хоёр агуу зарлигийг заах үүрэгтэй. Энэ үүргийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Сүмийн эмэгтэйчүүдэд хандан дараах агуу бошиглолд ийн дүрсэлжээ: “Дэлхийн олон сайн эмэгтэй Сүмд олноороо татагдан ирэх учраас хожмын өдрүүдэд агуу өсөлт хөгжил Сүмд тохиох болно. Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдрал дахь зөв шударга байдал, санаагаа тодорхой илэрхийлдэг чадвараа харуулахын зэрэгцээ Сүмийн эмэгтэйчүүд дэлхийн эмэгтэйчүүдээс ялгагдах өвөрмөц онцлогтой гэдгээ харуулах тусам энэ өсөлт тохиох болно. … Тийн хожмын өдрүүдэд Сүмийн өсөлт хөгжилтөд тоогоороо ч мөн сүнслэг байдлаараа ч гол түлхэц хүч болох хүмүүс нь Сүмийн үлгэр жишээ эмэгтэйчүүд байх болно.”

Тэрхүү бошиглолын талаар ярихдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ерөнхийлөгч Кимбаллын зөгнөн харсан өдөр бол өнөөдөр юм. Түүний үзэгдэлд үзсэн эмэгтэйчүүд бол та нар юм” хэмээн тунхагласан. 40 жилийн өмнөх тэрхүү бошиглолыг сонссон бид Сүмийн эмэгтэйчүүдийн аврах тэр хүмүүсийн дунд дэлхийнхний нэн тэргүүнд тавьдаг зүйлс, чөтгөрийн заль мэхийн нөлөөнд автсан хайртай найз нөхөд, гэр бүл нь байх болно гэдгийг мэдээгүй. Би та нарыг энэхүү бошиглолыг гүйцэлдүүлэхийн төлөө зааж сурган, үйлдээсэй хэмээн залбирч, адисалж байна. Есүс Христийн нэрээр, амен.