2010–2019
Дайснаа дийлэх хүч
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Дайснаа дийлэх хүч

Бид амар амгаланг хэрхэн олж, хэн гэдгээ санаж мөн дайсны гурван арга замыг хэрхэн давж гарах вэ?

Ах, эгч нар аа, өөрсдөдөө болон бусдад Есүс Христийн жинхэнэ дагалдагчид болоход нь тусалж, ариун сүмийн адислалуудыг мэдрэхийн төлөө хийж буй бүх зүйлд тань талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэлд баярлалаа. Та нар гайхалтай бөгөөд сайхан хүмүүс.

Бид Бурханы хүүхдүүд гэдгээ бүрэн ойлгох үедээ Ариун Сүнсний батлах нөлөөллийг таньж мэдэх болтугай хэмээн би залбирч байна. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т: “Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм”1 хэмээн тунхагласан. Бид бол “хожмын үеийн агуу их ажлын суурийг тавихад оролцохоор цаг хугацааны бүрэн байдалд урагш гарч ирэхээр хадгалагдсан сонгомол сүнснүүд”2 билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та нар Сүнсний дэлхийд байхдаа энэхүү хожмын үеийн сүүлийн хэсэгт тулгарч болох аливаа мөн бүхий л зүйлд бэлтгэгдэж заалгуулсан (С ба Г 138:56-ыг үзнэ үү). Тэнд заалгуулсан зүйлс та нарт байгаа”3 гэж тунхагласан.

Та нар бол Бурханы сонгомол хөвгүүд, охид билээ. Та нарт дайснаа дийлэх хүч чадал бий. Гэхдээ дайсан та нарыг хэн бэ гэдгийг мэддэг. Тэр та нарын тэнгэрлэг өвийг мэддэг тул дараах гурван арга замаар та нарын дэлхийн болон тэнгэрлэг чадамжийг хязгаарлахыг хичээдэг. Үүнд:

  • Хууран мэхлэх

  • Анхаарал сарниулах

  • Сэтгэлээр унагах

Хууран мэхлэх

Мосегийн үед дайсан хууран мэхлэх аргыг ашигласан. Их Эзэн Мосед:

“Мөн, болгоогтун, чи миний хүү билээ;

Чамд зориулсан ажил надад буй, … мөн чибээр миний Төрсөн Ганцтай адил билээ”4 гэж тунхаглажээ.

Энэхүү гайхамшигт үзэгдлийн дараахан Сатан Мосег мэхлэх гэж оролдож байв. Тэрээр “Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн”5 хэмээн хэлсэн нь сонирхолтой. Сатаныг шүт гэх урилгаас гадна Мосег хүний хүү гэж дүрсэлсэн үгэнд ч бас заль мэх орсон байв. Их Эзэн зөвхөн Мосег Төрсөн Ганцын адил бүтээгдсэн Бурханы хүү гэж өмнөхөн нь хэлсэн байсныг санаарай.

Дайсан Мосег мэхлэх гэж эцэж цуцалтгүй оролдсон ч Мосе: “Надаас тонил, Сатан, учир нь алдар суугийн Бурхан болох гагцхүү энэ Бурханыг л би шүтэх болно”6 гэж эсэргүүцэж хэлсэн. Мосе өөрийнхөө хэн болохыг, Бурханы хүү гэдгээ санасан.

Их Эзэний Мосед хэлсэн үгс та бидэнд ч хамаатай. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Түүнд биднээр хийлгэх ажил бий. Үнэндээ дайсан бидний хэн болохыг мартуулах гэж оролддог. Хэрэв бид хэн гэдгээ ойлгохгүй бол хэн болж чадахаа олж харахад хэцүү байх болно.

Анхаарал сарниулах

Дайсан биднийг Христээс мөн Түүний гэрээт замаас холдуулахын тулд анхаарлыг маань сарниулахыг хичээдэг. Ахлагч Роналд А.Расбанд “Дайсны төлөвлөгөө бол бидний анхаарлыг сүнслэг гэрчүүдээс холдуулах явдал байдаг бол Их Эзэн биднийг гэгээрүүлж, Өөрийн ажилд оролцуулахыг хүсдэг”7 хэмээн хуваалцжээ.

Өнөө үед твиттер, фэйсбүк, инстаграм, виртуал ертөнцийн тоглоом гэх мэт анхаарал сарниулах олон зүйл бий. Эдгээр технологийн дэвшил гайхамшигтай ч хянамгай байхгүй бол биднийг тэнгэрлэг чадавхдаа хүрэх явцад анхаарлыг маань сарниулж магад. Тэдгээрийг зохих ёсоор нь ашиглах юм бол энэ нь бидэнд тэнгэрийн хүчийг авчирч, тархсан Израилыг хөшигний хоёр талд цуглуулахыг эрэлхийлэхдээ гайхамшгуудыг харах боломж олгоно.

Технологийг ашиглахдаа болгоомжтой байж, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая.8 Биднийг Аврагчид илүү ойртуулж, Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ажлыг гүйцэтгэх боломж олгодог технологийн арга замуудыг үргэлжлүүлэн эрэлхийл.

Сэтгэлээр унагах

Эцэст нь хэлэхэд, дайсан биднийг сэтгэлээр унагахыг хүсдэг. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулах эсвэл бусдын болон өөрийн хүлээлтэд хүрч чадахгүй байвал сэтгэлээр унаж магад.

Би докторын хөтөлбөрт сурч эхлэхдээ сэтгэлээр унаж билээ. Тэр жил уг хөтөлбөрт дөрөвхөн оюутан авсан ба бусад оюутан ч гэсэн гайхалтай мэдлэгтэй байв. Тэдний шалгалтын оноо минийхээс өндөр мөн удирдлагын дээд шатанд алба хашиж байсан илүү арвин туршлагатай, өөрсдийн чадварт итгэлтэй байгаа нь мэдрэгдэж байлаа. Хөтөлбөр эхлээд хоёр долоо хоног болсны дараа би цөхөрч, эргэлзэж эхлэн, тэр мэдрэмж намайг бараг л бүрэн эзэмдэв.

Хэрвээ би энэ дөрвөн жилийн хөтөлбөрийг дуусгая гэж бодож байгаа л бол хичээлийн улирал болгонд Мормоны Номыг уншиж дуусгана гэж шийдсэн юм. Би өдөр бүр уншихдаа Ариун Сүнс бидэнд бүх зүйлийг зааж, бүгдийг сануулах болно хэмээх Аврагчийн тунхаг үнэн болохыг олж харсан.9 Энэ нь намайг Бурханы хүү гэдгийг дахин баталж, өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй гэдгийг сануулан, амжилтад хүрэх тэнгэрлэг үүрэгтээ итгэлтэй байх хүчийг өгсөн.10

Хайрт найзууд минь, аз жаргалыг чинь хулгайлахыг хэнд ч бүү зөвшөөр. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ.”11 хэмээх Аврагчийн хайрын үгсийг санаарай.

Бид үүнийг хэрхэн зааж сургах вэ? Бид энэ амар амгаланг хэрхэн олж, хэн гэдгээ санаж мөн дайсны гурван арга замыг хэрхэн давж гарах вэ?

Нэгдүгээрт, хамгийн агуу бөгөөд анхны тушаал бол Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла12 гэдгийг сана. Хийж байгаа бүхэн маань Түүнийг болон Түүний Хүүг хайрлах бидний хайраар өдөөгдөх ёстой. Зарлигуудыг дагаснаар Тэднийг гэх хайраа хөгжүүлэх тусам бидний өөрийгөө болон бусдыг хайрлах чадавх өсөн нэмэгддэг. Бид гэр бүл, найз нөхөд, хөршүүдөө Аврагчийн хардгаар буюу Бурханы охид, хөвгүүд гэж харж эхэлдэг тул тэдэнд үйлчилж эхэлнэ.13

Хоёрдугаарт, Есүс Христийн нэрээр Эцэгт хандан, өдөр бүр, өдөр болгон, өдөр алгасалгүй залбир.14 Залбирлаар дамжуулан бид Бурханы хайрыг мэдэрч мөн Түүнийг гэх хайраа харуулж чадна. Түүнчлэн бид залбирлаар дамжуулан талархлаа илэрхийлж, өөрийн хүслийг Бурханыхтай нийцүүлэх чадал, зориг өгөхийг гуйж, бүх зүйлд удирдамж, заавар авч чадна.

Би та нарыг “түүний хайраар дүүргэгдэж болохын төлөө; … та нар Бурханы [охид,] хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно … гэсний учир … зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун”15 гэж урамшуулан дэмжиж байна.

Гуравдугаарт, Мормоны Номыг өдөр бүр, өдөр болгон, өдөр алгасалгүй уншиж судал.16 Асуух зүйлээ дотроо бодон уншихад Мормоны Номыг илүү сайн судалдаг. Асуулт тавин уншсанаар бид илчлэлт хүлээн авч, бошиглогч Иосеф Смитийн “Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, … түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болно”17 гэж тунхаглахдаа хэлсэн үнэнийг мэдэж авч чадна. Мормоны Ном Христийн үгсийг агуулдаг бөгөөд бидэнд хэн гэдгээ санахад тусалдаг.

Эцэст нь хэлэхэд, долоо хоног бүр, долоо хоног болгон, долоо хоног алгасалгүй ариун ёслолоос залбирч хүрт. Ариун ёслол гэх зэрэг санваарын гэрээ, ёслолуудаар дамжуулан бурханлаг байдлын хүч бидний амьдралд илэрдэг.18 Ахлагч Дэвид А.Бэднар заахдаа: “Ариун ёслол нь чин сэтгэлээсээ наманчилж, сүнсээрээ шинэчлэгдэхэд урьсан эрхэм нандин бөгөөд олон дахин давтагддаг урилга юм. Ариун ёслолоос хүртэх нь өөрөө нүглийг цэвэршүүлдэггүй. Харин биднийг энэхүү ариун нандин ёслолд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг”19 хэмээн хэлсэн.

Бид ариун ёслолоос даруухнаар хүртэхдээ Гетсемани хэмээх ариун цэцэрлэгт үүрсэн Есүсийн зовлон, загалмай дээрх Түүний золиосыг дурсан санадаг. Эцэг Өөрийн Цорын Ганц Хүү, бидний Гэтэлгэгчийг илгээсэнд бид талархаж, зарлигуудыг нь дагаж, үргэлж санаж явахад бэлэн гэдгээ харуулдаг.20 Ариун ёслолтой хамааралтай сүнслэг гэгээрэл гэж бий. Энэ нь хувийн чанартай, хүчтэй, хэрэгтэй.

Найзууд аа, бид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлан, Есүс Христийн нэрээр залбирч, Мормоны Номоос суралцаж, ариун ёслолоос залбираад хүртэхийг хичээвэл дайсны заль мэхийг даван гарах, бидний тэнгэрлэг чадавхыг хязгаарладаг анхаарлыг сарниулах зүйлсийг багасгах, бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын хайрыг мэдрэх чадавхыг бууруулдаг сэтгэлээр унах явдлыг сөрөн зогсох чадвартай байх болно. Бид Бурханы охид, хөвгүүд гэж хэн болох талаар бүрэн ойлгож мэддэг болно.

Ах, эгч нараа, би та нарт хайраа түгээж, Есүс бол Христ гэдгийг мөн Тэнгэрлэг Эцэг амьд гэдгийг гэрчлэн тунхаглаж байна. Би Тэдэнд хайртай. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс юм. Бид Түүний Сүмийн гишүүдийн хувьд Израилыг цуглуулж, Мессиагийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх тэнгэрлэг ажил үүрэг бидэнд бий. Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх