Жимс
Харц, зүрх сэтгэлээ Аврагч Есүс Христэд болон Түүгээр дамжин ирдэг мөнхийн баяр баясгаланд төвлөрүүл.
Би та нарын юу бодож байгааг мэдэж байна. Нэг л хүн үг хэлсний дараа бид ерөнхийлөгч Нэлсоны хэлэх үгийг сонсоно. Хайрт бошиглогчийнхоо үг хэлэхийг хүлээж байх хэдхэн хоромд би та нарыг сэргэг байлгана байх гэж найдан, жимсний талаарх маш сонирхолтой сэдвийг сонгон авсан юм.
Бөөрөлзгөнө, гадил, тарвас, амро эсвэл кивано, анар гэх мэтийн ховор сонин жимс өнгө, бүтэц, чихэрлэг амтаараа эртнээс үнэлэгдэж ирсэн.
Аврагч дэлхий дээрх тохинууллынхаа үеэр мөнхийн үнэ цэнтэй зүйлсийг сайн жимстэй харьцуулдаг байв. Тэрээр “Та нар тэднийг үр жимсээр нь танина.” “Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг” хэмээн айлджээ. Биднийг “мөнх амийн үрийг” цуглуул хэмээн Тэрээр урамшуулсан.
Бидний сайн мэдэх Мормоны Ном дээрх нэгэн тодорхой зүүдэнд бошиглогч Лихай өөрийгөө “бүрэнхий мөн дүнсгэр аглаг буйд”-д байгаагаар хардаг. Уг зүүдэнд буртаглагдсан ус, харанхуй манан, этгээд бөгөөд хориглогдсон зам, “нэгнийг жаргалтай [болгодог] жимс[тэй]” дур булаам мод руу аваачих нарийн бөгөөд шулуун зам дагуу явсан төмөр бариул гардаг. Лихай зүүдээ ярихдаа “Би … жимснээс хүртэв; мөн энэ нь урьд өмнө миний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат байсныг би болгоосон бөлгөө. … [Мөн] энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв. Энэ жимс нь “аль ч жимснээс [илүү] дээгүүр дур булаам” байсан хэмээн дүрсэлсэн байдаг.
Модны утга учир ба жимс
Хамгаас үнэт жимстэй энэ мод юу бэлгэддэг вэ? Энэ нь “Бурханы хайрыг” төлөөлж, Тэнгэрлэг Эцэгийн маань гэтэлгэлийн гайхамшигт төлөвлөгөөг тунхагладаг. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”
Энэхүү үнэт жимс нь Аврагчийн зүйрлэшгүй Цагаатгалын гайхамшигт адислалуудыг бэлгэддэг. Бид мөнх бус амьдралынхаа дараа дахин амьдрахын зэрэгцээ Есүс Христэд итгэн, наманчилж, зарлигуудыг дагаснаар гэм нүглээсээ өршөөгдөн, нэг л өдөр Эцэгийнхээ болон Түүний Хүүгийн өмнө цэвэр ариун зогсож чадна.
Модны жимснээс хүртэх гэдэг нь баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, дээрээс ирэх хүчээр хишиг хүртэхээр Их Эзэний өргөөнд орох гэх мэт сэргээгдсэн сайн мэдээний ёслол, гэрээг хүлээн авахыг мөн бэлгэддэг. Есүс Христийн ач ивээлээр дамжуулан гэрээгээ эрхэмлэн нандигнаснаар бид зөв шударга гэр бүлтэйгээ мөнхөд амьдрах гайхалтай амлалтыг хүлээн авдаг.
Тэнгэр элч “бодгальд хамгийн их баясгалант” хэмээн жимсийг дүрслэн хэлсэнд гайхах хэрэггүй биз ээ. Үнэхээр тийм билээ!
Үнэнч хэвээр үлдэх нь амар хялбар биш
Сэргээгдсэн сайн мэдээний үнэт жимсийг амталсны дараа ч Их Эзэн Есүс Христэд үнэнч, итгэлтэй хэвээр байх нь амар хялбар зүйл биш гэдгийг бид бүгд мэднэ. Энэ чуулган дээр олонтоо хэлснээр Аврагчаас болон Түүнийг дагаснаар мэдэрсэн баяр баясгалан, тансаг сайхнаас зүрх сэтгэлийг маань холдуулах гэсэн анхаарал сарниулах зүйл, урвалт, эргэлзээ, үймээн самуун, уруу таталт бидэнд тулгарсаар байх болно.
Энэ бэрхшээлийн учир Лихайн зүүдэнд бас сэрэмжлүүлэг орсон байдаг! Голын нөгөө талд байх нүсэр барилгад янз бүрийн насны хүмүүс Есүс Христийн шударга дагагчид руу хуруугаараа чичлэн, элэглэж, дооглон тохуурхдаг.
Энэ барилгад байгаа хүмүүс зарлигуудыг сахидаг хүмүүсийг доромжлон, шоолж, Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг нь үгүйсгэн, тохуурхах гэдэг. Эргэлзээ, зэвүүцлийн дайрч давшилсан үгсийг итгэгчид рүү шидлэхэд жимснээс амталсан зарим хүн нэгэн цагт хүлээн авсан сайн мэдээнээсээ ичиж эхэлдэг. Дэлхийн худал хуурмаг, дур булаам зүйлсэд сэтгэл нь татагдахад тэд модноос болон жимснээс нүүр буруулан, Их Эзэний хэлснээр “[унаж,] хориглогдсон замаар будилан орж мөн төөр[сөн].”
Өнөө үед дэлхийд дайсны барилгачдын баг агуу хийгээд нүсэр барилгыг асар хурдан өргөтгөхөөр илүү цагаар ажиллаж байна. Өргөтгөл нь голын нөгөө тал руу тэлж, бидний гэр орон дээгүүр бүрхэхийг хичээж байхад хуруугаараа чичлэн зааж, шоолж буй хүмүүс интернэтийн чанга яригчаараа өдөр, шөнөгүй чарлаж байна.
Ерөнхийлөгч Нэлсон “Дайсан гэрчлэлийг үгүй хийж, Их Эзэний ажилд саад болохын тулд хичээл зүтгэлээ өсгөн нэмэгдүүлж байна” хэмээн тайлбарласан. Лихайн “Бид тэднийг анхаарсан нь үгүй болой” хэмээх үгийг санацгаая.
Хэдийгээр бид айх хэрэггүй ч сонор сэрэмжтэй байвал зохино. Заримдаа жижиг зүйлс бидний сүнслэг тэнцвэрийг алдагдуулдаг. Өөрт байгаа асуулт, бусдын доромжлол, итгэлгүй найз нөхөд эсвэл золгүй алдаа, харамсалдаа модны үнэт жимснээс ирдэг амтат, цэвэр ариун, бодгалийг цатгагч адислалуудаас татгалзах боломжийг бүү олго. Харц, зүрх сэтгэлээ Аврагч Есүс Христэд болон Түүгээр дамжин ирдэг мөнхийн баяр баясгаланд төвлөрүүл.
Жэйсон Холлын итгэл
6-р сард би эхнэр Кэтитэйгээ хамт Жэйсон Холлын оршуулгад очсон юм. Тэр нас барахдаа 48 настай байсан бөгөөд ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ.
Одоо Жэйсоны амьдралыг орвонгоор нь өөрчилсөн нэгэн үйл явдлыг өөрийнх нь хэлснээр ярья.
“Би [15 насандаа] усан доогуур шумбаж байгаад осолд [орсон] юм. … Би хүзүүгээ [хугалж], бүсэлхийнээс доош мэдээ алдсан. Хөлнийхөө мэдрэмжийг бүрэн, харин гарныхаа мэдрэмжийг таллаж алдсан. Би алхаж, зогсож чадахгүй, … өөрөө ч хооллож чадахаа болив. Арай ядан амьсгалж, чүү чамай л ярьж байлаа.”
‘Хайрт [Тэнгэр дэх] Эцэг минь, би гарныхаа мэдрэмжийг эргүүлээд авчих л юм бол үүнийг давж гарч чадна гэдгээ мэдэж байна. Эцэг минь, туслаач, гуйя. …
Хөл минь мэдээгүй байж болно, Эцэг минь. Гараа л ашиглах боломжийг өгөөч хэмээн би [залбирч байна]’ гэж гуйж билээ.
Харин Жэйсоны гарын мэдрэмж эргэж ирээгүй. Та нар нүсэр барилгаас: “Жэйсон Холл, Бурхан залбирлыг чинь сонсдоггүй! Хэрэв Бурхан хайраар дүүрэн Бурхан л юм бол Тэр яаж чамайг ингэж орхиж чадаж байна аа? Яагаад Христэд итгэх ёстой гэж?” гэх дуу хоолойг сонсож байна уу? Жэйсон Хилл тэр дуу хоолойг сонссон ч тоогоогүй. Үүний оронд тэр модны жимснээс амталсан. Түүний Есүс Христэд итгэх итгэл гуйвшгүй бат бөх болсон юм. Тэр их сургууль төгсөж, амьдралынхаа хайр хэмээн дүрслэн хэлдэг Колэтт Колмэнтэйгээ ариун сүмд гэрлэжээ. Гэрлэсэн цагаас нь хойш 16 жилийн дараа бас нэгэн гайхамшиг тохиож, хүү Колмэн нь төрөв.
Тэд итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Колэтт: “Бид Бурханы төлөвлөгөөнд итгэсэн. Энэ нь бидэнд итгэл найдвар өгсөн. Жэйсон [нэг л өдөр] эдгэрнэ гэдгийг бид мэддэг байсан. Бурхан Аврагчийг өгсөн ба Түүний цагаатгагч золиос бууж өгмөөр санагдсан үед цааш үргэлжлүүлэн явах боломжийг олгодог гэдгийг бид мэдэж байсан” гэж тайлбарласан юм.
Жэйсоны оршуулга дээр 10 настай Колмэн аав нь түүнд “Тэнгэрлэг Эцэгт бидэнд зориулсан төлөвлөгөө [бий], энэ дэлхийн амьдрал гайхалтай бөгөөд бид гэр бүл болж амьдрах боломжтой. … Гэхдээ … бид хүнд хэцүүг туулах ёстой болдог бөгөөд бас алдаа гаргадаг” гэдгийг заасан гэж хэлсэн.
Колмэн үргэлжлүүлэн, “Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүсийг дэлхий рүү илгээсэн. Тэрээр төгс байх, хүмүүсийг эдгээх, тэднийг хайрлах, бидний бүхий л зовлон шаналал, уй гашуу, гэм нүглийн төлөө зовох ёстой байв. Дараа нь Тэрээр бидний төлөө амиа өгсөн” гэж хэлсэн юм. Тэрээр цааш нь “Есүс ийнхүү үйлдсэн учраас надад одоо яг ямар байгааг мэдэж байгаа.
Есүс нас барснаасаа хойш гурван хоногийн дараа … төгс бие махбодтой амилсан. Энэ нь миний хувьд маш чухал. Учир нь … миний [аавын] бие төгс болох бөгөөд бид гэр бүлээрээ дахин хамт амьдарна” гэж хэлэв.
Колмэн дараа нь “Намайг бага байхаас эхлэн аав минь шөнө болгон ‘Аав нь чамд хайртай. Тэнгэрлэг Эцэг чамд хайртай. Чи сайн хүү шүү’ гэж хэлдэг байсан” хэмээн нэмж хэлсэн юм.
Баяр баясгалан Есүс Христийн ачаар ирдэг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Холлын гэр бүл яагаад баяр баясгалан, итгэл найдвар мэдэрдгийг тайлбарласан билээ. Тэрээр:
“Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.
Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх булаг юм. …
Бид дэлхийнхнийг харж … , дагавал хэзээ ч баяр баясгаланг мэдрэхгүй. … [Баяр баясгалан] бол Есүс Христийн заасны дагуу, өөрийн хүслээр шударга амьдрахыг хичээснээр ирдэг бэлэг юм” гэж хэлсэн билээ.
Буцан ирэхэд тань өгөх амлалт
Хэрэв та хэсэг хугацаанд модны жимснээс хүртээгүй бол танд Аврагчийн мутар үргэлж дэлгээстэй байна гэдгийг мэдээрэй. Тэрээр “Наманчилж, надад ир” хэмээн хайрлангуй даллаж байдаг. Түүний жимс бүгдэд хүрэлцээтэй бөгөөд хэзээ ч хүртэх боломжтой. Үүнийг мөнгөөр худалдан авах боломжгүй ба үүнээс хүртэх үнэн хүсэлтэй хэн ч хүртэх боломжтой.
Хэрэв та мод руу эргэн очиж, жимсийг дахин амтлах хүсэлтэй бол Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирахаас эхэл. Есүс Христэд мөн Түүний цагаатгагч золиосын хүчинд итгэ. “Бодол болгондоо” Аврагч руу хандах үед модны жимс дахин та нарынх болж, идэхэд амттай байж, бодгальд тань баяр баясгалан авчран, “Бурханы бэлгүүдээс хамгийн агуу” нь байна гэдгийг би амлаж байна.
Өнөөдрөөс гурван долоо хоногийн өмнө би Кэтитэйгээ хамт Португалын Лисбон ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцож байхдаа Аврагчийн жимснээс хүртсэнээр ирэх баяр баясгаланг тодорхой харсан юм. Португалд шашин шүтлэг чөлөөтэй болсноор 1975 онд сэргээгдсэн сайн мэдээний үнэн нээлттэй болжээ. Цуглаан болдоггүй, цуглааны байргүй, хамгийн ойрхон ариун сүм 1600 км-т байдаг байхад жимснээс анх амталсан олон гэгээнтэн Португалын Лисбон дахь Их Эзэний өргөөнд одоо байх модны үнэт жимснээс хүртэж болно гэдэгт баяссан билээ. Зүрх сэтгэл нь Аврагчид төвлөрсөн байсан тэрхүү хожмын үеийн гэгээнтнүүдийг би хүндлэн, биширдэг.
Аврагч “Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй” хэмээжээ.
Ерөнхийлөгч Нэлсон энэ өглөө дэлхий даяарх Сүмийн гишүүдэд хандан үг хэлэхдээ “Хайрт ах, эгч нар аа, та нар бол Есүс Христийн сургаалыг дагахын үр жимсний амьд үлгэр жишээ билээ” гээд, цааш нь “Баярлалаа, Би танд хайртай!” хэмээн нэмж хэлсэн.
Ерөнхийлөгч Нэлсон, бид танд хайртай.
Бошиглогч дээр буун ирдэг илчлэлтийн хүчийг би өөрийн нүдээр харсан гэрч билээ. Тэр бол Бурханы бошиглогч. Эрт цагийн Лихай шиг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд болон Бурханы бүх гэр бүлд ирээд, жимснээс хүрт хэмээн уриалдаг. Бид Түүний зөвлөгөөг дагахуйц даруу бөгөөд хүчтэй байх болтугай.
Би Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг даруухнаар гэрчилж байна. Түүний хайр, Түүний хүч чадал, ач ивээл мөнхөд үнэ цэнээ алдахгүй бүх зүйлийг авчирдаг. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.