2010–2019
Хаалтын үг
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


2:3

Хаалтын үг

Хувь хүний зохистой байдал Их Эзэнтэй илүү адил болж, зүрх сэтгэлээрээ бүрэн хөрвөгдсөн байхыг шаарддаг.

Хайрт ах, эгч нар аа, энэхүү түүхэн чуулганыг өндөрлөх энэ мөчид бид сүнслэг захиас, сэтгэл сэргээм дуу хөгжмийн төлөө Их Эзэнд талархлаа илэрхийлж байна. Бид үнэхээр сайхан сүнслэг найранд оролцлоо.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь Түүний сургаалыг сонсож, анхаарч үзсэн хүмүүст итгэл найдвар, баяр баясгалан авчирна гэдгийг бид мэднэ. Бид мөн гэр орон бүр амар амгалан, хайр энэрэл, Их Эзэний Сүнс оршдог итгэлийн жинхэнэ өргөө болж болно гэдгийг мэднэ.

Мэдээж, Сэргээлтийн үнэт эрдэнэ бол ариун сүм. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үеэр Түүнийг хүлээн авахад хүмүүсийг бэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар онцгойлон адислагдсан 166 ариун сүм байгаа бөгөөд өөр олон сүм баригдаж байна.

Шинэ болон засвар хийгдсэн ариун сүм бүрийг онцгойлон адислахаас өмнө нээлттэй хаалганы өдөр болдог. Манай шашны бус олон найз нөхөр тэдгээр ариун сүмтэй танилцаж, ариун сүмийн адислалуудын талаар ямар нэгэн зүйлийг мэдэж авна. Харин тэдний зарим нь сүнсээр өдөөгдөж, илүү ихийг сурч мэдэхийг хүсэх болно. Зарим нь бүр ариун сүмийн адислалыг хүртэхэд тавигддаг шаардлагад хэрхэн хүрч болохыг чин сэтгэлээсээ асуудаг.

Сүмийн гишүүдийн хувьд бид тэдний асуултад хариулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө бэлдсэн ямар ч хүн ариун сүмийн адислалуудаас хүртэх боломжтой гэдгийг бид тайлбарлаж болно. Харин онцгойлон адислагдсан ариун сүмд орохын тулд тэд тавигдсан шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Их Эзэн бүх хүүхдээ Өөрийн ариун сүмд хүлээн авах боломжтой мөнхийн адислалуудаас хүртээсэй хэмээн хүсдэг. Түүний ариун өргөөнд орох шаардлагыг хангахын тулд хүн бүрийн хийвэл зохих удирдамж зааврыг Тэрээр өгсөн.

Энэ талаар зааж сургаж эхлэх хамгийн тохиромжтой газар бол ариун сүмийн ханан дээр сийлсэн “Ариунаас ариуныг Эзэнд; Их Эзэний өргөө” гэсэн үгсэд анхаарлыг нь хандуулах явдал юм. Өнөөдөр ерөнхийлөгч Айрингийн болон бусдын өгсөн өөр захиас биднийг илүү ариун болоход сүнсээр өдөөсөн билээ. Ариун сүм бүр ариун нандин газар бөгөөд ариун сүмд орох хүн бүр илүү цэвэр ариун болохыг хичээдэг.

Ариун сүмд ороход тавигддаг шаардлага бүр хувийн цэвэр ариун байдалтай холбоотой. Тэрхүү бэлэн байдалд дүгнэлт хийхийн тулд ариун сүмийн адислалаас хүртэхийг хүсэж байгаа хүн нэг бүр хоёр ярилцлагад ордог. Нэг дэх нь бишоп, бишопын зөвлөлийн зөвлөхтэй эсвэл салбарын ерөнхийлөгчтэй, хоёр дахь нь гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчтэй эсвэл тэдний зөвлөхтэй хийгдэнэ. Эдгээр ярилцлагад хэдэн асуулт тавьдаг.

Зарим асуултыг илүү тодорхой болгох үүднээс саяхан хянан засварласан. Би тэдгээрийг одоо та нартай хамт тоймлон авч үзэхийг хүсэж байна.

  1. Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?

  2. Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?

  3. Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?

  4. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?

  5. Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгдэг” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 42:41).

    Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?

    Та ариун явдлын хуулийг дагадаг уу?

  6. Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?

  7. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?

  8. Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?

  9. Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?

  10. Та аравны нэгээ бүрэн төлдөг үү?

  11. Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?

  12. Та салсан нөхөр/эхнэрийнхээ өмнө эсвэл хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн санхүүгийн болон бусад үүрэг хариуцлага хүлээдэг үү?

    Хэрэв тийм бол тэдгээр үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа юу?

  13. Та хишиг хүртэхэд зааварласны дагуу гарментаа өмсөх гэх мэт ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахидаг уу?

  14. Наманчлалын нэг хэсэг нь болох санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?

  15. Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?

Маргааш ариун сүмийн эрхийн бичгийн эдгээр шинэчилсэн асуултыг дэлхий даяарх Сүмийн удирдагчид руу түгээх болно.

Эдгээр асуултад үнэн зөв хариулахын зэрэгцээ ариун сүмд орох насанд хүрсэн хүн бүр өөрсдийн энгийн хувцасны дотуур санваарын ариун гармент өмссөн байх хэрэгтэй. Энэ нь өдөр бүр Их Эзэнтэй илүү адил болохыг хичээн чармайна гэсэн дотоод хүсэл эрмэлзлийнх нь бэлгэдэл юм. Мөн энэ өмсгөл нь байгуулсан гэрээндээ өдөр бүр итгэлтэй байж, гэрээний замаар илүү эрхэм, илүү ариун байдлаар алхахыг бидэнд сануулдаг.

Би өсвөр үеийнхэндээ хандан, хэдэн минут ярихыг хүсэж байна. Бид та нарыг хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичиг авахад уриалж байна. Та нарт зөвхөн нас барагсдыг төлөөлөн баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслолд бэлтгэх явцтай хамааралтай асуултуудыг тавина. Та нарыг ариун сүмийн тэрхүү ариун нандин ажилд оролцох зохистой бөгөөд бэлэн байгаад бид маш их талархдаг. Та нарт баярлалаа!

Их Эзэний өргөөнд орох зохистой байхын тулд хувь хүн сүнслэг байдлын хувьд сайтар бэлтгэгдсэн байх ёстой. Гэхдээ Их Эзэний тусламж байхад боломжгүй зүйл гэж үгүй. Зарим талаараа ариун сүм барих нь ариун сүмд орох хүмүүсийг бэлтгэхээс илүү амархан байдаг. Хувь хүний зохистой байдал бол Их Эзэнтэй илүү адил болж, үнэнч шударга иргэн байж, илүү сайн үлгэр дуурайл үзүүлэн, илүү цэвэр ариун болохын тулд оюун ухаан, зүрх сэтгэлээрээ бүрэн хөрвөгдсөн байхыг шаарддаг.

Ийм бэлтгэл ажил нь гэр бүлтэйгээ үүрд мөнхөд “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын” байдалд орших зэрэг энэ амьдралд тоолж баршгүй, ирэх амьдралд төсөөлөхийн аргагүй адислалыг бидэнд авчрах болно гэдгийг би гэрчилж байна.

Одоо би өөр сэдвээр буюу ирэх жилийн төлөвлөгөөний талаар ярья. Бошиглогч Иосеф Смит бидний сайн мэдэх Анхны үзэгдлээр бурхдыг харсны 200 жилийн ой 2020 оны хавар тохиож байгаа. Бурхан Эцэг, Түүний Хайртай Хүү Есүс Христ хоёр 14 настай хүү Иосеф Смитэд үзэгдсэн. Энэ үйл явдал яг Ариун Библи дээр зөгнөн хэлсэнчлэн, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн эхлэлийг тавьсан юм.

Үүний дараа Моронай, Иохан Баптист, эртний төлөөлөгчид болох Петр, Иаков, Иохан зэрэг тэнгэрлэг элчүүд ар араасаа дараалан ирсэн. Дараа нь Мосе, Елиас, Елиа нар бас ирсэн. Тэдний хүн нэг бүр дэлхий дээрх Бурханы хүүхдүүдийг дахин адислах тэнгэрлэг эрх мэдлийг авчирсан.

Түүнээс гадна, гайхамшигтай арга замаар бидэнд Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг, Ариун Библитэй хорших судрыг өгсөн. Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд дээр хэвлэгдэн гарсан илчлэлтүүд мөн л Бурханы зарлиг, мөнхийн үнэний талаарх бидний ойлголтыг асар их баяжуулсан билээ.

Төлөөлөгч, дал, патриарх, дээд прист, ахлагч, бишоп, прист, багш, дикон зэрэг санваарын түлхүүр болон албууд сэргээгдсэн. Мөн Их Эзэнийг хайрладаг эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэг, Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд, Ням гаргийн ангид болон Сүмийн бусад дуудлагад үнэнчээр үйлчилдэг бөгөөд тэд бүгд Есүс Христийн Сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлын амин чухал хэсэг билээ.

Тиймээс, бид 2020 оныг хоёр зуун жилийн ойн баяр болгож байгаа юм. Ирэх 4-р сарын Ерөнхий чуулган өмнөх ерөнхий чуулгануудаас өөр байх болно. Дараагийн 6 сарын турш гишүүн, гэр бүл бүр сэргээгдсэн сайн мэдээний тэрхүү үндэс суурийг тавьсан ойн баярыг тэмдэглэх өвөрмөц ерөнхий чуулганд оролцоход өөрсдийгөө бэлдэнэ хэмээн би найдаж байна.

Та Агуу Үнэт Сувдад цэдэглэгдсэн Анхны үзэгдлийн талаарх Иосеф Смитийн түүхийг дахин уншсанаар бэлтгэж эхэлж болно. Мэдээж, дараа жил Ирээд, Намайг дага гарын авлагаар бид Мормоны Номыг судална. Та нар магадгүй “Мормоны Номоос олж авсан мэдлэг маань гэнэт алга болбол миний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?” эсвэл “Анхны үзэгдлийн дараа болсон үйл явдлууд миний болон миний хайртай хүмүүсийн хувьд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?” гэх зэрэг чухал асуултуудыг тунгаан бодохыг хүсдэг байж болно. Түүнээс гадна, Мормоны Номын видео бичлэгүүд гарч ирсэнтэй холбогдуулан та хувиараа болон гэр бүлээрээ суралцахдаа тэдгээрийг ашиглах боломжтой.

Өөрийн асуултыг сонго. Өөрийн төлөвлөгөөг боловсруулан гарга. Өөрийгөө Сэргээлтийн гайхамшигт гэрэлд оруул. Ингэх юм бол ирэх 4-р сарын Ерөнхий чуулган дурсамжтай байхын зэрэгцээ мартагдашгүй байх болно.

Эцэст нь, та нарын хүн нэг бүр өдөр ирэх тусам илүү их аз жаргалтай, илүү ариун болоосой хэмээн би та нарт хайр, адислалаа үлдээж байна. Энэ дашрамд хэлэхэд, илчлэлт Сүмд үргэлжлэн ирсээр байгаа бөгөөд “Бурханы зорилгууд гүйцэлдэн, Аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл” Их Эзэний удирдлаган доор ирсээр байх болно гэдгийг баталж байна.

Ийн би та нарыг адислахын зэрэгцээ та нарт хайртай гэдгээ дахин илэрхийлж, Бурхан амьд гэсэн өөрийн гэрчлэлийг үлдээе. Есүс бол Христ! Тэр бидний Бурхан бөгөөд бид Түүний хүмүүс мөн. Есүс Христийн ариун нэрээр, амен.