Есүсийн тухай түүхүүд
Есүс хүүхэд байхдаа
Энэ шастирыг Maтай 2; Maрк 6:3; Лук 2:21–52-оос авлаа.
Мариа Иерусалим дахь хөл хөдөлгөөн ихтэй ариун сүм уруу орохдоо Есүс хүүгээ тэвэрсэн байв. Иосеф, Мариа хоёр ариун сүмд хоёр тагтаа тахилд өргөхөөр Бетлехемээс ирсэн ажээ. Есүс төрөөд бараг зургаан долоо хоног болсон байв.
Ариун сүм дотор Симеон гэгч настай нэгэн хүн байлаа. Хэзээ нэгэн цагт тэр Аврагчийг харах болно хэмээн түүнд амлагдсан байлаа. “ЭЗЭНий Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илчилсэн байжээ” (Лук 2:26). Симеон нялх Есүсийг хараад баярласан гэнэ. Учир нь өөрт нь өгсөн амлалт биелэгдсэнийг тэр мэдэж байлаа. Дараа нь ариун сүмд үйлчилж байсан Анна гэгч эмэгтэй Есүс бол Аврагч байсныг баяртайгаар гэрчлэв.
Гэвч Аврагчийг төрсөнд хүн бүхэн баяртай байсангүй. Иудейчүүдийн хаан болох хүүхэд төрснийг Херод хаан сонссон аж. Нутагт нь өөр ямар ч хаан байхыг Херод хүссэнгүй. Өнгөрсөн хоёр жилийн дотор Бетлехемийн ойролцоо төрсөн бүх хүүхдийг алахыг тэрээр зарлиглав!
Тэнгэр элч Иосефын зүүдэнд ирж, Херодын төлөвлөгөөний тухай сэрэмжлүүлжээ. Иосеф, Мариа хоёр шөнөөр зугтав. Тэд Египетийн нутагт амьдрахаар Есүсийг авч явлаа. Тэр тэнд аюулгүй байв.
Херод хааныг нас барсны дараа Есүсийн гэр бүл Назар хотод шилжин ирэв. Иосеф мужаанаар ажиллаж, Мариа гэрийнхээ ажлыг хийдэг байлаа.
Есүс Иосефын дэргэд ажиллаж сурчээ. Тэрээр иудейчүүдийн бүх хөвгүүдийн адил судрууд болон Иудейн хуулиудыг судалдаг байв. Иосеф, Мариа хоёр зарлигуудыг дуулгавартай дагаж, Есүс дэлхийн эцэг, эх хоёроосоо суралцдаг байв. Есүс “ өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы нигүүлсэл Түүн дээр байсан юм” (Лук 2:40).
Есүсийг 12-той байхад Мариа, Иосеф хоёр Дээгүүр Өнгөрөх Баяр-ыг тэмдэглэхээр Иерусалим уруу дагуулж явжээ. Тэд олон хүмүүстэй хамт явсан аж. Эрэгтэй, эмэгтэйчүүд олон өөр бүлэгт явж байсан бөгөөд гэр бүлүүд замын дагуу буудаллан орой бүр хоолны үеэр уулздаг байв.
Баяр тэмдэглэсний дараа Иосеф, Мариа хоёр гэртээ харихаар буцаж явлаа. Тэр орой Есүс аялж байсан аль ч бүлэгт байхгүй болох нь мэдэгдэв. Тэд Түүнийг олохоор Иерусалим уруу яаран буцав. Гурван өдрийн дараа тэд Есүсийг ариун сүмд байхад нь олов. Тэр багш нартай ярилцаж, тэдний асуултанд хариулж байв. Ариун сүмд байсан хүмүүс ихэд гайхаж байлаа.
Иосеф тэр хоёр ихэд сандарсан тухайгаа Мариа Есүст хэлэхэд, Тэнгэрлэг Эцэгийнхээ ажлыг хийх хэрэгтэй байснаа хэлсэн гэдэг. Есүс хэдийгээр нас бага байсан ч Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний хэсэг болох чухал ажлыг хийх хэрэгтэйгээ мэдэж байлаа.