Амийн талхнаас хуваалцах нь
Бразилийн Парана дахь Фоз до Игуакуд маш халуун өдөр болж байв. Би нэлээд хэдэн цаг аялсан болохоор ядарсан байлаа. Би Сүмийн Боловсролын Системийн удирдагчийн хувьд сүм дээр намайг хүлээж буй бишоптой үүссэн асуудлын талаар ярилцахаар очих ёстой байлаа. Гэсэн ч намайг ирэхэд тэр байсангүй.
Хүлээж байх зуур нэгэн эмэгтэй сүм уруу орж ирлээ. Тэр над уруу дөхөн ирж, талх авах цөөхөн хэдэн төгрөг өгөөч гэж гуйлаа. Түүний нөхөр, тэр хоёр өлсөж буйг тайлбарлаад, гуйлга гуйж байгаагаасаа ч зоволгүй, өөр ямар ч сонголт алга гэж хэлэв. “Дөнгөж жижигхэн талх тэгээд л боллоо” гэж тэр нэмж хэлэв.
Би сандран түрийвчнээсээ хэдэн төгрөг гаргав. Эмэгтэйд их мөнгө шиг санагджээ. Би түүнд, “Талх, сүү, бага зэрэг мах худалдаж аваарай” гэж хэллээ.
Тэр талархаад дараагийн Мягмар гарагт нөхрийг нь ажилд авна гэж амласныг хэлэв. Түүний цалин буухаар заавал надад эргүүлж төлөхөө амлалаа.
Би түүнд тэгэх хэрэггүй гэдгийг хэлэв. Эмэгтэй заавал эргүүлж төлөхийг хүслээ.
Би түүнд “Надад эргүүлж төлөхийн оронд Ням гарагийн өглөө энэ сүмийн байранд ирээрэй” ирээд, тааралдсан хүндээ номлогчидтой уулзахыг хүсч байгаагаа хэлээрэй. За юу?” гэхэд эмэгтэй зөвшөөрлөө.
Тэр явав. Би бишоптой хэлэлцэх асуудлаа шийдээд, Паранаар явж, ажлаа үргэлжлүүлэн хийв.
Тэр явдлаас хойш олон сар өнгөрч, бас нэгэн боломж гарч, би Фоз до Игуаку дахь яг тэр байранд ерөнхий чуулганд оролцохоор очлоо. Найрал дуу үнэхээр сайхан байлаа. Ерөнхий чуулган дуусахад найрал дуучдын нэг гишүүн над уруу дөхөн ирлээ. Тэрээр гараа урагш сунган, нүүр дүүрэн инээмсэглэн намайг угтан мэндлээд сэтгэл нь нэлээд догдолсон янзтай “Ах минь маш их баярлалаа. Та миний болон нөхрийн маань зөвхөн өлсгөлөнг дарах талх өгөөд зогсохгүй мөн амийн талхыг надад өгсөн. Баярлалаа” гэв.
Би хэдэн сарын өмнө талхны мөнгө гуйж байсан эмэгтэйг таниад, хязгааргүй их баяр баясгаланг мэдэрсэн юм. Амийн Талх байхаар Өөрийгөө тунхагласан – Есүс Христийн сайн мэдээ нь – түүнийг хүлээн авсан хүн бүрийн амьдралыг өөрчилдгийг би мэдсэн юм.