Бид юунд итгэдэг вэ?
Судрууд Есүс Христийн тухай зааж, гэрчилдэг
Судрууд бошиглогчдын зөвлөгөө, Бурханаас хүмүүстэй харилцсан сүнслэг нөлөө бүхий шастирууд, Бурханаас бошиглогчдодоо өгсөн илчлэлтүүдийг агуулдаг. Бид бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэр биднийг үнэхээр хайрладгийг судрууд заадаг. Бидэнд мөнхийн аз жаргал авчрах Түүний төлөвлөгөөний дагуу бид энэ дэлхийд ирсэн билээ. Дэлхий дээр байгаа үед судрууд биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбодог сүнслэг шижим болдог.
Судруудын гол зорилго бол Христийн тухай гэрчилж, Түүнд ирж, мөнх амьдралтай болоход бидэнд туслах явдал мөн (Иoхан 5:39-ийг үз). Тиймээс хожмын үеийн бошиглогчид хувиараа болон гэр бүлээрээ судруудыг өдөр бүр судлахыг бидэнд зөвлөдөг. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Өдөр бүр судар судал. Судруудыг хааяа нэг алдаг оног унших нь өдөр бүр уншиж, амьдралдаа хэрэгжүүлэхээс хамаагүй бага үр нөлөөтэй байдаг. Судруудын заадаг хичээлүүдийг сайн үз. … Тэдгээр хичээлүүдийг өөртөө хандан ярьж байгаа юм шигээр судал. Учир нь тэдгээр нь үнэн юм” гэжээ.1
Бид судрын үгсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээ болон Аврагч Есүс Христийг мэдэж, хайрладаг билээ. Бид Тэдний зарлигуудыг уншсанаар зөв, буруугийн ялгааг харж суран, уруу таталт болон нүглийг эсэргүүцэх хүч чадалтай болдог. Мөн Бурханы хуулиудыг дуулгавартай дагах хүслээ нэмэгдүүлдэг. Судрууд биднийг тайтгаруулж, дэлхий дээр байх үед бидэнд зааж, тэнгэрлэг гэр орондоо буцаж очих замыг харуулдаг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд дараах номнуудыг судар гэж хүлээн зөвшөөрдөг:
-
Библи бол Ариун Нутагт амьдарч байсан эртний бошиглогчдод өгсөн Бурханы илчлэлтүүдийг агуулдаг ариун судруудын түүвэр юм. Манай Итгэлийн Тунхагийн наймд “Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг” хэмээн өгүүлдэг билээ.”
-
Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн Гэрээ нь Америк тивд амьдарч байсан эртний бошиглогчдод өгсөн Бурханы илчлэлтүүдийг агуулдаг. Энэ ном Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг (С ба Г 20:9-ийг үз).
-
Сургаал ба Гэрээ бол Иосеф Смитээр эхэлсэн орчин үеийн бошиглогчдод Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар өгөгдсөн илчлэлтүүдийн ном юм.
-
Агуу Үнэт Сувд нь Бурханаас Мосе, Абрахам, Иосеф Смит нарт өгсөн нэмэлт илчлэлтүүдийг агуулдаг.
-
Бурхан Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан амьд бошиглогчдод үнэнүүдийг илчлэхээ үргэлжлүүлсээр байна. Эдгээр үнэнүүдийг судар гэж үздэг (С ба Г 68:4-ийг үз). Тэдгээр нь дэлхий даяарх гишүүд бошиглогч болон Сүмийн бусад удирдагчдын үгсийг сонсдог дөрөв, аравдугаар сарын эхний долоо хоногийн төгсгөлөөр болдог ерөнхий чуулганаар дамжин бидэнд ирдэг.