2011
Манай бишопын буруу байсан уу?
2011 оны нэгдүгээр сар


Манай бишопын буруу байсан уу?

Женни Л.Соренсен, Калифорни, АНУ

Манай тойрог дөнгөж хуваагдаад байлаа. Тиймээс бишоп надтай уулзахыг хүсэхэд би шинэ тойрогт заавал дуудлага авах болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Би залуу эмэгтэйчүүдтэй ажилладаг байсан ба түүндээ ч дуртай байв. Сайн мэдээг авхаалжтай суралцдаг болохоор тэдэнд заах үнэхээр урамтай байдаг. Их Эзэн гарцаагүй тэдэнд үргэлжлүүлэн заахыг минь надад зөвшөөрөх болно.

Харин гайхалтай нь түүний оронд бишоп надад Их Эзэн таныг Хүүхдийн хэсэгт заахыг хүсч байна гэлээ. Мэдээж түүний буруу! Тэр дуудлагын минь талаар мацаг барьж, залбирч гарцаагүй миний дуудлага болохыг мэдэрсэн гэж надад итгүүлэхийг оролдов. Би хүүхдэд хайртай. Гэхдээ тэдэнд заах талаар би юу мэдэх билээ?

Нөхөр бид хоёр гэрлээд 15 жил болсон ч Их Эзэнээс хүүхэдтэй болох адислалыг хүлээж аваагүй байв. Хүүхэд үрчилж авах гэсэн бидний хичээл зүтгэл эрүүл мэндийн улмаас үр дүнд хүрээгүй билээ.

Бишопдоо найдаж, Хүүхдийн хэсэгт заах дуудлагыг хүлээн авсан ч дотроо шаналсаар л байлаа. Их Эзэн надад хүүхэд заяагаагүйд уур маань хүрч, шинэ дуудлагадаа гоморхож байлаа.

“Их Эзэн минь яагаад Та надаас үүнийг шаардана вэ?” гэж бодлоо. “Таны мэргэн ухаанд би өөрийн хүүхэдгүй шүү дээ. Яагаад би бусдын хүүхдэд заах ёстой гэж?”

Би ойлголтыг авахын төлөө нулимс асгаруулан Их Эзэндээ залбирч, шаналж, сэтгэл хоёрдон байлаа. Эцэст нь би нэгэнт дуудлагыг хүлээн авснаас хойш харамсах хэрэггүй, юу чадахаа хийе гэж шийдлээ.

Ингээд адислалууд урсаж эхэллээ. Би маш хурдан хүүхдүүдийг хайрлаж, тэд ч намайг хайрлаж сурлаа. Тэдний хайр амьдралд маань байсан хоосон зайг дүүргэхэд хангалттай болохыг би ойлгосон. Удалгүй би сүмийн хонгилоор хоёр талдаа хүүхэд хөтлөлгүйгээр алхахаа болив. Бүгд зогсож биднийг тэврэн мэндэлдэг боллоо. Үүний дараагаар нөхөр маань Скаутын удирдагчаар дуудагдсан. Гэр орон маань хүүхэд багачуудаар дүүрэн болсон.

Нөхөр маань 1986 оны арваннэгдүгээр сард 47 насандаа нас барав. Их Эзэн бас л надад юу хэрэгтэйг надаас илүү сайн мэдэж байжээ. Нөхрийг маань нас барсан долоо хоногт би Калифорний Фреско дахь Лаос салбарын Хүүхдийн Хэсэгт заах номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Эдгээр онцгой хүмүүсийн эр зориг болон тэдний хүүхдүүд энэ бүгдийг нөхөргүй ганцаар туулах хүч тэнхээг надад өгсөн юм.

Миний заадаг байсан залуу хүмүүс өсч томрон насанд хүрч, номлолд үйлчлэн, ариун сүмд гэрлэн, гэр бүл зохиохыг харах ямар онцгой баяр баясгалан байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Эдгээр “өргөж авсан” арванхоёр хүүхэд өдийг хүртэл мэнд усыг минь мэдэж, амьдралын минь өдрийг илүү гэрэл гэгээтэй болгодог. Би тэднийгээ Калифорний Фрескогийн Ариун Сүмд харахдаа баяртай байдаг. Одоо би тэнд үйлчилж байгаа.

Хүүхдийн Хэсэг дэх миний үйлчлэл насан туршийн маань адислал байсан юм. Дуудлагууд маань биднийх бус Их Эзэнийх байдагт би үнэхээр талархаж байна.