2011
Бидний итгэлийн үндэс
2011 оны нэгдүгээр сар


Бидний итгэлийн үндэс

Энэхүү өгүүллийг 2010 оны 2-р сард Харвардын хуулийн сургуулийн тэнхимийхэн болон оюутнуудад өгсөн ярианаас эшлэн авав.

Би Төлөөлөгчийн хувьд дэлхий дахинаа Христийн сургаал, ажил, эрх мэдлийг гэрчлэхээр дуудагдсан юм. Энэ үүргийнхээ дагуу бидний итгэлийн эдгээр угтвар нөхцлүүдийн үнэнийг би гэрчилж байна.

Elder Dallin H. Oaks

Биднээс өөр итгэлтэй бусад хүмүүс манай сургаал болон түүний үнэ цэнийг тэр бүр ойлгодоггүй гэдгийг Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид мэднэ. Энэ нь Гари C.Лоренсе-н үндэстний хэмжээнд судлахаар саяхан хэвлэгдсэн How Americans View Mormonism (Америкчууд мормонизмыг юу гэж үзэж байна вэ) номонд тодорхой харагдаж байна. Энэ номыг судалсан хүмүүсийн гуравны нэг нь манай Сүмийг ёс суртахууны өндөр жишигтэй гэж үзсэн ч тал орчим нь биднийг нууцлаг, далдын мөн “ер бусын итгэл бишрэлтэй” гэжээ.1 Хожмын Үеийн гэгээнтнүүдийг ерөнхийд нь юу гэж бодож байгааг тайлбарлах хэдэн үгийг сонгохыг тэднээс хүсэхэд 87 хувь нь “бат бөх гэр бүлтэй”, 78 хувь нь “үнэнч шударга”, 45 хувь нь “сохроор итгэгчид” гэж тэмдэглэжээ.2

Лоренсийн уншигчдаас “Таны хамгийн сайн ойлгосноор мормонизмын үндсэн шаардлага нь юу вэ?” гэж асуухад зөвхөн 14 хувь нь л сэргээлт болон өмнө нь байсан Христийн шашны итгэл сэргэсэн хэмээн дөхүүлж тайлбарласан байна. Үүнтэй адил, өөр нэг улсад хийсэн судалгаагаар Мормоны шашны талаарх өөрсдийн ойлголтоо нэг үгээр илэрхийлэхийг хүсэхэд нэг ч хүн Христийн шашны сэргээлт болон анхны гэсэн үгийг бичээгүй байна.3

Шашин шүтлэгийн талаар зөвхөн үл ялиг өөрчилсөн Лоренсийн бусад нээлтүүд болон ажиглалтаар Америкчууд “гүн шүтлэгтэй” боловч “бүрэн мэдлэггүй” гэсэнтэй би санал нийлэхгүй байна. Жишээлбэл, 68 хувь нь долоо хоногт хэд хэдэн удаа залбирсан, 44 хувь нь бараг долоо хоног бүр шашны цуглаануудад оролцдог гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ, зөвхөн тал нь Сайн мэдээний дөрвөн номын нэгийг нэрлэж чадсан бол ихэнх нь Библийн эхний номыг ч нэрлэж чадаагүй, харин 10 хувь нь Аркийн Иоаныг (1412-1431 онд амьдарч байсан католикийн шашинтан франц баатар эмэгтэй) Ноагийн эхнэр гэж боддог гэсэн байна.4

Олон хүчин зүйлс шашны тухай хичээлийг үл хайхрах байдлыг өөгшүүлэн дэмждэг ч, тэдгээрийн нэг нь их дээд сургуулиуд нийтээрээ шашинд харш эсвэл хайхрамжгүй байдалтай байгаа явдал билээ. Зөвхөн хэдхэн коллеж, их сургуулиудаас бусад нь шашны тухай сайндаа л төвийг сахисан байдалтай байна. Бурхан амьд байдагт, ёс суртахууны үнэмлэхүйд итгэдэг оюутнууд болон шүтлэгтэй хүмүүс үнэлэгдэж, нөлөөлөхөө больжээ.

Ёс суртахууны үнэ цэнийг сургалтынхаа гол цөм болгоогүй байхад дээд боловсролтой болно гэдэг бодит биш мэт санагдана. Энэ нь орон гэр, сүм, сүмийн коллеж ба их дээд сургуулиудын үйлс болон үлдэх болно. Бүгд энэхүү амин чухал үйлсэд амжилт гаргахдаа найдах хэрэгтэй. Сургуулиуд зөв буруугийн дэнсэнд төвийг сахисан байдалтай байж болох ч нийгэм ийм байдлыг тэсч чадахгүйд хүрнэ.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэлийн үндсэн зарчмуудын үнэнийг төлөөлөх гурван багцыг би сонголоо:

  1. Бурхан Тэргүүтэний гурван гишүүний үүрэг болон ёс суртахууны үнэмлэхүй байдаг гэсэн үнэнийг оролцуулан, Бур ханы мөн чанар.

  2. Амьдралын зорилго.

  3. Ертөнц болон хүмүүний тухай үнэний гурван үндсэн эх сурвалж: шинжлэх ухаан, судрууд, үргэлжилсээр буй илчлэлт—ба бид тэднийг хэрхэн мэдэх вэ.

1. Бурханы мөн чанар

Бидний итгэлийн тухай миний хэлэх эхний гол зарчим нь Бурхан бол бодит бөгөөд мөнхийн үнэн болон үнэ цэнийг өнөөгийн шинжлэх ухааны аргаар баталж болохооргүй юм. Эдгээр санаанууд нь өөрчлөгдөшгүйгээр холбогдсон байдаг. Бусад шүтэгчдийн адил бид гол хуулийг өгөгч Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг амьд оршдог, ёс суртахууны үнэмлэхүй байдаг гэдгийг тунхагладаг. Бид ёс суртахуунтай холбоотой орчин үеийн соёл иргэншлийн асар олон албан бус сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй.

Бидний хувьд Бурханы мөн чанарын тухай үнэн болон Түүнтэй харьцах харьцаа маань бусад бүх зүйлсэд хандах түлхүүр юм. Чухал ач холбогдол бүхий Бурханы мөн чанарт итгэх итгэл бишрэл нь ихэнх Христийн шашинтны урсгалуудын албан ёсны сургаалуудаас биднийг ялгаруулдаг. Бидний Итгэлийн тунхаг: “Бурхан, Мөнхийн Эцэг мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг” (шүлэг 1) гэж эхэлдэг.

Бид Христийн шашинтнуудын адил Бурхан Тэргүүтэнд итгэх итгэлтэй ч бидний хувьд энэ нь бусдаас өөр утга учиртай юм. Бурхан Тэргүүтэний эдгээр гурван гишүүн нь гурван салангид, ялгаатай ангид бие ба Бурхан Эцэг бол сүнс биш, тэмтрэгдэхүйц биетэй алдаршуулагдсан Хүн, Түүний амилуулагдсан Хүү Есүс Христ ч мөн адил гэж бид үздэг. Хэдийгээр салангид бие хүн гэлээ ч Тэдний зорилго нэг юм. Есүс энэ харьцааг Өөрийн Эцэгтээ хандан залбирахдаа Есүс ба Түүний Эцэг нэгийн адил Түүний шавь нар “нэг байх” (Иохан 17:11)—бие хүний хувьд биш зорилгодоо нэгдмэл байхыг хэлсэн гэдэгт бид итгэдэг. Бидний “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; харин Ариун Сүнс бол мах хийгээд ясан биегүй харин Сүнсэн хүн буюу” (С ба Г 130:22) хэмээх онцгой итгэл нь бидэнд чухал юм. Гэвч Гари Лоренсийн ярилцлагад илэрхийлснээр бид итгэлээ бусдад бодитоор тулгадаггүй.5

Бурханы мөн чанарт итгэх бидний итгэл үнэмшил Есүс Христийн сайн мэдээний бүрэн Сэргээлт эхэлсэн Анхны Үзэгдэл хэмээн бидний нэрлэдэг зүйлээс ирсэн юм. Иосеф Смит хэмээх аль сүмд нэгдэх ёстойгоо мэдэхийг эрэлхийлсэн сургуульд суралцаагүй 14 настай хүүд нэгэн үзэгдэл өгөгдөж, тэр “гялалзсан өнгө хийгээд алдар сууг” нь дүрслэхийн аргагүй “хоёр Хүн” хардаг. Тэдний нэг нь нөгөөх уруугаа зааж хэлэв, “Энэ бол миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17) Бурханы Хүү залуу бошиглогчид тухайн үеийн сүмүүдийн бүх “сургаал” “түүний мэлмийд жигшүүрт явдал” (Иосеф Смит—Түүх 1:19) гэдгийг хэлсэн. Энэ бурханлаг тунхаглал тэдэнд итгэсэн итгэлтэй эрэлхийлэгчдийг бус, сургаалуудыг буруушаасан юм.

Иосеф Смитийн Анхны Үзэгдэл нь Бурханы мөн чанар болон Бурхан Тэргүүтэний тухай нийтлэг ойлголт буруу гэдгийг, өөрсдийн дагагчдыг тэдний төлөөх Бурханы хувь заяа уруу хөтөлж чадахгүй гэдгийг үзүүлсэн юм. Дараагийн нэг зүйл бол энэ гол үнэний утга учрыг илчилсэн орчин цагийн судар болох Мормоны Ном бидэнд өгөгдсөн явдал. Энэ шинэ судар нь Есүс Христийн хоёр дахь гэрч билээ. Мормоны Ном Христийн мөн чанар хийгээд номлолын тухай библийн бошиглол ба сургаалуудыг баталдаг. Энэ судар сайн мэдээ болоод Түүний дэлхий дээр амьдарч байхдаа номлож байсан сургаалуудын тухай бидний ойлголтыг өсгөдөг. Мормоны Ном эдгээр зүйлсийн үнэнийг бид мэдэж болохын тул илчлэлтүүдийн олон сургаалууд, үлгэр жишээнүүдийг өгсөн байдаг.

Эдгээр сургаалууд Христийн тухай бидний гэрчлэлийг тайлбарладаг. Хэдийгээр бид уламжлалд хүндэтгэлтэй ханддаг ч, дэлхийн мэргэн ухаан эсвээс хүмүүний гүн ухаан дээр тулгуурладаггүй. Есүс Христийн тухай бидний гэрчлэл Бурханаас бошиглогчдодоо болон бидний хүн нэг бүрд өгдөг илчлэлтүүд дээр тулгуурладаг.

Есүс Христийн тухай гэрчлэл маань бидэнд юуг баталдаг вэ? Есүс Христ бол Бурхан Тэнгэрлэг Эцэгийн Цорын Ганц Хайрт Хүү. Тэр бол Бүтээгч. Түүний мөнх бус амьдрал дахь зүйрлэшгүй үйлчлэлийн учир Тэр бол бидний багш. Түүний Амилуулалтын учир дэлхий дээр амьдарч байсан хэн боловч үхлээс сэрэх болно. Тэр бол Аврагч. Түүний Цагаатгалын золиослол бидэнд нүглүүдээсээ уучлагдах хаалгыг нээж, тэгснээр бид Бурхан Мөнхийн Эцэгийнхээ оршихуйд эргэн очихоор цэвэршиж чадна. Энэ бол бүх цаг үеийн бошиглогчдын гол захиас мөн. Иосеф Смит энэ агуу үнэнийг Итгэлийн Тунхгийн гуравт тунхагласан: “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг.”

Есүс Христийн Хожмын Үеийн Гээгэнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид Мормоны Номон дахь хаан Бенжаминтай хамт “түүгээр хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, бас нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу” (Moзая 3:17) хэмээн гэрчилж байна.

Яагаад Христ цорын ганц зам гэж? Тэрээр хэрхэн үхлийн хүлээсийг тасчих вэ? Тэрээр хэрхэн бүх хүн төрөлхтний нүглийг Өөр дээрээ авах боломжтой байсан бэ? Хэрхэн бидний бохир, нүгэлт биес цэвэршиж, Түүний Цагаатгалаар амилах вэ? Эдгээр далд нууцыг би бүрэн ойлгож чадахгүй. Миний хувьд Есүс Христийн Цагаатгалын гайхамшгийг ухааршгүй боловч Ариун Сүнс надад эдгээрийн үнэний гэрчлэлийг өгсөн. Би үүнийг тунхаглахад өөрийн амьдралыг зориулах болсондоо баяртай байна.

2. Мөнх бус амьдралын зорилго

Миний хоёр дахь үндсэн зарчим мөнх бус амьдралын зорилготой хамаатай. Энэ итгэлийн үр дүн Бурхан Мөнхийн Эцэгийн зорилгууд хийгээд Түүний хүүхдүүд болох бидний хувь заяаны тухай ойлголтоос ирдэг. Энэ дэлхийд ирэхээс өмнө бид сүнсэн биеэр амьдарч байсан хэмээх батлалаар бидний сургаал эхэлдэг. Энэ нь мөнх бус амьдрал бас нэг зорилготой гэдгийг баталдаг. Мөн бидний хамгийн дээд хүсэл эрмэлзэл бол бидэнд гэр бүлийнхээ харьцааг мөнхжүүлэх бүрэн эрх олгох тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болох гэдгийг заадаг. Бид махан биеийг олж—Есүс Христийн Цагаатгал болон Түүний сайн мэдээний хуулиуд, ёслолуудаар дамжуулан—өргөмжлөл буюу мөнхийн амьдрал хэмээн нэрлэгдэх алдаршсан селестиал байдал хийгээд харилцаанд бэлтгэгдэхээр дэлхийд ирсэн.

Бид гэр бүл дээр төвлөрсөн Сүм гэдгээрээ алдартай ч бидний гэр бүл дээр төвлөрөх байдал зөвхөн мөнх бус амьдралын харилцаанд чиглэсэн биш, харин үндсэн сургаалын асуудалтай холбоотой гэдгийг сайн ойлгодоггүй. Хайрт Бүтээгчийн агуу төлөвлөгөөгөөр Түүний сүмийн үүрэг нь селестиал хаант улсад өргөмжлөлийг олоход бидэнд туслах явдал бөгөөд үүнийг зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёрын хоорондох мөнхийн гэрлэлтээр дамжуулан гүйцэлдүүлж чадна (С ба Г 131:1–3-г үз).

Итгэлтэй бэлэвсэн ээж маань гэр бүлийн харилцааны мөнхийн мөн чанарын тухай эргэлздэггүй байсан юм. Тэр үргэлж бидний нас барсан итгэлтэй аавыг хүндэтгэдэг байлаа. Тэр гэртээ түүний оршихуйг бий болгосон юм. Тэдний ариун сүмийн гэрлэлт мөнх үргэлжлэх, дараагийн амьдралд гэр бүлээрээ хамтдаа байх бидний хувь заяаны тухай тэр ярьдаг байв. Тэрээр аав маань биднээр хийлгэхийг хүсэх байсан зүйлийг байнга сануулдаг байв. Тэгснээр бид гэр бүлээрээ үүрд мөнхөд байж болох Аврагчийн амлалтын төлөө бэлтгэж чадна. Ээж маань хэзээ ч өөрийгөө бэлэвсэн гэж боддоггүй болохоор би ч түүнийг хэзээ ч тийм гэж бодож байгаагүй. Өсч буй балчир хүүгийн хувьд ээж маань бэлэвсэн эмэгтэй байсангүй. Тэр нөхөртэй, бид аавтай байлаа. Тэр зүгээр л хэсэг зуур хаа нэгтээ явсан байлаа.

Гэрлэлт нь мөнхийн амьдралын төлөө эгэл хүний төрөлтөнд зориулсан зөвшөөрөгдсөн орчингоор хангах, гэр бүлийн гишүүдийг бэлтгэх Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд чухал шаардлагатай гэдгийг бид баталж байна. Бурханы төлөвлөгөөний тухай мэдлэг Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд гэрлэлт ба хүүхдүүдтэй болох тухай онцгой хэтийн төлөвтэй болгодог. Бид хүүхдүүдийг Бурханы төлөвлөгөөний хэсэг гэж үзэн хайрлан халамжилж, өсгөн хүмүүжүүлдэг ба эдгээр ариун нандин үүрэг хариуцлага Түүний төлөвлөгөөнд оролцох хүчийг өгсөн байдаг. Бид дэлхийн болон тэнгэрийн эрдэнэс нь бидний хүүхдүүд ба үр удам гэдэгт итгэдэг. Бүх хүүхдийн— хөгжил дэвшил, аз жаргалын төлөөх хамгийн сайхан нөхцлийг бүрдүүлэх дэлхийн гэр бүлүүдийн төлөө тэмцэх хэрэгтэй гэдэгт бид итгэдэг.

Дэлхийн амьдралыг бүтээх хүч нь хүүхдүүддээ өгсөн Бурханы хамгийн агуу өргөмжлөгдсөн хүч юм. Энэ бүтээх хүчийг ашиглах тухай анхны зарлигт “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол” (Эхлэл 1:28) хэмээн зарлигласан. Үүнийг буруугаар ашиглахыг цээрлэсэн бас нэгэн чухал зарлиг: “Чи бүү завхайр” (Eгипетээс гарсан нь 20:14), мөн “та нар садар самууныг тэвчих ёстой” (1 Tесалоник 4:3) гэсэн. Бид энэ ариун явдлын хуулинд гол анхаарлаа тавьдаг учир нь Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэх бидний үр удмаа бий болгох хүчний зорилгын тухай ойлголтоор тайлбарлагдана.

Хүйсний талаар будлиан үүсгэх, гэрлэлтийн чухал ач холбогдлыг гуйвуулах эсвэл түүний тодорхойлолтыг өөрчлөх, эсвээс Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд гол үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох ялгааг балартуулах улс төрийн, хуулийн мөн нийгмийн дарамт шахалт асар их байна. Бидний мөнхийн төлөв ийм өөрчлөлтүүдийн эсрэг зогсохыг шаардаж байна.

Эцэст нь дэлхийн амьдралын зорилгын тухай бидний ойлголт дэлхийн амьдралд юуг дагах тухай зарим онцгой сургаалуудыг багтаадаг. Бид бусад Христийн шашинтнуудын адил энэ амьдралыг орхихдоо тэнгэрт (диваажин) эсвэл там уруу явдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ бидний хувьд зөв шударга ба нүгэлтэн хэмээх хоёр хэсэг зааг нь ердөө л түр зуурынх билээ. Учир нь энэ бол нас барагсдын сүнснүүд өөрсдийн амилуулалт хийгээд Эцсийн Шүүлтийг хүлээх үе юм (Aлмa 40:11–14-г үз). Эцсийн Шүүлтийн дараа очих газар нь өөр өөр байдаг бөгөөд эдгээр газрууд нь хүүхдүүдээ гэсэн Бурханы хайрыг илэрхийлэл болдог.

Бурханы хайр нь үнэхээр агуу. Тэр хүүхдүүдээ зарлигтаа дуулгавартай байхыг шаарддаг. Учир нь зөвхөн дуулгавартай байдлаар дамжуулан тэдний төлөөх Түүний хүссэн мөнхийн хувь заяанд хүрэхээр өсөн хөгжиж чадна. Иймийн тул Эцсийн Шүүлтээр бид Түүний зарлигуудад хэр дуулгавартай байснаас шалтгаалан алдар суугийн хаант улсад томилогдох болно. Коринтын хоёр дахь захидалд Төлөөлөгч Паул “гурав дахь тэнгэрт аваачигдсан” хүний үзэгдлийн тухай өгүүлдэг (2 Коринт 12:2). Үхлийн амилуулалтын тухай ярихдаа тэр “бие” нар, сар, оддын гэх мэт өөр өөр алдар суунд байгааг тайлбарласан. Тэр эхний хоёрыг “селестиал биес, террестиал биес” (1 Коринт 15:40–42-г үз) хэмээсэн. Бидний хувьд бүхний дээд селестиал дахь мөнхийн амьдралын алдар суу нь ойлгомжгүй сүнсэн-бурхантай нэгдэх нууцлаг зүйл биш. Харин мөнхийн амьдрал нь хайрт Тэнгэр дэх Эцэгтэйгээ, өвөг дээдэстэйгээ мөн хойчийн үр удамтайгаа хамт амьдрах гэр бүлийн амьдрал юм.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаал нь ойлгомжтой, бүх нийтийн, нигүүлсэнгүй бөгөөд үнэн юм. Дэлхийн амьдралын зайлшгүй шалгуурыг дагагч Бурханы бүх охид хөвгүүд гарцаагүй амилуулагдаж, аливаа эгэл хүний ойлгож үл чадах илүү гайхамшигтай алдар суугийн хаант улсад очих болно. Цөөн хэдэн тохиолдлыг л эс тооцвол их нүгэл үйлдсэн хүн ч гэсэн алдар суу нь арай бага ч—гайхамшигтай—алдар суугийн хаант улсад гарцаагүй очих болно. Энэ бүхэн нь Өөрийн хүүхдүүдээ гэсэн Бурханы агуу хайрын учир, бүгдэд боломжтой болгосон “Эцэгийг алдаршуулж, түүний гарын бүх ажлыг тэрээр авардаг” (С ба Г 76:43) Есүс Христийн Цагаатгалын учир биелэгдэх болно.

3. Үнэний эх сурвалжууд

Хожмын Үеийн Гэгээнтнүүд мэдлэгийг олох маш их сонирхолтой. Бригам Янг (1801–1877) үүний тухай маш сайхан хэлсэн байдаг: “[Бидний] шашин … [биднийг] мэдлэгийг хичээнгүйгээр эрэлхийлэхийг өдөөдөг. Үнэнийг харж, сонсож, мэдэн, ойлгохыг асар ихээр эгээрэн хүсэгч өөр хүмүүс энэ дэлхийд үгүй.”6

Өөр нэг тохиолдолд тэрээр “хамаг мэргэн ухаан, дэлхий дээрх бүх урлаг, шинжлэх ухаан нь Бурханаас ирдэг бөгөөд Түүний хүмүүсийн сайн сайхны төлөө хийгдсэн тул бүх салбарт [суралцаж] … [өөрсдийн] мэдлэгээ өсгөн хөгжүүлэхэд” бид гишүүдэд туслан дэмждэг гэдгийг тайлбарласан.7

Бид мэдлэгийг эрэлхийлдэг ч үүнийг онцгой арга замаар хийдэг. Учир нь бид дэлхийн ба сүнслэг гэсэн хоёр янзын мэдлэг байдаг гэдэгт итгэдэг. Бид дэлхийн мэдлэгийг шинжлэх ухааны судалгаагаар, сүнслэг мэдлэгийг илчлэлтээр эрэлхийлдэг. Илчлэлт нь Бурханы хүнтэй—бошиглогч нартай, хэрэв бид эрэлхийлэх аваас хүн нэг бүртэй хийх харилцаа юм.

Илчлэлт нь бидний итгэлийн ялгавартай онцгой шинжүүдийн нэг юм. Бошиглогч Иосеф Смит өөрийн амьдралын турш илчлэлтийн үр нөлөөгөөр удирдагдан, заагдсан байсан. Мормоны Ном ба Сургаал ба Гэрээг оролцуулан, түүний хэвлүүлсэн илчлэлтүүдийн хязгааргүй их цар хэмжээ түүнийг хожмын үеийн Бошиглогч хэмээн нэрлэгдэх онцгой өргөмжлөлд авчирсан юм. Иосеф Смит болон түүний залгамжлагчид болох Сүмийн—Ерөнхийлөгчдөд ирсэн энэ бошиглолын илчлэлтэд—Түүний хүмүүсийг гэгээрүүлж, Түүний Сүмийг удирдан, чиглүүлэхийн төлөөх үнэнүүд болон зарлигуудыг Бурхан Өөрийн бошиглогч-удирдагчдад илчилсэн.

Энэ нь Хуучин Гэрээний “Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” (Aмос 3:7) гэсэн сургаалтай адил илчлэлт юм. Иосеф Смит “Урьд өмнө нь хэзээ ч байгаагүй Бурханы үнэн сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шууд илчлэлтээр байгуулагдсан юм.”8 Тэрээр “Мормоны Ном болон илчлэлтүүдийг авчих юм бол манай шашин хаана байх вэ?” гэж асуугаад, “Бидэнд юу ч байхгүй болно” гэж хариулав.9

Мөн Иосеф Смит заахдаа, илчлэлт эртний Төлөөлөгчидтэй хамт дуусаагүй харин өнөө үеийг хүртэл үргэлжилсээр байна. Хүн бүр өөрийнхөө төлөө хөрвөлт, ойлголт, шийдвэр гаргах хувийн илчлэлт хүлээн авч чадна. “Бурханд хандаж, илчлэлт хүлээн авах нь Бурханы хүүхдүүдийн онцгой боломж юм. Бурхан бол нүүр тал хардаггүй. Бид бүгдээрээ нэгэн адил онцгой боломжтой” гэж хэлсэн.10

Шинэ Гэрээ иймэрхүү хувийн илчлэлтийн тухай өгүүлсэн байдаг. Жишээлбэл, Петр өөрийн итгэлийг батлан Есүс бол Бурханы бурханлаг Хүү гэхэд, Аврагч “Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм” (Maтай 16:17) хэмээн тунхагладаг.

Хувийн илчлэлтийг—заримдаа “өдөөлт”—хэмээн нэрлэдэг бөгөөд олон арга замаар ирдэг. Ихэвчлэн энэ нь үгээр, гэнэт оюун ухаанд ирэх бодлоор эсвэл ямар нэгэн үйлдлийн үр дүнгийн эерэг эсвээс сөрөг мэдрэмжээр илэрдэг. Энэ нь ихэвчлэн чин сэтгэлээсээ залбиралтайгаар эрэлхийлсэн үед ирдэг. Есүс “Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн заадаг. Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байхад илчлэлт ирдэг. Тиймээс Ариун Сүнсний нөхөрлөл хийгээд харилцаагаа сайжруул.

Та нарын зарим нь Сүмийн гишүүд хэрхэн хувийн амьдралыг нь удирдах орчин үеийн бошиглогчдын сургаалыг хүлээн авдаг юм бол гэж гайхаж байж магадгүй. Учир нь ихэнх шашинд ийм уламжлал байдаггүй болохоор сонин санагдаж болно. Хожмын Үеийн Гэгээнтнүүд өөрсдийн удирдагчдыг “сохроор дагадаг” гэсэн зэмлэлд өгөх бидний хариулт бол энэ нь хувийн илчлэлт юм. Бид өөрсдийн удирдагчдыг хүндэлдэг. Тэд сүмийг удирдахдаа мөн өөрсдийн сургаалууддаа сүнсний өдөөлтийг авдаг. Гэвч бид бүгд тэдний сургаалуудыг залбиралтайгаар Бурханаас шууд илчлэлтээр эрэлхийлж, баталгааг хүлээн авах онцгой эрхтэй.

Ихэнх Христийн шашинтнууд Христийн үхлийн дараагаар удалгүй Бурхан судрууд—болгон ашиглаж байсан ариун номуудын жинхэнэ цуглуулга судрын жаягийг—хаасан ба тэр цаг үеэс илчлэлт байхгүй болсон гэж итгэдэг. Иосеф Смит судрын жаяг нээгдсэн гэдгийг зааж, үзүүлсэн юм.11 Үнэн хэрэгтээ судрын жаяг нь хоёр арга замаар нээгддэг ба илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа нь энэ хоёрын чухал нотолгоо юм.

Нэгдүгээрт, Бурхан судрын жаягт шинэ нэмэгдэл өгч Өөрийн хүүхдүүдийг удирдах болно гэдгийг Иосеф Смит заасан. Мормоны Ном бол тийм нэмэгдэл юм. Мөн Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдын илчлэлтүүд тийм нэмэгдэл юм. Үргэлжилсээр буй илчлэлт нь Их Эзэний биднийг өөрсдийн цаг хугацаа, нөхцөл байдалд ойлгож, хийгээсэй гэж хүссэн зүйлийг хүлээн авахад хэрэгтэй.

Хоёрдугаарт, үргэлжилсээр буй илчлэлт нь судрын уншигч нарт жаягийг нээж, Ариун Сүнсний нөлөөгөөр судрын шинэ утга учрыг олж, хувийн ажил хэрэгтээ удирдамж авч байна. Төлөөлөгч Паул бичихдээ “судар бүр Бурханы амьсгалснаар өгөгдсөн” (2 Tимот 3:16; мөн 2 Петр 1:21-г үз) ба “учир нь Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй” (1 Коринт 2:11; Иосеф Смитийн орчуулгаас, эшлэл). Судрыг мэдэхийн тулд бидэнд Их Эзэний Сүнснээс оюун ухааныг маань гэрэлтүүлэх хувийн сүнслэг удирдамж хэрэгтэй. Иймээс бид гишүүдээ судруудаас суралцаж, залбиралтайгаар тэдгээрийн утга учрыг мэдэхээр сүнслэг удирдамжийг эрэлхийлэхийг урамшуулан дэмждэг. Жинхэнэ мэдлэг Ариун Сүнсээр дамжин хувийн илчлэлтээр ирдэг.

Есүс “та нар тэднийг сайн үр жимсээр нь танина” (Maтай 7:20) гэж заасан. Миний хувьд, тоолж баршгүй бусад олон итгэгчид болон даган мөрдөгчдийн хувьд жимснүүд нь сайн—гишүүдэд, тэдний гэр бүлийнхэн, нийгэм хамт олонд сайн мөн тэдний улс үндэстэнд сайн юм. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ба түүний гишүүд гай зовлон тохиолдоход чимээгүйхэн, үр дүнтэйгээр тусламжийн гараа сунгадгийн баталгаа нь 2010 оны нэгдүгээр сард болсон Гаитийн газар хөдлөлт зэрэгт тусалсан явдал юм.

Би Төлөөлөгчийн хувьд бүх дэлхийд Христийн сургаал, ажил, эрх мэдлийн гэрчлэгч байхаар дуудагдсан. Энэ эрх мэдлээр өөрсдийн итгэлийн эдгээр сургаалуудын үнэнийг би гэрчилж байна.

Хэлсэн үгийг бүтнээр нь авахыг хүсвэл www.lds.org/fundamental-premises-of-our-faith хаягаар ор.

Эшлэл

  1. Гари С. Лоренсе, How Americans View Mormonism (2008), 32.

  2. How Americans View Mormonism, 34.

  3. How Americans View Mormonism, 42-г үз.

  4. How Americans View Mormonism, 40-г үз.

  5. How Americans View Mormonism, 49-г үз.

  6. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 194.)

  7. Teachings: Brigham Young, 193.

  8. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит (2007), 64.

  9. Сургаалууд: Иосеф Смит, 431.

  10. Сургаалууд: Иосеф Смит, 431.

  11. Сургаалууд: Иосеф Смит, 207–216, 265–266-г үз.

Зургийн чимэглэлийг Крэйг Даймонд © IRI; нарийвчлалыг Христ бяцхан хүүгийн хамт, Кард Хэйнрич Блок, хуулбарлаж болохгүй.

Анхны Үзэгдэл, Гари Л.Капп, хуулбарлаж болохгүй.

Зургийн чимэглэлийг Лаурени Фочетто

Зургийн чимэглэлийг Рут Сипус