Шинэ Гэрээ түүхэнд холбогдох нь
Судрын энэхүү гайхамшигтай номын гарал үүслийг ойлгох нь бидний сурч мэдэх үйлст сүнслэгээр нөлөөлж болно.
Ариун судрын ном болгон өөрийн өвөрмөц түүхтэй бөгөөд авралын сайн мэдээг онцгой ялгаатай арга замаар гэрчилсэн байдаг. Шинэ Гэрээ нь Есүсийг биечлэн таньдаг байсан болон Түүнийг Амилсны дараа богинохон хугацаанд дагалдсан хүмүүсийн үгсийг хадгалан үлдсэн судрын боть учраас Аврагчид ойр байж, Түүний мөнх бус үйлчлэлийг зэрвэсхэн харахад бидэнд туслах үнэлж баршгүй эх сурвалж юм. Шинэ Гэрээний түүх болон энэ ном бидэнд хэрхэн хүрч ирсэн, хэн үүнийг бичсэнийг ойлгох нь судрын энэ гайхамшигтай номыг эрхэмлэн үнэлэх бидний үнэлгээг дээшлүүлж, Есүс Христийн анхны дагалдагчдын адил бидэнд тохиолдох сорилт бэрхшээлийг даван туулахад сүнсний илүү хүч чадлыг өгдөг билээ.
Шинэ Гэрээ гэж юу вэ?
Есүсийг нас барсны дараагийн хэдэн жилд “Шинэ Гэрээ” гэдэг нэр томьёо Их Эзэний амьдрал, үхлийн тухай номнуудын түүвэр гэхээс илүүгээр онож хэлбэл, Тэрбээр Сүүлчийн зоогийн орой шавь нартаа хандан: “Энэ бол нүглүүдийг уучлалын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний Миний цус” (Maтай 26:28; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэж хэлсэн тэр үгс байлаа. “Шинэ гэрээ” хэмээх грек үг нь Аврагч Цагаатгалаараа дамжуулан бидэнд өгсөн гэрээ буюу шинэ гэрээ гэж орчуулагддаг ажээ. Библид цэдэглэгдсэн, Шинэ Гэрээ хэмээх зохиол бүтээлүүд нь Их Эзэн болон Түүний хүмүүсийн хоорондох шинэ гэрээг дүрсэлж, баримтжуулан, заадаг.
Шинэ Гэрээнд хадгалагдаж ирсэн зохиол бүтээлүүд Аврагчийн үйлчлэлийн олон төрөл дээр анхаарал төвлөрүүлдэг. Шинэ Гэрээ нь Сайн мэдээнүүдээр эхэлдэг бөгөөд “сайн мэдээ” гэдэг томьёо Есүс Христийн амьдрал, үйлчлэл, бурханлиг үүрэг зорилгыг заадаг. Шинэ Гэрээ бас Сүмийн анхны номлолын үйл ажиллагааны түүх (Үйлсийн ном), Петр, Паул зэрэг удирдагчдаас анхны Христэд итгэгчдэд (тэднийг бас Гэгээнтнүүд гэдэг байв) итгэлдээ үнэнч байх талаар зөвлөгөө өгсөн захидлууд, гэрчлэл (Еврей), түүнчлэн хожмын өдрүүдэд Их Эзэн эргэж ирнэ гэдгийг амласан илчлэлт (Илчлэлтийн ном)-ийг агуулдаг. Зохиогч бүр нь өөр өөр арга барилаар өгүүлж, хүн бүр түүхийн цэдэгт байхгүй мэдээллийг нөхөхийг оролдохын оронд тодорхой нэг уншигчдад зориулан бичжээ. Их Эзэний шинэ гэрээг цэдэглэсэн 27 номыг МЭ, IV зууны дундуур нийлүүлж, одоо байгаа дугаараар нь дугаарласан байна.
Шинэ Гэрээ бидэнд хэрхэн хүрч ирсэн бэ?
Есүс үй олон шавь нараасаа 12 хүнийг Төлөөлөгчөөр дуудсан юм. Тэдгээр хүмүүс үйлчлэлийнх нь бүх үеийн турш Түүнийг дагалдан, Түүнтэй хамт зовж, бас агуу ялалт, Сүнсний туршлагуудыг биеэрээ үзсэн юм. Төлөөлөгчид Есүсийг нас барсны дараа бусад итгэлтэй дагалдагчдын хамт өөрсдийн туршлагыг тэмдэглэж эхэлсэн ажээ. Хоёр үйл явдал Есүсийн амьдралын тухай цэдгийг хойч үедээ дамжуулан өгөх тэдний хүсэлд түлхэц үзүүлсэн байж болох юм: нэгдүгээрт, МЭ 70 онд Ромын арми Иерусалимыг ариун сүмийн хамт устгав. Хоёрдугаарт, урвалт аль хэдийн газар авсан байлаа (Үйлс 20:29–30-ийг үз). Тиймээс, Шинэ Гэрээн дэх олон номыг тухайн үеийн сүйрэлт нөхцөл, зөрчил сөргөлдөөний дунд замаа олж харахад нь итгэлтнүүдэд туслахын тулд бичжээ.
Бид тэдний туршлагыг эргэж хараад, хэцүү бэрх цагийг хэрхэн даван туулсан, сайн мэдээний баярт мэдээ урвалтын хүчний эсрэг тэмцэхэд хэрхэн тогтворжуулагч хүч болж байсныг мэдэж болно.
I зууны төгсгөл гэхэд эдүгээ Шинэ Гэрээнд хадгалагдаж ирсэн бүх бүтээлүүд эмхтгэгдэн дуусч, Сүмийн салбаруудад газар сайгүй тараагдсан ажээ. Бичээч нар номуудыг зэгсээр хийсэн нимгэн цаасан дээр дараа нь малын арьсаар хийсэн цаасан дээр хувилдаг байсан ч харьцангуй цөөхөн ном хувилагдсан байна. Сүмийн гишүүд бэлэн болсон номуудыг цуглуулж, Их Эзэн болон Төлөөлөгчдийн үгсийг уншиж, судалдаг байлаа. Судруудыг хувилж тараахад учирсан мэдэгдэхүйц саад тотгор бол МЭ 303 онд Ромын эзэн хаан Диоклетиан Христэд итгэгчдийг мөрдөн хавчсан явдал мөн. Христэд итгэгчдийн судруудыг шатааж, тэднийг бөө мөргөлийн бурхдад албадан тахил өргүүлж байхаар тушаажээ. Итгэлтэй олон хүн мөрдөн хавчилтын жилүүдэд ариун судруудыг нуудаг байжээ. Хожим нь анхны Христэд итгэгч эзэн хаан Константин судруудын шинэ хувиудыг хийх зарлиг буулгаснаар Диоклетианы тушаалаас өмнө салбаруудад ашиглаж байсан номуудыг түүний бичээч нар сэргээх боломж гарчээ. Шинэ Гэрээний орчин үеийн хэвлэгдсэн хувь нь Константины үед хувилсан Библиэс эх үүсэлтэй бөгөөд Их Эзэний шинэ гэрээг хадгалан үлдээхийн төлөө амь насаараа дэнчин тавьж, золиослол хийж байсан хувь хүмүүсээс өвлөгдөн ирсэн юм.
Константин Шинэ Гэрээг хувилж, шинээр тараах зарлиг буулгаснаас хойш удалгүй эдүгээ бидний Библийг бүрдүүлдэг номуудыг одоогийн дарааллаар нь эмхэлжээ. Энэ дараалал Хуучин Гэрээний загварыг баримталсан юм. Шинэ Гэрээ нь Хууль (Сайн мэдээнүүд), Христийн шашны түүх (Үйлс), Эш үзүүлэгчид (Ромоос Илчлэлтийг дуустал)-ийг агуулдаг. Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёул Их Эзэн эргэж ирнэ гэсэн амлалтаар төгсдөг (Малахи ба Илчлэлт). Бошиглолын эдгээр бүтээлүүдийн байрлал нь аврал болон ирээдүйн илчлэлтийг хүсэн хүлээх найдварт онцгой ач холбогдол өгдөг билээ.
Шинэ Гэрээг хэн бичсэн бэ?
Шинэ Гэрээний зохиогч бүр Есүс Христийн авралын үүрэг зорилгыг ялгаатай байдлаар дүрслэн бичсэн юм. Сайн мэдээнүүдээс хоёрыг нь Төлөөлөгч Матай, Иохан нар бичжээ. Төлөөлөгчдийн эдгээр гэрчлэл Есүсийн амьдралыг нүдээр үзсэн гэрчийн гэрчлэл юм. Их Эзэний хожуу үеийн хоёр дагалдагч Марк, Лук нар мэдэрсэн, сонссон зүйлсээ гэрчлэн, бас Сайн мэдээг бичсэн юм. Энэ хоёр хүн хоёул нэгэн үед Паулын хамтрагчид байсан (Үйлс 12:25; 2 Tимот 4:11-ийг үз) бөгөөд Иудейгээс өөр өөр газарт аж төрдөг, Их Эзэнийг дэлхий дээр амьдарч байсныг мэдэхгүй ч тоо нь өсөн нэмэгдэж байсан Гэгээнтнүүдийн сонирхлыг зарим талаар тусган харуулсан юм. Тэдний шастир өөрсдийнх нь итгэдэг байсан Их Эзэний тухай амьд гэрчлэл болдог.
Паулын захидлууд Шинэ Гэрээн дэх анхны судруудтай адилхан ч тэдгээрийг бүгдийг нь нэг үед бичээгүй юм. Түүний гэрчлэл бол номлогчийн туршлагын үр дүн бөгөөд хэд хэдэн хүчирхэг үзэгдлээс бүрддэг (Үйлс 9:1–6; 2 Кoринт 12:1–7-г үз) (Гaлaт 1:18–19-ийг үз). Тэрээр салбаруудын дунд бий болсон маргааныг нэг тийш болгон шийдэхийн тулд их төлөв бичдэг байсан ч бусад үед өөрийн найзууддаа хандан бичиж байв. Паул нэг захидалдаа оргосон боолыг буцааж авахыг боолын эзнээс хүссэн байдаг. Тэр хоёр шоронд байхдаа танилцсан аж (Филемон). Еврейн номыг Паул бичсэн гэдэг ам дамжсан яриа байдаг ч уг номын оршилд тэрээр өөрийгөө зохиогч нь биш гэдгийг дурдсан байдаг. Гэсэн ч энэ ном, бид итгэлээр дамжуулан Их Эзэнд хэрхэн зоригтойгоор ирж болохыг гэрчилсэн юм. Шинэ Гэрээн дэх Паулын захидлуудад орсон Еврейн ном нь бэрхшээлийг даван туулахад итгэлтэй байх нь чухал болох тухай туурвил бүтээл юм.
Иаковын товчхон захидал нэлээд эрт бичигдсэн ч амаар дамжин ирснээс гадна Матайн Сайн мэдээнээс тусдаа бичигдсэн Уулан дээрх Номлол дахь Есүсийн сургаалаас олон эшлэлийг агуулдаг (Иaков 1:13; 4:12; 5:12-ыг үз). Их Эзэний отгон дүү Иаков энэ захидлыг бичсэн байж магадгүй. Амилсан Аврагчийг таньж, Түүнтэй уулзах онцгой боломж түүнд тохиосон бөгөөд Сүмийн түүхэн дэх олон үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэжээ (1 Коринт 15:7) (Үйлс 15:13–29-ийг үз).
Шинэ Гэрээ нь Төлөөлөгч Петрийн бичсэн хоёр, Төлөөлөгч Иоханы бичсэн гурван захидлыг агуулдаг. Аль аль нь Христэд итгэгчдийг итгэлтэй байхыг уриалжээ. Ялангуяа Петр сорилт бэрхшээлийн цагт үнэнч байхад онцгой санаа тавьжээ.
Иуда бол Шинэ Гэрээн дэх хамгийн сүүлд бичигдсэн номуудын нэг мөн. Иаковын адил энэ номыг Их Эзэний дүү нарын нэг бичсэн бололтой (Maрк 6:3 дахь “Иуда”). Иуда салбарууд дахь улам өсч байсан урвалтыг зогсоох гэж хичээн бичжээ.
Эцэст нь, Шинэ Гэрээ Төлөөлөгч Иоханд өгөгдсөн илчлэлтээр төгсдөг. Их Эзэн Өөрийн хаанчлалын мянган жилийг эхлүүлэхээр сүр жавхлантай эргэж ирэх тухай үзэгдлийг цэдэглэсэн юм. Тэрхүү үзэгдэл сайн ба муугийн хоорондох тэмцлийг нарийн тодорхой дүрсэлсэн байдаг. Ихэнх бүлгүүд нь ирээдүйд, түүний дотор хожмын өдрүүд буюу манай өнөө үед тохиох үйл явдлуудын тухай өгүүлдэг.
Шинэ Гэрээг хэнд зориулж бичсэн бэ?
Шинэ Гэрээ нь Их Эзэн болон Түүнд итгэдэг хүмүүсийн хоорондох шинэ гэрээ учраас номууд нь энэ эрин үед мөн өмнөх эрин үеүдэд Түүнийг мэдэхийг эрэлхийлж байгаа буюу байсан бүх хүмүүст зориулагдсан юм. Шинэ Гэрээний зохиогчид тухайн үеийн Сүмийн салбаруудад тэр даруй ашиглаж болох материалуудыг анх бичихдээ тэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудыг цэдэглэж байгаагаа ойлгосон ажээ. Жишээ нь, Иохан бичсэн зүйлээ гэрчлэл гэж үзсэн байна: “Эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм” (Иoхан 20:31). Лук зэрэг бусад зохиогчид түүхийг баримтжуулах санаа өвөрлөж бичсэн нь буй:
“Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ.
“Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд
тэдгээрийг уламжилсанчлан, бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа (Лук 1:1–3).
Анхны Христэд итгэгчид олон үндэстэн ястны хүмүүс, зарим нь иудейчүүдийн гэр бүлийнх байсан бол зарим нь Харийнхны гэр оронд хүмүүжиж өссөн, бусад нь баптисм хүртэхээсээ өмнө албан ёсны шашин шүтлэгийг маш бага мэддэг хүмүүс байлаа. Тэд чухамдаа өнөө үеийн олон үндэстэн, ястныг төлөөлсөн Гэгээнтнүүдийн тусгал байлаа. Тиймээс, тэдний тэмцэл ёс бус байдлыг хэрхэн даван туулж, сорилт бэрхшээл, уруу таталтыг сөрөн зогсож итгэлтэй хэвээр үлдэх хүчирхэг сургамжийг бидэнд өгч чадна. Эдгээр сургамж нь салбарууд маш жижиг байгаа үедээ хэрхэн ажиллах, төлөөлөгчид, бошиглогчдын үгсээс аюулгүй байдлыг хэрхэн олохыг бидэнд харуулж байна.
Өнөө үеийн тухай гэрчлэл
Зарим хүмүүс сайн мэдээний уриа дуудлагыг анхааран сонсохгүй байсан тодорхой бус цаг үед “элч нарын сургаалыг байнга сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж” (Үйлс 2:42) байсан хүмүүс аюулгүй байсныг Шинэ Гэрээнд өгүүлдэг. Бүр зөв шударга хүмүүс ч соригдож байсныг мөн сайн мэдээний захиасын голт зүрх нь 2000 жилийн өмнөх шиг өнөөдөр ч гэсэн: “Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй шүтлэг бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч, дэлхийгээс бохирдолгүй өөрийгөө (хэрхэн) хамгаалахыг” (Иaков 1:27) бусад жишээнүүд бидэнд заадаг (1 Кoринт 10:13-ыг үз). Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээнд “Тэр амьд бөлгөө” хэмээн гэрчилсэн лүгээ адил байна! (С ба Г 76:22) мөн Шинэ Гэрээ, Христийн Амилалтын өглөө булш хоосон байсныг: “Тэр энд байхгүй. Учир нь Тэр амилсан” (Maтай 28:6) хэмээн адилхан гэрчилдэг билээ.