Изабелл хаана байна вэ?
“Бүх зүрх сэтгэлээрээ тэд Бурханд үйлчлэхэд бэлнийхээ баталгаа хийгээд гэрч болгон тэд баптисм хүртэх хүсэлтэй байв” (Moзая 21:35).
Изабелл аавтайгаа хонгилоор алхах үед сэтгэл нь догдолсноос болж бараг үсрэх шахаж байлаа. Ээж нь түүний хар үсийг самнаж, баптисмын цагаан хувцасных нь цахилгааныг татав. Хүн бүхний хүлээж байсан өрөөний үүдэнд тэр зогслоо.
Жижиг ширээн дээрх Мормоны Ном уруу зааж, “Хүн бүхэнд байгаа болов уу?” гэж ааваасаа асуулаа.
“Тийм, байгаа. Тэдгээр нь сүмийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүст зориулсан юм” гэж аав нь хэллээ.
Изабелл өрөө уруу шагайв. Хайртай хүмүүс нь дүүрэн байлаа. Урд эгнээнүүдэд түүний эмээ, ах эгч дүүс, нагац, авга ах эгч нар суусан байв. Түүний хамгийн сайн найз Грэйс гэр бүлийнхэнтэйгээ арын эгнээнд суужээ. Харин түүний сургуулийн багш хатагтай Перкинс харагдсангүй.
“За орцгооё.” “Цуглааныг эхлүүлэх цаг боллоо” гэж аав нь хэлэв.
“Бид хатагтай Перкинсыг бага зэрэг хүлээж болох уу?”
Хатагтай Перкинс Изабеллын хамгийн хайртай багш нь байлаа. Тэр номонд дуртай, Изабелл ч мөн адил.
“Түүнийг хүлээх нь сайн ч тэр ирэхгүй байж болно шүү дээ” гэж аав нь эелдгээр хэлэв.
Изабелл зөөлөн санаа алдаад, жуумалзав. Аавтайгаа хамт өрөөнд орж, эхний эгнээнд суулаа. Яг нээлтийн дуу эхлэхийн өмнө Изабелл сүүлийн удаа багшийгаа эрэлхийлэн, эргэн харав. Тэр Грэйсийн гэр бүлтэй хамт байна! Изабелл инээмсэглэв. Хатагтай Перкинс ч инээмсэглэлээ.
Изабеллыг баптисм хүртсэний дараа бишоп хамтдаа зургаа авахуулахыг урьлаа.
“Изабелл хаана байна вэ?” гэж тэр асуув.
Хүн бүхэн л эргэн тойрноо харлаа. Изабелл байсангүй!
Грэйс найзыгаа олохоор явлаа. Эхлээд тэр хонгилд олохоор өрөөнд хайсан ч тэр тэнд байсангүй. Эцэст нь Грэйс гадагш гаран хайтал Изабелл цуглааны байрны шатан дээр хатагтай Перкинстэй яриад зогсож байлаа.
“Миний баптисм дээр ирсэнд баярлалаа” гэж Изабеллыг хэлэхэд,
“Зүгээр” гэж хатагтай Перкинс хариулаад, “Уучлаарай ийм хурдан явах болсонд. Би өнөөдөр нэг уулзалттай” гэв.
“Зүгээр дээ. Харин би танд нэг зүйл өгөх гэсэн юм” гээд Изабелл түүнд хонгилын ширээн дээрээс авсан Мормоны Ном өгөв. “Энэ ном танд таалагдана гэдгийг би мэдэж байна. Энэ үнэхээр сайн ном шүү” гэлээ.
“Баярлалаа” гэж хатагтай Перкинс хэллээ.
“Та үүнийг унших уу?” гэж Изабелл асуув.
“Тийм ээ, би уншина.” “Амлаж байна” гэж хатагтай Перкинс хариулав.
Изабелл үнэхээр жаргалтай байлаа. Тэрээр инээмсэглэн эргэхэд түүнийг хүлээн зогсох Грэйсийг харав.
“Чи энд гадаа юу хийж байгаа юм бэ?” гэж Грэйс асуунгаа, “Ээж чинь бүгдээрээ хамт зураг авахуулъя гэнээ” гэлээ.
“Би хатагтай Перкинсд Мормоны Ном өгөхөөр гарсан юм” гэж Изабелл хариуллаа.
Грэйс гайхан харав. “Чи айсан уу?”
“Бага зэрэг. Гэхдээ би номыг хаа нэгтээ тавиур дээр хаячих вий гэхээс л айж байна. Тиймээс би түүнийг унших уу гэж асуусан.”
“Тэр юу гэсэн бэ?” гэж Грэйс асуув.
“Тэр уншина гэж амласан!”
“Гайхалтай!” гэж Грэйс хэллээ.
Хоёр охин найз нөхөд, хамаатан садангуудтайгаа нийлэв.
“Грэйс Изабеллыг олсонд би баяртай байна!” гэж бишоп хэлэв. Дараа нь тэр хүн бүрийг цугларан, зургаа авахуулахыг урьлаа. Изабелл эхний эгнээний голд зогсов.
Дараа нь Изабеллын ээж охиноо чанга тэврэв. “Одоо чи баптисмын өдрөө үүрд санах болно!” гэхэд,
Изабелл инээмсэглэлээ. Зурагтай байна уу, зураггүй байна уу хамаагүй баптисмын өдрөө, номлогч байх ямар сайхан болохыг тэр хэзээ ч мартахгүй.