Хуваалцах цаг
Судрууд бол Бурханы үг мөн
“Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3).
Мормоны Номонд Лихай амьдралын модны тухай зүүдээ гэрийнхэндээ ярьдаг. Лихай зүүдэндээ “бүхий л жимснээс дээгүүр хүсэл татам”(1 Нифай 8:15) байсан тэр модны жимснээс идэхийг гэрийнхнээсээ хүсчээ. Амьдралын мод уруу хөтөлсөн замаар олон хүн явж байхыг тэр харжээ. Гэвч зарим нь харанхуй манан дунд төөрч, замаа алдаж байлаа. Бусад нь амьдралын мод уруу хөтөлдөг замаар удирддаг төмөр бариулаас барьжээ. Тэд төмөр бариулаас чанга барьж, урагш зогсолтгүй ахин, модонд хүрч, тэдэнд баяр баяслыг авчирсан жимснээс нь идсэн юм. (1 Нифай 8-ыг үз.)
Лихайн хүү Нифай аавынх нь харсан зүйлс ямар утга учиртай болохыг мэдэхийн төлөө залбирчээ. Аавынх нь харсан зүүд Нифайд харагдсан юм. Амьдралын мод нь Бурханы үг болохыг Сүнс Нифайд заасан билээ. Дэлхий дээр хүмүүст зааж, тэднийг адисалж байсан Бурханы Хүү, Есүс Христ Нифайд харагдсан аж. Төмөр бариул бол Бурханы үг гэдгийг Нифайд бас заажээ. (1 Нифай 11-ийг үз.)
Судрууд бол Бурханы үг мөн. Судар унших нь төмөр бариулаас барихтай адил юм. Есүс биднээс юу хийх, юу хэлэхийг хүсдэгийг бид мэдэх болно. Уруу таталтыг эсэргүүцэн, амьдралын мод уруу аялах замаа олох, Бурханы хайрыг мэдрэх хүч бидэнд байх болно.
Үйл ажиллагаа
Лихай, Нифай хоёр амьдралын модны тухай үзэгдэлдээ харсан зүйлсийн утгыг мэдэхийн тулд 65-р хуудсан дээрх судрын эшлэлүүдийг хар. Сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахын тулд зургуудыг хайчилж, ашигла. Та нар уг түүхийг гэр бүлийн үдшээр хуваалцаж болох уу гэдгийг эцэг эхээсээ асууж болно.