Гэрийн багш нараа дууд
Диана Лоски, Пеннсильвани, АНУ
Олон жилийн өмнө дөрвөн хүүхдээ жаахан байхад нөхөр минь өөр мужид ажилд ороход би тэр жил хоёр том хүүхдээ сургууль төгсөх хүртэл ард нь үлдсэн юм. Манайд шинэ гэрийн багш нарыг томилсон байлаа. Тэд миний нөхрийг шилжихээс өмнө ердөө хоёр удаа л манайд ирсэн.
Нэг орой хүүхдүүдээ унтуулсны дараа бяцхан охин минь унтлагын өрөөндөө уйлж байхыг сонслоо. Охиноо өргөөд хартал учиргүй халуурч байв. Түүнийг эмнэлэг уруу авч явах гээд даатгалын шинэ гэрээгээ хурдан гүйлгэн хартал уг гэрээ миний нөхрийн ажиллаж байгаа Айдахогийн оршин суугчдад л үйлчлэхгүй байлаа. Үлдсэн бид бүгдээрээ Вашингтон муж улсын оршин суугчид хэвээр байв.
Охины халуун 41 хэм хүрэхэд би сэтгэл түгшиж эхэллээ. Би тэр даруй залбирахаар өвдөг сөгдөж, чин сэтгэлээсээ тусламж гуйв. “Гэрийн багш нараа дууд” гэсэн, миний санаанд огт ороогүй хариу ирэх нь тэр.
Цаг орой болсон болохоор Халверсон, Бөрд ах нар аль хэдийн унтсан нь эргэлзээгүй байлаа. Гэвч юутай ч гэсэн Бөрд ахад утасдаад юу болсон тухай түүнд түргэн хэллээ. Ердөө таван минутын дараа оройн 11:00 цагт манай гэрийн багш нар костюм, зангиатай үүдэн дээр зогсож байлаа.
Тэр үед охины хацар, нүд нь улайж, үс нь хөлсөндөө норж, боссон байлаа. Охин өвчиндөө гиншин уйлж байсан ч Бөрд, Халверсон ах нар түүнийг тайвнаар тэврэн өргөлөө. Тэгээд тэд охины толгой дээр гараа тавьж адислал өгөн, эдгэрэхийг түүнд Аврагчийн нэрээр хэллээ.
Адислал өгсний дараа би нүдээ нээгээд харсан зүйлдээ итгэж ядан байлаа. Охин хи хи гэж инээн, тоглох гэж гараа доош нь сарвалзуулж байв. Халуун нь буучихжээ!
“Бид түүнийг адислах үед охины халуун бууж эхлэхийг би мэдэрсэн” гэж Бөрд ахыг хэлэхэд бид бүгдээрээ охинд минь гайхамшиг тохиосныг харж зогслоо. Тэднийг удалгүй явахад сэрүүн байж, тоглохыг хүссэн охинтойгоо би хэдэн цаг хамт байж билээ. Би санаа зовох юмгүй боллоо.
Гэрийн багшийн дүрээр тохинуулагч хоёр тэнгэр элч охиныг минь адисалсан тэр нэгэн шөнөөс хойш олон жил өнгөрчээ. Бид түүнээс хойш удалгүй Айдаход шилжиж, тэдэнтэй холбоо тасарсан ч, Их Эзэний зараалаар шөнийн арван нэгэн цагт хүрч ирсэн эелдэг уриалгахан гэрийн хоёр багшид үргэлж баярлан талархаж явах болно.