2011
Би элэнц эмээгээ орхиж чадна гэж үү?
2011 оны нэгдүгээр сар


Би элэнц эмээгээ орхиж чадна гэж үү?

Хюго Фабиан Лаллана, Кордоба, Аргентин

Би 21 хүрээд номлолд үйлчлэхийг хүсдэг байлаа. Миний элэнц эмээ Маргарита Сиппо де Лаллана энэ шийдвэрийг дэмжлээ. Намайг номлолд явахаар тэр ганцаараа үлдэнэ гэдгийг мэдэж байсан ч тэр шүү дээ. Эмээ минь намайг бүр жаахан байхаас өсгөн хүмүүжүүлсэн хүн. Намайг номлолд үйлчлэх үеэр хэн түүнийг анхаарч санаа тавьж байх билээ гэдэгт миний санаа зовж байлаа.

Намайг 11-тэй, элэнц эмээг минь 73-тай байхад бид 1978 онд баптисм хүртсэн. Бид удалгүй цуглаанууддаа оролцохоо больсон ч, санаа нь зовсон Сүмийн ах, эгч нар биднийг сураглаж ирдэг байлаа.

Намайг дахин идэвхтэй болоход тойргийн гишүүд миний санваарын томилолтыг ширтэн хүлээж, “Бид нэг диконтой болох нь байна шүү!” гэцгээн баярлаж байлаа. Тэр үед манай тойрог Аароны санваартангүй байв. Өөр ямар ч дикон байхгүй учраас би диконы чуулгын ерөнхийлөгч болов. Яагаад надад ийм дуудлага өгсөнд би гайхсан ч, тойргийн удирдагчид намайг санваартны үүргүүдэд сургах юм байна гэдгийг ойлгож билээ. Үүний улмаас би итгэлтэй байхыг хичээх боллоо.

Гэвч эмээ идэвх султай хэвээр үлдэж, цуглаануудад алдаг оног оролцдог байв. Гэвч ээж үйлчлэх гэсэн миний шийдвэрийг дэмжиж байв. Учир нь сайн мэдээ үнэнийг тэр зүрх сэтгэлээрээ мэдэж байсан юм.

1990 онд намайг номлолын өргөдлөө өгөх үед Кордобагаас дуудагдсан бүрэн цагийн ихэнх номлогчид Аргентины Буэнос Айресын Хойд болон Өмнөд номлолуудад үйлчилдэг байлаа. Намайг элэнц эмээгээс минь их хол биш энэ хоёр номлолын аль нэгэнд дуудна гэдэгт би итгэлтэй байв.

Дараа нь манай гадасны ерөнхийлөгч утасдаж, намайг Колумб явах болсон учир гадаад паспорт хэрэгтэй боллоо гэв! Хэдийгээр надад санаа зовох зүйл байсан ч элэнц эмээ минь намайг номлолдоо явахыг дэмжив. Намайг яг явахын өмнөхөн тэр дараагийн долоо хоногт сүмдээ эргэж очно, буцаж ирэхээс чинь өмнө ариун сүмд явна гэж амлав. Үүнд итгэхэд хэцүү байсан ч түүнийг орхиж явах нь надад амар болов.

Намайг номлолд байх үеэр тэр амласандаа үнэхээр хүрсэн шүү. Элэнц эмээ минь хэдийгээр 80 гарсан ч бүх цуглаануудад оролцдог байсан төдийгүй яг цагтаа ирдэг байжээ. Тэр бас Аргентины Буэнос Айресын Ариун сүмд явах бэлтгэлээ хангаж, энэ ариун сүмд орсон байлаа.

Ариун сүм уруу хийсэн анхны аяллаас автобусаар буцаж, шөнөжингөө 12 цаг явж ирсний дараа ням гарагийн өглөөний 8 цаг 30 минутад эхэлдэг Сүмийн цуглааны өмнөхөн эмээ маань тойргийнхоо цуглааны байранд хүрч ирсэн гэдэг. Манай гадасны ерөнхийлөгч Рюбен Спитейл, “Та амрах хэрэгтэй. Би таныг гэрт чинь хүргэж өгье” гэхэд тэр,

“Үгүй, Би сүм уруу очно” гэжээ. Тэгээд сүм уруу очсон гэдэг.

Намайг номлолоос эргэж ирсний дараа түүнийг 2000 онд талийгаач болохоос өмнө бид гурван удаа хамт ариун сүмд явсан. Миний номлолын ачаар бид хамтдаа адислагдсан юм. Би гэртээ байж байсан бол тэдгээр адислалуудын нэг нь ч ирэхгүй байсан гэдэгт итгэлтэй байна.