Бид Сүнсийг сонссон
Мишель Анжело М.Рамхрез, Шинэ Зейланд
Нэг өглөө хамтрагч бид хоёр өмнөд Филиппин дэх номлолын талбартаа гадуур явж хүмүүстэй уулзахаар шийдлээ. Бид хаалга тогшин нэлээд завгүй явж байтал нэг эрэгтэй биднийг зогсоогоод юу хийж байгааг минь асуулаа. Тэрээр согтуу байгааг бид анзаарлаа.
Тэр ч бидний захиасыг нэг их сонирхохгүй биз дээ гэж бодоод бид амьдралын зорилгын тухай товхимлоо гардуулан өглөө. Дараа нь орой тэр архи уулгүй товхимлыг уншсан байх юм бол бид гэрт нь очиж амьдралын зорилгын талаар тайлбарлаж өгөх болно гэж хэллээ. Тэр гэнэтхэн жуумалзаад, биднийг хүлээх болно гэж хэллээ. Бид түргэхэн түүнээс салж, цаг тохирсон айлдаа очихоор цааш явлаа.
Тэр орой нөгөө эрэгтэйгийнд эргэж очих хүсэл бидэнд үнэхээр байгаагүй ч, өдөр бүр түүний гэрийн хажуугаар гарахдаа зогсох хэрэгтэй юм шиг мэдрэмж надад төрдөг байлаа. Гэсэн ч би мэдрэмжээ үл тоомсорлон бодлоо зөвтгөн өөрөө өөртөө тэр юу ч сонсож чадахааргүй согтуу байгаа гэж хэлнэ.
Хэдэн өдрийн дараа сүнслэг нөлөө маш хүчтэйгээр ирсэн тул би түүнийг эсэргүүцэж чадсангүй. Бид түүний хаалгыг тогшиход нэгэн гайхсан эмэгтэй хаалга нээж, яагаад амласан цагтаа эргэж ирээгүйг маань асуулаа. Тэр орой нөхөр нь биднийг хүлээж, гэрлэснээсээ хойш анх удаа архи уугаагүй болохыг эхнэр нь хэллээ.
Бид үнэхээр санаа зовсон ба чин сэтгэлээсээ уучлалт өчив. Бид тэр оройдоо нөхөр эхнэр хоёрт хичээл заахаар цаг тохироод явлаа. Удалгүй Гумабэй ах (нэрийг сольсон) дэлхийн хамаг нүглээ наманчилж, баптисм хүртэн, асар их нөлөөтэй үлгэр жишээч хүн болсон юм.
Түүнийг баптисм хүртсэний дараахан би өөр газар уруу шилжиж, түүний гэр бүлтэй холбоо тасрав. Би тэднийг сүмдээ идэвхтэй үлдээсэй хэмээн үргэлж залбирдаг байв.
Хожим нь би Гумабэй ахын байсан газарт эхлээд жижиг салбар байж байгаад тойрог болсныг мэдэв. Гумабэй ах тойргийн бишопоор дуудагдсан байлаа. Би бас түүний ихэнх хамаатан сүмд нэгдсэнийг сонсов.
Сүүлд нь намайг номлол хийж байсан газраараа айлчлах үед Их Эзэний гарт амьдралаа даатгаж, гэр бүлийнхээ болон өдөр тутмынхаа үйл ажиллагааны жолоо болгон Түүнийг урдаа тавьсан Гумабэй бишопын үлгэр жишээгээр олон хүн сүмд нэгдсэнийг мэдсэн юм.
Бид Гумабэй ахын гэрт орохыг өдөөсөн сүнсний нөлөөг сонссондоо би баярладаг. Би энэ туршлагаас Их Эзэн “эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй” (Maтай 9:12) гэж хэлсний утга учрыг ойлгосон.