Тэд намайг номлолд дуудна гэдэгт би найддаг
“Тэд намайг номлолд дуудна гэж найдаж байна” гэсэн Хүүхдийн Хэсгийн дуу байдгийг та нар сонссон байх. Номлолд үйлчлэх тухай хүүхдийн өөр нэгэн үнэхээр чухал дуу байдаг. Тэр дуунд “Би одоо номлогч болмоор байна. Том болохоо хүлээмээргүй байна” гэж гардаг.1 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч M. Рассел Баллард үүнийг зөвшөөрдөг. “Залуу хүмүүс бүр багаасаа номлолын тухай санааг өөрсдөдөө гүнзгий төлөвшүүлэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.2
Гэвч номлолд үйлчлэх хэрэгтэйгээ мэдэх, үйлчлэхэд бэлтгэх нь хоёр өөр зүйл юм. Юунаас эхлэх вэ? Гэрчлэлээ бэхжүүлэх болон сайн мэдээний мэдлэгтэй болох нь өөрийн чинь хийж чадах хамгийн чухал хоёр зүйл мөн. Номлолд үйлчлэхэд бэлтгэх зарим арга замыг доор харуулав.
1. Итгэл
Бид итгэлээ өдөр бүр өсгөн хөгжүүлэх хэрэгтэй. “Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” (Moронай 7:33) гэж Есүс Христ сургасан юм.
-
Судруудыг судал. Судрууд Есүс Христийн тухай зааж, гэрчилдэг.
-
Хувийн асуудлуудыг шийдэхэд итгэлийг хэрэглэ. Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь хэцүү цагт та нарыг тайтгаруулж, бүх сорилт бэрхшээлийг даван туулахад тусална.
-
Боловсрол, эрүүл мэнд, эрүүл чийрэг бие бялдрын чухлыг мэдсэнээр бие махбод, оюун санаандаа илүү сайн хяналт тавьж бай.
-
Амьдралаа цэвэршүүлэхийн тулд үргэлж наманчилж, зарлигуудыг дуулгавартай даган, мацаг барьж, залбирч бай.
-
Залуу эрэгтэйчүүд санваартны үүргүүдээ мэдэж, биелүүлснээр Христэд итгэх итгэлээ хөгжүүлж бай.
2. Сүнс
“Номлогчид ёс суртахууны хувьд цэвэр ариун, сүнслэг байдлаараа бэлэн байх хэрэгтэй” гэж ахлагч Баллард заажээ.3
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь удирдамжуудыг судалж, дага.
-
Мацаг барьж, судрууд судлан, удирдамжийн төлөө залбирах замаар Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
-
Сургаал ба Гэрээ 46:11–26 дахь Сүнсний бэлгүүдийн тухай унш. Өөрийнхөө сүнсний бэлгүүдийг залбирч илрүүлэхийг хичээ. Сүнсний бэлгүүдээ хөгжүүлж хэрэглэхийн тулд эцэг эхээсээ болон удирдагчдаас зөвлөгөө ав.
-
“Миний уншдаг ном, үздэг телевизийн хөтөлбөр, кинонууд надад сүнслэг байдлын хувьд сайн нөлөө үзүүлж чадах уу?” гэж өөрөөсөө асуу. Хэрэв үгүй бол, үзвэрийн өөр сайн сонголтын тухай бод.
-
Сүнсний өдөөлтийг сонсож сур.
3. Хайр
Үйлчлэхэд түүний дотор номлогчоор үйлчлэхэд та нарт энэрэл, Христийн цэвэр хайр хэрэгтэй. Бусдыг хайрлах нь үргэлж амар хялбар байдаггүй. Үүнд үйлчлэл, итгэл, Ариун Сүнс, зориг хэрэгтэй. Христийн цэвэр хайраар дүүргэгдэхийн тулд бүх хүч чадлаараа залбирах хэрэгтэй гэж Мормон хэлсэн билээ (Moронай 7:48-ыг үз).
-
Христ бусдыг хайрладаг байсан шиг тийм чадварын төлөө даруухнаар, чин сэтгэлээсээ залбирч бай.
-
Гэр бүлийнхээ гишүүн бүрийн төлөө эелдгээр үйлчилснээр тэднийг хайрладаг хайраа харуул. Илүү хайрлаж, анхаарал халамж тавих хэрэгтэй байгаа гэр бүлийн нэг гишүүнийг сонгож, түүнтэй нэлээд олон цагийг өнгөрүүл.
-
Тусламж хэрэгтэй хэн нэгний төлөө сайныг үйлдэж, хайраа түүнд харуул.
4. Үйлчлэл
Үйлчлэлийн ач холбогдлын тухай Хаан Бенжамин өөрийн хүмүүст заасан байдаг. Бид бусдад үйлчилж байгаа нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэж тэр хэлжээ (Moзая 2:17-г үз).
-
Үйлчлэлийг байнгын зуршил болго. Хоолны дараа сав суулга угаах, ах, эгч, дүүстээ гэрийн ажилд нь туслах, найз хэрэгтэй хэн нэгэнтэй ярилцах эсвэл орчноо цэвэрхэн байлгахад туслах зэрэг үйлчлэлийг та нар санал болгож болно.
-
Үйлчлэлийн талаарх Аврагчийн үлгэр жишээг дагах хүч чадал, удирдамж чиглэлийн төлөө залбирч бай.
-
Үйлчлэлийн үйл ажиллагаа төлөвлөхөд нь Залуу Эрэгтэйчүүд, Залуу Эмэгтэйчүүдийн бүлэгт тусал.
5. Урилга
Мормоны Номын агуу номлогчдын нэг Алма Сүмийн гишүүн бус хүмүүсийг “ирэгтүн мөн наманчлалд баптисм хүртэгтүн”(Aлма 5:62) хэмээн урьсан байдаг. Та нар түүний үлгэр жишээг дагаж болно.
-
Сайн найз байж, Сүмийн гишүүн бус найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд үлгэр дууриал үзүүл.
-
Сайн мэдээний тухай найз нар, хөршүүддээ заах боломжийг эрэлхийл.
-
Сайн мэдээний тухай мэдэж, одооноос үүнийг заах дадлага хий. Сайн мэдээг хэрхэн заах тухай удирдамжийг тойргийн буюу салбарын номлолын удирдагчаас асуу. Боломжтой бол, сонирхогчдод зааж байгаа бүрэн цагийн номлогчдын хичээлд сууж үз.
-
Миний сайн мэдээг номло товхимлыг гэр бүлийн үдшээр эцэг эхтэйгээ судал. Хичээлүүдийн тухай, доторх хэсгүүдийг хэрхэн заах тухай ээлжлэн ярьж, сурч мэдсэн зүйлийнхээ тухай гэрчлэлээ хэлэхийг бие биенээсээ хүсч болно.
Номлолд үйлчлэх нь одооноос тавибал зохих чухал зорилго бөгөөд одооноос бэлтгэх нь амьдралд чинь өдөр тутам ашиг тусыг өгч, номлол уруу хөтлөх болно. Бэлтгэлээ эхлэхэд эртэднэ гэж хэзээ ч байхгүй, өсч том болтлоо хүлээх ч шаардлага байхгүй.